Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: А.Намдаг,

            Шүүгдэгч: Ж.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бхолбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805009160179 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж.Б, 1983 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 02-03 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны шатан дээр иргэн Ц.Гтэй маргалдан шатнаас шидэж газарт унаган бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны шатан дээр Ц.Гтэй маргалдан шатнаас шидэж газарт унагаснаа санаж байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай найзын хэлснээр уг залуу довжоон дээр тулаад очтол салтаанаас өргөөд шидчихсэн гэсэн. Тэгээд манай найз тэр залууд чи хүн шидчихлээ гэхэд тэр залуу гараад явахаар нь Алтантулга араас нь гартал машинд суугаад хөдлөх гэж байхад нь машины копутан дээр нь хэвтчихсэн чинь уг машины жолооч хажуу тийш нь дартал манай найз хажуу тал руу унаад нөгөө машин зугтаагаад явсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Гэрч Ж.А мөрдөн байцаалтад өгсөн: “...Гийг үл таних эрэгтэй хүн дагуулаад гарч байхаар нь араас нь гартал Гийг тус баарны шатан дээрээс аваад шидэж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа талаар нь асуутал Гийг шидсэн залуу яадгийн пизда минь гэснээ Гийн хажууд зогсож байснаа машинд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг баарнаас гарч ирж байхад гадна талын хаалга дээр үл таних эрэгтэй хүн манай найз болох Гийг аваад шидэж байсан. Тэгэхээр нь би доошоо очоод Гийг гайгүй юу гэтэл юу ч ярьж чадахгүй байсан. Тэр үед Гийг шидсэн гэх үл таних хүн хажууд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Гэрч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...00 орчихоод ширээн дээрээ буцаад иртэл Б нэг танихгүй эрэгтэй хүнтэй муудалцаад зууралдаад байсан бөгөөд энэ үед баар хаагаад гар гээд байсан учраас би Мыг өргөх гэтэл маш их согтсон байсан учраас үрээд өлгүүр дээр очсон. Энэ хооронд Б нөгөө муудалцаад байсан залуустайгаа гараад явчихсан байсан. Ингээд би зөөгч залуутай Мыг өргөөд өлгүүрээс аваад шатаар буух үед шатны доор нэг эрэгтэй хүн уначихсан нөгөө Б нь хажуу талд зогсож байсан. Тэгэхээр нь би зодоон нүдээн болж даамжрахаас өмнө хурдан явъя нэж бодоод Мыг машиндаа суулгаад хүлээж байтал Б ирээд машинд суугаад явах гэтэл миний машины урд талд нэг залуу хашиж зогстол араас Б яв яваач би арыг нь даана гээд орилоод байхаар нь сандраад тэр чигтээ явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Шинжээчийн 2582 тоот дүгнэлтэд: “...Ц.Гийн биед үзлэгээр тархины доргилт, зүүн мөр, бүсэлхий, зүүн өвдөг, шагайн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Яллагдагчаар Ж.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...ингээд нэг мэдэхэд би уг бааранд танихгүй залуутай маргалдаж байгаад тэр залуу намайг гарч ярилцъя гэхээр нь би дагаад үүд рүү явсан. Тэгээд баарны гадаа гарч үүдний довжоон дээр маргалдаж байгаад түүнийг аваад доош шидчихсэн. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан залуус гараад ирэхээр нь би тэд нараас зугтаагаад Энхбаярын машин руу очиж суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

Гэмт хэргийн талаархи годмол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ /хх-н 23/, Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ /хх-н 24/, хохирлын баримтууд /хх-н 33-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-57/, хохирогчийн хүсэлт /хх-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 02-03 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны шатан дээр иргэн Ц.Гтэй маргалдан шатнаас шидэж газарт унаган бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Гийн: “...Манай найзын хэлснээр уг залуу довжоон дээр тулаад очтол салтаанаас өргөөд шидчихсэн гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, гэрч Ж.А: “...Гийг үл таних эрэгтэй хүн дагуулаад гарч байхаар нь араас нь гартал Гийг тус баарны шатан дээрээс аваад шидэж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа талаар нь асуутал Гийг шидсэн залуу яадгийн пизда минь гэснээ Гийн хажууд зогсож байсанаа машинд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 5/, гэрч Н.Бын: “...намайг баарнаас гарч ирж байхад гадна талын хаалга дээр үл таних эрэгтэй хүн манай найз болох Гийг аваад шидэж байсан. Тэгэхээр нь би доошоо очоод Гийг гайгүй юу гэтэл юу ч ярьж чадахгүй байсан. Тэр үед Гийг шидсэн гэх үл таних хүн хажууд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, гэрч Н.Эын: “...Ингээд би зөөгч залуутай Мыг өргөөд өлгүүрээс аваад шатаар буух үед шатны доор нэг эрэгтэй хүн уначихсан нөгөө Б нь хажуу талд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, шинжээчийн 2582 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Бнь Эргэн дурсахуй баарны шатан дээр хохирогч Ц.Гтэй маргалдан шатнаас шидэж газарт унаган бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Г нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-н 68/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ж.Быг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөх боломжтой талаар мэдүүлж байх тул торгох ялыг нэг сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Бт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР