Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 211/МА2022/00004

 

2022.02.08 Дугаар: 211/МА2022/00004

 С.Ц-ийн хүсэлттэй иргэний 
хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00022 дугаартай шийдвэртэй
С.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 
хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1955 онд төрсөн. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1971 онд илгээлтээр мал дээр гарч, 1971-1973 онд Цацрал нэгдэлдээ дүү н.Х-тай хамт хурган төлөг хариулж байсан. 1974-1986 онд н.Б-тай хамт эм хонин суурь, хурган төлөг хариулж, зуны улиралд нь бранк хонь хариулдаг байсан. 1987-1989 онд хээлтэй үнээ хариулах, тууварт явах зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1989-1992 онд хуц, ухна хариулж байсан. Тэгээд хариулж байсан хуц, ухнаа н.Г-д хүлээлгэж өгч байсан. Энэ хугацаанд Цацрал нэгдлээс өөр газар шилжиж ажиллаж байгаагүй. Мөн миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй ба цэргийн алба хаагаагүй лавлагааг цэргийн хэлтсээс авах гэтэл хүмүүс хуурамч материал бүрдүүлэхэд ашиглаад байгаа тул гаргаж өгөхөө больсон, шүүхийн журмаар гаргуул гэж байх тул цэргийн алба хаасан лавлагааг гаргаж өгөх боломжгүй нөхцөл үүсээд байна. Миний ажиллаж байсан байдлыг нотлох баримт хангалтгүй байгаа тул улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Иймд С.Ц миний Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00022 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Ц-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
                    
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Өмгөөлөгч Г.Э миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь С.Цийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд  1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 8 жил 7 сарын хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хүний эрхийг хэт дордуулсан гэж үзэж байна. Бичгийн нотлох баримт байхгүй тул С.Цтой хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх гэрчүүдийг асуулгасан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, С.Цийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд  1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар хийнэ.” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хүсэлт гаргагч С.Ц нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 
Хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архангай аймгийн Засаг даргын Тамгын Газар Архивын тасгийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 445 дугаартай цалингийн тодорхойлолт, мөн Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 680 дугаарын тодорхойлолтыг хавсаргасан байна.
Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэн хэргийг шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаар цалингийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3595 дугаарын лавлагаа, мөн 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн 1993 оны  өмч хувьчлалын материал, хүсэлт гаргагч С.Цийн иргэний хаягийн хуудас, гэрч М.Н, Д.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Цийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажилласан болох нь тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.
Хүсэлтээс 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл ажилласан байдлыг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э “хүсэлт гаргагч С.Цийн 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 8 жил 7 сарын хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хүний эрхийг хэт дордуулсан гэж үзэж байна. Бичгийн нотлох баримт байхгүй тул С.Цтой хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх гэрчүүдийг асуулгасан” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Анхан шатны шүүх гэрч Д.Б, М.Н нараас гэрчийн мэдүүлэг авахад гэрч Д.Б хүсэлт гаргагч С.Цийг хэдэн онд нэгдэлд орж ажилласныг мэдэхгүй гэж мэдүүлсэн, гэрч М.Н С.Цийг 1971 оноос 1993 он хүртэл  малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн ч С.Цийг 1971 оноос эхлэн мал маллаж байсныг хэрхэн мэдэж, санаж мэдүүлж байгаа нь тодорхойгүй, тодруулбал хүсэлт гаргагчийн нэгдэлд ажиллаж эхэлсэн хугацааг ямар нэгэн үйл баримттай холбогдуулж мэдүүлээгүй, шууд оноор нь зааж мэдүүлснийг хөдөлбөргүй үнэн гэж үзэхэд эргэлзээтэй байх ба 1971-1980 онд ажиллаж байсан талаар хэрэгт өөр нотлох баримт авагдаагүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 
    ТОГТООХ нь:    
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00022 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.Д
     ШҮҮГЧИД                      Д.Б
                                    В.Ц