Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811007230273 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сайжрах овогт Б.Б, 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, ӨМӨЗО-нд магистрантаар сурдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 2 дугаар гудамжны 51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 45б-15 тоотод түр оршин сууж байгаа,  улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, …………………………………………

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго баарны гадаа Г.Барсболдыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Барсболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би өөрийн эзэмшлийн 32-78 УНЕ улсын дугаартай Приус 20 маркийн машинтайгаа халтуур хийх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед баарнаас хүмүүс гарч ирэхийг хүлээгээд найз Болдбаатартай зогсож байсан. Намайг машиныхаа хажууд гадаа зогсож байсан чинь нэг машинаас 3 залуу буусан бөгөөд цагаан өнгийн куртка өмссөн эрэгтэй нь миний өөдөөс чиглэж ирснээ “юугаа хараад байгаа юм” гэж хэлээд нүүрээрээ миний нүүр лүү мөргөсөн бөгөөд энэ үед хажуугаар нь улбар шар өнгийн куртиктай эрэгтэй нь орж ирээд миний дээд уруул, хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Энэ үед манай найз Болдбаатар ирж салгасан бөгөөд би эмнэлэг орж уруулдаа 3 оёо тавиулсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн ...Миний дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлийг улбар шар куртиктай найзыгаа өмөөрсөн, сүүлд цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэх болсон Балдан-Осор үүсгэсэн. Харин баруун нүдний гадна хэсэг, духны зүүн хэсгийн цус хуралт гэмтлийг цагаан куртиктай эрэгтэй нь “юугаа хараад байгаа юм” гэж хэлээд миний нүүр лүү гараараа мангасдаад, духаараа мөргөх үедээ үүсгэсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-9-10х/,

Гэрч Э.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Барсболд гээд эрэгтэй рүү хараад зогсчихсон байхад Балдан-Осор араас ирээд уг эрэгтэйн нүүр орчимд гараараа цохисон. Тэгээд газар цугтаа барьцалдаж унасан. Тэгэхээр нь би салгасан юм. Тухайн үед хэн хэнийх нь биед ямар гэмтэл, шарх үүссэн гэдгийг анзаараагүй бөгөөд цагдаа дээр ирснийхээ дараа Барсболд гэж залуугийн дээд талын уруул нь бондойж хавдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-13х/,

Гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Баянбүрдийн хажууд байдаг Чикаго баарны гадаа би өөрийнхөө машинтай найз Барсболд өөрийнхөө машинтай таксинд явах гээд зогсож байсан чинь нэг согтуу залуу ирээд Барсболдыг мөргөсөн. Гэтэл хажуугаас нь нэг залуу ирээд нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь би очиж салгасан бөгөөд эргүүлийн 2 цагдаа ирээд аваад явсан ...”гэсэн мэдүүлэг /хх-16х/,

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Г.Барсболдын биед үүссэн дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духны зүүн хэсэг, баруун нүдний гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл нь тус бүртээ болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

              Яллагдагч Б.Бмэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 22 цагийн үед 5 дугаар сургуулийн урд талд байдаг Спарта нэртэй кафед найз болох Амарбаяр, Батбаатар, Шижир нартай уулзаад архи ууж юм ярьж сууцгаасан бөгөөд шөнө 2 цагийн үед уг газраас гарч явсан байсан. Би кафегаас гараад юу болсоныг санахгүй байгаа бөгөөд өглөө босоход эрүүлжүүлэхэд орчихсон байсан. Шөнө болсон үйлдлийг санахгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь нэг залууг би цохьсон байсан бөгөөд болсон асуудлыг хохирогчтой уулзаад мэдсэн ...Би хөх өнгийн жинсэн өмд, улбар шар өнгийн гадуурх богино куртик, хар өнгийн пүүзтэй явсан ... Би үйлдлээ санахгүй байгаа ч гэсэн Барсболдын биед гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №3230 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Барсболдын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, духны зүүн хэсэг, баруун нүдний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-20х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго баарны гадаа Г.Барсболдыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бучруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Барсболд нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.