Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/681

 

 

 

 

       2024           06            11                                        2024/ДШМ/681                                                                                             

Н.Э, Б.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 967 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Янжиндуламын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Н.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2308000001744 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Н.Э, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 848 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: .........................../;

У овгийн  Б.Х, 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “М” ХХК-д шарагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автомашин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: .................../;

            1. Яллагдагч Н.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-35а тоотод амь хохирогч Б.Эг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан,

2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд хохирогч Л.Мын эзэмшлийн “Самсунг галакси С-21 плаш 5 жи” загварын гар утсыг нь "хүнтэй ярьчхаад өгье" гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 920,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Б.Хтай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Замын 18-01 тоотод байрлах ажлын байранд 2023 оны 04 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч О.Оыг унтаж байхад нь зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Яллагдагч Б.Х нь Н.Этай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Замын 18-01 тоотод байрлах ажлын байранд 2023 оны 04 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч О.Оыг унтаж байхад нь зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд дараахь хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаартай, мөн 2023 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 1131 дугаартай дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий болжээ. Тухайлбал, цогцост үзлэг хийсэн эдгээр дүгнэлтүүдээр амь хохирогч Б.Эг үхэлд хүргэсэн гэмтэл, тэдгээр гэмтлийн хоорондын уялдаа холбоо, цаг хугацаа, үйлчилсэн хүч, тухайн хүчний тоо зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Ялангуяа, шинжээч нь амь хохирогчийн биед учирсан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох гавал тархины битүү гэмтэл болон элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал бүхий хүнд зэргийн гэмтэл нь өөр өөр цаг хугацаанд үүссэн үү, эсхүл нэг цаг хугацаанд хавсарч үүссэн үү, хоорондоо шалтгаант холбоотой эсэхийг тодорхойлоогүй байна. Нэгэнт шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нөхцөл байдлыг шинжээчээс мэдүүлэг, тайлбар авах замаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн дээрх хоёр гэмтлээс гадна амь хохирогчийн биед учирсан баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл нь гавал тархины битүү гэмтэлтэй холбоотой эсэхийг тодруулах, өөрөөр хэлбэл, энэ талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж зайлшгүй тогтоолгох шаардлагатай. Шинжээч С.Чулуунсүх нь амь хохирогчийн баруун хацар, шанаа, нүд, зовхины гэмтлийг хазуулснаас үүсэх боломжтой гэж мэдүүлсэн байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй байх бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтээс харвал бодит байдалтай үл нийцэх, илтэд зөрүүтэй мэдүүлэг болжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал ... дахин шинжилгээ хийнэ." гэж заасан байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно” гэж заасан тул шүүх хуралдаанаар зөвхөн нэмэлт шинжилгээг хийлгэх хууль зүйн боломж байна. Иймд шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй, үндэслэл муутай тохиолдолд дахин шинжээч томилох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөрдөгч нь нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор “...гавал тархины битүү гэмтэл 2023.10.12-ны өдөр үүсэх үү, ....баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл нь баруун хацар хэсэгт хазсаны улмаас үүсэх боломжтой юу, уг гэмтэл нь 2023.10.09-ний өдөр үүсэх боломжтой юу гэх мэтээр хөтөлж асуусан байгаа нь шүүх шинжилгээний хараат бус байх зарчмыг алдагдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах замаар амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл, тэдгээр гэмтлийн хоорондын уялдаа холбоо, цаг хугацаа, үйлчилсэн хүч, тухайн хүчний тоо зэргийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай байх тул яллагдагч Н.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2308 00000 1744 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, яллагдагч Н.Эад авсан цагдан хорих, яллагдагч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд хэргийг прокурорт очтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Янжиндулам бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжаар амь хохирогч Б.Эгийн үхэлд хүргэсэн гэмтэл, тэдгээр гэмтлийн хоорондын уялдаа холбоо, цаг хугацаа, үйлчилсэн хүч, тухайн хүчний тоо зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай тул бүрэлдэхүүнтэй шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай хэмээн шүүхээс дүгнэсэн. Амь хохирогч Б.Эгийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2735 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1131 дугаартай дүгнэлтүүдийг тус тус гаргуулсан бөгөөд тухайн 2 дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Дээрх дүгнэлтүүдээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг гавал тархины битүү гэмтэл болохыг хөдөлбөргүй тогтоосон, нас барах үед үүссэн элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал бүхий хүнд зэргийн гэмтэл нь нас барах тухайн цаг хугацаанд буюу гавал тархины битүү гэмтлээс өөр цаг хугацаанд үүссэн болохыг дүгнэлтээрээ тогтоосон, шинжээчийн дүгнэлттэй холбоотой шинжээчээс мэдүүлгээр тодруулсан байдаг. Амь хохирогчийн үхлийн шалтгаанд хамааралгүй боловч нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд болох хөнгөн зэргийн гэмтэл, нас барах үед үүссэн элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал гэмтлийг гадны нөлөөтэй эсэх, хэн учруулсныг тогтоох зорилгоор тус прокурорын газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлээс бусад учирсан гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн ба тэдгээр нь яллагдагч Б.Н.Эын үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдоогүй, хэрэгт хамааралгүй байх тул Б.Н.Эад холбогдох хэргээс тусад нь авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байна. Гэтэл шүүх амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэж үзвэл шүүхийн шатанд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой байхад хуулийг нэг мөр ойлгож хэрэглээгүй, түүнчлэн шүүхийн шатанд дахин шинжээч томилох боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 967 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэжээ.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Янжиндуламын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Н.Э, Б.Х нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос Н.Эын Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар,

Л.Мын эзэмшлийн “Самсунг галакси С-21 плаш 5 жи” загварын гар утсыг нь "хүнтэй ярьчихаад өгье" гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Э, Б.Х нарыг бүлэглэн онц харгис хэрцгийгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Оыг унтаж байхад нь зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дүгээр дүгнэлтүүд нь эргэлзээтэй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар шинжилгээ хийлгүүлсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, амь хохирогч Б.Эгийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч С.Чулуунсүхээр 2 удаагийн дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтүүд ойлгомжгүй, агуулгын хувьд зөрүүтэй, эргэлзээ бүхий байх тул дахин тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багаар шинжилгээ хийлгэж эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.” гэж,

29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болно.” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан тохиолдолд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр хуульчилсан ба Н.Э, Б.Х нарт холбогдох хэрэгт шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн байх боловч шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэж, амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоогдсоны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Тодруулбал, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан ба захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болдог тул дээрх ажиллагааг нэг мөр хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 967 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 967 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Янжиндуламын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР   

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ