| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03942/И |
| Дугаар | 191/ШШ2025/05825 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05825
2025 7 04 191/ШШ2025/05825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхж******* д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Э******* Ж******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Хаан Даатгал компанийн байранд оршин байх, Хаан даатгал ХХК-нд холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 52,397,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Ж******* нь 2024 оны 05 сарын 17 өдөр Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-аас зээл авч УАА улсын дугаартай, Тоёота -Т маркын авто машин худалдан авсан бөгөөд Хаан даатгал ХХК-аас авто машиныг худалдан авсан үнэ буюу 34,000,000 төгрөгөөр үнэлэн ТХ******* дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гаргаж өгсөн. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэл -р хорооо Сн урд зогсоол дээр бүрэн шатаж, сэргээн засварлах боломжгүй болсон. Хаан даатгал ХХК-ын ажилтан даатгуулагчийг техникийн үнэлгээ хийлгэвэл нөхөн төлбөр олгох боломжтой талаар мэдэгдэхэд даатгуулагч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр даатгагчид нөхөн төлбөрийн хүсэлт холбогдох материалууд болон 2,020,000 төгрөгөөр Т ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэхэд 33,585,000 төгрөгөөр үнэлэгдсэн дүгнэлтийн хамт бусад баримтуудыг бүрдүүлж өгсөн. Даатгуулагчийн нөхөн төлбөр авах хүсэлтийг хүлээн аваад даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй үндэслэлээ тодорхой хэлээгүй. Хаан даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь бодит үндэслэлгүй талаар:
1. Даатгалын баталгаа нь Премиум Плас, Премиум, Классик, Стандарт гэсэн 4 багцаас бүрдэх бөгөөд Хаан даатгал ХХК-ын ажилтан даатгуулагчид даатгалын гэрээ болон баталгааны талаар тайлбарлаж өгөөгүй, даатгуулагчид багцаас сонгох боломжтой тухай мэдээлэл өгөлгүйгээр таны тээврийн хэрэгсэл /машин/-ийг 100% даатгасан гэхээс өөр зүйл хэлээгүй нь хийсэн ноцтой эс үйлдэхүй юм. Даатгуулагчийн нөхөн төлбөр авах боломжийг үгүй хийсэн ноцтой эс үйлдэхүй юм.
2. Даатгалын баталгааны стандарт багцад галд шатах, түлэгдэх төөнөгдөх, дэлбэрэх; эрсдэлийг хамаарахгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ISO 39001, Эрсдэлийн удирдлагын менежментийн тогтолцооны ISO 31000 зэрэг Олон улсын стандартуудад цахилгаан, богино холболтын галын эрсдэлийн түвшинг өндөр эрсдэлтэй ангилалд хамааруулдаг. Хаан даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хуулийн үндэслэлгүй талаар:
1. Иргэний хуулийн 430.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх гэж, 443.1-т Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ Гэж тус тус хуульчилжээ. Гэтэл даатгагч нь хуулиар хүлээх үүргийг биелүүлж, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.
2. ИХ-ийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах,
түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан боловч даатгалын гэрээг тусгайлан Даатгалын тухай хуулийн 9.1.6-д даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах; гэж хуульчилжээ, мөн Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.2.2-д заасан даатгагчийн үүргийг даатгалын ажилтан тус тус ноцтой зөрчсөн.
3. Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 2.7, 2.9-т даатгалын тохиолдлыг тайлбарласан. Гэнэтийн ослын улмаас даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 3.6-д заасан эрсдэл үүссэн, мөн даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 4.3-т даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100 хувир тооцно гэж гэрээнд тусгасан. Мөн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т даатгагч нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж гэрээнд тусгасан боловч даатгуулагч Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан тайлбартаа Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тайлбар өгсөн нь үндэслэлгүй юм.
Даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх агуулгатай ИХ-ийн 443.1-д хуульчилсан гэрээ юм. Даатгалын тухай хуулийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ" гэж заажээ. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгө шатаж үгүй болсон тул даатгагч даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй байна. Энэхүү тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилан шийдвэрлүүлэх замаар 2025.01.13-ны өдөр нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөл гаргасныг 2025.02.18-ны өдрийн 9/559 дугаартай шийдвэрээр Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэсэн. Уг 9/559 дугаартай шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2025.03.20-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргад гомдол гаргасан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас 2025.04.09-ний өдрийн 3/1333 тоот албан бичгээр иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариу өгсөн. Иймд иргэний хуулийн 443.1-д заасны дагуу Хаан даатгал ХХК-аас бүрэн сүйрсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ 33,585,000 төгрөг, үнэлгээний зардал 2,020,000 төгрөг, алданги 16,792,500 төгрөг нийт 52,397,500 /тавин хоёр сая гурван зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг Хаан Даатгал ХХК-аас гаргуулж даатгуулагч Э.Ж*******д олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр УАА улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл дээр шатсан гэх нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг манай холбогдох алба нэгж хүлээн авч, хянаж үзсэн. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамжид 408,000 төгрөг буюу даатгалын үнэлгээний 1.2%-р хураамж төлж, Стандарт багцыг сонгон гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулагдсан ТХ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны Хамгаалалтын багц хэсгийн 6 дугаар хэсгээс үзвэл тус Стандарт багц нь Галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх зэрэг эрсдэлийг хамгаалахгүй болохыг харж болно. Иймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Иймд бидний зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9/559 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Талуудаас 2024.05.17-ны өдрийн ТХ******* дугаартай Даатгалын баталгааны гэрээ, Т үнэлгээ ХХК-ийн 2024.12.12-ны өдрийн үнэлгээний тайлан, Санхүүгийн зохицуулах хорооны 2025.04.09-ны өдрийн 3/1333, 2025.02.18-ны өдрийн 9/559 дугаартай албан бичиг, Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-ийн 2025.06.13-ны өдрийн NC-OV-22188 2025.06.17-ны өдрийн NC-OV-224 дугаартай албан бичиг, Т үнэлгээ ХХК-ийн 2024.12.17-ны өдрийн е-баримт, Э.Ж******* депозит дансны хуулга, Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-ийн 2025.05.12-ны өдрийн NC-OV-176-2025, Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-ийн 2025.04.24-ний өдрийн NC-OV-156 дугаартай албан бичиг, Хаан даатгал ХХК-ийн 2025.04.29-ны өдрийн 06/395 дугаартай албан бичиг,
Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс УАА улсын дугаартай, Тоёота -Т маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ж******* нь хариуцагч Хаан даатгал ХХК-нд холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 52,397,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... УАА улсын дугаартай, Тоёота Т маркийн тээврийн хэрэгслийг Хаан даатгал ХХК-нд авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ байгуулж даатгуулсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл бүрэн шатаж, сэргээн засварлах боломжгүй болсон тул даатгалын гэрээний нөхөн төлбөрт 33,585,000 төгрөг, үнэлгээний төлбөр 2,020,000 төгрөг, алдангид 16,792,500 төгрөг нийт 52,397,500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийн даатгуусан тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны Хамгаалалтын багц хэсэгт галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх зэрэг эрсдэлийг хамгаалахгүй байхаар тохиролцсон тул даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргасан.
1.3. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэг талаас даатгагч Хаан даатгал ХХК, нөгөө талаас даатгуулагч Э.Ж*******, Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-ийн хооронд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ТХ******* дугаартай даатгалын баталгааны гэрээ-г байгуулж, УАА улсын дугаартай, Тоёота -Т маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгох, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байх ба талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. / х.х-ийн 6 дахь талд/
Гэрээнд Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК даатгалын мэргэжлийн оролцогч буюу даатгалын зуучлагчаар оролцсон байна.
Уг гэрээнд оролцогч талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зохицуулсан даатгалын гэрээ-ний агуулгад нийцэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэсний дагуу Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн зүйлийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж тус тус зохицуулсан.
3. Даатгалуулагчийн эзэмшлийн УАА улсын дугаартай, Тоёота -Т маркийн тээврийн хэрэгсэл 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, урд бүрэн шатаж сэргээн засварлах боломжгүй болсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба талууд үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 11-16, 83 дахь талд/
3.а. Даатгагчийн даатгалын хамгаалалтын багц болох Премиум плас, Премиум, Классик, Стандарт багцуудаас даатгуулагч нь Стандарт багцыг сонгон даатгалын хураамжид даатгалын үнэлгээний 1.20 хувь буюу 408,000 төгрөгийг төлжээ.
3.б. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 2.15-д даатгалын тохиолдол гэдэг нь даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учрахыг хэлнэ гэжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээнийн ерөнхий нөхцөлд заасан Стандарт багцад хамаарах эрсдэлийг мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх, онхолдох, өндрөөс унах, гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх, их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх, эд анги хулгайд алдагдах эрсдэлүүд хамаарна, харин галд шатах, түлэгдэх, төөнөгдөх дэлбэрэх эрсдэл хамаарахгүй гэж тохиролцсон байна.
Ийнхүү хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж татгалзсан.
3.в. Нэхэмжлэгч нь гэрээний ерөнхий нөхцөл нь тусгай нөхцөлд заасантай зөрчилдөж байгаа тул тусгай нөхцөлийн бүрэн сүйрсэн бол нөхөн төлбөрийг 100 хувиар тооцон нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж маргасан.
Гэрээний Ерөнхий нөхцөлийн 1.1-д ... Энэхүү даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн аливаа заалт нь уг гэрээний тусгай нөхцөлд заасантай зөрчилдөх тохиолдолд тусгай нөхцөлд заасныг хүчинтэйд тооцож, дагаж мөрдөнө гэж, мөн 2.3-т Ерөнхий нөхцөл гэдэг нь даатгалын гэрээний үндсэн, ерөнхий үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг хэлнэ гэж, 2.4-т Тусгай нөхцөл гэдэг нь даатгалын бүтээгдэхүүний онцлог, нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг хэлнэ гэж тусгасан байх ба үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тодорхойлоход ерөнхий болон тусгай нөхцөл зөрчилдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, тусгай нөхцөлийн 4.1-т Нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцаас хамааран даатгалын тохиолдол болох үед хувь тэнцүүлэх аргачлалаар тооцоолох мөн элэгдэл тооцох эсэхийг тогтооно гэж, 4.3-т Даатгалын тохиолдолын улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100 хувиар тогтооно гэж тохиролцсон байна.
Энэ нь даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад хамаарах эрсдлийн улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд хамаарахаар байна.
Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн сонгосон багцад хамаарахгүй эрсдлийн улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн нь тохиолдолд тухайн зохицуулалт хамаарахгүй байхаар талууд тохиролцсон байна.
3.г. Нэхэмжлэгч нь даатгалын байгууллагын ажилтнууд даатгалын гэрээ болон баталгааны талаар тайлбарлаж өгөөгүй, даатгуулагчид багцаас сонгох боломжтой тухай мэдээлэл өгөөгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь УАА улсын дугаартай, Тоёота -Т маркийн тээврийн хэрэгслийг Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр худалдан авч улмаар Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК нь даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд уг гэрээний харилцаанд оролцсон байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 62-64 дэх талд/
4. Түүнчлэн, Хаан даатгал ХХК-иас Нэт капитал финанс корпараци ББСБ ХХК-нд 10,000,000 төгрөгийг олгосон нь даатгалын зүйлд даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй. /х.х-ийн 81-83 дахь талд/
5. Дурдан буй үндэслэлүүдээр даатгалын зүйл галд шатсан-ы улмаас учирсан хохирол нь талуудын тохиролцсон даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй байна.
Иймд хариуцагч Хаан даатгал ХХК-нд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч Э.Ж******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдолд хамаарахгүй байх тул даатгалын зүйлийн үнэлгээ учирсан хохирлын хэмжээний талаарх нотлох баримтуудад шүүх тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хувиарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-аас 52,397,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ж******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ