Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/696

 

 

 

 

  

 

   2024           06            19                                          2024/ДШМ/696                                                                                            

   Д.Цд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Б, Д.О,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Х.Б, Д.О нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Цд холбогдох эрүүгийн 2302007380468 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Д.Ц, 1976 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн сургалтын менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................................../;

            Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ц нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй...” гэж заасныг тус тус зөрчиж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн 5 дугаар ангийн нийт 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс буюу эцэг, эхийн зөвлөлийн мөнгөнөөс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарын гудамжинд байрлах Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн хичээлийн байранд байтал 2023 оны 05 дугаар сард нийт 1.750.000 төгрөг, мөн 2023 оны 06 дугаар сард тус сургуулийн бага ангийн багш М.С, О.У, Ж.З, Ц.Д, Л.Н нараас тус бүрээс нь 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр авч үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Цг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөний тусгай сейфэнд хадгалагдаж байгаа гэх 2.000.000 төгрөгөөс 1.750.000 төгрөгийг хохирогч Э.Бд, 50.000 төгрөгийг М.Ст, 50.000 төгрөгийг О.Ут, 50.000 төгрөгийг Ж.Зт, 50.000 төгрөгийг Ц.Дт, 50.000 төгрөгийг Л.Нт тус тус олгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”-д заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох замаар үйлдэгддэгээрээ бусад гэмт хэргээс онцлог ялгаатай байдаг. Д.Ц нь Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн бага ангийн сургалтын менежерийн хувьд хичээлийн шинэ байранд орсонтой холбоотойгоор 2022-2023 оны хичээлийн жилийн 5 дугаар ангийн 10 бүлгийн багш нартай зөвшилцөж, сургуулийн тохижилт /сургалтын менежерийн өрөөнд буйдан авах/-д зориулж 2,000,000 төгрөг хурааж, хүүхдүүдийн зуны амралт эхэлж багш ажилчид амарсан учраас хичээлийн шинэ жил эхлэхээр мөнгийг зориулалтын дагуу зарцуулахаар хадгалж байсан. Мөнгийг хувьдаа авах зорилгоор бус албан өрөөндөө эд зүйл авах зорилготой байсан. Д.Ц нь тухайн 5 дугаар ангийн багш нарыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлдэггүй зэргээс харахад түүний үйлдлийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үйлдэлд албан тушаалын эрх нөлөөгөө ашигласан, багш нар Д.Цгийн албан тушаалын байдалтай нь холбогдуулж ямар нэгэн шахалт дарамтанд орж мөнгө өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгээс багш нар нь хүүхдүүдийн төгсөлтийн арга хэмжээнд зарцуулаад илүү гарсан мөнгөнөөс сайн дурын үндсэн дээр хоорондоо зөвшилцөж тухайн мөнгийг хураалгасан нөхцөл байдал тогтоогддог. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг ‘Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, 4 дэх хэсэг “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг зөрчсөн. Шүүх Д.Цг албан тушаалын байдлаа ашиглаж сурагчдын эцэг эхийн зөвлөлд 1,750,000 төгрөг, багш М.С, О.У, Ж.З, Ц.Д, Л.Н нарт тус бүрт 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Д.Ц нь сурагчдын эцэг эхтэй, тэдний төлөөлөлтэй ямар нэгэн харилцаа холбоо тогтоогоогүй, тэднээс мөнгө хурааж авах талаар санал хүсэлт гаргаагүй, бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй зөвшилцөж хүүхдүүдийн төгсөлтийн арга хэмжээнд зориулж мөнгө хураасан, хураасан байсан мөнгөнөөс багш нар өөрсдөө зөвшилцөж сургалтын менежер Д.Цд өгсөн болох хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрч хохирогчийн мэдүүлгээр тогдоогддог. Өөрөөр хэлбэл Д.Цгийн үйлдэл, эцэг эхийн зөвлөлд учруулсан гэх хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 5 багш мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 50,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр хураалгасан болохоо мэдүүлдэг бөгөөд шахаж шаардсан, албан тушаалын байдлаа ашиглаж дарамталсан зүйл байхгүй гэж мэдүүлснээс үзэхэд Д.Ц тэдэнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэх багш нар тус бүр 50,000 төгрөг хураалгах эсэх нь тухайн хүмүүсийн өөрсдийн хүсэл зоригоос шууд хамааралтай, тэднийг мөнгө өгөх зайлшгүй нөхцөл байдалд Д.Ц оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 5 дугаар ангийн 10 бүлгийн багш нарын сурагчдаас мөнгө хураасан, хураасан мөнгөний зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулаад байгаа үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эрүүгийн хэрэгт Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 5 дугаар ангийн нийт 10 бүлгийн сурагчдын эцэг эхийн зөвлөлийг хохирогчоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Б гэх хүнийг тус тус тогтоож, анхан шатны шүүх хохирол гэх 1,750,000 төгрөгийг Э.Бд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 9.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох журмыг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон, хохирогчоор тогтоосон сурагчдын эцэг эхийн зөвлөл нь хувь хүн, хуулийн этгээд аль нь болох, Э.Б нь нийт сурагчдын эцэг эхийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, ямар үндэслэлээр түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор сурагчдын эцэг эхийн зөвлөл гэж тогтоосон атал шүүх хохирол 1,750,000 төгрөгийг хохирогч Э.Бд олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Цг цагаатгаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн байцаалтын шатнаас Д.Цгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Прокурор хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр өнгөц байдлаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн энэ талаар ойлгоосой гэж хүсэж байна. Тухайн үед сургуулийн захирлын орон тоо суларч, 2 менежер нэр дэвшиж, өрсөлдөх гэж байсан. Нэг менежер нь захирлын албан тушаалд очихын тулд нөгөө менежертээ холбогдуулж Авлигатай тэмцэх газар гомдол гаргаж, шалгуулсан. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж байсан. Д.Ц нь сургалтын менежер бөгөөд мөнгө хураахад оролцож, хүүхдүүдтэй харилцсан зүйл байхгүй. Мөнгөний эх үүсвэрийг багш нар гаргасан ба мөнгийг багш нар хүүхдүүдээс авсан. Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулиудын дагуу багш нар хүүхдүүдээс мөнгө авах хориотой, журмаа зөрчиж байна. Хохирогчийн мэдүүлгүүдэд “тус мөнгө нь цэвэрлэгээний мөнгө гээд цугларсан мөнгийг өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл нэг ангид хэдэн хүүхэд мөнгө өгсөн, тэр мөнгө юунд зарцуулагдсан зэрэг нь тодорхойгүй. Сүүлд өгсөн баримтад хавсаргагдсан мөнгөний баримт нь багшид өгсөн мөнгөний баримт юм. Түүнээс үлдсэн мөнгөнөөс 50.000 төгрөгийг “сургалтын менежертээ юм авч өгье” гээд өгсөн. Үүнийг нийтийн албан тушаалтан өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан шинж байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэг талын үйлчлэлтэй буюу багш нараас чиглэсэн үйлчлэл явагдаж байна. Түүнээс биш сургалтын менежер мөнгө өг гэсэн чиглэл, үйлчлэл яваагүй. Гэтэл үүнийг албан тушаал, эрх мэдлийн нөлөөг ашигласан гэж үзэж байна. Д.Ц нь сургуулийн захирал биш. Өөрөөр хэлбэл, тэрээр багш нарт ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулах, цалин хасах, ажлаас чөлөөлөх, халах эрхгүй. Хэрэв багш нар мөнгө өгөөгүй бол Д.Цд тэднийг мөнгө өгөөгүйн төлөө ямар нэгэн арга хэмжээ авч, хортой нөлөө үзүүлэх эрх зүйн боломж байхгүй байсан. Иймээс багш нар мөнгө өгөхгүй байж болох байсан. Багш нарын мөнгөний зарцуулалтыг шалгаж, тогтоох шаардлагатай. Найрамдал зусланд хүүхдүүдийг авч явсан байсан. Энэ нь хууль ёсны зүйл үү гэдгийг шалгах ёстой. Д.Ц гэдэг менежерийг буруутгахаас гадна багш нарын оролцоог шалгаж тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх 1.750.000 төгрөгийн хохирлыг ганцхан н.Болормаа гэх хүнд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тус хохирол нь хэрхэн задарч байгаа нь ойлгомжгүй байна. Хэн, хэдэн төгрөг, хэрхэн авах нь мэдэгдэхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинэ сургууль учраас намайг сургуулийн В байрыг хариуц гэж захирлын тушаал гарсан. Тус тушаалын дагуу шинэ байр тохижуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны чиг үүрэгтэй холбогдсон зүйл байхгүй, хувийн байдлаар харилцаж, багш нараас мөнгө авсан” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар сургалтын менежер нь заах арга зүйн нэгдлийн ахлагч болон багш, холбогдох ажилтнуудыг зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй байсан.  Үүнтэй холбогдуулж өөрийн удирдлагад байсан 5 дугаар ангийн 10 багш нарыг дуудаж “өөрийн өрөөнд тохижилт, үйлчилгээ хийнэ, буйдан авна” гэж мөнгө авсан талаар тухайн 10 багш гэрчийн мэдүүлэг тогтвортой. Иймээс Д.Ц нь өөрийн эрхэлж буй бага ангийн менежер гэх албан тушаалтай холбогдуулж, багш нарт шаардлага тавьж мөнгө хурааж авсан нь албаны чиг үүргээ хууль бусаар ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “багш нар мөнгө өгөхгүй байх боломжтой” гэж тайлбарлаж байна. Гэтэл менежер гэх албан тушаалтан чиг үүрэг өгсөн байдаг. Адил статус бүхий багш хүн багш хүнээс мөнгө өгөхийг шаардаагүй, менежер гэх албан тушаалтан багш нарт хууль бус үүрэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим багш нар “өгөхгүй” гэж хэлж байсан талаараа мэдүүлсэн байдаг. Иймд Д.Цг албаны чиг үүргээ урвуулан ашигласан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой асуудалд 5 багшийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “эцэг, эхийн зөвлөлийг хүн, хуулийн этгээд биш, хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй, хохирогчоор 500 хүн тогтоогдох ёстой” гэж тайлбарлаж байна. Тус сургуулийн 5 дугаар ангийн нийт 500 гаруй хүүхэд төгссөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилтыг заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт холбогдуулж 500 хүнийг хохирогчоор тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулж 10 ангийн эцэг, эхээс төлөөлөл болгож 10 эцэг, эх гаргаж, тэдгээр хүмүүс хоорондоо зөвлөлдөж “биднийг төлөөлүүлж н.Болормааг оролцуулъя” гэх хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. Энэ нь 2хх 110-111 дүрээг хуудсанд авагдсан. Үүнтэй холбогдуулж н.Болормааг хохирогчоор тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй байна. “Энэхүү мөнгийг хэн гэдэг хүнд, хэрхэн олгох вэ, зөвхөн н.Б-д олгож байна” гэж ярьж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар энэхүү мөнгийг буцаан олгосноор эцэг, эхийн зөвлөл нь 2024 онд зохион байгуулагдах 3-4 үйл ажиллагаанд ашиглана. Тиймээс энэ хэн нэгэн эцэг, эх, хэн нэгэн сурагчид буцаан олгох асуудал яригдахгүй гэж тайлбраласан байдаг. 500 гаруй эцэг, эхийг хохирогчоор тогтоож, ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд эцэг, эхийн зөвлөлөөс төлөөлөл болгон хохирогчоор тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн бусад багш нар болон захиралтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж тайлбарлаж байна. Энэ хэргийн хүрээнд прокурорын зүгээс зөвхөн Д.Цгийн холбогдох үйлдлийг гэм буруутайд тооцож, түүнийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад багш болон захиралтай холбоотой хууль бус үйлдлүүд байна гэж үзвэл гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргаж, шалгуулах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн хоорондоо харилцан хамаарал бүхий нотлох баримтуудад үндэслэсэн, хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх замаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Д.Цд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, шудрага ёсны болон эрүүгийн хариуцлагын зарчимд нийцсэн байна. Иймд шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй...” гэж заасныг тус тус зөрчиж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн 5 дугаар ангийн нийт 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс буюу эцэг, эхийн зөвлөлийн мөнгөнөөс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарын гудамжинд байрлах Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн хичээлийн байранд 2023 оны 05 дугаар сард нийт 1.750.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сард тус сургуулийн бага ангийн багш М.С, О.У, Ж.З, Ц.Д, Л.Н нараас тус бүр 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр авч үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Уийн “...баримтад сурагчдаас 150.000 төгрөг, багш нараас 50.000 төгрөг хурааж авсан талаар тэмдэглэсэн байна. Дээрх мөнгийг миний мэдэхээр 2023 оны 05-06 дугаар сард манай багш нар цуглуулаад байсан мөнгө байна. Би дээрх мөнгийг ямар учраас цуглуулж байгаа талаар асуухад сургалтын менежер Д.Цгийн өрөөнд буйдан авахаар хурааж байгаа мөнгө гэж 5 дугаар ангийн багш нар хэлсэн. Энэхүү мөнгө эхэндээ нэг ангиас 150.000 төгрөг хураахаар болсон байсан. Улмаар 06 дугаар сард хичээл амрах гэж байхад дээрх мөнгийг “багадаад байна” хэмээн багш нар ярьж байгаад дахин багш нараас 50.000 төгрөг хураахаар болсон. Ингээд багш нар дээрх мөнгийг нийлүүлээд 2.000.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цд өгсөн байх. ...” /1хх 30-31/,

“...сургалтын менежер Д.Цгийн хурааж авсан 150.000 төгрөгийг би Цэрэнгийн ээжид “сургуулийн тохижилтод зориулж 5 дугаар ангиас 150.000 төгрөг авч байгаа юм байна” гэж хэлж танилцуулаад бэлнээр 150.000 төгрөг авч менежер Д.Цд өгсөн. Үүний дараа 50.000 төгрөгийг би өөрийнхөө хувийн мөнгөнөөс Д.Ц менежерт өгсөн. ...” /1хх 158/,

“...сургалтын менежер Д.Ц өөрийн албан өрөөндөө буйдан авах зорилгоор анги тус бүрээс эцэг эхчүүдийн хураалгасан мөнгөнөөс 150.000 төгрөг хураан авсан. ...дээрх мөнгийг бага байна гээд анги тус бүрээс 50.000 төгрөг нэмж хураалгахаар шийдвэрлэсэн юм. Би дээрх 50.000 төгрөгийг өөрийн хувийн мөнгөнөөс сургалтын менежер Д.Цд хураалгаж өгсөн юм. Би сургалтын менежер Д.Цд өөрийн хураалгасан 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 91/,

хохирогч Ж.Зын “... сургалтын менежерийн өрөөнд шинэ буйдан авахаар болж нэг ангиас 150.000 төгрөг хуримтлуулж, цуглуулахаар болсон. ... би өөрийн хариуцсан ангийн цэвэрлэгээний мөнгөнөөс 150.000 төгрөгийг сургалтын менежер Д.Ц багшид өгсөн. ...дараахан би тэтгэвэрт гарчихсан учраас цааш юу болсон эсэхийг мэдэхгүй байна...” /1хх 9-10/,

“...нийт 1.500.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цгийн өрөөнд 2023 оны 06 дугаар сард бүх 5 дугаар ангийн багш нарын хамт оруулж хүлээлгэн өгсөн. Тухайн үед сургалтын менежер Д.Ц миний хүлээлгэн өгсөн 1.500.000 төгрөгийг гаргаж ирээд тоолж эхэлсэн бөгөөд тооны машин дээр 300 гэж бичээд надад хандаж “ийм л хүүхдийн мөнгө өгч байгаа юм уу" гэж хэлэхээр нь би санаа зовоод өрөөнөөс нь дээрх мөнгийг үлдээгээд гараад явчихсан. Үүний дараа багш нар бүгд цуглаж би “ээ бурхан минь, хүний өгсөн мөнгийг голдог юм байна, хэдүүлээ мөнгө нэмж өгөхгүй бол болохгүй юм байна” гэж хэлээд бүгдээрээ ярилцаж байгаад багш нар 50.000 төгрөг нэмж хураалган менежер Д.Цд хүлээлгэн өгөхөөр болсон. Би дээрх 50.000 төгрөгийг өөрийнхөө хувийн мөнгөнөөс хураалгасан бөгөөд яг 500.000 төгрөгийг хүлээлгэн өгөх үед би байгаагүй.” /1хх 165-166/,

хохирогч Э.Бгийн “... 2022-2023 оны хичээлийн жилийн 5 дугаар ангийн нийт 10 бүлгийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийг төлөөлж мэдүүлэг өгөхөөр ирсэн. ...эцэг, эхчүүдийн шийдвэрийн дагуу нэг хүүхдээс 45.000 төгрөг цуглуулахаар болсон бөгөөд дээрх мөнгөнөөс төгсөлтийн “Таван хавар” тайлант өдөрлөгийн арга хэмжээнд 20.000 төгрөгийг, монтажинд 25.000 төгрөгийг зарцуулах зорилготой байсан юм. ...хураалгасан мөнгөнөөс тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ц гэх хүн өөрийн албан өрөөндөө буйдан авч өрөөгөө тохижуулахаар анги хариуцсан багш нарыг шаардаж 5 дугаар анги тус бүрээс 200.000 төгрөг буюу нийт 10 бүлгийн 2.000.000 төгрөгийг хураан авсан байсныг нэхэмжлэхээр болсон. Уг хурлын шийдвэрээр нийт эцэг эхийн зөвлөлийг миний бие төлөөлөхөөр сонгогдсон юм. Миний болон нийт эцэг эхийн зөвлөлийн зүгээс 44 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежерийн өрөөнд буйдан авч өрөөгөө тохижуулаарай гэж дээрх 45.000 төгрөгийг хураалгаж цуглуулаагүй. Улсын сургуулийн сургалтын менежерийн өрөөг улсаас тохижуулж өгч байхад хүүхдүүдийн мөнгөнөөс өрөөгөө тохижуулах нь маш буруу гэж үзэж байна. Харин дээрх мөнгийг 100 хувь хүүхдүүдэд зарцуулах ёстой. 2.000.000 төгрөгийг 2022- 2023 оны хичлээлийн жилийн 5 дугаар ангийн 10 бүлгийн нийт эцэг эхийн зөвлөлийг төлөөлж нэхэмжилж байна. Сургалтын менежер Д.Ц нь мэдээж өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс дээрх мөнгийг авсан гэж үзэж байна. ...” /1хх 80-81/,

 “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ сургалтын менежер Д.Цд өгсөн нийт 2.000.000 төгрөгийг эцэг, эхийн мөнгө гэж ойлгож нэхэмжилсэн. Харин үүнээс 250.000 төгрөг нь багш нарын мөнгө байсан байна. Иймээс би сургалтын менежер Д.Цгаас нийт 1.750.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 83/,

хохирогч Л.Нийн “...5 дугаар ангийн багш нарын дунд Д.Ц багшийн өрөөнд буйдан авах талаар яриа үүссэн бөгөөд нэг ангиас 150.000 төгрөг хуримтлуулж 2023 оны 05-06 дугаар сард сургалтын менежер Д.Цд өгсөн. ...маргааш өдөр нь манай 5 дугаар ангийн багш нар цуглачихсан сургалтын менежер Д.Ц 1.500.000 төгрөгийг “сэтгэлд хүрэхгүй байна” гэж хэлсэн байсан. Улмаар багш нар өөрсдөөсөө 50.000 төгрөгийг гаргахаар болсон. ...Үүнээс хойш би 2023 оны 09 дүгээр сард сургалтын менежер Д.Ц багшийн өрөөнд ажлаар орж үзэхэд ямар нэгэн тохижсон зүйл байхгүй, буйдан байхгүй байсан. ...” /1хх 20-21/,

“...сургалтын менежер Д.Цг багш сурагчдаас буйдан авах зорилгоор мөнгө хураасан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газраас багш нарыг дуудах болсон. ...2 орчим хоногийн дараа сургалтын менежер Д.Ц багш нарыг өрөөндөө дуудаж “би өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авсан, та нар монтажны мөнгө, төгрөг хураасан асуудлаа Авлигатай тэмцэх газарт мэдүүлж болохгүй шүү” гэж хэлсэн учраас өмнөх мэдүүлэгтээ монтажны мөнгөний талаар яриагүй. ...Д.Ц нэр бүхий 10 багшаас өөрийнхөө өрөөг тохижуулах зорилгоор нэг ангиас 150.000 төгрөг хурааж авсан, сүүлд хурааж авсан 50.000 төгрөгийг хичээл амарчихсан байхад би өөрийн мөнгөнөөс нэмж хураалгасан. ...” /1хх 168/,

хохирогч Ц.Дын “... сургалтын менежер Д.Цгийн өрөөг тохижуулах зорилгоор багш, сурагчдаас 2.000.000 төгрөг хураасан асуудлаар дуудах болсон" юм. Улмаар сургалтын менежер Д.Ц нь багш нартай уулзахдаа “хураасан мөнгийг би хувьдаа ашиглаагүй тул мэдүүлэг өгөхөөр бол мөнгө төгрөг авсан, өгсөн зүйл байхгүй гэж хэлж хариулаарай” гэх зэргээр үүрэг өгсөн. Мөн тухайн мөнгийг өөрийнхөө албан өрөөний тохижилтод зарцуулах гэж авсан. Миний өрөөгөөр багш нар л өөрсдөө орж ирж үйлчлүүлдэг шүү дээ гэж хэлсэн. ...сургалтын менежер Д.Ц нь багш нарыг өөрийнхөө машинаар Авлигатай тэмцэх газарт хүргэж өгөөд өөрөө гадаа машинтайгаа хүлээж байсан. ... сургалтын менежер Д.Цгийн өрөөнд хурал хийж байхад тухайн хурал дээр “миний өрөөг тохижуулах зорилгоор анги бүрээс 150.000 төгрөг хураалгаж хуримтлуулъя” гэж хэлээд багш нарт үүрэг өгсөн. Нийт 1.500.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цгийн өрөөнд нь орж хүлээлгэн өгсөн. ...Ж.З багш бидэнд хандаж “сургалтын менежер Д.Ц энэ мөнгийг хараад бага байна, юунд ч хүрэхгүй гэж хэллээ” тийм учраас дахин 50.000 төгрөгийг багш нар өөрсдөөсөө нэмж хураалгахаар хэлэлцэж уг өдрөөс хойш 2-3 хоногийн дараа дутуугаа гүйцээж нийт 2.000.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цд дахин өгсөн. Дээрх мөнгийг дахин өгөх үед нь би байгаагүй. ...” /1хх 33-34, 99, 161-162/,

хохирогч М.Сийн “...сургалтын менежер Д.Ц нь сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах гэж байсан мөнгөнөөс өөрийн албан өрөөндөө буйдан авах зорилгоор анги тус бүрээс 150.000 төгрөг хураан авсан. Үүний дараа намайг жирэмсний амралттай байхад Р.Дбагш над руу залгаад өмнө нь хураасан 150.000 төгрөгийг чинь менежер Д.Ц бага байна гээд байна. ...дахин 50.000 төгрөг хураахаар болсон гэхээр нь өөрийнхөө цалингаас 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Би сургалтын менежер Д.Цд өөрийн цалингаас хураалгасан 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 87, 95/,

хохирогч Л.Нийн “... сургалтын менежер Д.Ц нь сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах гэж байсан мөнгөнөөс өөрийн албан өрөөндөө буйдан авах зорилгоор анги тус бүрээс хураан авсан. Үүнийхээ дараа дээрх мөнгийг бага байна хэмээн хэлж дахин мөнгө хураахаар болсон. Би дээрх 50.000 төгрөгийг өөрийн хувийн мөнгөнөөс сургалтын менежер Д.Цд хураалгаж өгсөн юм. ..." /1хх 103/,

гэрч Ж.Ч-гийн “... Манай сургуулийн сургалтын менежерүүд болон багш, албан хаагч нар сургуульд сургуулийн төсвөөс тусдаа зардлаар ямар нэгэн эд зүйл, бараа материал, сургалтын болон дадлагын багаж хэрэгслийг шинээр авахдаа надад заавал мэдэгдэх үүрэгтэй, сургуулийн дотоод журамд заасан. Мөн дээрх шинээр авсан эд зүйлсийг сургуулийн өмч хамгаалах комисс хуралдаж үнэ тогтоож сургуулийн өмчид бүртгэж авдаг юм. Хэрэв хандивласан бол хандивласан хүний иргэний үнэмлэх, гараар бичсэн баримт зэргийг хавсаргадаг юм. Сургалтын менежер Д.Ц нь надад өөрийнхөө өрөөнд буйдан авахаар мөнгө хурааж байгаа гэж танилцуулж байгаагүй. Мөн сургуулийн өмч хамгаалах комисс дээрх асуудлын талаар хуралдаж байгаагүй. Д.Ц менежерийн өрөөнд одоог хүртэл ямар нэгэн буйдан байхгүй. Би сургалтын менежер болон багш, албан хаагч нар нь сургуулийн сурагч, эцэг эхчүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг, хандив хураан авах эрхгүй, ингэж болохгүй гэж хурал болгон дээр хэлдэг...” /1хх 6-7/,

гэрч О.С-гийн “... 2023 оны 03 дугаар сард байх бага анги хариуцсан сургалтын менежер Д.Ц нь 5 дугаар ангийн хариуцсан нийт 10 багш нарыг дуудаж уулзаад “миний суудаг сургалтын менежерийн өрөө тасалгааг тохижуулах, буйдан авах зорилгоор анги бүрээс мөнгө хураах шаардлагатай байна” гэж бидэнд хэлсэн юм. Улмаар багш нар хоорондоо ярилцаж байгаад нэг ангиас 150.000 төгрөг хураахаар болсон бөгөөд би өөрийн хариуцсан 5д ангийн цэвэрлэгээ, хуримтлалын мөнгө гэж цуглуулсан байсан 300.000 орчим төгрөгөөс 150.000 төгрөгийг багш нар нийлээд сургалтын менежерийн өрөөнд дахин цуглаж бүгдээрээ нийлүүлээд сургалтын менежер Д.Цд өгсөн юм. Улмаар Д.Ц менежер уг мөнгийг “бага” гэж чамлаад багш нараас нэмж 50.000 төгрөг хураан авахаар болсон юм. Уг шийдвэрийг багш нар нааштайгаар хүлээж аваагүй бөгөөд үүнийгээ сургалтын менежер Д.Ц багшид хэлж чадаагүй айгаад, 50.000 төгрөгийг бүгд өгчихсөн. Ингээд 5 дугаар ангийн нийт 10 багш нар сургалтын менежер Д.Цд нийт 2.000.000 төгрөгийг түүний өрөөг тохижуулах зорилгоор дургүй өгсөн. Улмаар сургалтын менежер Д.Цгийн өрөөнд одоог хүртэл ямар нэгэн тохижсон зүйл байхгүй, буйдан байхгүй байна. Миний харснаар тухайн үед 5 дугаар ангийн 7-8 багш нар Д.Ц менежерт 200.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тэр дундаас дансаар мөнгө хийсэн хүн миний мэдэхээр лав байхгүй гэж бодож байна...” /1хх 29-30/,

“...сургалтын менежер Д.Цгийн шийдвэрээр нийт 2.000.000 төгрөгийг нийлүүлж өгөхдөө ангийн засварын мөнгөнөөс биш сурагчдын монтажны үлдэгдэл мөнгөнөөс өгсөн. Авлигатай тэмцэх газраас залгаж таны талаар мэдүүлэг авах гээд байна гэж хэлэхэд Д.Ц багш нарыг дахин өрөөндөө дуудаад “би сайн гарах гарцтай болчихлоо, гоё санаа оллоо, өмгөөлөгчтэй болсон, түүнээс хууль зүйн зөвлөгөө авсан, одоо дажгүй.” гэж хэлээд, цаашид та нар мэдүүлэг өгөхдөө анхаарал болгоомжтой мэдүүлэг өгөөрэй, нэг ч мөнгө, төгрөг хурааж аваагүй гэж хэлэх ёстой шүү гэж хэлсэн. ...Д.Ц менежер багш нарт хандаж “би тэр 2.000.000 төгрөгийг чинь өөртөө ашиглаагүй шүү, Хосбаяр багшид зээлүүлчихсэн байгаа” гэж хэлж байсан. Манай ангийн хувьд монтажны мөнгөнд нэг хүүхдээс 45.000 төгрөг цуглуулсан ба нийт 2.025.000 төгрөг болж байсан. Үүнээс монтажинд зориулж 1.125.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд надад 900.000 төгрөг нь үлдэж би уг мөнгөнд нь тааруулаад ангийн сурагчдадаа гарын бэлэг, дурсгалын зүйл авч өгөх, баярын ширээ засах зэргээр зарцуулна гэж төлөвлөөд байж байсан чинь сургалтын менежер Д.Цгийн өрөөг тохижуулж буйдан авч өгөх талаар шийдвэр гарсан бөгөөд багш нар сурагчдад гарын бэлэг авах гэж төлөвлөж байсан монтажны мөнгөний үлдэгдэл мөнгөнөөс 150.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цд өгөхөөр болсон. Үүний дагуу багш нар мөнгөө хураагаад нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр сургалтын менежер Д.Цд гардуулж өгсөн. Тухайн үед Д.Ц менежер бидний өгсөн сурагчдын мөнгийг тоолж үзээд бага байна, дутуу байна гэж ууртай байдлаар хэлсэн. Тэгээд бид нар менежерийн өрөөнөөс гарч ярилцаж байгаад дахин 50.000 төгрөг нэмж хураалгаад сургалтын менежер Д.Цд нийт 500.000 төгрөг нэмж өгсөн. ...” /1хх 152-153/,

гэрч Б.Д.Цгийн “...сургалтын менежер Д.Ц нь 5 дугаар анги хариуцсан нийт 10 бүлгийн багш нарыг өөрийн ажлын өрөөндөө дуудаж хурал хийсэн юм. ... 5 дугаар анги хариуцсан багш нар ангиасаа 150.000 төгрөг хурааж цуглуулахаар болсон юм. Энэ мөнгийг би өөрийн хариуцсан 5е ангийн сурагчдын ангийн цэвэрлэгээ үйлчилгээ, хичээлийн хэрэглэгдэхүүнд зарцуулах зорилгоор манай ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга Эрдэнэцэцэг гэх хүнд хуримтлагдаж байсан мөнгөнөөс сургуулийн тохижилтод зарцуулах гэж байгаагаа хэлээд 150.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Улмаар цугларсан нийт 1.500.000 төгрөгийг менежер Д.Цд хүлээлгэж өгсөн юм. Үүний дараа сургалтын менежер Д.Ц нь 5 дугаар ангийн багш Ц.Дыг өрөөндөө дуудаж миний өрөөг тохижуулах зорилгоор цуглуулсан 1.500.000 төгрөг чинь бага байна. ...багш нар өөрсдөөсөө мөнгө нэмэрлэ гэж хэлсэн байсныг бидэнд хэлсэн. ...багш нараас 50.000 төгрөгийг хураахаар болж 5 дугаар ангийн нийт 10 бүлгийн багш нар нийлээд 200.000 төгрөгийг өөрсдөөсөө дургүйцсэн байдалтайгаар Д.Цд хүлээлгэн өгсөн. 2023 оны 10 дугаар сард сургалтын менежер Д.Цгийн өрөөнд ороход ямар нэгэн тохижсон зүйлгүй, буйдан байхгүй байсан. ..." /1хх 17-18/,

 “...сургалтын менежер Д.Цгийн хураан авсан 2.000.000 төгрөгийг асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авна гэж байсан. ... Д.Ц багш нарт хандаж та нар надад мөнгө өгсөн гэж мэдүүлэх юм бол надаас гадна өөрсдөө асуудалд орно шүү гэж хэлсэн. Удалгүй дахин дуудахдаа Д.Ц “би өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авчихлаа та нарт гоё мэдээ дуулгая, миний өрөөнд ороод ир” гэж хэлсэн юм. Тэрээр “...2.000.000 төгрөгийг би хувьдаа ашиглаагүй, харин Хосбаяр багшид зээлүүлчихсэн байсан. Хосбаяр багш удахгүй мөнгөө өгөхөөр би яриад байсан буйдангаа авчихна гэж хэлсэн. ...Д.Ц менежер урдаа нэг бичиг тавьчихсан наанаа гарын үсгээ зур Хосбаяр багш мөнгөө өгчихсөн гэж хэлээд боодолтой мөнгө гаргаж ирээд тоол гэж хэлсэн. ...тоолж үзэхэд бэлнээр 2.000.000 төгрөг байсан. Үүнийгээ Д.Ц Хосбаяр чинь мөнгөө өгчихлөө шүү та нар одоо наад мөнгөөрөө багш нарын өрөөндөө юм аваарай би лав авахгүй шүү гэж хэлсэн. Үүнийг багш нар сонсоод Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа наад мөнгийг чинь бид нар авахгүй шүү гэж хэлээд авахаас дургүйцэж менежерийн өрөөнөөс гараад явчихсан. Бүгд гарч явсны дараагаар би ганцаараа менежерийн өрөөнөөс гарч байхад Д.Ц менежер миний гараас зуурч “май энэ мөнгөө аваад яв” гэж хэлсэн. Би энэхүү үгийг сонсоод би энэ мөнгөөр яах вэ гэж асуухад секцийн ахлагчдаа аваачиж өг гэж хэлсэн. ...секцийн ахлагч Б.Баасанжаргалд аваачиж өгөхөд би наад мөнгийг чинь авахгүй, Ц.Д багшид өг гэж хэлсний дагуу би 2.000.000 төгрөгийг Ц.Д багшид өгөх гэтэл Ц.Д багш авахгүй гээд байхаар нь би уурлаад өрөөнийх нь ширээн дээр орхиод гарчихсан. ...” /1хх 149-150/,

гэрч Б.Б-ын “...сургалтын менежер Д.Ц багш нарт хандаж “ямар ч байсан миний өрөөнд тохижилт хийх учраас та нар мөнгөө хурааж цуглуулаарай" гэж хэлсэн. ... 2023 оны 05 дугаар сард сургалтын менежер Д.Цгийн өрөөг тохижуулах зорилгоор цуглуулсан мөнгөө бүгд нийлүүлж нийт 1.500.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Д.Ц дээрх 1.500.000 төгрөгийг “бага байна, энэ мөнгө миний өрөөг тохижуулж хүрэхгүй” гэж хэлсэн учраас багш нар өөрсдөөсөө 50.000 төгрөгийг хураахаар болсон байсан. Энэхүү өдрөөс хойш 1-2 хоногийн дараа 5 дугаар ангийн 10 бүлгийн багш нараас тус тус 50.000 төгрөгийг хурааж, нийт 500.000 төгрөг бүрдүүлээд сурагчдаас хурааж авсан 1.500.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 2.000.000 төгрөг болгоод би цаасан дээр мөнгө өгсөн хүмүүсийг анги, нэртэй нь бичээд гарын үсэг зуруулж сургалтын менежер Д.Цд бэлнээр 2.000.000 төгрөгийг ажлын өрөөнд нь хүлээлгэн өгсөн. ...” /1хх 25-26, 155-156/,

гэрч Р.Д-ын “...2023 оны 09 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас сургалтын менежер Д.Цгийн өрөөг тохижуулах зорилгоор багш, сурагчдаас 2.000.000 төгрөг хураасан асуудлаар дуудах болсон. ...сургалтын менежер Д.Ц нь “хураасан мөнгийг би хувьдаа ашиглаагүй, тул мэдүүлэг өгөхөөр бол мэдэхгүй гэж хариулаарай” гэж бидэнд хэлсэн. “Мөн тухайн мөнгийг өөрийнхөө албан өрөөний тохижилтод зарцуулах гэж авсан. … Ц.Д багш нийтэд нь хандаж “сургалтын менежер Д.Цгийн өрөөг тохижуулах зорилгоор бөөндөө нийлээд анги бүрээс 150.000 төгрөг хураалгахаар болсон шүү” гэж хэлсэн бөгөөд мөн үүний дараа 56 ангийн багш Б.Глара, менежер Д.Цгийн өрөөнд буйдан авах талаар яриа гаргаж эхэлсэн. Сургалтын менежер Д.Ц нь Б.Глара багшид өөрийнхөө өрөөнд буйдан авах талаар хэлсэн юм шиг байсан. Улмаар 2023 оны 05-06 дугаар сарын хооронд 5 дугаар ангийн нийт 10 багш нар тус тусын ангиасаа 150.000 төгрөг хурааж нийлүүлээд 1.500.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цд хүлээлгэн өгсөн. …гарч ирсний дараа Ж.З багш “Бурхан минь энэ мөнгийг чинь менежер Д.Ц хараад бага байна, юунд ч хүрэхгүй гэж хэллээ” гээд дахин 50.000 төгрөгийг багш нар өөрсдөөсөө нэмж хураалгахаар хэлэлцэж уг өдрөөс 3 хоногийн дараа дутуугаа гүйцээж нийт 2.000.000 төгрөгийг сургалтын менежер Д.Цд өгсөн. ...” /1хх 28, 146-147/,

гэрч Д.Г-ийн “... Сургуулийн удирдах албан тушаалтан болон багш ажилчид тус сургуулийн албан өрөө, анги танхимд засвар тохижилт хийх, шинээр тавилга, эд хөрөнгө авсан тохиолдолд сургуулийн захиралд мэдэгдэж улмаар сургуулийн захирал тухайн хөрөнгийг өмч хамгаалах комиссын шийдвэрээр тушаал гаргаж нярав, нягтлан нарт ирүүлсний дагуу нярав тоолж миний бие тухайн хөрөнгийг сургуулийн өмчид бүртгэж авдаг. Харин сургуулийн анги танхим болон албан өрөөнд засвар тохижилт хийх үйл ажиллагааг зохион байгуулах гэж буй албан тушаалтан, багш, ажилтан нь сургуулийн захиралд мэдэгдсэнээр захирал өмч хамгаалах комиссоор хуралдаж шийдвэр гаргадаг. Энэхүү тохижилт, засварын үйл ажиллагаа нь 100 хувь улсын төсвөөр хийдэг. ...албан өрөөндөө тавилга, эд хөрөнгө худалдан авч өмч хамгаалах комиссоор дамжуулан надад бүртгэгдсэн зүйл байхгүй. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард тус сургуулийн бага ангийн сургалтын менежер болох Д.Ц, Н.П нарт улсын төсвөөс 2 ширхэг нөүтбүүк хариуцуулан өгч би бүртгэж авсан. Үүнээс өөр ямар нэгэн бүртгэж авсан шинээр нэмэгдсэн зүйл байхгүй...” /1хх 36/,

гэрч Г.Э-ийн “... сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зориулж нэг сурагчаас 45.000 төгрөг хураахаар болсон юм. Тухайн мөнгийг сурагчдын монтажинд 25.000 төгрөг, бусад гарын бэлэг, дурсгалын зүйл ангийн чимэглэл, хүүхдийн бялуу, ус ундаанд үлдсэн 20.000 төгрөгийг зарцуулахаар болсон юм. Би дээрх төгсөлтийн арга хэмжээний мөнгийг өөрийн 5167514668 дугаарын тоот дансанд цуглуулж нийт 42 хүүхдийн 1.860.000 төгрөгийг Б.Д.Ц багшийн Хас банкны данс руу шилжүүлсэн. ... Ямар ч байсан эцэг эхчүүдийн 45.000 төгрө xypaaлгасан нь хүүхдийнхээ монтажны мөнгөнд 25.000 төгрөг, төгсөлтийн арга хэмжээнд 20.000 төгрөгийг зарцуулах зорилготой байсан. Тухайн мөнгөнөөс сургалтын менежерийн өрөөг тохижуулж, буйдан авах зорилгоор 200.000 төгрөгийг өгсөн гэх асуудлыг өнөөдөр анх удаа сонсож байна. Надад сургалтын менежерийн өрөөнд буйдан авч өгөх зорилгоор 200.000 төгрөг авсан гэж нэг ч зүйл хэлээгүй. Дээрх мөнгийг хууль ёсны дагуу захиран зарцуулах ёстой хүмүүс нь мөнгө өгсөн эцэг эхчүүд юм. Тухайн мөнгийг сургалтын менежер авах эрхгүй хүн гэж үзэж байгаа учраас дээрх 200.000 төгрөгийг нэхэмжилж менгө хураалгасан ангийн сурагчдад тэнцүү хувааж егөх нь зүйтэй гэж бодож байна. ...” /1хх 172-173/,

гэрч Т.М-ийн “...Анги хариуцсан багш Б.Б 2023 оны 03 дугаар сард эцэг эхийн хурлын үеэр сурагчдын төгсөлтийн баяр, монтажинд зориулж хүүхдээс 45.000 төгрөг цуглуулахаар санал асуулга явуулж дээрх мөнгийг хураах болсон юм. Тухайн мөнгийг миний мэдэхээр төгсөх гэж байгаа хүүхдүүдийн монтаж төгсөлтийн арга хэмжээний менгөнд зарцуулахаар болсон бөгөөд уг мөнгийг би 5720400287 дугаарын хаан банкны дансанд цуглуулахаар болсон. ...2.000.000 орчим төгрөг цугларсан бөгөөд Б.Ббагшийн эзэмшлийн хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Уг мөнгөөр Б.Ббагш хүүхдүүдийн монтаж, төгсөлтийн арга хэмжээний засал чимэглэл, хүүхдийн гарын бэлэг, дурсгалт зүйл, ус ундаа, баярын бялуу зэргийг авч зарцуулсан байсан. Би хүүхдийнх төгсөлтийн баяр дээр очиж зарцуулсан зүйлсийг өөрийнхөө нүдээр харсан бөгөөд төгсөлтийн баярын арга хэмжээнд сэтгэл хангалуун байсан. ...мөнгө хураалгасан зорилго нь хүүхдийнхээ монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах байсан. Тухайн мөнгөнөөс сургалтын менежерийн өрөөг тохижуулж, буйдан авах зорилгоор 200.000 төгрөгийг өгсөн гэх асуудлыг өнөөдөр анх удаа сонсож байна. Дээрх мөнгийг сургалтын менежерийн өрөөг тохижуулах зорилгоор авсан гэж надад Б.Ббагш хэлээгүй. Уг мөнгийг сургалтын менежерт өгөх ёсгүй байсан гэж би бодож байна. Тухайн мөнгийг сургалтын менежер авах эрхгүй хүн гэж үзэж байгаа учраас дээрх 200.000 төгрөгийг нэхэмжилж мөнгө хураалгасан ангийн сурагчдад тэнцүү хувааж өгөх нь зүйтэй гэж бодож байна...” /1хх 175-176/,

гэрч Г.Г-ын “...сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зориулж нэг сурагчаас 45.000 төгрөг хураахаар болсон юм. Дээрх мөнгөнөөс 8 хуудастай монтажинд 25.000 төгрөг төсөвлөж, үлдэгдэл 20.000 төгрөгийг сурагчдын 1-5 дугаар ангид хийсэн уран бүтээлийг ном болгож хийхэд зарцуулах зардал, төгсөлтийн баярт зориулж хүүхдүүдэд гарын бэлэг, дурсгалын зүйл /модон дээр ангийн багшаас дурсгав гэсэн бичиглэлтэй биет бэлэг/, ус ундаа, баярын бялуу зэргийг худалдан авахад зарцуулна гэж төсөвлөж хурлаар эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хураахаар болсон юм. Нийт 2.025.000 төгрөг дансаар цугларсан. Харин үлдсэн хүүхдүүд Р.Дбагшид дээрх мөнгийг бэлнээр өгсөн байх, мөнгийг Р.Дбагшийн данс руу шилжүүлсэн. Тухайн төгсөлтийн арга хэмжээ болон монтажинд эцэг эхчүүд сэтгэл хангалуун байсан гэж ойлгож байна. Тухайн мөнгөнөөс сургалтын менежерийн өрөөг тохижуулж, буйдан авах зорилгоор 200.000 төгрөгийг өгсөн гэх асуудлыг өнөөдөр анх удаа сонсож байна. Үүнийг манай ангийн эцэг эхчүүд мэдсэн бол хэн ч зөвшөөрөхгүй байх байсан. Тухайн мөнгийг сургалтын менежер Д.Ц гэх хүн авах эрхгүй гэж үзэж байгаа учраас дээрх 200.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 178-179/,

гэрч О.М-ийн “...эцэг эхийн хурал хийж эцэг эхчүүдийн саналын дагуу сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зориулж нэг сурагчаас 45.000 төгрөг хураахаар болсон юм. Тухайн мөнгийг сурагчдын монтажинд 25.000 төгрөг, харин үлдсэн 20.000 төгрөгөөр төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг, дурсгалын зүйл авч, баярын ширээнд ус ундаа, баярын бялуу зэргийг худалдан авахаар төсөвлөж эцэг эхийн хурлаар тухайн асуудлыг хүлээн зөвшөөрч мөнгө цуглуулахаар болсон юм. Тухайн үед 5ж анги нь нийт 48 сурагчтай байсан бөгөөд эцэг эхийн зөвлөлөөс Гэрэлтуяа гэх ээж өөрийнхөө дансанд нэг хүүхдийн 45.000 төгрөг буюу нийт 2.160.000 төгрөгийг цуглуулж Ж.З багшийн данс руу мөнгийг шилжүүлсэн. ...Тухайн мөнгөнөөс сургалтын менежерийн өрөөг тохижуулж, буйдан авах гэж 200.000 төгрөгийг өгсөн гэх асуудлыг өнөөдөр анх удаа сонсож байна. Манай 5ж ангийн эцэг эхчүүдийн хувьд сургалтын менежерийн өрөөнд буйдан авч өгөхөөр мөнгө хураалгаагүй. Тухайн мөнгийг сургалтын менежер гэх хүн авах эрхгүй гэж үзэж байгаа учраас дээрх 200.000 төгрөгийг нэхэмжилж мөнгө хураалгасан ангийн сурагчдад хувааж өгөх нь зүйтэй гэж бодож байна. ...” /1хх 181-182/,

гэрч Т.Ц-ын “...сурагчдын төгсөлтийн арга хэмжээний талаар эцэг эхчүүдээс санал, асуулга явуулж сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зориулж нэг сурагчаас 45.000 төгрөг хураахаар болсон. Тухайн мөнгийг сурагчдын монтажинд 25.000 төгрөг, харин үлдсэн 20.000 төгрөгөөр төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг, дурсгалын зүйл авч, баярын ширээнд ус, ундаа, баярын бялуу зэргийг худалдан авахаар төсөвлөж эцэг эхийн хурлаар тухайн асуудлыг хүлээн зөвшөөрч мөнгө цуглуулахаар болсон юм. Тухайн үед 44 хүүхдийн дансаар 1.485.000 төгрөг, бэлнээр 450.000 төгрөг цугларч М.С багшид хүлээлгэн өгсөн. Үүнээс монтажны мөнгөнд 1.150.000 төгрөгийг өгч үлдэгдэл 785.000 төгрөгийг нь сурагчдын төгсөлтийн арга хэмжээнд зарцуулахаар болсон. ...тухайн мөнгөнөөс сургалтын менежерийн өрөөг тохижуулж, буйдан авах гэж мөнгө хураалгаагүй, сургалтын менежер гэх хүн авах эрхгүй гэж үзэж байгаа учраас дээрх 150.000 төгрөгийг нэхэмжилж мөнгө хураалгасан ангийн сурагчдад хувааж өгөх нь зүйтэй гэж бодож байна. ...” /1хх 184-185/,

гэрч Д.Х-ын “...2023 оны 06 дугаар сард өөрийн төрсөн хүү рүүгээ очиход онгоцны зардалгүй болчихоод сургалтын менежер Д.Цгаас надад мөнгө зээлэх боломж байна уу гэж асуусан. Д.Ц “найз нь хэд хоногоос мөнгөтэй болчихно” гэж хэлээд өнгөрсөн юм. Үүний дараагаар 7 орчим хоногийн дараа би Д.Цгийн өрөөнд ороод нөгөө зээлэх мөнгө чинь бүтэх юм уу гэж асуухад болно гэж хэлээд намайг явуулснаас хойш 2 хоногийн дараа Д.Ц 1.000.000 төгрөг боломжтой байна гэж хэлээд зээлсэн. Зээлэхдээ надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд би Д.Цд хандаж найз нь намар гэхэд мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу явсан. Улмаар би Солонгост зуны амралтаараа байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монголд ирээд 08 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа эргэж орсон. Үүний дараа Д.Ц намайг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн өрөөндөө дуудаж уулзахад хажууд нь 2022-2023 оны хичээлийн жилд 5 дугаар анги хариуцаж байсан 2 багш сууж байсан бөгөөд Д.Ц надаас “чиний зун зээлсэн мөнгө чинь асуудал үүсгээд бид нар Авлигатай тэмцэх газарт шалгагдаад байна” гэж гэнэт хэлээд намайг зээлсэн нь үнэн гэх утгатай баримт бичээд өг гэж хэлээд цаасан дээр бичүүлсэн. Тухайн үед би уг нь мөнгөний тоо, хэмжээ бичээгүй байхад Д.Ц надад хандаж 2.000.000 төгрөг гээд биччих гэж хэлээд бичсэн юм. 2023 оны 12 дугаар сард Солонгос улс руу явах ажилтай болоход Д.Ц намайг дуудаад чи явахаасаа өмнө наад мөнгөний асуудлаа шийдчихээд яв гэж хэлсэн. Улмаар Д.Ц намайг 2.000.000 төгрөгөө өөрөөсөө өгч байгаа шүү гэж бага ангийн багш нарт ойлгуулаад мөнгийг нь өгөөд асуудлаа шийднэ гэж хэлээд надаар 2.000.000 төгрөг бэлэн хүлээлгэн өгсөн гэх баримт үйлдүүлээд авсан. Би Д.Цд ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө өгөөгүй бөгөөд миний өмнөөс өгсөн мэтээр бичүүлж авсан. Үүний дараа Д.Цгийн өрөөнд очиход бэлэн 2.000.000 төгрөг гаргаж ирээд чи энэ мөнгийг 5 дугаар ангийн Б.Д.Ц багшид өгчих гэж хэлсэн юм. Би мөнгийг Б.Д.Цд аваачиж өгөхөд авахаас татгалзахаар нь ангийн ширээн дээр нь орхиод гарсан. Гарахдаа багш нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явах гэж байгаа учраас энэ асуудалд оролцож чадахгүй гэж хэлээд ангиас нь гарсан үүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Дээрх миний бичсэн баримтыг үйлдэхэд Д.Ц менежер надад ингээд биччих гэж хэлээд бичүүлсэн. ...” /1хх 187-188/ гэсэн мэдүүлгүүд,

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 241 дүгээр “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш нарын гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шалгаж өгнө үү” гэх албан бичиг, хавсралт /1хх 40-42/,

Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-39/, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 47/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх 42-46/,

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр “Бага ангийн сургалтын менежер Д.Цгийн цалинг шатлал ахиулж, үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар /1хх 48/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх 49/,

Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн “Хүүхэд хамгааллын бодлого”-г хэрэгжүүлэгчдийн ёс зүйн дүрмийн хуулбар /1хх 50/, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын хуулбар /1хх 51-52/, Хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журам /1хх 54-56/, Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуульд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шинжилгээ, үнэлгээний ажпын тайлангийн хуулбар /1хх 59-62/,

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоол, хавсралт /1хх 63-64/,

гар утас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 189-191/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 194-196/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 197-198/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 199-221/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1хх 233, 248-249, 234, 250/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Цгийн өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас мөнгө цуглуулж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Цг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Цг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн обьектив талын хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бусад бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт болон хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”; 4.1.2-т ”төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж заасан.

Шүүгдэгч Д.Цгийн хувьд Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн бага ангийн сургалтын менежерээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн удирдлага дор байдаг тус сургуулийн 5 дугаар ангийн 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс 1.750.000 төгрөг, багш М.С, О.У, Ж.З, Ц.Д, Л.Н нараас тус бүрээс нь 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Ц 5 дугаар ангийн 10 бүлгийн багш нарыг дуудаж, өрөөндөө буйдан авах мөнгийг өөрт хамааралгүй буюу сурагчдын эцэг эхийн хуримтлуулсан мөнгөнөөс өгөхийг шаардах, өгсөн мөнгийг нь бага байна гэж голж, дахин багш нараас нэмж мөнгө авах зэргээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдож байх тул Д.Цгийн өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, гэрч, тус сургуулийн захирал Ж.Ч, нягтлан бодогч Д.Г нараас “... сургуулийн сургалтын менежерүүд болон багш, албан хаагч нар сургуульд сургуулийн төсвөөс тусдаа зардлаар ямар нэгэн эд зүйл, бараа материал, сургалтын болон дадлагын багаж хэрэгслийг шинээр авахдаа заавал мэдэгдэх үүрэгтэй, сургуулийн дотоод журамд заасан. ... шинээр авсан эд зүйлсийг сургуулийн өмч хамгаалах комисс хуралдаж үнэ тогтоож, сургуулийн өмчид бүртгэж авдаг. Хэрэв хандивласан бол хандивласан хүний иргэний үнэмлэх, гараар бичсэн баримт зэргийг хавсаргадаг юм. Сургалтын менежер Д.Ц өөрийнхөө өрөөнд буйдан авахаар мөнгө хурааж байгаа гэж танилцуулж байгаагүй. Мөн сургуулийн өмч хамгаалах комисс дээрх асуудлын талаар хуралдаж байгаагүй. ...”,    

5 дугаар ангийн 10 бүлгийн багш нараас “... сургалтын менежер Д.Ц өөрийн албан өрөөндөө буйдан авах зорилгоор анги тус бүрийн эцэг, эхчүүдийн хураалгасан мөнгөнөөс 150.000 төгрөг хураан авсан. ...дээрх мөнгийг бага байна гээд анги тус бүрээс 50.000 төгрөг нэмж хураалгахаар шийдвэрлэсэн юм. 50.000 төгрөгийг өөрийн хувийн мөнгөнөөс хураалгаж өгсөн. Багш нар уг мөнгийг өгөх дургүй байсан. ...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд, шүүгдэгч Д.Цгийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго тодорхойлогдож байна.  

Мөн 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн Ерөнхий боловсролын ........ дүгээр  сургуулийн 5 дугаар анги 10 бүлэг, 500 сурагчтай хичээллэсэн байх бөгөөд уг сурагчдын эцэг, эхийн шийдвэрээр нэг хүүхдээс 45.000 төгрөг цуглуулж, дээрх мөнгөнөөс төгсөлтийн “Таван хавар” тайлант өдөрлөгийн арга хэмжээнд 20.000 төгрөг, монтажинд 25.000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.

 Гэтэл тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ц уг мөнгөнөөс өөрийн өрөөнд буйдан авах нэрийдлээр 5 дугаар ангийн 10 бүлгийн багш нараас анги тус бүрээс 150.000 төгрөг, нийт  1.500.000 төгрөгийг авсан нь уг эцэг, эхчүүдийн мөнгөнөөс авсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 5 дугаар ангийн эцэг, эхийн зөвлөлийн төлөөллийн хуралдаанаар төлөөлөгчөөр Э.Бг сонгож, мөрдөгчөөс Э.Бг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг /1хх 77-78/ буруутгах үндэслэлгүй байна.

Харин дээрх 1.500.000 төгрөгийг хэрхэн сурагч бүрт хүртээмжтэйгээр зарцуулах талаар хохирогч Э.Б мэдүүлэгтээ тодорхой дурдсан, эцэг, эхийн зөвлөлийн төлөөллийн хуралдаанаар /2хх 110-111/ хэрхэх талаар шийдвэрлэсэн байхад хохирлын мөнгөний зарцуулалтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Х.Б, Д.О нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Х.Б, Д.О нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ