Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2018/ЦШТ/38

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 1827000030034 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ...... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Ц-ын Б

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг хүнс барааны захын ар талд байх цайны газруудын хажууд П.Э-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би П.Э гэх хүнтэй зодоон хийсэн. Тухайн үед миний уур их хүрсэн байсан учраас би П.Эыг гараараа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.

            Хохирогч 1979 онд төрсөн П-ийн Э мөрдөн байцаалтанд 2018-04-17-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчим аймгийн төв явах унаанд юм тавьчихаад буцаад зах руу орох гээд явж байтал захын ард талд гуанзнуудын дунд Б-тэй тааралдсан. Тэгээд Б намайг муу цагдаагийн бууны нохой би чамайг ална гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би Б-өөс салаад цаашаа хэрчсэн гурил хийдэг газар луу ороод гарч иртэл дахиад Б араас хэрүүл өдөөд явж байгаад намайг заамдаад авсан. Тэгээд миний толгой руу нилээн олон удаа гараараа цохиод байсан. Тэгээд дараа нь чулуу бариад дайрахад нь би чулууг нь тавиулж дээрээс дараад хэвтсэн. Тэгээд цагдаагийн 102 руу дуудлага өгсөн. Тэгээд захаар явж байгаа хүмүүс үл таних хүмүүс наад залууг тавьчих гэхээр нь би тавьсан чинь босоод зугтаад явчихсан. Тэгээд цагдаа Батдорж, Батхишиг хоёр ирээд захын ойролцоо хайгаад байхгүй байсан. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь Насанбат эмчид очиж үзүүлээд бичиг хийлгэж авсан. Өөрийнхээ эхнэр Б-тэй хардаад урд өмнө намайг ална гэж согтуу манай гэрт ирж манай гэрийн хаалгыг эвдэж байсан. Би тухайн үед цагдаад дуудлага өгч арга хэмжээ авч байсан. Б миний байдаг байсан хашааны хүнсний дэлгүүрт суудаг байсан. Толгойны дух хэсэгт, шанаа орчим гараараа яг хэдэн удаа цохьсныг мэдэхгүй, маш олон удаа цохьсон. Миний дух болон шанаа хавдсан. Ам ангайхад өвдөж байсан. Мөн толгой маш их өвдөж байсан. Гомдолтой байна. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн зардал нааш цаашаа явсан зардал, энд ирээд буудалд хоносон зардал, мөн малгайтай ноосон цамц урсан, гутал ханзарсан, ногоон эрээн ажлын хувцас урсан зэрэг 500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг  /хх 19-20 дугаар хуудас/,

             Гэрч 1987 онд төрсөн Н.Н мөрдөн байцаалтанд 2018-03-09-нд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн үед П.Э-ыг үзэхэд биеийн байдал дунд зэрэг өөрөө явж, хэвийн орчиндоо харьцаатай ярьж байсан. Толгой их өвдөнө, дух эрүү өвдөнө гэсэн зовиуртай байсан. Биеийн үзэхэд духанд 3*5см, 2*3см хэмжээтэй зөөлөн эдийн хавдар үүссэн, тэмтрэх үед бамбалзсан эмзэглэлтэй. Арьс ягаан хүрэнжсэн үүсгэвэртэй байсан. Мөн зүүн шанаа эмзэглэлтэй байсан. Дахин давтаж үзүүлээгүй. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүнс барааны зах дээр зүгээр явж байгаад хүнд зодуулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч 1976 онд төрсөн Д.Б мөрдөн байцаалтанд 2018-04-17-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13-14 цагийн орчим би захын хойд талын гуанзанд цайнд орох гэж явж байтал Э, Б хоёр хоорондоо муудалцсан бололтой заамдалцсан байдалтай зогсож байсан. Тэгээд намайг хажуугаар нь гарахад Б, Эын толгой руу гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд тухайн үед хажуугаар нь гарахад та хоёр болиочээ таньдаг хүмүүс байж яагаад хоорондоо муудалцаж зодолдоод байгаа юм бэ? гэж хэлж байсан. Тэгээд намайг гуанз руу ороход хоорондоо ноцолдоод үлдсэн. Би тухайн үед нэгнийгээ таньдаг хүмүүс арай нэгнээ алчихгүй байлгүй гэж бодож байсан. Тэгээд хоолонд орчихоод гараад ирсэн чинь явчихсан байсан. Ямар ч байсан намайг харж байхад Эыг Б нэг удаа гараараа толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэгээд хоорондоо ноцолдож байгаа харагдаж өөр зүйл хараагүй. Б архи уучихсан юм шиг царайтай байсан. Э архи уугаагүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28 дугаар хуудас/,

Гэрч 1975 онд төрсөн Л.Б мөрдөн байцаалтанд 2018-04-24-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хархорин сумын хүнс барааны зах дээр шүүх шинжилгээний албанд ажилладаг байсан П.Э бусдад зодуулсан мэдээллийн дагуу цагдаагийн ахлагч Б.Батхишигийн хамт Хархорин сумын хүнс барааны захын ар талд очсон. Тэгээд очиход П.Э ганцаараа зогсож байсан. Юу болсон талаар асуухад Ц.Б гэх хүнд зодуулсан. Тухайн хүн сая зугтчихлаа гээд зогсож байсан. Тэгээд тухайн хүнийг ойр орчмоор хайсан боловч олдоогүй. Биед ил харагдах ямар нэгэн шархи сорви байгаагүй. Тухайн үед П.Э өөрөө хувцас хунар ураад хаячихлаа гээд байсан. Харахад ямар нэгэн хувцас хунар нь урагдаж барьсан зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 29 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзулын  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1929 дугаартай актанд: “1. П.Эын биед тархи доргилт, дух зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 33 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Э /хх 19-20/, гэрч Н.Н /хх 22-23/, Д.Б /хх 27-28/, Л.Б /хх 29/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1929 тоот дүгнэлт /хх 33/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно .  

Иймд шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овгийн Ц-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д овгийн Ц-ийн Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН