Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч: Б.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010118 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1991 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын уулзварын замд ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”: б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4-т “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.А жолоочтой Тоёота Прадо маркийн ....улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Г.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Ад 4.150.000 төгрөгийн шууд, 4.445.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 07 цагийн үед Баянгол дүүргийн нутаг 3, 4 дүгээр хорооллын эцсийн Оранж худалдааны төвийн үүднээс такси барьж ажил руугаа явах гээд зам дээр зогсож байсан Тоёота Приус маркийн автомашины зүүн хойд хаалган талд суугаад хуучнаар Энхтайван найрамдалын ордон гэж хэлээд хөдлөөд явсан. Тэгээд тэр машин бичлийн замаар яваад Эх нялхасын хажуугаар гараад Од кино театрын хажуугаар Модны 2-ын уулзвар руу уруудаж яваад Гандангийн гэр хороолол руу эргээд чигээрээ гудамжаар гараад явъя гээд жолоочид хэлсэн чинь тэр жолооч зүүн эргэдэг уулзвар өнгөрөөд явчихсан. Тэгээд гэрлэн дохиогоор эргээд явж болно гээд уулзвараар чигээрээ явж байсан машинуудаа өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэх дохиогоо өгч байгаад уулзвар руу зүүн гар тийш эргээд гудамжаар орох гээд явтал гэнэт машин орж ирээд мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/,

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийн эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота Прадо-120 маркийн автомашин жолоодож модны 2-ын уулзварын урд замын 2 дугаар эгнээнд урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад чигээрээ явах ногоон гэрлээр чигээрээ уулзвар нэвтрээд ортол эсрэг урсгалаас нэг Тоёота Приус-10 маркийн автомашин урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн. Би хараад тоормосоо гишгээд мөргөлдсөн. Би машинаас буугаад хартал нөгөө машины хойно сууж байсан нэг эмэгтэй уйлаад сууж байсан. Би 102, 103 руу дуудлага өгч, удалгүй түргэн тусламж ирээд нөгөө машинд сууж байсан хүүхдийг аваад явсны даар замын цагдаагийн байцаагч ирж ослын газар үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гэрч Ц.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Баянгол дүүргийн нутагт эд материалын хохиролтой зам тээврийн осол шалгадаг бүсийн эргүүлээр гарч байсан. Тэр өдөр өглөө 07 цаг 30 минутад Замын цагдаагийн жижүүрийн АТ-2-оос ослын дуудлага орж ирээд намайг ослын газар яваад очиход ...улсын дугаартай машин Тоёота Прадо-120 маркийн ....улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Шинжээчийн 2057 тоот дүгнэлтэд: “...Г.С-н биед баруун эгэм, баруун 1, 2, 3-р хавирганы далд хугарал, уруулд шарх, баруун дээд 1, 2-р шүдний мултрал, зүүн 1, 2-р шүдний сулрал, уруулд шарх, ооч, баруун өгзөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний мултрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-н 37/,

Техникийн шинжээчийн 141 тоот дүгнэлтэд: “......улсын дугаартай автомашины жолооч Баасанхалтарын Бүрэнжаргал нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/“хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4-т “жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна.

Тоёота Прадо маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Гонгоржавын Аянга нь Замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 56-57/,

Яллагдагчаар Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 10 минутын үед би өөрийн эзэмшлийн 43-01 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодоод халтуур хийгээд таксинд явж байсан. Тэгээд 3-р хорооллын эцсийн буудлын Оранж дэлгүүрийн үүднээс нэг эмэгтэй хүн аваад хойд суудалд суулгаад Цэнтерпойнт дээр хүргэж өгөх гээд Баянгол дүүргийн нутаг Од кино театраас уруудаад Модны хоёрын уулзвар руу дөхөж явтал тэр эмэгтэй Гандангийн гэр хорооллын гудамжаар ороод цааш явъя гэхээр нь би Модны хоёрын гэрлэн дохиотой уулзвараар зүүн талд байсан гудамжаар орох гээд явтал уулзварын урд талаас Прадо маркийн автомашин чигээрээ орж ирээд мөргөлдсөн. Би эргэж хараад хойно сууж байсан хүнээ хартал ахаа цус гараад байна гээд уйлж байсан ба уруулнаас нь цус гарч байсан. Би машинаас буугаад тэр охины ээж рүү залгаж дуудаж өгөөд цусыг нь арчиж өгөөд байж байтал нөгөө машины жолооч 102, 103-т дуудлага өгсөн байсан ба удалгүй түргэн тусламж ирээд зорчигчийг аваад явсны дараа нэг замын цагдаагийн байцаагч ирээд ослын газар хэмжилт хийгээд миний машиныг журмын хашаа руу ачуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 68/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-3/, хэргийн  газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-6/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 38-47/, Кости-Эстимэйт ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-н 50/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-78/, хохирлын баримтууд /хх-н 80-85/, хохирогчийн хүсэлт /хх-н 93/, мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 94/ зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын уулзварын замд ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”: б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4-т “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.А жолоочтой Тоёота Прадо маркийн ....улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Г.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Ад 4.150.000 төгрөгийн шууд, 4.445.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Сийн: “...Тэгээд гэрлэн дохиогоор эргээд явж болно гээд уулзвараар чигээрээ явж байсан машинуудаа өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэх дохиогоо өгч байгаад уулзвар руу зүүн гар тийш эргээд гудамжаар орох гээд явтал гэнэт машин орж ирээд мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, иргэний нэхэмжлэгч Г.А: “...модны 2-ын уулзварын урд замын 2 дугаар эгнээнд урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад чигээрээ явах ногоон гэрлээр чигээрээ уулзвар нэвтрээд ортол эсрэг урсгалаас нэг Тоёота Приус-10 маркийн автомашин урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн. Би хараад тоормосоо гишгээд мөргөлдсөн. Би машинаас буугаад хартал нөгөө машины хойно сууж байсан нэг эмэгтэй уйлаад сууж байсан. Би 102, 103 руу дуудлага өгч, удалгүй түргэн тусламж ирээд нөгөө машинд сууж байсан хүүхдийг аваад явсны дараа замын цагдаагийн байцаагч ирж ослын газар үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн 2057 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 141 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Сийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Г.С нь шүүгдэгчээс 1.650.000 төгрөг авсан ба үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хохирогч, шүүгдэгч нар бичгээр харилцан тохиролцсон байна /хх-н 93-94/.

Дээрх 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Уг зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Г.А автомашинд хөрөнгийн үнэлгээгээр 4.445.000 /хх-50/ төгрөгийн хохирол учирсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Хэрэгт шүүгдэгч Б.Бын жолоочийн үнэмлэх хураагдан ирээгүй ба осол болох үед түр жолоочийн үнэмлэхтэй байсан ба ослын дараа жолоочийн үнэмлэхийг авсан, жолоочийн үнэмлэх нь өөрт нь байгаа гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ст, 4.445.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ад тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР