| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03259/И |
| Дугаар | 191/ШШ2025/03527 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03527
2025 04 25 191/ШШ2025/03527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Хэрэглээний лизинг ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай Иргэн Т.М******* нь манай компанитай 2021 оны 12-р сарын 07-ны өдөр Э- БЗГ/2021-23854 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,699,900 / Дөрвөн сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Т.М******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 13 pro Gold 256GB MLLD3ZP/A загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Т.М******* нь Э-БЗГ/2021-23854 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 20-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,877,080.24 /Найман сая найман зуун далан долоон мянга наян төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг төлөх байснаас 2,119,200/Хоёр сая нэг зуун арван есөн мянга хоёр зуун/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 6,757,880.24 /Зургаан сая долоон зуун тавин долоон мянга найман зуун наян төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 912 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2023/16978 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Т.М*******г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч. Т.М******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Т.М*******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******д холбогдуулан гэрээний үүрэгт 4,703,645.16 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16978 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 20 дахь талд/
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******ы хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М******* нь тоотод бүртгэлтэй, дугаарын утастай байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э /, 9/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ