Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/830

 

     

 

 

 

 

2024            07              16                                         2024/ДШМ/830         

                       

                                                                                         

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

яллагдагч Г.Бий өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1491 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Бд  холбогдох 1908000001688 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

 

Шүүгдэгч Г.Б нь Э.Б, М.Э, П.Ж нартай бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт Б.Хийн гарыг скочоор хүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 0,75 литрийн Соёмбо архи 1 ширхэг, 0,75 литрийн Эвок архи 1 ширхэг, Болор архи 1 ширхэг, Эссэ тамхи 2 блок, Парламент тамхи 2 блок, “Самсунг эсни” загварын гар утас 1 ширхэг, бэлэн 500.000 төгрөг, нийт 774.000 төгрөгийг,

Давтан үйлдлээр Б.Х, Н.Ө, Б.Г, Г.Г, Э.Б, М.Э, П.Ж нартай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дуургийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багана” хүнсний дэлгүүрт Б.М, М.Х, М.А нарын гарыг скочоор хүлж, М.Хгийн хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтопж “Самсунг эс-3” загварын гар утас 1 ширхэг, шармал өнгийн хос ээмэг, “Айфоне-5 эс” загварын гар утас 1 ширхэг, парламент тамхи хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, майлд тамхи 1 хайрцаг зэрэг нийт 409.700 төгрөгийн эд хөрөнгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтийг үндэслэн мөрдөгч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Б.Т иргэний нэхэмжлэгчээр хэзээ тогтоосон нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иргэний нэхэмжлэгчээр эрх бүхий байгууллагыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож буйг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой.

Мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид хавтаст хэргийг мөрдөгч тогтоосон хугацаанд танилцахыг мэдэгдэн, тэмдэглэл үйлдэж, танилцах боломж, нөхцөлөөр хангахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан бөгөөд хохирогчдод хэргийн материалыг танилцуулаагүй, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжпэх нөхөн төлүүлэх санал, хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд мөрдөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийн зөрчилтэй гэж үзэхээр байна.

Иймд Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Бд урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Түмэнжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсны дагуу хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Хоёр. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар шүүхийн шатанд яллагдагч Г.Б нь оргон зайлсан ба түүнийг эрэн сурвалжлах олж илрүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зардал гарсан.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад гарсан холбогдох зардлын баримтуудыг нэг бүрчлэн авч, хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд тухайн гэмт этгээдийг гэм  буруутай болохыг тогтоовол түүнээс хэрэгт авагдсан баримтыг үндэслэн гаргуулахаар зохицуулсан байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэнийг мэдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3-д “хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу яллагдагч нар, тэдний өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалыг танилцах боломжоор хангаж, танилцуулж тэмдэглэл үйлдсэн ба оролцогчийн эрхийг зөрчөөгүй байхад хэн гэж хохирогч, яллагдагч, өмгөөлөгчид танилцуулаагүй талаар тодорхой дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1491 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ... ” гэв.

Яллагдагч Г.Бий өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Г.Бий өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт миний үйлчлүүлэгч Г.Б нь Серби улсад интерполоор баригдаж, нийт 7 сарын хугацаанд цагдан хоригдсон байдаг. Цагдан хоригдсон хугацааны үйл баримтууд буюу ямар шүүхийн шийдвэрээр, хэний хүсэлт, саналаар цагдан хорьсон талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Энэ нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тогтоох, ял шийтгэл оногдуулахад ял эдэлсэн хугацааг оруулан тооцох эсэх асуудал яригдах учраас тухайн баримтыг эрх бүхий байгууллага хавтас хэрэгт хавсаргах ёстой. Бидний зүгээс Серби улсын шүүхээс гаргуулах боломж байхгүй. Тэгэхээр албан журмаар харьцдаг Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс тус баримтыг авч хэрэгт хавсаргасан байх учиртай. Гэтэл баримтууд байхгүй. Миний үйлчлүүлэгч 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр интерполоор баривчлагдан орж ирсэн. Тэгээд прокурор миний үйлчлүүлэгчийг шүүхийн шийдвэргүйгээр үргэлжлүүлэн хорьсон бөгөөд сарын дараа цагдан хорих хугацааг сунгах саналыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Миний үйлчлүүлэгчийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамжид хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэхдээ миний үйлчлүүлэгчийг ямар үндэслэл, журмын дагуу 1 сар үндэслэлгүйгээр цагдан хорьсон бэ гэдэг асуудал тодорхойгүй. Бид зохих байгууллагад гомдол гаргаад явж байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөтэй учраас эдгээр баримтуудыг хавтас хэрэгт хавсаргахаар магадлалд зааж өгнө үү. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссаны дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид хавтаст хэргийг мөрдөгч тогтоосон хугацаанд танилцахыг мэдэгдэн, тэмдэглэл үйлдэж, танилцах боломж, нөхцөлөөр хангахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан бөгөөд хохирогчдод хэргийн материалыг танилцуулаагүй, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжпэх нөхөн төлүүлэх санал, хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд мөрдөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийн зөрчилтэй гэж үзэхээр байна. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Түүнчлэн, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн яллагдагч Г.Бий цагдан хоригдсон хугацааны үйл баримтуудыг хавтаст хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1491 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Г.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1491 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА

                                 ШҮҮГЧ                                                   Д.МӨНХӨӨ

                                ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ