| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2025/0048/З |
| Дугаар | 111/ШШ2026/0041 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 111/ШШ2026/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн ******* гэдэг байцаагчид баримт материалаа бүрдүүлэн өгч тухайн байцаагч миний тэтгэврийг тогтоосон.
Миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ: Тцб=Ц"(45%+(Ш241+*0.125%))” гэсэн томьёогоор бодож, мөн хуулийн 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.” гэсэн заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”, мөн хуулийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ.” гэсэн заалтуудыг тус тус хэрэглэх ёстой гэж ойлгож байсан. Би бол төрийн албан хаагч учраас албан журмын даатгуулагч юм. Гэтэл миний өндөр насны тэтгэврийг тогтооход эдгээр хуулийн заалтууд зөрчигдөж, тэтгэвэр буурч тогтлоо.
Мөн хуулийн өөр хоорондоо зөрчилтэй гэмээр заалтыг хэрэглэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг нь авч хэрэглэж, миний эрх ашгийг хохироож байна. Энэ талаараа Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга *******д 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авах боломжгүй гэдгээ 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01/368 тоот албан бичгээр мэдэгдлээ. Иймээс би шүүхэд хандаж байна. Миний тэтгэврийг тогтооход хуулийн заалтууд хэрхэн зөрчигдөж, миний эрх ашиг хэрхэн хохирсон, эрхзүйн байдал хэрхэн дордсон мөн тэтгэвэр буурч тогтсон талаар дурдвал:
1. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “... тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.” гэсэн нь өнөөдрийн мөрдөж байгаа буюу намайг тэтгэвэрт гарах үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэхээр заасан утга санаа, ойлголтыг илэрхийлж байна. Энд тухайн үед “мөрдөж байсан” гэж заагаагүй тухайн үед “мөрдөж байгаа” гэж заасан нь өнөөдрийн буюу миний тэтгэврээ тогтоолгох үеийн тухай ойлголт юм.
Гэтэл миний тэтгэврийг тогтоохдоо албан журмын даатгуулагч дээр хэрэглэхээр тусгайлан заасан дээрх заалтыг хэрэглээгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /салбар/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн миний эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг хэрэглэж, миний эрх ашгийг хохироож байна. Миний тэтгэврийг тогтоохдоо Ерөнхий хуулийн 19.4 заалтыг хэрэглэхгүй байгаа нь тэтгэвэр буурч тогтох 1 дэх үндсэн шалтгаан боллоо.
2. Мөн энэ /20.4/ заалтыг хэрэглэхдээ миний тэтгэвэр тогтоолгохоор сонгосон жил, саруудын цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөчхөөд итгэлцүүрээр өсгөөгүй тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлалт хийж байгаа нь буруу гэж үзэж байна. Энэ заалтад тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөж тооцох тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл миний сонгосон цалин хөлсөнд итгэлцүүр хэрэглэлгүйгээр эхлээд шууд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр жишээд хязгаарлалт хийхээр байна уу үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Хуулийн заалт нь тийм агуулгыг илэрхийлж байна. Тэгэлгүйгээр итгэлцүүрээр өсгөсөн тухайн үеийн цалингийн хэмжээнд итгэлцүүрээр өсгөөгүй тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлалт хийсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг хохироосон үйлдэл боллоо. Холбогдох хуулиуд болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан журмуудад итгэлцүүрийг тэтгэвэр бодолтын аль шатанд хэрэглэхтэй холбоотой заалт, зохицуулалт байхгүй байна.
Өндөр насны тэтгэвэр тогтооход “дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.” гэж хуульд тодорхой заасан. Салбар хуулийн 20.4 дэх заалтад дараалсан 5 жилийн гээгүй “дараалсан жилийн” гэсэн байна. Энэ нь уг заалтыг өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах уу бусад тэтгэвэр тогтооход баримтлах уу гэсэн эргэлзээг бий болгож байна.
Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр миний тэтгэврийг тогтоосон нь мөн хуульд маш тодорхой заасан “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.” гэснийг бас зөрчиж байна. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэдэг тоо бол миний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс биш юм.
Дээрх 20.4-д “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэдэг заалт нь итгэлцүүр хэрэглээгүй байх үеийн орлогын хэмжээг илэрхийлсэн гэж ойлгогдож байна. Тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан 5 жилийн сар бүрийн цалин хөлсийг шууд буюу итгэлцүүр хэрэглэхээсээ өмнө тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй жишиж хязгаарлалт хийх эсэхийг тодорхойлохоор заасан ойлголт байна. Гэтэл миний тэтгэврийг бодохдоо сонгосон 5 жилийн цалин хөлсөнд итгэлцүүр хэрэглэсэн мөртөө түүнийгээ тухайн үед мөрдөж байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд итгэлцүүр хэрэглэлгүйгээр хязгаарлаж байгаа нь миний тэтгэвэр буурч бодогдох 2 дахь үндсэн шалтгаан боллоо.
3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ.” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу хэрэглэх итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоодог. Миний тэтгэврээ тогтоолгох дараалсан 5 жил болох 2011-2015 онд авч байсан сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр үржүүлж, өнөөгийн үнэ цэнийг нь тооцсон атлаа тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод дээд хязгаарт итгэлцүүр хэрэглэхгүйгээр хязгаарлаж байгаа нь хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлсны ач холбогдлыг байхгүй болгож байна. Тиймээс хуульд заасан агуулгын дагуу миний сонгосон цалинд итгэлцүүр хэрэглэлгүйгээр эхлээд шууд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр жишээд хязгаарлалт хийхээр байна уу үгүй юу гэдгийг тогтоогоод тэр тогтоосон тоондоо итгэлцүүр хэрэглэвэл цалин хөлсний өнөөгийн үнэ цэнэ бодитоор тодорхойлогдоно.
4. Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг хэрэглэлгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулж, салбар хуулийн /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай/ 20.4 дэх заалтыг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн. Тэтгэвэр тогтоолгохоор сонгосон жил, сар бүрийн цалин хөлсийг шууд тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээтэй жишихгүй нэгэнд нь итгэлцүүр хэрэглээд нөгөөд нь итгэлцүүр хэрэглэхгүйгээр тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлалт хийж байгаа зэрэг нь миний эрх ашгийн хохироож, тэтгэвэр тогтоолгох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг итгэлцүүрээр өсгөсний ач холбогдлыг алдагдуулж байна.
Дээрх байдлын улмаас миний сарын тэтгэвэр Нийгмийн Даатгалын Сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёогоор тооцсоноос, мөн хуулийн 20.1-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлалаар тооцсоноос буурч, бараг 500 орчим мянган төгрөгөөр доогуур буюу 1.110.835 /нэг сая нэг зуун арван мянга найман зуун гучин таван/ төгрөгөөр тогтож, миний эрх ашиг хохирлоо.
Миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалт хэрэглэсэн, тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин хөлсний орлогын хэмжээг тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээтэй шууд жишээгүй нэгэнд нь итгэлцүүр хэрэглээд нөгөөд нь итгэлцүүр хэрэглээгүй зэргээс шалтгаалан сонгосон 5 жилийн дараалсан 60 сарын цалин хөлсний өнөөгийн үнэ цэнийг итгэлцүүрээр тооцсоны ач холбогдлыг алдагдуулж, миний эрх ашгийг хохироож байна. Миний бие хуульд байгаа Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125%)) гэсэн томьёогоор тооцсон болон мөн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааснаар тооцсон өндөр насны бүрэн тэтгэврээ авч чадахгүйд хүрлээ.
Миний тооцсоноор 2011-2015 оныг сонгосноор 60 сарын миний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 141.472.6447 болж байна. Үүний 1 сарын дундаж нь 2.357.8777 үүнээс хуульд байгаа томьёоллоор тэтгэвэр тогтоовол 1.597.461 байхаар байна. Үүнтэй харьцуулахад надад тогтоож өгсөн тэтгэвэр нь 486.626 орчим төгрөгөөр доогуур байна.
Би анх тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж өгөхдөө дараалсан 5 жилээ 2009-2013 оныг сонгож авъя гэсэн санал өгсөн боловч, сүүлдээ сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тооцохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн байцаагчийн тайлбарт нь харгалзаж, 2011-2015 оныг сонгосон.
Хэрэв 2009-2013 оныг сонгосон бол 60 сарын миний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 145.219.490 болж байна. Үүний 1 сарын дундаж нь 2.420.3247 үүнээс хуульд байгаа томьёоллоор тэтгэвэр тогтоовол 1.639.7697 байхаар байна. Үүгээр бол хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлж тогтоосноос 5289347-ийн зөрүүгээр миний тэтгэвэр бага тогтож би хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20.7-д Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална гэж заасны дагуу НДЕГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 24 өдрийн А/139 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журамд өндөр насны тэтгэвэр тогтооход сарын цалин хөлс түүнтэй орлогыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлан тооцох тухай ямар ч заалт байхгүй бөгөөд харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар тогтооно гэж журамлажээ.
5. Миний тэтгэврийг тогтоохдоо эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалт хэрэглэсэн, мөн тухайн хуулийн заалтаа буруу хэрэглэсэн зэргээс шалтгаалан надад дээр дурдсан хэмжээний мөнгөн хэлбэрийн хохирол учирч байна. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д "захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах..." гэж тус тус заасны дагуу хохирлоо барагдуулах эрх зүйн үндэстэй гэж үзэж байна.” гэжээ.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өндөр насны тэтгэвэр авагч *******н Баярмагнай (ШОК64112771) нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал бүхий өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус газарт ирүүлсэн. Даатгуулагч нь өргөдөлдөө 2009-2013 оны дундаж цалинг сонгох хүсэлтэй байгаагаа бичсэн байсан ч тэтгэвэр тогтоолт хийх явцад систем сүүлийн 20 жил доторх дараалсан таван жилийн хамгийн өндөр цалинг дөр оноор татахад даатгуулагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу тооцож хугацааг оруулахад цалингийн дундаж 1,415,000 (Нэг сая дөрвөн зуун арван таван мянга) төгрөг, нийт шимтгэл төлж ажилласан хугацаа буюу 35 жил 3 сард ногдох бодит тэтгэвэр 960,431 (Есөн зуун жаран мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөгөөр тогтоогдож байсан нь тэтгэвэр авагчид хохиролтой байсан тул Тэтгэврийн тогтоолт, олголт хариуцсан байцаагч ******* иргэн *******тай 2 удаа утсаар холбогдож, 1 удаа биечлэн уулзаж энэ талаар тайлбарлаж өөрт нь илүү ашигтай байх хувилбарыг сонгох талаар ярилцан 2011-2015 оны цалинг сонгож үзэхэд дундаж цалин 1,636,589 (Нэг сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун наян ес) төгрөг олговол сард зохих тэтгэвэр 1,110,835 (Нэг сая нэг зуун арван мянга найман зуун гучин тав) төгрөг болон өсөж байгааг танилцуулахад "танай аргачлалыг сайн ойлгохгүй байна, та нарын буруу гэж юу байхав журам зааварт нь өөрчлөлт оруулах талаар цааш нь санал тавина" гэж хэлээд тэтгэврээ энэ дүнгээр тогтоохыг зөвшөөрсөн.
Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс Нийгмийн даатгалын багц хууль, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн аль болох даатгуулагч болон нийгмийн даатгалын санг хохироохгүй, даатгуулагчид ашигтай байх хувилбарыг сонгож Зовлон туслах үйлчилгээг чанартай хүргэн ажилладаг. Тэр ч утгаараа *******н өөрийн хүссэн хугацааны цалингаас тогтоогдох тэтгэврийг 150.404 (Наг зуун тавин мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгөөр илүү тогтоогдох хугацааны цалинг сонгон тогтоож шийдвэрлэсэн.
Гэвч ******* нь тус газарт 2025 оны 9 дүгээр 04-ний өдөр тэтгэвэр тогтоолтоо шалгуулах тухай өргөдөл ирүүлж, тогтоолтоо шалгуулсан, энэ тухай хариу тайлбарыг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 01/368 дугаар албан бичгээр өгсөн.
Өөрөөр хэлбэл *******н тэтгэврийг тогтоохдоо “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”-ийн 20.4-т “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.”, Засгийн газрын 2024 оны "Итгэлцүүр батлах тухай" 231 дүгээр тогтоолын 2. Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, мөн өдрөөс хойш 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар ... гэж заасан заалтуудыг хэрэгжүүлсэн нь "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль" болон холбогдох хууль, журам зааврыг зөрчөөгүй, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэн ажилласан гэж үзэж байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* миний гаргасан гомдолд хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн тайлбартай танилцлаа. Миний бие энэ тайлбартай санал нийлэхгүй байна.
1. Миний гомдол гаргасан нэхэмжлэлийн гол утга санаа болох Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.” гэсэн заалтыг миний тэтгэврийг тогтоохдоо яагаад хэрэглэхгүй байгаа талаараа epөөcөө дурдаагүй тайлбарлаагүй.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /салбар/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т "Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна." гэсэн заалт дотор дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрээр өсгөсөн дүнг тухайн үед мөрдөж байсан цалин хөлсний дээд хэмжээгээр хязгаарлах тухай ямар ч үг үсэг утга санаа байхгүй байгаа. Харин тухайн үед авч байсан миний сарын цалин хөлсний хэмжээг тухайн үед мөрдөж байсан цалин хөлсний дээд хэмжээгээр жишиж, хязгаарлах тухай утга санааг илэрхийлсэн заалт гэж би ойлгож байгаа юм. Яг үүнд ямар нэг байдлаар тайлбар өгч чадаагүй.
Мөн итгэлцүүр хэрэглэсэн цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүр хэрэглээгүй тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр жишиж, хязгаарлалт хийснээрээ итгэлцүүр хэрэглэсний ач холбогдлыг үгүйсгэж, иргэний эрх ашгийг хамгаалсан тухайн үеийн цалин хөлсний өнөөгийн үнэ цэнийг тооцох тухай хуулийн үзэл санааг гажуудуулж байгаагаа бас тайлбарласангүй. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтууд зөрчигдөж байгаад хариу тайлбар өгөөгүй.
3. Засгийн газрын 2024 оны 231 дүгээр тогтоолын заалтыг тайлбартаа оруулахдаа миний тэтгэвэр тогтооход мөрдөх “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ..." 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар" тус тус тооцсугай гэсэн заалтыг оруулалгүй санаатай орхигдуулж тайлбар ирүүлсэн.
Иймээс хариуцагчийн зүгээс миний гомдолд бодитой үнэмшилтэй, хуульд нийцсэн хариу өгөөгүй байна гэж үзэж байна.” гэжээ.
8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: *******н тэтгэврийг тогтоохдоо "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 20.4. Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна, Засгийн газрын 2024 оны "Итгэлцүүр батлах тухай" 231 дүгээр тогтоолын 2. Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, мөн өдрөөс хойш 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар... гэж заасан заалтуудыг хэрэгжүүлсэн нь (*******н тайлбарт ирүүлсэн бодолт нь тухайн үеийн цалинг итгэлцүүрээр шууд өсгөөд бодолт хийгээд байгаа бөгөөд хязгаарлалтаа хэрэглээгүй байна) "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль" болон холбогдох хууль, журам зааврыг зөрчөөгүй, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэн ажилласныг уламжилж байна. 2009-2013 он, 2011-2015 оны цалинг сонгон бодолт хийж хүргүүллээ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01/368 дугаар албан бичгээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох журам зааврыг зөрчөөгүй байгааг уламжилж байна. Таны сонгосон хугацааны буюу 2009-2013 оны дундаж цалинг сонговол 960431 (Есөн зуун жаран мянга дөрвөн зуун гучин нэгэн) төгрөг болж тэтгэврийн хэмжээ буурахаар байгааг мэдэгдье.” гэх хариуг хүргүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж тус тус заасан.
Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар иргэн *******н тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэн, тэтгэврийг тогтоосон нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар[1] нотлогдох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг зөв хэрэглэн тэтгэврийг тогтоосон, хууль бус татгалзал гаргаагүй байх тул дахин тэтгэвэр тогтоохыг даалгах үндэслэлгүй.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ.”, Монгол улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Итгэлцүүр батлах тухай” 231 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан 2025 онд хэрэглэх итгэлцүүр /2011 онд 3.58, 2012 онд 2.86, 2013 онд 1.87, 2014 онд 1.69, 2015 онд 1.66/ болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.” гэж заасны дагуу бодсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хийсэн бодолт[2], тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,110,835 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь, хуулийн дээрх заалт нь өндөр цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчаас их шимтгэл авахгүй байх, нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн тэнцвэртэй, шударга байдлыг хангах, тэтгэврийг ижил суурь зарчмаар тогтоох зорилготой хязгаарлалтын зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг ба түүнийг 10 дахин нэмэгдүүлбэл 7,920,000 төгрөг болно. Тиймээс 7,920,000 төгрөгөөс дээш хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлоготой иргэнд энэ хэмжээгээр хязгаарлалт тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл суутгахаар, улмаар тэтгэвэр тогтооход ч уг дүнгээс тооцох агуулгатай.
Тиймээс хуулийн дээрх заалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоох нөхцөл энэ тохиолдолд үүсэхгүй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 20 дугаар зүйлийн 20.4-д “Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэж заасан нь тэтгэвэр тогтоох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох зохицуулалт юм.
Хариуцагч тэтгэврийг тогтоохдоо нэхэмжлэгчийн сонгосон 2011-2015 онуудад авч байсан цалин, түүнтэй адилтгах орлогыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Итгэлцүүр батлах тухай” 231 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрээр өсгөж, улмаар тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр тэтгэврийг тогтоосон нь хуулийн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, цалинд үндэслэсэн аргаар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход итгэлцүүрийг заавал хэрэглэхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтооход итгэлцүүрийг хэрэглэсэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” А/202 дугаар тушаалын хавсралтын 2.7.3-д заасан дүнтэй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 20 дугаар зүйлийн 20.4-д заасан хязгаарлалт шууд хамааралтай юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******н “Тэтгэвэр тогтоохдоо эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн нь хууль бус болохыг тогтоож, дахин тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэвэр тогтоолтоос үүссэн бодолтын зөрүү 531,838 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацааны хохирлыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэл гаргахад урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН