Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/580

 

2024           05           16                                          2024/ДШМ/580

 

Э.Б, Г.О, А.Э, М.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

яллагдагч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/751 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Янжиндуламын бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт холбогдох 2408 00000 0184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Р овогт Э-ны Б, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “С” ХХК-д операторч ажилтай, ам бүл 1, .................. газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;  

2. О овогт Г-н О, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа .............. борлуулах ажил хийдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;  

3. У овогт А-н Э, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа .......... борлуулах ажил хийдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../,

4. А овогт М-н Г, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ж К” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. тоотод түр оршин суух, /РД: ......../,

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 318 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 88 дугаар зүйлийн “б”, 109 дүгээр зүйлийн “б”, 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1988 оны 7 дугаар арын 15-ны өдрийн 202 дугаар магадлалаар 1986 оны Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж сулласан,  

Октябрийн районы шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 5 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 10 сар 20 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Октябрийн районы шүүхийн 1992 оны 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 жил 4 сар 27 хоногийн хорих ялыг нэмж, 6 жил 4 сар 27 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 5 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж, 7 жил 1 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 134 дүгээр тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Яллагдагч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...... аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, мөн дээрх шувууг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... аймгийн ......... сумын зах дээр Г.О-д худалдсан,

яллагдагч Г.О нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр .... аймгийн .... сумын зах дээр Э.Б-с ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг худалдан авч, А.Э-т худалдсан,

яллагдагч А.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ......аймгийн ......сумын зах дээр Г.О-с ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг худалдан авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ......аймгийн ......сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн хяналтын цэг хүртэл ........... улсын дугаартай “Тоёота алфард” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт М.Г-д худалдахыг завдсан,

яллагдагч М.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ............... тоот гэртээ байхдаа ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувуу худалдан авахаар ......аймгийн ......сумын 9 дүгээр багт оршин суух А.Э-н эзэмшлийн ...... дугаарын утас руу холбогдон захиалж, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Б, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхээс хянаад яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор яллагдагч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилго нь ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг... бүрэн илрүүлэх...оршино.” гэж зорилгыг тодорхойлжээ. Гэтэл

1. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 741 дүгээр дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Уг гар хийцийн галт зэвсэг нь гохгүй, замагны чавхыг гар аргаар хийсэн, гол төмрийн амсар хэсгээс тайрсан тул буудлага үйлдэхэд аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй, цаашид ашиглах боломжгүй...” гэх баримт /хх 111-113/ авагдсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар Алтайн хойлог гэх 3 толгой шувуу галт зэвсгээр агнагдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэргийг... яаж үйлдсэн...”-ийг нотолж чадаагүй. Энэхүү нотолбол зохих байдлыг нотлоогүй ажиллагаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангаагүй байна. Тодруулбал, Алтайн хойлог гэх шувууг ямар хэвийн ажиллагаатай галт зэвсгээр агнасан байдлыг тогтоож тухайн галт зэвсгийг хураах нь хуулийн зорилгод нийцэх бөгөөд нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч... өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна.” гэж хуульчилсан байхад тус хэргийн яллагдагч Э.Б, М.Г нарт мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулаагүй /хх 77/. Мөн шинжээчийн дүгнэлт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байхад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан...” /хх 87, 88/ шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон яллагдагч А.Э нарт танилцуулсан. Мөн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцаагүй яллагдагч Э.Б, М.Г нарт /хх 89, 91/ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 388 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Түүнчлэн, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ЭК-24-01 дугаартай тайлан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан /хх 96/ байхад тухайн дүгнэлтийг танилцуулахдаа /хх 102/ “...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан...”-ыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулсны дээр дээрх тогтоолтой танилцаагүй яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт ЭК-24-01 дугаартай дүгнэлт тус тус танилцуулсан. Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл хавтаст хэргийн 243-247 дахь талд авагдсан байх хэдий ч тухайн тэмдэглэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хэзээ танилцуулсан нь ойлгомжгүй он, сар, өдөр байхгүй байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтоохоор хуульчилсан байхад тус хэргийн яллагдагч М.Г-н хувийн байдлыг тогтоосон буюу яллагдагч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 142/-т тусгагдсан 1988 оны таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргаагүй.

4. Яллах дүгнэлтэд яллагдагч нарын биеийн байцаалтыг дурдахдаа Э.Б-г “.........аймгийн ......суманд төрсөн...” гэж, Г.О-г “...эхнэр 4 хүүхдийн хамт... 6 дугаар багийн 30 дугаар гудамж...” гэж, А.Э-г “...9 дүгээр багийн 04 дүгээр гудамжны...” гэж, М.Га-г “...барилгын инженер...” гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй бичсэн. Мөн хэргийн үйл баримт буюу гэмт хэрэг гарсан байдал болох Э.Б-н үйлдлийг хэт ерөнхий байдлаар, А.Э-н захиалга авсан огноог хэзээ гэдийг тогтоогоогүй. Түүнчлэн, яллах дүгнэлтийн үндэслэх болон тогтоох хэсэгт А.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...худалдан авсан, тээвэрлэсэн ...худалдахыг завдсан...” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр... хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн...үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ” гэснийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял оногдуулахаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульд заасны дагуу журамласан атлаа “...худалдахаар завдсан...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нөгөө талаар яллагдагч М.Г-г Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр... хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн...” гэж журамласан атал тээвэрлэж ирсэн шувууг худалдаж аваагүй учир завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамласан нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй. Тодруулбал, яллагдагч М.Г-н үйлдэл 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч А.Э-т захиалга өгснөөр төгс үйлдэгдсэнд тооцогддог нь Эрүүгийн эрх зүйн онол практикт нэгэнт тогтсон ойлголт юм.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.О нь яллагдагчаар “...2024 оны 01 дүгээр сарын эхэнд ......аймгийн зах дээр надтай адил арьс түүхий эд худалдан борлуулдаг Э надаас хойлог олдох уу? Улаанбаатар хотоос хүн асууж байна гэсэн. ...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...цэг дээрээ зогсож байтал ...үл таних залуу над дээр ирээд хойлог шувуу зарна гэхээр нь ...270.000 төгрөгөөр 3 ширхэг шувуу худалдан аваад Э-т ...405 төгрөгөөр худалдан борлуулсан...” гэж /хх 209-210/,  А.Э яллагдагчаар “...зах дээр хамт ченж хийдэг, мөн танил хүмүүсээсээ хойлог шувуу сурагласан боловч олдоогүй. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр лангуун дээрээ зогсож байсан чинь манай ар талд надтай адилхан ...ченж хийдэг Г.О эгч над руу залгаад “хөдөөнөөс ирсэн хүн хойлог шувуу зарах гээд явж байна. Чи худалдаж авах уу гэхээр нь би очиж авъя” гэсэн. Тэгээд намайг очиход О эгч 3 ширхэг хойлог шувуу худалдаад авчихсан байсан. Би О эгчээс 3 ширхэг хойлог шувууг 405.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэж /хх 229-230/ мэдүүлэг тус тус авагдсан байхад яллагдагч Г.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл, Г.О-н үйлдэлд Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаад хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Тиймээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Г, Э.Б, Г.О, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар Алтайн хойлог шувууны 3 ширхэг бодгаль, ААN7242 гол төмрийн дугаартай тоз-8-01 маркийн галт зэвсгийг Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Янжидулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтын хувьд: Буудлага хийсэн галт зэвсгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй хэмээн шүүхээс дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар яллагдагч Э.Б-г тухайн буугаар 3 ширхэг Алтайн хойлог шувууг агнасан болохыг тогтоосон. Үүнд: гэрч Н.Г-н өгсөн: “...Би Э.Б-г танина. Б бол манай нагац ахын хүүхэд... Миний буу хэвийн ажиллагаатай хөдөө гэрт байдаг байсан. Б манай хөдөө байдаг гэрээс надад хэлэлгүй миний бууг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авч яваад буцааж авч ирж өгөхдөө ховхын хугалсан байсан. Тэгээд би Б руу утсаар залгаад “чи энэ бууг авч явсан юм уу” гэж асуусан чинь “тийм” гэсэн ...” гэх мэдүүлэг /хх 74/, яллагдагч Э.Б-н “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 ширхэг хойлог шувуу буудчихаад бууг хөдөө гэрт нь үлдээхдээ бууны замгийг сугалах гэж байгаад гохыг нь чанга дараад хугалчихсан...” гэх мэдүүлэг /хх 219-220/, шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 741 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Уг гар хийцийн галт зэвсэг нь гохгүй, замагны чавхыг гар аргаар хийсэн, гол төмрийн амсар хэсгээс тайрсан тул буудлага үйлдэхэд аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй, цаашид ашиглах боломжгүй. ... хэзээ буудлага үйлдсэнийг галт зэвсгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь гохгүй, замагны чавхыг гараар хийсэн байна. Галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио, хошууны мөрүүдтэй харьцуулан шинжлэхэд тохирохгүй” гэх дүгнэлт /хх 111-113/ зэрэг баримтуудаар тухайн 3 ширхэг алтайн хойлог шувууг яллагдагч Э.Б нь агнасан, буудлага хийсэн галт зэвсгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, галт зэвсэгт үзлэг хийн, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой, хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох боломжгүй талаар дүгнэсэн, энэхүү дүгнэлтээр 3 ширхэг алтайн хойлог шувууг агнасан буу биш гэж үзээгүй, галт зэвсгийн гохыг чанга дараад хугалсан болохоо яллагдагч Э.Б мэдүүлсэн, гэрч Н.Г нь яллагдагч Э.Б-г эвдсэн болохыг мөн адил нотолсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж бичсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор хуулиар тодорхойлсон эрх, үүргийнхээ хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн.

Захирамжийн 2 дугаар заалтын тухайд: Тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол яллагдагч нарт танилцуулаагүй гэх. Яллагдагч Э.Б, М.Г нарт шинжээч томилсон тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн тогтоолын дагуу гаргасан ЭК-24-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт болон хавтаст хэргийн материалыг бүрэн эхээр нь яллагдагч нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан нь яллагдагчийн хуульд заасан эрхээр нь хангасан гэж үзэж байна. Харин танилцуулахад мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд гарын үсэг зурагдаагүй нь түүнд тогтоол танилцуулаагүй гэж үзэхгүй бөгөөд яллагдагчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарахгүйгээс гадна, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм. Түүнчлэн тухайн эд зүйлийн үнэлгээ нь 3 ширхэг Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ бөгөөд цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах үүднээс хийгдэж буй үнэлгээ юм. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээвэрлэсэн” гэх шинжийг зөвхөн яллагдагч А.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн тул тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг заавал танилцах ёстой хамаарал бүхий оролцогч болох яллагдагч А.Э-т танилцуулсан байна.

Захирамжийн 3 дугаар заалтын тухайд: Яллагдагч М.Г-н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан 1988 оны таслан шийдвэрлэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй гэх. Шүүхийн шийдвэрийн буцаах үндэслэл болсон уг заалт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна. Яллагдагчийн 1988 онд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх тогтоол нь түүний хувийн байдлыг харуулах боловч тэр талаар эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн. ... Хэрэгт тухайн тогтоолыг авахаар холбогдох байгууллагад хандахад гарах боломжгүй талаар ирүүлсэн албан бичгийг хэрэгт хавсаргасан болно.

Захирамжийн 4 дүгээр заалтын тухайд: Яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд нь хавтас хэрэгт авагдсан тул гэм буруугийн шүүх хуралдааны шатанд шинжлэн судлах замаар тодруулах боломжтой, түүнчлэн дээрх яллагдагчийн хувийн байдалтай холбоотой хэсгийг яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт буруу, зарим хэсгийг зөрүүтэй бичсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар засуулах боломжтой гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг гарсан байдал болох яллагдагч Э.Б-н үйлдлийг хэт ерөнхий байдлаар, А.Э-н захиалга авсан огноог тогтоогоогүй гэх боловч яллагдагч М.Г, А.Э нарын хоорондоо бичсэн зурвас, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн захиалгыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн, мөн яллагдагч нарын зүгээс энэхүү цаг хугацааг хүлээн зөвшөөрдөг билээ.

Захирамжийн 5 дугаар заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд дээрх асуудал нь хамаарахгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар тухайн асуудал гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудалд хамаарч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/751 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн “...яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт холбогдох хэргийг “Алтайн хойлог гэх шувууг ямар галт зэвсгээр агнасан болохыг тогтоож тухайн галт зэвсгийг хураах ажиллагаа хийх, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдтэй яллагдагч нарыг танилцуулаагүй, М.Г-н хувийн байдлыг тогтоосон 1988 оны таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргаагүй, яллах дүгнэлтэд яллагдагч нарын биеийн байцаалтыг зөрүүтэй бичсэн, А.Э, М.Г, Г.О нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг гүйцэд тогтоогоогүй. ...” гэсэн дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.   

            Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан “Алтайн хойлог” гэх шувууг ямар галт зэвсгээр агнасан болохыг тогтоож, тухайн галт зэвсгийг хураах гэсэн ажиллагааг хийх шаардлагагүй, яллагдагчийн хувийн байдлыг тодруулах, яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн яллагдагч нарын биеийн байцаалтын хэсгийг зөвтгүүлэх тухай үндэслэл нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

Мөн яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт холбогдох хэргийн материалыг мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулсан байх ба уг ажиллагааны явцад оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанаар тогтоож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарын үйлдэл тус бүрээр нэг бүрчлэн тодорхойлж, хамтран оролцсон хэлбэрийг зөв тогтоон хэргийг шийдвэрлэх боломжтой байх ба ингэснээр яллагдагч нарын эрх зүйн байдал дордохооргүй байна.  

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Иймд энэ талаар бичсэн прокурор Г.Янжиндуламын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/751 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/751 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Э.Б, Г.О, А.Э, М.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

                         ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР