Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар :211/МА2022/00005

 

2022.02.08  Дугаар:211/МА2022/00005

                                              ТУ ХХК-ийн нэхэмжлэлтэй 
                                                    иргэний хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаартай шийдвэртэй
ТУ ХХК-ийн  нэхэмжлэлтэй
ААЗД-д холбогдох
843.824.016 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 
ТУ ХХК-д холбогдох
187.500.000 төгрөг гаргуулах тухай ААЗД-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 
нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТУ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ААЗД нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ноос угаах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэх ААОНӨГ/201801001/33 дугаарын гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан болно. Уг гэрээг 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан боловч 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргаар батлуулж хүлээн авсан. 2018 ондоо цахилгааны техникийн нөхцөлийг гаргуулж, 10 дугаар сард барилга барих газрыг албан ёсоор сонгон авч эскиз зургийн дагуу тэг тэнхлэгийг тавиулснаар барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дууссан. 2019 онд цахилгааны дэд станц, гүний худаг, барилга угсралтын үндсэн ажлуудыг дуусгах 729.819.344 төгрөгийн бодит гүйцэтгэлийг гарган захиалагчид удаа дараа өгсөн боловч зураг төсвийг магадлалаар баталгаажуулах гэсэн шалтгаанаар гүйцэтгэлийг баталгаажуулахгүй хойшлуулж, санхүүжилтийг хийхгүй 1 жил 6 сар гаруй хугацаанд тус компанийг хохироож байна. Иймд хариуцагч ААЗДас дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: нийт гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын санхүүжилтийн үлдэгдэл 542.319.344 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 23, 24 дэх заалтын дагуу алданги 271.159.672 төгрөг, барилгын ажлын зураг, төсвийн үнэ 21.200.000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575.000 төгрөг, барилгын газрын инженер геологийн дүгнэлтийн ажлын хөлс 2.270.000 төгрөг, сахиулын цалингийн зардал 6.300.000 төгрөг, нийт 843.824.016 төгрөгийг ТУ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТУ ХХК-аас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ТУ ХХК нь ААЗДтай ноос угаах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч ТУ ХХК нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу эх загвар зураг /эскиз/-аа хугацаандаа хийж гүйцэтгээгүй удаашруулж, барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг 2020 онд гүйцэтгэсэн. Ингэхдээ анх гэрээ байгуулсан мөнгөн дүнгээсээ хэд дахин өсгөж магадлалын төсвийг 2.000.000.000 төгрөг болгосон. Иймд ТУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

    Хариуцагч ААЗД шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ноос угаах үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж /зураг төсвийн хамт/ нийлүүлэх ААОНӨГ/201801001 дугаартай тендерт ТУ ХХК нь шалгарч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар захиалагч талаас гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн. Үүний дагуу захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах ажлыг гүйцэтгэхээр ААОНӨГ/201801001/33 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч ТУ ХХК нь ноос угаах үйлдвэр байгуулах ажлыг 789.456.789 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч ТУ ХХК нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн, магадлал хийгдэж, баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэх зэргээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.16, 40.2 дахь хэсэг болон гэрээний холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн одоогийн магадлалаар орж баталгаажсан гэх зураг төсөв нь гэрээгээр тохиролцсон мөнгөн дүнгээс хэд дахин өссөн тул ажлын хэсгийн дүгнэлт болон улсын байцаагчийн акт зэргийг үндэслэн захиалагч ААЗД гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ТУ ХХК-ийн захирал Р.Тулгад гардуулан өгч, гэрээгээ цуцалсан. Талуудын хооронд ААОНӨГ/201801001/33 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа ТУ ХХК нь ноос угаахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад улсаас захиалах шаардлагатай байна, тоног төхөөрөмж нь 2 сар хийгддэг, мөн урьдчилгаагүйгээр тоног төхөөрөмжийг хийж эхлэхгүй тул урьдчилгаа олгож өгнө үү гэсэн хүсэлтийг захиалагч талд гаргасан. Тухайн үед ноос угаах үйлдвэрийг 2 сарын хугацаанд барьчихвал тоног төхөөрөмж нь ирэхгүй хүлээгдэх магадлалтай байсан тул гүйцэтгэгчийн гаргаж өгсөн бичиг баримтыг үндэслэн урьдчилгаа 187.500.000 төгрөг ТУ ХХК-д олгосон. Гэтэл ТУ ХХК-аас тоног төхөөрөмж авахад зориулж олгосон урьдчилгаа  187.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгч ТУ ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй болно. Нэхэмжилсэн 187.500.000 төгрөгийг манай компани нь үйлдвэр байгуулах гэрээний хүрээнд авч, гэрээний зориулалтын дагуу ажилдаа зарцуулсан байгаа. Гүйцэтгэлийн тайлангаар манай барилга угсралтын ажлын гүйцэтгэл 729.800.000 төгрөгөөр урьдчилж авсан санхүүжилтээр 187.500.000 төгрөгийг хасаж, ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үлдэгдлийг 524.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т анхан шатны шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл болох ноос угаах үйлдвэрийн барилга барьж байгуулах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Би 09 дүгээр сарын 20-ны үеэр батлагдсан гэрээгээ хүлээж авсан. Түүнээс хойш ажлаа түргэн шуурхай хийх зорилгоор компаниас боломжтой бүх арга хэмжээг авч, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу техникийн нөхцөлүүдийг авах тал дээр манай компанийн зүгээс өөрөөс гарах боломжтой бүх материалаа хөөцөлдөж, шаардаж авч байгаад 2018 оны 10 дугаар сард цахилгааны техник нөхцөлийг гаргуулж авсан. Энэ нөхцөлийн дагуу 2018 онд цахилгааны дэд өртөөний ажлыг бүрэн хийсэн. Манай компанийн хүлээх үүрэг болох зураг төслийг гаргуулж, зураг төслийн дагуу барилга барихаар захиалагчийн зүгээс шаардсаны дагуу зураг төслийг гаргуулахын тулд захиалагчаас хамаарах технологийн маш олон ажлууд байсан. Үүний дагуу захиалагчаас удаа дараа биеэр болон албан бичгээр хүсэлт гаргаж байж 2019 онд зураг төслийг гаргуулж авсан. Газрын асуудал шийдэгдээгүй байсан. Захиалагчтай ярьж тохиролцсоноор бол  зургийн дагуу тэг тэнхлэгээ тавиулж эхлүүл гэсний дагуу 2018 оны 10 дугаар сард газрыг нь баталгаажуулж албан ёсоор шийдэж, барилгын тэг тэнхлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгээд тухайн технологийн хугацаа дууссан учраас барилгын ажил явуулах боломжгүй болж барилгын ажлаа хойшлуулж 2019 онд барилгын ажлаа үргэлжлүүлэхээр болсон. 2019 оны 04 дүгээр сараас барилгын ажил эхэлсэн. Барилга захиалагчаас 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа эхлүүл гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр барилга эхлүүлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэх баримтыг ажил гүйцэтгэгчийн зүгээс өгсөн боловч хариу огт ирээгүй. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай гэсэн бичиг авсан. Түүний дагуу мөн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай гэсэн 01/24 тоот албан бичгийг хүргүүлсэн. Энэ бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Барилгын ажил удааширсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Одоо хүртэл удаа дараагийн мэдэгдэл өгч байсан. Бид захиалагчтай зөвшилцсөний дагуу зураг батлагдсаны дараа барилгын ажил хийнэ гэдэг ямар ч боломжгүй, зургийн ажлыг манайх анх тендерт орохдоо өөр компаниар эскиз зураг хийлгэж, тэр зургийн дагуу тендерт орсон. Тендер авсны дараа тухайн компани Архангай аймгийн Ноос угаах үйлдвэрийн ажлын зургийг үргэлжлүүлэн хийх боломжгүй, бид нар өөр төсөл зураг дээр ажиллаж байна гэж хэлсэн. Нэг дүгээрт техникийн нөхцөл тэнцүү боловсруулагдаагүй. Ноос угаах үйлдвэрийн хүчин чадал технологийн асуудал батлагдсан зүйл юу ч байхгүй, техникийн нөхцөлүүд бүрэн авагдаагүй, газрын геологийн дүгнэлт гараагүй, газар нь баталгаажиж гараагүй учраас манайх зураг хийх ямар ч боломжгүй гэсэн үндэслэлээр анхны компани татгалзсан. Ингээд “Инжкад” ХХК-аар барилгын зураг хийлгэхээр 2019 оны 04 дүгээр сард гэрээ хийсэн. Барилгын зургийг шаардлагын дагуу газрын суурийн зургийг гаргахын тулд газрын инженер геологийн дүгнэлт гарах шаардлагатай. Энэ дүгнэлт нь 2019 оны 05 дугаар сард дахин өрөмдлөг хийж байж гарсан. Гарсан дүгнэлтээ зургийн компанид өгч тухайн дүгнэлтийн дагуу барилгын суурийн зургийг гаргаж өгсөн. Тухайн зургийн дагуу 05 дугаар сарын 17-ны өдөр зураг төсөл гарахаас нааш ажил үргэлжлүүлж болохгүй, ажлыг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарсан байсан. Тэгээд суурийн зургаа гаргуулж, захиалагчтай зөвшилцсөний дагуу ажлаа үргэлжлүүлж суурийн ажлыг хийсэн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг захиалагч тал түүн дээр асуудал байхгүй, манайхаас гарах болохоор та түүн дээр санаа зовох хэрэггүй, зургийн ажлаа түргэвчлээд барилгын ажлаа түргэн шуурхай явуул гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсны дагуу би барилгын ажлыг гүйцэтгэж, ерөнхийд нь барилга угсралтын ажлыг 2019 онд багтааж хийж дуусгасан. Би 2018 онд барилгын бүх материалыг татаж авчирсан. Түүний дагуу гүйцэтгэл өгсөн боловч оны эцэс болсон. Төрийн сан хаасан гэдэг утгаар тухайн төсвийг баталж өгөөгүй. 2019 онд барилгын ажлаа хийж дуусгаж, мөн ажлын зураг зургийн компаниас гарсан байсан. Ганцхан экспертиз батлуулах ажил дутуу буюу энэ нь захиалагч талаас техникийн нөхцөл дутуу, мэргэжлийн хяналтаас дүгнэлт гарах, аймгийн ерөнхий архитектураас дүгнэлт гарах, аймгийн Онцгой байдлын газраас галын дүгнэлт авах зэрэг ажлууд 2019 оны 09 дүгээр сар хүртэл хүлээгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр баталгаажиж, бид нар гүйцэтгэсэн ажлаа экспертиз батлуулах үе шатанд нь оруулсан. Ийм шалтгаанууд буюу Барилгын тухай хуульд заасан захиалагчаас шалтгаалах үндэслэлүүдээр барилгын зургийн ажил хойшлогдож удааширч гарсан. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Барилгын ажлын төсөвт өртөгт нэмэгдсэн гэдэг асуудлыг CD дээр бичигдсэн байгаа байх. Энэ ажлын төслийн менежер н.М, Газар хот барилгын хэлтсийн дарга н.М нар зургийг хүлээж авлаа, зургийн дагуу барилга барихад ямар төсөв гарахыг нь гаргуулж экспертиз батлуулж ир гэсэн үүрэг даалгавар өгч хойшлогдсон. Үүний дагуу төсвийг нь мэргэжлийн мэргэшсэн үнэлгээчнээр гаргуулж, Барилга хот хөгжлийн төвийн дэргэдэх магадлан итгэмжлэгдсэн газраар батлуулж гарсан барилгын үнэлгээгээр 2,2 тэрбум төгрөгийн төсөвт үнэлгээ гарсан. Үүнийг би гарсан даруйд нь аймгийн захиалагч Засаг даргад танилцуулсан. Батлагдсан зургийн дагуу 2,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж гарсан. Үүнийг бас та нар анхаарч ажлын гүйцэтгэл санхүүжилтэд өөрчлөлт оруулна уу гэсэн хүсэлтийг 2 удаа өгсөн. Тэр хүсэлтийг хариуцагчийн зүгээс бид нар төсвийг санаатайгаар үндэслэлгүй 3 дахин нэмэгдүүлсэн гэх хариу тайлбар гаргаж байгаа. Бид нарын өөрсдөө гаргаагүй, өөрсдийнх нь шаардлагын дагуу зохих журмаар холбогдох байгууллагаар нь гаргуулсан байгаа. 729.000.000 төгрөгийн гүйцэтгэлээс өмнө нь авсан байсан 187.500.000 төгрөгийг хасаад 542.000.000 төгрөгийн санхүүжилтийг шийдээд өгчих юм бол төслийн ажлаа үргэлжлүүлж, тоног төхөөрөмжийн ажлаа авчирч суурилуулаад 2020 онд багтаагаад ажлыг бүрэн дуусгаад хүлээлгэж өгөх боломжтой гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Одоо үүнийг хариуцагч талаас тайлбарлахдаа манай компани 2,2 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм шиг яриад байна.  Бид нар огт 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжлээгүй. Бодит гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг авчих юм бол бид нар эргээд авсан санхүүжилтээрээ тоног төхөөрөмжөө нийлүүлж, ажлаа дуусгах боломжтой гэсэн албан тоот удаа дараа хүргүүлж байсан. Энэ асуудлыг шийдээгүйгээс болж бид нар 3 жил хохирч байна. Ажлууд бодитой хийж гүйцэтгэгдсэн байдаг. Санхүүжилт хийхгүй, гүйцэтгэлийг хүлээж авахгүй, гэрээн дээр гүйцэтгэлийг үе шатаар нь хүлээж авч, санхүүжилтийг хийнэ гэсэн заалт байгаа. Гэрээнийхээ дагуу захиалагч талаас энэ ажлаа хийхгүй, удаа дараа шалтаг шалтгаан хэлж өдий хүрсэн. Нийт 729.000.000 төгрөгийн гүйцэтгэл гарснаас урьдчилгаа 187.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 542.319.344 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт, гэрээний тусгай нөхцөлийн 23, 24-д зааснаар алданги 271.159.642 төгрөг болж байгаа. Барилгын зургийн ажлыг гүйцэтгэсэн төсвийн өртөг 21.200.000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575.000 төгрөг, барилгын геологийн дүгнэлт 2.270.000 төгрөг болсон. Ажлын гүйцэтгэл гарснаас хойш хугацаанд тухайн объектод манаач ажиллуулсан хөлс 6.300.000 төгрөг буюу нийт 843.824.016 төгрөг болох үндсэн нэхэмжлэлээ би бүрэн дэмжиж оролцож байна. Би сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй байна. Дэмжихгүй байгаа шалтгаан нь бид нар захиалагч Аймгийн засаг дарга, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай хэлэлцэж тохиролцоод ажил гүйцэтгэх урьдчилгаа олгоно уу гэсэн хүсэлтийг өгсөн. Урьдчилгаа мөнгийг тоног төхөөрөмж нийлүүлэхээр өгвөл боломжтой. Тийм хүсэлт гаргаж өгнө үү гэсэн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гаргасан. Тухайн мөнгийг зориулалтынх нь дагуу зарцуулах гэж бодож хүсэж 2018 оныг дуустал манай компанийн зүгээс гол анхаарлаа хандуулж явсан. Эхлээд н.Энхтайван даргын хэлсний дагуу Хятадын үйлдвэртэй бид нар ярилцаж тохиролцсон, тухайн компаниас очиж ав, би өөрөө хамт явна гэж хэлж байснаа болиод орчуулагч Өвөр монгол хүнтэй уулзаад гэрээ хэлэлцээр хийгээд ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Түүний дагуу би Эрээн хотод очиж уулзаж, зааж өгсөн хүмүүстэй нь Бээжингээс цааш Гуанжу хот орж үйлдвэр дээр нь очиж гэрээ хэлцэл хийсэн. Тэгээд урьдчилгаа төлбөр төлснөөс хойш 5 сарын дотор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэсэн тохиролцоотой ирсэн. Ирээд би үйлдвэрийн дансанд хийе гэхэд н.Энхтайван дарга үйлдвэрийн дансанд хийхгүй, орчуулагчийн дансанд мөнгөө хий гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би нэгэнт гэрээ хийсэн баталгаат үйлдвэрийн газрынх нь данс руу хийнэ, орчуулагчийн дансанд хийхгүй гэсэн. Нэгдүгээрт би тухайн үйлдвэр дээр биеэрээ очиж үзсэн. Тэр үйлдвэр нь улсын үйлдвэр биш, хувийн үйлдвэр, хуучин тоног төхөөрөмж засдаг үйлдвэр байна лээ. Тийм учраас эцсийн хариуцлагыг би хүлээх учраас ажлаа бодоод ийм журмаар мөнгийг зарцуулж чадахгүй. Би энэ мөнгөөр чинь барилгын ажлын материалаа бэлдсэн. 2018 оны 12 дугаар сар гэхэд үйлдвэрийн барилгын бүх материал цонх хаалгатайгаа 100 хувь захиалж авсан. 187.500.000 төгрөг дээр өөрөө 100.000.000 гаруй төгрөгийн зээл авч санхүүжилт хийж, барилгын материал авсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь Улаанбаатар хотоос улсын үйлдвэртэй нь Ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Г.Б гэдэг хүнийг хөлсөлж хамт авч яваад гэрээ хэлцэл хийж ирсэн. Г.Б нь өөрөө Дарханд Ноос ноолуур угаах үйлдвэртэй юм байна лээ. Хятадын хэд хэдэн компаниас тоног төхөөрөмж авч байсан. Барилгын ажлын санхүүжилтийг авч тоног төхөөрөмжөө нийлүүлье гэж өдий хүртэл явж байгаа. Тэрнээс бид нар мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Бид нар үйлдвэрийг байгуулах гэсэн гэрээтэй, тухайн гэрээнийхээ хүрээнд мөнгийг ажилдаа зарцуулсан. Хэрвээ би 187.500.000 төгрөгийг тэр компанид өгсөн бол одоо барилга ч байхгүй, тоног төхөөрөмж ч байхгүй байх байсан. Аймгийн захиалагчийн зүгээс тоног төхөөрөмжийг суурилуулах, барилга байгууламж, зураг нь болоогүй байсан. Зургийг гаргуулахын тулд би гэрээ хэлцэл дээр онцгой анхаарал тавьж байсан. Зураг гаргуулахын тулд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ямар хүчин чадалтай ямар тоног төхөөрөмж авах, уур ус яаж зарцуулах, бохирыг нь яаж ялгаруулах зэргийг үндэслэж барилгын зураг гарах ёстой. Тийм учраас тоног төхөөрөмж нийлүүлэхээс өмнө барилгын зургаа гаргуулж, барилгаа гүйцэтгэж байж, барилга бэлэн болсон нөхцөлд тоног төхөөрөмжүүдээ авчрахад ямар ч асуудал байхгүй байсан. Үүний дагуу аймгийн Засаг даргад удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сар, 2020 оны 10 дугаар сард 542.000.000 төгрөгийн санхүүжилтээ авсан тохиолдолд тухайн мөнгөөр тоног төхөөрөмжөө нийлүүлж, 2020 онд гэрээт ажлаа дуусгах боломж байна гэдэг хүсэлтийг удаа дараа өгч байсан. Тийм учраас тухайн мөнгийг төслөөс өөр юманд зарцуулсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ захиалагч талын шаардсанаар тоног төхөөрөмж авчирсан бол тухайн тоног төхөөрөмжийг хадгалах газар байхгүй хаана хадгалах вэ гэдэг асуудал яригдах байсан. Зайлшгүй барилга барьсны дараа тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэлцэл хийх асуудал нь барилга барих, зургийг үндэслэлтэй гаргах ийм нөхцөл байдлыг үүсгэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар төсөвт өртөг 2,2 тэрбум төгрөгийг нэхэмжлээгүй. Хариуцагчаас тавьсан шаардлагын дагуу гаргасан төсөв нь зураг төслийн дагуу бодитоор гарах зардлыг нь мэргэжлийн байгууллагаар гаргуулсан үнэлгээ, экспертиз батлагдсан төсөв нь ийм мөнгө болж байна шүү гэдгийг үүн дээр цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна гэдэг шаардлагыг тавьсан. Бодит гүйцэтгэсэн ажил болох 729.000.000 төгрөгийн гүйцэтгэлийг баталгаажуулан санхүүжилтийг өгнө үү. 187.500.000 төгрөгийг төсөвт ажилд зарцуулсан. Тухайн урьдчилгаа болгон өгсөн 187.500.000 төгрөгийг Засаг дарга буюу захиалагч тал өөрсдөө ярилцаж байгаад урьдчилгаа мөнгийг ийм нөхцөлөөр гаргах боломж байна. Энэ мөнгийг заавал тоног төхөөрөмжид зарцуулаад яах вэ, та төслийнхөө хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажилдаа зарцуул гэж тохиролцсоны үндсэн дээр тухайн үед барилга эхлээгүй, урьдчилгаа авах ямар ч боломжгүй, харин эхний ээлжид тоног төхөөрөмж нийлүүлнэ гэсэн үндэслэлээр санхүүжилт гаргах боломжтой байна гэсэн өөрсдийнх нь нөхцөл байдлын улмаас урьдчилгаа мөнгийг авсан. Өөр зүйлд зарцуулаагүй, энэ төслийн ажилд зарцуулсан. Энэ төслийнхөө гүйцэтгэлээс тухайн мөнгийг хасаж нэхэмжилж байгаа. Тэгэхээр манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах ямар ч боломж байхгүй, үндэслэл байхгүй. Тухайн мөнгийг төслийн ажлаас өөр ажилд зарцуулсан гэх нотлох баримт хариуцагч талд байхгүй гэж бодож байна. Гэрээг цуцалж, бид нар төсөв мөнгөний талаар өөрсдөө мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байж шийднэ гэж хэлсэн. Гэрээг хүлээн авсныхаа дараа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга н.Э-тай уулзахад та 2,2 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн учраас ингэж байгаа юм. Гэрээнд заасан үнэндээ багтаагаад хийх юм бол бид нар юу гэж татгалзах юм гэж хэлсэн. Тэгээд би тохиролцоод 800.000.000 төгрөгт багтааж, 789.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн байгаа, алдагдал нь надад хамаа байхгүй, би төрөлх нутагтаа бодитой ажил хийж, хэдэн хүнийг ажилтай болгохоор, та нарын ажлыг дэмжээд ажиллахад бэлэн байна гэдэг хүсэлтээ удаа дараа тавьж байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд гүйцэтгэлийн ажилтай холбогдуулан зөвхөн тендерт түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэгч компани зураг төсөл гаргах ёстой. Гэхдээ захиалагч байгууллага үндсэн бүх техникийн нөхцөл, бүх зүйлийг гаргаж өгсний үндсэн дээр бид нар зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж батлуулах өндөр шаардлагатай. Энэ бол зүгээр нэг агуулахын барилга биш. Бүхэл бүтэн үйлдвэрийн чиглэлийн барилга учраас захиалагчаас гүйцэтгэх ёстой техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулах, аймгийн ерөнхий архитектур, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Онцгой байдлын газруудтай уулзаж ярилцах ажлуудыг түргэн хугацаанд шийдвэрлэн туслаад, дэмжээд өгөөч гэсэн асуудлыг ярьж байсан болохоос гүйцэтгэлийн төсвийн дагуу нэхэмжилж байна гэж огт яриагүй гэдэг нь батлагдан нотлогдож байна гэж харж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П анхан шатны шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Анх ТУ ХХК нь сонгон шалгаруулалтад орохдоо түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шалгарч, зураг төсөл болон барилга угсралтын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэж гэрээгээ байгуулсан байдаг. Гэтэл 2019 оны 12 дугаар сар буюу хугацаа болсон байхад улсын комиссын магадлангаар баталгаажсан эх хувь, зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхэлсэн байдаг. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талаас экспертиз батлагдсан төсвөөр барилгын байгууламжийн төсвийн нийт өртөг нь 1.183.011.699 төгрөг болж, гэрээнд заасан үнийн дүн 1,5 дахин их буюу 393.000.000 төгрөгөөр нэмэгдэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төсөвт өртөг нь 1.096.832.145 төгрөг буюу нийт 2.279.843.844 төгрөг болсон. Үүнийг зураг төсвийг үндэслэн гэрээний үнийг тохиролцож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тавьсан байдаг. Засаг даргын зүгээс анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэд дахин нэмэгдсэн үнэ байсан учраас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Р.Т захиралд хүргүүлсэн байдаг. Манай тухайн мэдэгдлийг мэргэжилтэн Р.Т захиралд өөрт нь өгсөн байдаг. Ийм учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ТУ ХХК нь “ноос ноолуур угаахад шаардлагатай тоног төхөөрөмж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалах шаардлагатай байна, тоног төхөөрөмж нь захиалга хийснээс хойш 2 сарын хугацаанд нийлүүлэлт хийгддэг, мөн урьдчилгаа өгөхгүй бол тоног төхөөрөмж нийлүүлэхгүй тул урьдчилгаа мөнгө олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг захиалагч тал буюу Засаг даргад гаргаж байсан. Тухайн үед ноос ноолуур угаах үйлдвэрийг 2 сарын хугацаатай барих, тоног төхөөрөмж хугацаанд нь байрлуулж чадахгүй хүлээлгэх магадлалтай байсан тул гүйцэтгэгчийн гаргаж өгсөн баримт бичгийг үндэслэж 187.500.000 төгрөгийг ТУ ХХК-д олгосон байгаа. ТУ ХХК нь захиалагчаас олгосон урьдчилгаа хөрөнгөөр тоног төхөөрөмж аваагүй, өөр зүйлд зарцуулсан гэдгийг Р.Т захирал хүлээн зөвшөөрсөн тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд тоног төхөөрөмж нийлүүлэхээр авсан урьдчилгаа 187.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ААЗДд холбогдох нийт 843.824.016 төгрөг гаргуулах тухай ТУ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ТУ ХХК-аас 187.500.000 төгрөгийг гаргуулж хариуцагч ААЗДд олгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ААЗД улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТУ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.377.070 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ТУ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1.095.000 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: ТУ ХХК-ийн нэхэмжлэлтэй ААЗДд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуудас 8 дахь үндэслэх хэсэгт:
    1.1. Нэхэмжлэгч ТУ ХХК нь гэрээнийхээ дагуу барилгын ажлыг эхлүүлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг аваагүй гэсэн дүгнэлтийн тухайд энэ зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /захиалагчийн чиг үүрэг/-ийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн ... 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 3 дугаар бүлэг /Захиалагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... Барилгын тухай хуулийн ... 26 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрөл авах” гэж тус тус заасны дагуу захиалагч өөрөө авч гүйцэтгэгчид өгөх үүрэгтэй. 
    Харин энэ зөвшөөрлийг авахад гүйцэтгэгчээс шаардлагатай хүсэлт материалыг нь 2018.09.25-ны өдрийн 01/34 /хх-244-р хуудас/, 2019.05.10-ны өдрийн 2019/01/36 /хх-239-р хуудас/, 2019.05.10-ны өдрийн 01/35 /хх-240-р хуудас/, 2020.05.29-ний өдрийн 01/25 /хх-241-р хуудас/ тоотуудаар тус тус захиалагчид хүргүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлсэнгүй. 
    Мөн барилга эхлүүлэх зөвшөөрлийг зохигчийн хэн нь авч өгөх үүргийг ямар хууль, эрх зүйн актаар хүлээдэг болохыг тогтоолгүйгээр барилгын ажлын зөвшөөрлийг гүйцэтгэгч эрх бүхий байгууллагаас авах үүргээ гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. 
    1.2. Магадлал хийгдэж, баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэх дүгнэлтийн тухайд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /захиалагчийн чиг үүрэг/-ийн 37.1.3-т “...барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн ...22, 23, 25 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 37.1.10-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 3 дугаар бүлэг /Захиалагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...Барилгын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн техникийн нөхцөл авах, зураг төсөл зохиох боловсруулах ажлын захиалга өгөх, зураг төсөлд магадлал хийлгэх, барилгын ажлын зөвшөөрөл авах” гэж зааснаар зураг төсөл зохиох боловсруулах ажлын захиалга өгөх, зураг төсөлд магадлал хийлгэх үүргийг захиалагч гүйцэтгэхээр маш тодорхой хуульчилсан. 
    Захиалагчийн дээрх хууль, эрх зүйн актуудаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зураг төсөл нь хугацаа алдаж, магадлалаар батлагдаж 2019.11.30-ны өдөр захиалагч хүлээгээд авсан байтал гүйцэтгэгч магадлал хийгдэж, баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэргийн 16, 21, 160-178 дугаар хуудас дахь баримт бичиг болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. 
    Харин эсрэгээрээ хавтаст хэргийн 16, 21, 160-178 дугаар хуудас дахь баримт бичиг болон зохигчийн тайлбар зэрэг нь гүйцэтгэгч магадлал хийгдэж, баталгаажуулаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэснийг биш, бүтэн 2 жилийн өмнө захиалагчийн хүлээн авсан магадлалаар батлагдсан зураг төслийнх нь дагуу гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн эсэхийг тогтоогоод гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж, гүйцэтгэгчээр гэрээт ажлыг дуусгуулаад хүлээгээд авах хангалттай хугацаа байсныг нотлох баримтаар үнэлэх нь илүү үндэслэлтэй байсан. 
    1.3. Барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулаагүй ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийн тухайд анхан шатны шүүх нь гүйцэтгэгчийн зүгээс Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үүргийнхээ дагуу барилга угсралтын ажлын үе шат бүрээр үйлдэж, талбайн инженер, зохиогчийн төлөөлөгчөөр баталгаажуулсан, нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн 14 хуудас барилгын ил, далд ажлын акт /хавтаст хэргийн 47-60 дугаар хуудас дахь/-ыг анхаарч үнэлэхгүйгээр ил, далд ажлын акт баталгаажуулаагүй ноцтой зөрчил гаргасан хавтаст хэргийн 16, 21, 160-170 дугаар хуудас дахь баримт бичиг болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэсэнд харамсаж байна. 
    Харин бодит байдал дээр хариуцагч буюу захиалагч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-д заасан үүргийнхээ дагуу ил, далд ажлын актыг баталгаажуулаагүй байгаа нь хавтаст хэргийн 47-60 дугаар хуудас дахь барилгын ил, далд ажлын актуудаар нотлогдож байгаа. 
    1.4. Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийн тухайд аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” 2019.05.17-ны өдрийн 03-07-022/26 дугаарын актаар тавьсан шаардлагын дагуу гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг тухайн барилгын барилга бүтээцийн зургийг гартал 1 сар зогсоож, 2019.06.15-ны өдрөөс барилга угсралтын ажлыг үргэлжлүүлсэн болох нь хавтаст хэргийн 47-60 дугаар хуудас дахь барилгын ил, далд ажлын актуудаар нотлогдож байгаа бөгөөд захиалагчаас тавьсан шаардлагын тухайд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019.04.04-ний өдрийн 164 тоот /хх-179/-ын хариуг 2019.05.10-ны өдрийн 2019/01/36 тоот /хх-239/-оор, 2019.05.15-ны өдрийн 250 тоот /хх-21/-ын хариуг 2019.05.29-ний өдрийн 01/25 тоот /хх-241/-оор, 2020.09.04-ний өдрийн 456 тоот /хх-16/-ын хариуг 2020.10.05-ны өдрийн 01/34 тоот /хх-241/-оор, Архангай аймгийн Засаг даргын 2020.06.30-ны өдрийн 01/785 тоот /хх-160/-ын хариуг 2020.07.16-ны өдрийн 01/39 тоот /хх-246/-оор тус тус тухай бүрд нь хүргүүлсэн байхад анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэнгүй. 
    1.5. Гэрээний үнэнээс хэд дахин нэмэгдсэн үнийн санал хүргүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийн тухайд 2019.11.30-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын ногоон танхимд хуралдсан ажлын хэсгийн хурал дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.М магадлалаар батлагдсан зургийн дагуу төсөв хийж магадлалаар оруулаагүй байна, зургийн дагуу төсөв хийж магадлалаар оруулахад 800.000 сая төгрөг байх юм уу, хэд байхын гэдгийг мэдэх шаардлагатай байна /хавтаст хэргийн 167-177 дугаар хуудас дахь ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн 172-р хуудас/ гэсэн шаардлагын дагуу магадлалаар батлагдсан зургийн дагуу эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр төсвийг хийлгэж, магадлалаар батлагдсан төсвийн дүнг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу захиалагчид мэдэгдсэн болохоос энэ үнээр нэхэмжлэл огт гаргаагүй. Энэ нь аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2020.05.25-ны өдрийн 01/23 тоот /хх-17/, 2020.07.16-ны өдрийн 01/39 тоот /хх-246/ болон хавтаст хэргийн 26-45-р хуудас дахь баримтуудаар хангалттай нотлогдоно. 
    1.6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн ямар ч үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтуудад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх ширхэг ч нотлох баримт байхгүй. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлага тус бүрийг хангалттай нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байгаа. Тухайлбал гүйцэтгэсэн ажлын бодит байдал нь 1-р хавтаст хэргийн 66-76-р хуудас дахь фото зураг, 47-60-р хуудас дахь барилгын ил, далд ажлын актууд, 61-65-р хуудас дахь барилга угсралтын ажилд хэрэглэсэн материалын сертификат, лабораторийн сорьцын шинжилгээний актуудаар, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн нийт өртөг 729.819.344 төгрөг, авсан урьдчилгаа 187.500.00 төгрөг, нэхэмжилж байгаа санхүүжилтийн дүн 542.319.344 төгрөг зэрэг нь хавтаст хэргийн 26-45-р хуудас дахь барилга угсралтын ажлын гүйцэтгэл, гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, түүний хавсралт гүйцэтгэлийн тооцоогоор хангалттай нотлогдож байгаа. Мөн нэхэмжилсэн алдангийн 271.159.642 төгрөг нь хавтаст хэргийн 8-11-р хуудас  дахь гэрээ, гэрээний 5-д зааснаар түүний салшгүй хэсэг гэрээний тусгай нөхцөлийн 23, 24 дэх заалтаар, барилгын ажлын зураг, төсвийн үнэ 21.200.000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575.000 төгрөг, барилгын газрын инженер геологийн дүгнэлтийн ажлын хөлс 2.270.000 төгрөг нь хавтаст хэргийн 82-94-р хуудас дахь холбогдох байгууллага бүртэй байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримтуудаар, сахиулын цалингийн зардал 6.300.000 төгрөг нь хавтаст хэргийн 95, 96-р хуудас дахь ажилд томилсон тушаал, цалин олгосон баримтаар тус тус нотлогдоно. 
    Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуудас 9 дэх үндэслэх хэсэгт:
    2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.”, 350 дугаар зүйлийн 350.1.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.”  гэж заажээ. Иймд нэхэмжлэгч ТУ ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн, захиалагч тал ажлын үр дүнг тооцож барилгыг хүлээж аваагүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгаа болно. 
    2.2. Харин анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийн эсрэгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ нь гэрээ /хх-8-11-р хуудас дахь/-ний үр дүн болох хавтаст хэргийн 66-76-р хуудас дахь фото зурагт тусгагдсан үйлдвэрийн 1200м2 барилга, офисс, цайны газрын 72 м2 барилга, 160 КВА-н цахилгааны дэд станц, 80 метр гүний зэрэг инженерийн дэд бүтцийн байгууламжийг байгуулсан бодит ажлуудыг гүйцэтгэсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж зааснаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл, гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, түүний хавсралт тооцоо /1-р хавтасны 26-45-р хуудас дахь/-оор нотлогдож байгаа 729.819.344 төгрөгийн ажлын хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчид төлөх нь бодит үндэслэлтэй байна. 
    Гурав. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
    3.1. ТУ ХХК нь БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалах шаардлагатай тул урьдчилгаа мөнгө олгуулах хүсэлтийг захиалагч талд гаргаж, хүсэлтийг үндэслэн 187.500.000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон нь 2018.09.23-ны өдрийн зарлагын баримт /хх-180-р хуудас/, 2018.10.22-ны өдрийн “дугаар-за-2018/54 санхүүжилтийн мэдэгдэл” /2-р хавтасны 20-р хуудас/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогддог гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болох нь 1 дүгээрт гүйцэтгэгч нь тоног төхөөрөмж захиалахад шаардлагатай мөнгө олгооч гэсэн хүсэлтийг захиалагчид гаргаагүй. Ийм хүсэлт гаргасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2 дугаарт 2018.09.23-ны өдрийн зарлагын баримт /хх-н 180-р хуудас/ нь эх хувь биш бөгөөд нотариатаар батлагдаагүй хуулбар байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг  өгнө.” гэж зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 3 дугаарт 2018.10.22-ны өдрийн /дугаар-за-2018/54 санхүүжилтийн мэдэгдэл" /2-р хавтасны 20-р хуудас/ нотлох баримттай нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т миний бие шүүх хурлаас өмнө танилцаагүй бөгөөд уг санхүүжилтийн мэдэгдэл гэх баримт нь 2018.09.23-ны өдрийн зарлагын баримтаар мөнгө шилжүүлэхээс өмнө үйлдэгдэх мөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгосон баримт байтал мөнгө шилжүүлснээс сарын дараа үйлдсэн хуурамч баримт болох нь баримт бичгийн цаг тооллын эрэмбээр хангалттай тогтоогдож байна. 
    3.2. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байгаа болон захиалагчаас гүйцэтгэгчид олгосон урьдчилгаа 187.500.000 төгрөг нь зөвхөн тоног төхөөрөмж авах зориулалттай биш, ноос угаах үйлдвэр байгуулах төслийн гүйцэтгэлийг санхүүжүүлэхэд зориулагдаж батлагдсан хөрөнгө болох нь ноос, ноолуурын үйлдвэр байгуулах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /хх-н 8-11-р хуудас/-ний 2, 3-р заалт, ААЗД-н 2018.09.05-ны өдрийн ТУ ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай А/443 дугаарын захирамж /хх-н 12-р хуудас/-ийн 1-р заалт, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018.09.05-ны өдрийн 330 тоот /хх-н 14-р хуудас/, ААЗД-н 2018.10.16-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/530 дугаарын захирамж /хх-н 13-р хуудас/-аар хангалттай нотлогдож байх тул хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй болно. 
    3.3. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэх заалтын дагуу гүйцэтгэгч үүрэг зөрчсөнөөс захиалагч гэрээнээс татгалзсан гэсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгосноос Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр хавтаст хэргийн 61-76-р хуудас, хавтаст хэргийн 26-46-р хуудас, хавтаст хэргийн 8-11-р хуудас, хавтаст хэргийн 82-96-р хуудас дахь бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдох тухайн гэрээний бодит үр дүн болох 729.819.344 төгрөгийн бодит барилга, инженерийн байгууламж угсралтын ажлыг гүйцэтгэж 843.824.016 төгрөгийг захиалагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан гүйцэтгэгчийг хохироогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. 
    3.4. Харин тухайн гэрээт ажилд төсөвлөгдсөн бүх хөрөнгөө өөр зүйлд зарцуулчхаад жирийн татвар төлөгч, баялаг бүтээгч, бизнесийн байгууллагын бүтээсэн, гүйцэтгэсэн ажлынх нь 542.300.000 төгрөгийн санхүүжилтийг бүтэн 2 жил гаруй хугацаанд өгөхгүй жинхэнээсээ гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гүйцэтгэгчийг хохироож байгаа захиалагчийн гэрээний үүрэг болон хуулиар хүлээх үүргийнхээ хүрээнд гүйцэтгэгчид төлсөн 187.500.000 төгрөгийн гэрээний үнийн урьдчилгаа төлбөрөөр захиалагч хохирсон байна гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ширхэг ч хууль ёсны нотлох баримт байхгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг яаж үндэслэлтэй шийдвэр гэж үзэх вэ.
    Дөрөв. Бусад:
    4.1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.” гэх заалтыг ноцтой зөрчин зөвхөн хариуцагч аймгийн Засаг даргын талыг илэрхий баримтлан ямар ч үндэслэл, хууль ёсны нотлох баримтгүйгээр гүйцэтгэгчийг гэрээний үүргийг ноцтой зөрчсөн болгон үндэслэлгүй шийдвэр гаргаж, орон нутагтаа бодит бүтээн байгуулалтын ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгээд бүтэн 2 жил гаруй хугацаанд санхүүжилтээ авч чадахгүй, эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй хохирч яваа жирийн татвар төлөгч, баялаг бүтээгч компанийг цаг хугацааны хувьд улам хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасанд харамсалтай байна. 
    4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэх заалтыг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь баримтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нотлох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх,  хэргийг шударгаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын шаардлагыг бүрэн хангах 100 гаруй хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу бүрдүүлж, анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтыг огт үнэлээгүй атлаа хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй нотариатаар батлагдаагүй, хуурамч баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтаар үнэлсэн ноцтой зөрчил гаргасан байна. 
    Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.” гэх заалтын дагуу аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2020.05.25-ны өдрийн 01/23 тоот /хх-н 17-р хуудас/-оор магадлалаар батлагдсан зургийн дагуу боловсруулж, магадлалаар батлагдсан төсвөөр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нийт төсөвт өртөг 2.279.843.844 төгрөг болсныг мэдэгдсэн. 
    ААЗД 2020.06.30-ны өдрийн 01/785 тоот /хх-н 160-р хуудас/-оор магадлалаар батлагдсан зургийн дагуу боловсруулж, магадлалаар батлагдсан төсвөөр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нийт төсөвт өртөг 2.279.843.844 төгрөг болсон нь бидний төлөвлөснөөс хол зөрүү байгаа тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй... тул гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. 
    Нэгэнт захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргасан тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т “Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.” гэх, 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэх заалтын дагуу захиалагч тал гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй болж байгаа юм. 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх.” 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.”, 352 дугаар зүйлийн 352.5.1-д “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.”  гэж тус тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах асуудлыг маш тодорхой хуульчилсныг анхан шатны шүүх нухацтай судалж, шийдвэртээ зайлшгүй үндэслэх ёстой Иргэний хуулийн дээрх чухал заалтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй алдсан байна. 
    Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаарын шийдвэрт өөрчлөлт оруулж, 843.824.016 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 187.500.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. 
        ҮНДЭСЛЭХ нь:  
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч ТУ ХХК нь хариуцагч ААЗДд холбогдуулан нийт гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын санхүүжилтийн үлдэгдэл 542.319.344 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 23, 24 дэх заалтын дагуу алданги 271.159.672 төгрөг, барилгын ажлын зураг болон төсвийн үнэ 21.200.000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575.000 төгрөг, барилгын газрын инженер геологийн дүгнэлтийн ажлын хөлс 2.270.000 төгрөг, сахиулын цалингийн зардал 6.300.000 төгрөг, нийт 843.824.016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч ААЗД ТУ ХХК нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу эх загвар зураг /эскиз/-аа хугацаандаа хийж гүйцэтгээгүй удаашруулж, барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг 2020 онд гүйцэтгэсэн. Ингэхдээ анх гэрээ байгуулсан мөнгөн дүнгээсээ хэд дахин өсгөж магадлалын төсвийг 2.000.000.000 төгрөг болгосон. Иймд ТУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,  ТУ ХХК-аас тоног төхөөрөмж авахад зориулж олгосон урьдчилгаа 187.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  
Нэхэмжлэгч ТУ ХХК “Нэхэмжилсэн 187.500.000 төгрөгийг манай компани нь үйлдвэр байгуулах гэрээний хүрээнд авч, гэрээний зориулалтын дагуу ажилдаа зарцуулсан. Гүйцэтгэлийн тайлангаар манай барилга угсралтын ажлын гүйцэтгэл 729.800.000 төгрөгөөс урьдчилж авсан санхүүжилтээр 187.500.000 төгрөгийг хасаж, ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үлдэгдлийг 524.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ААЗДд холбогдох нийт 843.824.016 төгрөг гаргуулах тухай ТУ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ТУ ХХК-аас 187.500.000 төгрөгийг гаргуулж хариуцагч ААЗДд олгож шийдвэрлэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний нөхцөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн зэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд зөв дүгнэлт хийн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч ТУ ХХК-ны давж заалдах гомдол гаргасан. 
Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар 2018 оны 01 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэбулган сумын ноос угаах үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж /зураг төсвийн хамт/ нийлүүлж гүйцэтгэх тендер зарласан байна. /2-р хх-ийн 2/ 
Захиалагч ААЗД, гүйцэтгэгч  ТУ ХХК-ны хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах ажлын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний үнэ 789.456.789 төгрөг байхаар, үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ. /1-р хх-ийн 8-9/
Гэрээнд гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээхээр, тус ажлын санхүүжилтийг Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалын дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн олгохоор заасан байна.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа ТУ ХХК-ний хүсэлтээр ноос угаахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад улсаас захиалж авчрахад шаардагдах урьдчилгаа олгохыг хүссэний дагуу захиалагч тал гүйцэтгэгч талд 187.500.000 төгрөгийг олгожээ.  /1-р хх-ийн 180, 2-р хх-ийн20/
Гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, барилгын ажлын зураг төсөвгүй гүйцэтгэсэн, барилга угсралтын ажил нь холбогдох хууль, норм дүрмийн шаардлагыг хангахгүй байснаас   Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03-07-022/26 дугаарын Барилгын угсралтын ажлыг түр зүгсоох тухай актаар  барилгын ажлыг зөрчил арилгах хүртэл хугацаагаар түр зогсоосон байна. /1-р хх-ийн 165/
Мөн ААЗД-н 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/605 дугаарын захирамжаар Ноос, ноолуур угаах үйлдвэрийн барилга угсралтын ажлын явцыг шалгаж эрчимжүүлэх, дараагийн арга хэмжээ авах санал боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. /1-р хх-ийн 161-162/
Энэ ажлын хэсэг болон ТУ ХХК-ийн захирал Р.Т оролцон 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрийн барилгын ажлын хэрэгжилтийн талаар хуралдсан байна. /1-р хх-ийн 167-178/
Хурлын тэмдэглэлээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тендер зарласан, гүйцэтгэгч тал тендерт оролцохдоо өөр зургаар, өөр компаниар орсон, ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, тендер зарлахад өгсөн ажлын даалгавраас зөрүүтэй,   батлагдаагүй зургаар барилгын ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, аймгийн Г.Х.Б.Х.Б.Г-аас зураг төслийг ажлын даалгаврын дагуу батлуулан ажлаа эхлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч талд удаа дараа хүргүүлж байсан, гүйцэтгэгч тал үйлдвэрийн гэх гэрээний бичиг баримтыг үндэслэн захиалагчаас урьдчилгаа 187.500.000 төгрөгийг гаргуулж авсан боловч тоног төхөөрөмжийг оруулж ирээгүй, тухайн мөнгийг барилгын ажилд зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогдож, ажлын хэсэг Барилгын тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.16, 40.2, гэрээний ерөнхий нөхцөлийн 16.1, 17.1 заалтуудыг зөрчиж байгаа тул гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлийн 56.2д, 56.2е заалтуудыг үндэслэн гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах, хөндлөнгийн шинжээчээр, гүйцэтгэгч компаний барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэсэн ажлуудын төсөвт өртөгийг гаргуулах, дахин тендер шалгаруулалт зарлан гүйцэтгэгч тодруулж, тус ажлыг гүйцээн хийлгэх саналыг аймгийн Засаг даргад уламжлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. /1-р хх-ийн 163-164/
Захиалагч ААЗД 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/785 дугаарын албан бичгээр гүйцэтгэгч ТУ ХХК-д “...барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхэлсэн, магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдээгүй, барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулаагүй, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илрээд байгаа ба одоо баригдсан барилга байгууламж нь барилгын норм ба дүрмийн шаардлага хангаагүй, цаашид үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжгүй байна...Мөн одоогийн магадлалаар орж баталгаажсан гэх зураг, төсөв нь бидний төлөвлөснөөс хол зөрүү байгаагаас гадна тус зураг төсвөөр тухайн барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй тул захиалагч, гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд цаашид гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2”е” заалтуудыг үндэслэн танай компанитай байгуулсан гэрээг цуцлах, хөндлөнгийн шинжээчээр гүйцэтгэгч компанийн барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэсэн ажлуудын төсөвт өртгийг гаргуулах...” гэсэн  мэдэгдэл хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 160/
Монгол улсын Сангийн Яамны 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-т ...зөрчил гологдол гэж зураг төсөл, техникийн тодорхойлолтыг зөрчсөн, чанарын гологдол гаргасан буюу ажлын гэрээнд заасны дагуу хийгдээгүй ажлыг хэлнэ..., ...зураг гэж батлагдсан зураг төсөл болон түүнтэй холбоотойгоор төслийн менежерийн гаргасан, баталсан тооцоо, бусад мэдээллийг хэлнэ..., ...Талуудын гэрээний ерөнхий нөхцөлд холбогдох харилцаа нь зөвхөн бичгээр харилцсан тохиолдолд хүчинтэй байна. Бичгээр гаргасан мэдэгдэл нь нөгөө тал нь хүлээн авснаар хүчинтэй болно..., ...Гүйцэтгэгч ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэнэ..., Гүйцэтгэгч ажлыг товлосон өдөр эхлүүлж, өөрийн гаргасан ажлын хөтөлбөр болон төслийн менежерийн баталсан тодотгосон ажлын хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэн, ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр дуусгана..., ...Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааны ерөнхий аргачлал, зохион байгуулалт, дэс дараалал, ажил гүйцэтгэх хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын хөтөлбөрийг боловсруулж, гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд төслийн менежерт хүргүүлж батлуулна..., ...Төслийн менежерийн шаардсаны дагуу гүйцэтгэгч үе шатны ажлын тодотгосон хуваарийг 14 хоногийн дотор бэлтгэж ирүүлнэ..., ...Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийг зөвхөн гэрээг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, байгууламж, материал болон ажил эхлүүлэхтэй холбогдсон зардалд зарцуулна. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийн энэ зорилгод ашигласныг нотлохын тулд нэхэмжлэх болон бусад баримтын хувийг төслийн менежерт ирүүлнэ..., ...Захиалагч, эсхүл гүйцэтгэгч нөгөө тал нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлах эрхтэй..., ...Дор дурдсан нөхцөлүүдийг гэрээний ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй: е.Гүйцэтгэгч захиалагчийн шаардсан баталгааг хангаагүй..., ...Захиалагч шаардлагатай тохиолдолд дээр дурдсаныг үл харгалзан гэрээг цуцлах эрхтэй... гэж тус тус заажээ. /2-р хх-ийн 3-19/
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах чиг үүрэгтэй боловч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ноос угаах үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж /зураг төсвийн хамт/  нийлүүлж гүйцэтгэх /захиалагч талын тайлбараар түлхүүр гардуулах нөхцөлтэй/ тендерийн шалгаруулалтанд ТУ ХХК оролцож, улмаар захиалагч талтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгааг барилгын зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэгч тал хийхээр гэрээгээр талууд тохиролцсон гэж үзнэ.
Гүйцэтгэгч ТУ ХХК-ийг барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхэлсэн, магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдээгүй, барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулаагүй, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, баригдсан барилга байгууламж нь барилгын норм ба дүрмийн шаардлага хангаагүй, цаашид үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжгүй,  магадлалаар орж баталгаажсан гэх зураг, төсөв нь захиалагчийн төлөвлөснөөс хэтэрсэн, тус зураг төсвөөр тухайн барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй  зөрчил гаргаж, хууль болон гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр захиалагч тал гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасантай нийцсэн байна.
Мөн Хятад улсаас тоног төхөөрөмж оруулж ирэх зориулалтаар олгосон урьдчилгаа 187.500.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, тоног төхөөрөмж оруулж ирээгүй гэсэн үндэслэлээр буцаан нэхэмжилж байгааг захиалагчийг тухайн гэрээнээс татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй юм. 
Учир нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр санхүүжилтийг  холбогдох бичиг баримтыг үндэслэн олгохоор тохиролцсон, мөн гэрээгээр гүйцэтгэгч тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч ноос, ноолуур угаах тоног төхөөрөмжийг Хятад улсаас захиалж оруулж ирэхэд 2 сарын хугацаа шаардлагатай гэж тоног төхөөрөмж захиалах урьдчилгаа олгохыг хүссэн гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагч тоног төхөөрөмжийн үнэ 187.500.000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон боловч тухайн мөнгөөр үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийг захиалаагүй, барилгын ажилд зарцуулж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн байна. 
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
 Гэтэл нэхэмжлэгч ТУ ХХК ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байхад ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн үлдэгдэл, алданги, барилгын ажлын зураг, төсвийн үнэ, зураг төсвийн магадлалын ажлын хөлс, барилгын газрын инженер геологийн дүгнэлтийн ажлын хөлс, сахиулын цалингийн зардалд нийт 843.824.016 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч ТУ ХХК-ний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв. 
Давж заалдах гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.472.520 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              


                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.Д

                            ШҮҮГЧИД                        Д.Б

                                                                        В.Ц