Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 324

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Шүүгдэгч О.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьсүрэн овогт Одхүүгийн Ууганхүүд холбогдох эрүүгийн 1802001360079 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Дарьсүрэн овогт О.У, Монгол Улсын иргэн, 1995 оны 8 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, Мобиком ХХК-нд оператор ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Баянүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь Жалгын 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ95081113/.

          Шүүгдэгч О.У нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ худалдаалах зорилгогүйгээр 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Викториа төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабалын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,33 гр сэтгэцэд нөлөөт мансуурал бодис хууль бусаар биедээ хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ: “Тухайн өдөр тэр зүйлийг олж аваад хаях гэж байсан. Энэ үйлдэл намайг ийм зүйлд хүргэнэ гэж огт бодсонгүй. Тэр паб руу ороод ширээн дээр суухдаа пааран дээр салфетка байгааг анзаараад гутлаа арчих санаатай авсан. Тэгээд дотор юм байхаар нь дэлгээд хартал миний олж авсан зүйл байсан. Ороосон мөнгө, нунтаг шороо шиг зүйл байхаар нь урьд нь телевизээр харж байсан болохоор хар тамхи гэдэг зүйл байж магадгүй гэж бодоод хаях гэтэл ойр хавьд хогийн сав байгаагүй. Ямар ч байсан тэр газраас гараад холдож байгаад хаячихъя гэж бодож байсан. Тэгээд ажлынхаа найзтай ууж байгаад тасарчихсан нэг сэрсэн чинь цагдаа нар намайг аваад явж байсан. Тэр үеэс л юу болсныг ойлгосон” гэв.

Шүүгдэгч О.Угээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нь Цагаан сарын шинийн гуравны өдөр байсан. Би өглөөний 09-16 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан ба тухайн өдөр ажлын ачаалал багатай байсан учир 14 цагт ажлаас тараасан. Ингээд хамт ажилладаг найз Сарантуяагийн хамт Викториа төвийн пабад 1-2 шил пиво ууж юм ярьж сууя гэж бодоод орсон. Викториа пабад ороод үүдэнд нь байх ширээ нь дээр эхлээд суусан боловч нар тусаад халаад байхаар нь хойд талын эгнээнд нарнаас холдож суусан. Ширээний хажууд халаалтын паар байсан. Яг тэнд нь таарч суусан. Энэ үед миний баруун талын пааран дээр нь салфетка дундуур нь нугалчихсан байсныг аваад хаях гэхэд дотор талд нь хуйлсан 50-тын дэвсгэрт, нунтаг шороо шиг ч гэх юм уу ургамал ч юм уу нэг юм байсан. Тэр үед би тэр зүйлийг хар тамхи гэдэг юм нь байж магадгүй гэж бодсон, урьд нь телевизээр мэдээн дээр гарч байсан зүйл шиг байхаар нь тэгэж бодоод надтай хамт явсан эмэгтэй намайг буруугаар бодчих бий дээ гээд аваад хаях гэсэн боловч ойр хавьд нь хогийн сав байгаагүй, тэгээд ч намайг тэрийг хаяж байхыг хэн нэгэн хүн харчихвал бас буруугаар ойлгон гэж бодоод холхон аваачиж хаяна гэж бодоод тамхины хайрцагтаа хийсэн. Ингээд тэндээ дахиад ууж байгаад би согтоод тасарчихсан байсан. Найз бид хоёр эхэлж ороод ууснаасаа хойш нэг нэгээр нь авсаар байгаад хүний 4 шил пиво уусан. Энэ үед би ухаантай байсан, дахиад нэг 750 граммын Хар чингис архи авах үед 1-2 татаад түүнээс хойш болсон зүйлсийг санахгүй байгаа. Нэг сэргэхэд намайг цагдаа ирчихсэн аваад явж байсан. Болсон асуудал нь ийм л зүйл болсон. Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал хэрэглэж байгаагүй, хэрэглэх тухай ч бодож байгаагүй, харин аль телевизээр үзсэнээ санахгүй байна. Хар тамхины тухай нэвтрүүлэг дээр хуйлсан мөнгө, ууттай ургамал дэлгэсэн байхыг нь харж байсан учраас тэрийг байна гэж яагаад ч юм бодсон. Түүнээс өөрөөр надад энэ талаар ямар нэгэн ойлголт байхгүй. Хар тамхи байна гээд хамт сууж байсан хүндээ үзүүлбэл аягүй бол намайг ийм юм хэрэглэдэг юм байна гэж бодох байх мөн ажлын хамт олонд маань яриад дэмий зүйл болно л гэж бодсон. Манай ажил маш хатуу дэг журамтай хар тамхи бүү хэл архи дарс уудаг, ажлын цагаас хоцорсон хүнийг ч халчихдаг. Ийм учраас арай гэж орсон ажлаасаа салахыг хүсээгүй ...Сарантуяа угаасаа харах боломжгүй, яагаад гэхээр ширээний өндрөөс паар нь 40-50 см намхан, бид хоёр эсрэг чиглэлд буюу өөд өөдөөсөө хараад суусан байрлалтай байсан. Тэр өвс хуйлсан мөнгө нь миний суусан талд байсан, хэрэв Сарантуяа миний талд суусан бол харах боломжтой байсан. Би өөрийн гэм буруутайг бүрэн дүүрэн ухамсарласан. 73 настай намайг өсгөсөн эмээтэйгээ хамт амьдардаг. 2017 онд мэргэжил эзэмшиж, сургууль төгсөөд ажил амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа зэргийг минь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байна. Дахин элдэв хууль зөрчсөн асуудалд холбогдохгүй байж Монгол улсын сайн иргэн байж чадна гэдгийг хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-43-45х/,

Гэрч Э.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Энэ өдөр намайг гэртээ байхад О.У над руу утсаар ярьж ажил дээр ирэх үү гэж асуусан. Би ажил дээрээ 13 цагт ирэх байсан боловч ажил руугаа оролгүй Ууганхүүтэй Викториа төвийн пабад ороход ямар нэгэн хүн байгаагүй. Пабад ороод талын эгнээний зүүн талын ширээн дээр суусан. Нар тусаад байхаар нь уг эгнээнийхээ хамгийн баруун талын ширээн дээр очиж суусан. Бид 2 найман шил пиво, 1 шил архи авч уусан. Би архи уусан чинь бөөлжөөд найз залуу Тэнгис, Амараа нарыг дуудсан. Би эхний тооцоог хийсэн. Дараагийн тооцоо 41.500 төгрөг гарсан чинь Ууганхүү төлөхгүй гээд хэрүүл маргаан үүсгэж цагдаа дуудсан. Намайг Тэнгис, Амараа нар гэрт хүргэж өгсөн. Ууганхүүг цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-6х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2240 тоот дүгнэлтэд:

“1.Шинжилгээнд ирүүлсэн “О.Угээс хураан авсан салфетканд боосон ногоон бодис /ургамал/ гэж хаягласан цаасан ууттай салфетканд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн салфетканд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “О.Угээс хураан авсан салфетканд боосон ногоон бодис /ургамал/ гэж хаягласан цаасан ууттай салфетканд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн салфетканд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэжээ /хх-23-24х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-24х/,  

Шүүгдэгч О.Угийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -57х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч О.У нь худалдаалах зорилгогүйгээр 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Викториа төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабалын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,33 гр сэтгэцэд нөлөөт мансуурал бодис хууль бусаар биедээ хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mevius sky blue гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн амны тамхины хайрцаг, цаасанд боосон 1.3 гр жинтэй сэтгэц нөлөөт мансууруулах бодисыг устгаж, AV6742980 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг устгуулахаар Монгол банканд шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.