Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00029

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00029

 

 

 

Ш.Э-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02334 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Э-ийн хариуцагч ХК ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд тооцож төлсөн 82 000 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ХК ХХК-тай 04/01 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд баригдаж байсан Хэт апартмент-1 орон сууцны барилгын 7 давхрын 53.07 м.кв, 2 өрөө байрыг зоорийн давхарт 1 автомашины зогсоолын хамт нийт 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Нийт төлбөрөөс өмнө нь ах н.Ч-оос хариуцагч талд өгсөн байсан ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийг 80 000 000 төгрөгт тооцохоор тохиролцож, үүнийг гэрээний 4 дүгээр зүйлд тусгаж баталгаажуулсан. Үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлж дуусгаснаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд байр ашиглалтад орж өмчлөх эрх худалдан авагчид үүсэхээр гэрээний 6,7 дугаар зүйлд тусгаж баталгаажуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сард ХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г-гийн эхнэр А-ын Хаан банк дахь 5007853525 тоот дансанд 2 000 000 төгрөг төлсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сард Хэт апартмент-1 орон сууцны барилга ашиглалтад ороогүй бөгөөд цаашид ашиглалтад орохгүй нь тодорхой болсон. ХК ХХК нь одоог хүртэл байрны урьдчилгаа төлбөрт авсан 82 000 000 төгрөгийг буцааж төлж барагдуулаагүй, хариу өгөхгүй байна. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 82 000 000 төгрөгийг ХК ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж буй 80 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ш.Э-ээс нэхэмжлэлд дурдсан ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийг хүлээн аваагүй. Харин 2 000 000 төгрөгийг н.А-ын Хаан банкны дансаар дамжуулан авсан тул уг 2 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Харин н.Ч-оос шүрийг авсан, н.Ч- нь манай дүүтэй орон сууцны гэрээ байгуулаад шүрний үнийг урьдчилгаанд тооцчих гэсний дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэрээнд заасан орон сууц баригдаагүй тул Ш.Э-ээс авсан 2 000 000 төгрөгөө буцааж өгнө. Харин нэхэмжлэгч нь н.Ч-той ямар хамааралтай эсэхийг нотлоогүй, түүний өмнөөс шүрийг нэхэх эрхтэй этгээд мөн эсэх гэх мэт нотлох баримт авагдаагүй. Шүрний эзэмшигч нь гарал үүсэл, гаалийн бичиг, хаанаас орж ирсэн болох нотлох баримтаа гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлээс 80 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХК ХХК-аас 82 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

1.    Нэхэмжлэгч Ш.Э- нь шүрийн эзэмшигч өмчлөгч биш тул нэхэмжлэх эрхгүй.

2.    Шүр 80 000 000 төгрөгийн үнэд хүрэхгүй байна. Мөн гарал үүслийн бичиг баримтгүй.

Иргэн н.Ч- нь анх ХК ХХК-ийн захирал Т.Г-д тухайн маргаанд дурдагдаж байгаа шүрийг 80 000 000 төгрөгт тооцон зарах хэлцлийг амаар байгуулан шүрийг шилжүүлэн өгсөн. Шүрний үнийг Т.Г- тухайн үед мөнгөөр төлөх боломжгүй болсон тул н.Ч- нь шүрнийхээ үнийн оронд байр авахаар тохирч дүү Ш.Э-ээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг ХК ХХК-тай байгуулсан.

Гэтэл ХК ХХК нь тухайн орон сууцны байрыг барьж ашиглалтанд оруулж чадаагүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүссэн.

Мөн анхны хэлцэл ёсоор хүлээн авсан шүр нь гарал үүсэл нь тодорхойгүй холбогдох бичиг баримтгүй тул 80 000 000 төгрөгийн үнэнд хүрэхгүй байдал үүссэн нь маргаан гарах шалтгаан болсон. Ш.Э- нь шүрний өмчлөгч биш бөгөөд шүрийг анх ХК ХХК-ийн захирал Т.Г-д хүлээлгэн өгсөн иргэн н.Ч-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул шүрний үнийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна. Энэ талаар хэргийн материалд ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх шүрний үнийг 80 000 000 төгрөгөөр тооцон хариуцагч ХК ХХК-ийг Ш.Э-т төлөхөөр шийдвэрлэсэн нь хэт нэг талын барьсан, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан. Маргаанд дурдагдаж буй шүр нь хэний өмч болох, гарал үүслийг тодорхойлох баримт бичигтэй эсэх, 80 000 000 төгрөгийн үнэ хүрэх эсэх, нэхэмжлэгч Ш.Э- нь тухайн шүрний асуудлаар иргэн н.Ч-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар тодруулах ажиллагааг явуулаагүй, хэргийг бодитой тал бүрээс нь хянан үзэлгүй нотлох баримтыг дутуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлээс 80 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч ХК ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд 80 000 000 төгрөгт тооцож төлсөн, ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрний үнэ 80 000 000 төгрөг, мөн урьдчилгаанд төлсөн 2 000 000 төгрөг нийт 82 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч 2 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан./хх1-3/

 

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд баригдаж байсан Хэт апартмент-1 орон сууцны барилгын 7 давхрын 53.07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, зоорийн давхарт 1 автомашины зогсоолын хамт нийт 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хх7-8/

 

Зохигч гэрээний 4, 6-д хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээж, Д.Энхцэцэг нь орон сууцны төлбөрийн урьдчилгаанд тооцон ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийг өгч, үлдэгдэл 40 000 000 төгрөг төлснөөр орон сууцыг захиран зарцуулах эрх үүсэхээр тохиролцсон. /хх7/

 

Гэрээ байгуулагдсанаас хойш сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сард ХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г-гийн эхнэр н.А-ын Хаан банк дахь 5007853525 дугаар дансанд 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд хариуцагч маргаангүй бөгөөд 2 000 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн./хх90/

 

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний урьдчилгаанд тооцон өгсөн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийн нэг бүрийн шинж чанарын хувьд талууд маргаангүй. Түүнчлэн уг 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсанд хариуцагч маргахгүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сард Хэт апартмент-1 орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх90-91/

 

Хэргийн баримтаас нэхэмжлэгч нь анх 2020 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр гарын 11-ний өдрийн 102/Ш32020/12895 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх9-10/

 

Мөн хариуцагчийг эрэн сурвалжилсан талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 102/ШШ2020/03104 дугаартай шийдвэр гарчээ. Хэргийн баримтаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хариуцагчийн хаягийг тогтоожээ. /хх11-12/

 

Гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд 80 000 000 төгрөгт тооцож төлсөн, ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийн үнийг буцааж авна гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч Ш.Э- шүрний өмчлөгч биш, шүр 80 000 000 төгрөгийн үнэд хүрэхгүй байгаа бөгөөд гарал үүслийн гэрчилгээгүй гэж татгалзаж байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тодорхой хөрөнгө буюу тодорхой хаягт байрлах 53.07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, зоорийн давхрын 1 автомашины зогсоол, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол худалдан авагч буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч ... ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүр түүний өмчлөлд байхгүй, Мандах гэгчид шилжүүлсэн талаар тайлбарласан. /хх94/ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол нэхэмжлэгч шүрийн үнийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Талууд гэрээний 4-д 80 000 000 төгрөгийг бараа солилцоогоор / ягаан өнгийн 1.33 кг жинтэй Хончин бүрэлбаагийн иж бүрэн сийлбэртэй шүрийг/ өгсөн гэж тохиролцсоноос үзэхэд шүрийн үнийг талууд тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь н.Ч-ийн даалгаснаар дээрх гэрээг Ш.Э-тэй байгуулсан гэдэгт маргахгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ХК ХХК-аас 82 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Э-т олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02334 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД