Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 102/2021/02235/И |
Дугаар | 210/МА2022/00047 |
Огноо | 2022-01-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2022/00047
2022 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2022/00047 |
ХХБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч Б.С-, С.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 100 036.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-, С.Б- нар нь тус банктай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №Ц3Г1104/151207 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 8 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр 26 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зорчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зорчигдож байгааг зээлдэгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Зээлдэгч нар нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээл 6 397 473 төгрөг, хүү 8 649 490 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 053 072 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасны дагуу зээлдэгч УББ ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, ХХБ ХХК-тай нэгдсэн бөгөөд аливаа эрх, үүргээ шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар уг өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, ХХБ ХХК нь тухайн үеийн УББ ХХК-ийн зээлдэгч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй тул нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан №ЦЗГ1104/151207 тоот цалингийн болон барьцааны гэрээний дагуу Б.С-, С.Б- нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16 100 036 төгрөг гаргуулна. Б.С- нас барсан тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан. С.Б-гээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж Б.С-ийн УББ ХХК-аас цалингийн зээл авах үед С.Б- нь оюутан байсан. Зээл авах өдөр ээж Б.С- дуудаад очиход банкны зээлийн мэргэжилтэн энэ гэрээнд гарын үсгээ зурчих гэсэн. Яг ямар үүрэг, хариуцлагатай гэрээнд гарын үсэг зурж байгаагаа тухайн үед мэдээгүй, ээж болон зээлийн мэргэжилтний үгээр гарын үсгээ шууд зурсан. Мөн банкны зээлийн мэргэжилтэн тухайн зээлийн гэрээтэй уншиж танилцах боломж олгоогүй ба ээж цалингийн зээлд 8 000 000 төгрөгийг банкнаас зээлж байна гэж ойлгосон. Мөн дээрх мөнгийг миний бие огт хэрэглээгүй ба ээж Б.С- 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир нас барсан. Тэр үед энэ талаар ойлголт байгаагүй, дараа нь ээжийг нас барсны дараа энэ тухай мэдсэн. УББ ХХК-аас өдөр шөнөгүй утсаар залгаж, ажил болон гэрт ирж уулзаад дарамттай байсан болохоор хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан болохоор хэн хэндээ буруу өгөөд яах вэ гээд би зөвхөн үндсэн зээлийг нь төлж чадна гэж хэлсэн. Үндсэн зээлийг ч мөн төлөхөд хэцүү байна. Би өөрөө 600 000 төгрөгийн цалинтай бөгөөд бас цалингийн зээлтэй болохоор тал нь зээлд суутгагддаг гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч С.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 16 100 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Б.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 100 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэгт түүний хувийн ховор ур, чадвар, салшгүй заяамал авьяас (урлагийн бүтээл туурвих, онцгой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх)-тай холбогдсон бусад этгээд гүйцэтгэх боломжгүй бөгөөд тухайн үүрэг гүйцэтгэгч биечлэн гүйцэтгэснээр үр дүнд хүрэх боломжтой байхыг ойлгоно. Гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэх зэргээр тухайлан хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтууд нь эрх зүйн системчлэлийн хувьд ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргүүд бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зээлийн гэрээний үүрэг буюу мөнгөн төлбөр төлөх нийтлэг үүрэгтэй холбоотой шаардлага юм. Хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн нийтлэг үүрэг хүлээсэн байхад хариуцагчийн хувийн шинж байдалтай холбоотой тусгай үүрэг хүлээсэн гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэсэн. Аливаа банк, зээлийн эрх бүхий этгээд нь зээлийн эргэн төлөгдөх байдлыг харгалзан хамтран зээлдэгч оролцуулдаг бөгөөд хамтран зээлдэгч зээлдэгчийн нэгэн адил мөнгөн төлбөрийн үүрэг хүлээх зорилгоор зээлийн гэрээний харилцаанд оролцдог. Талууд цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч энэ нь зээлдэгчийн төлбөр төлөх үүргийг хязгаарласан зохицуулалт биш болно. Гэтэл анхан шатны шүүхээс цалин авдаггүй этгээд зээлийн төлбөр төлөхгүй гэсэн нь илэрхий үндэслэлгүй, логикийн алдаатай дүгнэлт болсон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Б.С-, С.Б- нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ЦЗГ1104/151207 тоот зээлийн гэрээний дагуу зээл 6 397 473 төгрөг, хүү 8 649 490 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 053 072 төгрөг, нийт 16 100 036 төгрөг гаргуулахаар хариуцагч С.Б- зээл 6 397 473 төгрөгийг төлөхийг зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/
Хэрэгт УББ ХХК нь Б.С-, С.Б- нартай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 26 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй. /хх 9-10/
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч УББ ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, ХХБ ХХК-тай нэгдэж түүнд аливаа эрх, үүргээ шилжүүлжээ. Энэ өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. ХХБ ХХК нь маргаан бүхий зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас зээлдэгч Б.С-ийн УББ ХХК дахь 2611190438 тоот дансанд зээлийн гэрээний зүйл болох 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Б.С- нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлд 1 602 526 төгрөг, хүүд 903 705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.977 төгрөг төлсөн нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогджээ. /хх13-18/ Зээлдэгч Б.С- 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /хх28/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч С.Б- зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаа үгүйсгээгүй, зээл 6 397 473 төгрөгийг төлнө гэжээ. /хх29/
Анхан шатны шүүх ...хүний хөдөлмөрлөж олж байгаа орлого нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг, Б.С- нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дах хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар үүрэг дуусгавар болохоор заасан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалт нь үүргийг үүрэг гүйцэтгэгч заавал биечлэн гүйцэтгэхээр байх ёстой бөгөөд биечлэн гүйцэтгэх боломжгүй үед үүрэг дуусгавар болох логик шаардлага юм.
Талууд мөнгөн төлбөрийн нийтлэг үүргийн талаар тохиролцсон тул хариуцагч нарын нэг нь нас барсанаар үүрэг дуусгавар болохгүй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах гэж заажээ.Талууд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагад нийцүүлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан буюу талуудын хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулсан байхад шүүхээс гэрээнд гарын үсэг зурсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэх агуулгатай ойлгомжгүй, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Харин талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусч, гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх нээгдсэн ч шаардаагүй үйл баримт байна. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч нэхэмжлэгч "ХХБ" ХХК-аас 2021 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргаж, энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлнө гэх тайлбар гаргаагүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Талуудын зарчмыг үндэслэн хариуцагч С.Б-гийн үндсэн зээлээс 6 397 473 төгрөг төлнө гэх хүлээн зөвшөөрсөн хэсгээр хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-гээс 6 397 473 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 702 563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,
3 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч С.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 117 309 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ш.ОЮУНХАНД