Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000100142 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Д, 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 675 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 05 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхоны 301 дүгээр байрны орцонд иргэн Д.Бтай “цахилгаан шатаар буух давхарт буулгаагүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Д.Бгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Би төрсөн өдрөө тэмдэглэчихээд “Голден парк” руу очсон. Тэгээд орц руу нь ороод лифтэнд суухад араас хохирогч Болормаа нэг эгчтэй суусан. Манай найз лифтэнд орж ирэх байсан. Тэгээд манай эхнэр “эгчээ байж байгаарай манай найз орж ирнэ” гэхэд “та нар шатаараа явахгүй юу” гээд хохирогч манай эхнэртэй маргалдсан. Би хохирогчтой маргалдаагүй. Манай эхнэрийг хохирогч цүнхээрээ цохихоор нь би хохирогчийн нүүрэн тус газарт нь мангасдсан. Хохирогчийн ярьж байгаа шиг үсдэж унагааж, унахад нь дээрээс нь цохьсон асуудал болоогүй. Хохирогчид учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

            Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 4 давхарт байдаг учраас би цахилгаан шатны 4 давхарын товчлуурыг дарах гэтэл Д бид хоёрын дараа орж ирсэн залуу “Би 12 давхарт гарна, та нар бид хоёрыг буусны дараа буу” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, эхлээд бид хоёр 4 давхарт буугаад чи дээшээ яв” гэтэл тэр залуу “энэ муу ямар овоо пизда вэ” гээд Дийг цахилгаан шатны хаалгыг алдалж зогсчихоод зодох гээд байхаар нь би 1 давхарын товчлуурыг дараад тэр залууг цүнхээрээ цохьсон. Цахилгаан шат буцаад 1 давхарт ирэхээр нь би тэр залууг түлхэхэд цахилгаан шатнаас тэр залуу манай найз Дийн үснээс нь зулгаагаад хойшоо унагасан. Тэгэхээр нь би тэр залууг цүнхээрээ цохих гэтэл тэр залуу шууд миний нүүр рүү цохиод намайг унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Д.Өы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өндөр биетэй хүүхнийг нөгөө залуу чинь толгой руу нь цохиж унагаагаад босоод ирэхэд нь дахиад толгой руу нь цохиод унагаасан. Цохиж байхдаа мөн үсдээд татаад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад хүүхэн, залуу хоёрыг лифтэнд суулгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Шинжээчийн 7764 тоот дүгнэлтэд: “...Д.Бгийн биед тархи доргилт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Хохирогчийн өргөдөл /хх-н 9/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31, 33, 48-58, 61/, Хохирлын баримтууд /хх-н 62, 64/, Компьютер томографийн шинжилгээ /хх-н 63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Бтай лифтэнд сууж зорчих асуудлаас үүдэн маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондын таарамж тохиромжгүй харьцаанаас үүссэн, тодорхой сэдэлттэй гэмт хэрэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тухайн хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гарсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Дын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 05 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхоны 301 дүгээр байрны орцонд иргэн Д.Бтай цахилгаан шатаар зорчих асуудлаас маргалдаж улмаар Д.Бгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Бгийн: “...Манайх 4 давхарт байдаг учраас би цахилгаан шатны 4 давхарын товчлуурыг дарах гэтэл Д бид хоёрын дараа орж ирсэн залуу “Би 12 давхарт гарна, та нар бид хоёрыг буусны дараа буу” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, эхлээд бид хоёр 4 давхарт буугаад чи дээшээ яв” гэтэл тэр залуу “энэ муу ямар овоо пизда вэ” гээд Дийг цахилгаан шатны хаалгыг алдалж зогсчихоод зодох гээд байхаар нь би 1 давхарын товчлуурыг дараад тэр залууг цүнхээрээ цохьсон. Цахилгаан шат буцаад 1 давхарт ирэхээр нь би тэр залууг түлхэхэд цахилгаан шатнаас тэр залуу манай найз Дийн үснээс нь зулгаагаад хойшоо унагасан. Тэгэхээр нь би тэр залууг цүнхээрээ цохих гэтэл тэр залуу шууд миний нүүр рүү цохиод намайг унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Д.Өы: “...Тэр өндөр биетэй хүүхнийг нөгөө залуу чинь толгой руу нь цохиж унагаагаад босоод ирэхэд нь дахиад толгой руу нь цохиод унагаасан. Цохиж байхдаа мөн үсдээд татаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, шинжээчийн 7764 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Дыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.Бгийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 3.000 төгрөг, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөг, нийт 123.000 төгрөгийг  шүүгдэгч Б.Даас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байх тул шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Дыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Б.Дыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даас 123.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.

5. Хохирогч Д.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР