| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0290/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч О.Ж/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811000000284 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт О.Ж, 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ах нарын хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сум 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЗБ98022316/,
Шүүгдэгч О.Жнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 3-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул зочид буудлын орчимд Г.Пүрэвсүрэнгээс Эл Жи К-8 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 3-ны орой ажлаа тараад 23:40 цагийн орчим ажлаасаа гараад явж байхад 20 орчим насны туранхай, шар өнгийн бойтгон гутал өмссөн, 175 метр орчим өндөртэй залуу хүрч ирээд утсаараа ганц яриулаач гэж хэлэхээр нь би өөрийн LG К-8 маркийн гар утсаа өгч яриулсан. Тэгээд надад миний утсыг өгчихөөд надтай хамт Хаан банкны АТМ хүртэл хамт алхсан. Тухайн үед хөдөөнөөс ирээд найз нартайгаа хамт ууж байгаад караоке баарнаас гараад явж байна гэсэн. Ингээд АТМ дээр очоод надаас утсаараа дахиад нэг яриулчих гээд гуйхаар нь утсаа өгөөд яриулсан. Тэгээд миний утсаар яриад дуусахаар нь утсаа авъя гэхэд миний утсыг өгөхгүй байсан. Хэсэг зогсож байгаад дахиад миний утаснаас өөр хүн рүү залгаад “над руу хурдан хүрээд ир, энд нэг хүн дээрэлхээд байна” гэж хэлээд байршлаа зааж өгөөд байсан. Түүнийхээ дараа нэг хэсэг над руу хэл амаар доромжилж байгаад намайг ганц хоёр удаа цохисон. Тэгээд намайг ганц ширхэг тамхи олоод өгчих, тэгвэл утсыг чинь өгье гэж хэлэхэд нь би караокед ажилладаг найзаасаа тамхи авах гээд алхсан чинь зугтаагаад гүйчихсэн. Би араас нь хөөсөн боловч гүйцэж амжаагүй. Тэр залуу гүйж явахдаа замын голд машинтай хальт шүргэлцээд утсаа унагаачихсан ...би өөрийн гар утсаа нэхэмжилж байна, алдсан гар утсаа эргүүлэн авах юм бол ямар нэгэн гомдол саналгүй …” гэсэн мэдүүлэг. /хх-14-15х/,
Яллагдагч О.Жмэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 3-ны орой ...орой баруун 4 замын орчим караоке бааранд ороод 4 шил пиво уугаад 23 цагийн орчим баарнаас гарсан. Тэгээд баарнаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зочид буудлын орчим 20 гаран насны залуу явж байхаар нь утсаар ярих хэрэг гараад “утсаараа нэг удаа яриулаач” гэсэн чинь надад Эл Жи маркийн гар утсаа гаргаад өгсөн. Тухайн үед найзын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан чинь нөгөө залуу утсаа авмаар байна, гадаа хүйтэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би байж бай юун сүртэй юм бэ, утсаар чинь яриад буцаагаад өгнө гээд жоохон уурлаад хэлсэн чинь дуугаа зогсоод байсан. Тэгсэн чинь нөгөө залуу манай ажил ойрхон байгаа, тэнд ороод утсаар ярь ядаж дулаахан гэж хэлсэн. Ингээд нөгөө залуу буудал руу орох гээд түрүүлж алхаад хаалган дээр очиж зогсоод хурдал, би даараад байна гэхээр нь утсыг нь аваад зугтаачихсан юм ...2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төв рүү автобусанд суугаад явж байхдаа нөгөө залуугаас авсан утсаа кармаанаасаа алдсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-29-31х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Жнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 3-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул зочид буудлын орчимд Г.Пүрэвсүрэнгээс Эл Жи К-8 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч залилан авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Жавхлантөгсийг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Жучруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Пүрэвсүрэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурьдсан байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.