Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/581

 

  2024           05            16                                          2024/ДШМ/581

 

Л.М, Г.Б  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, Г.Б  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.М, Г.Б  нарт холбогдох 2208 03723 1913 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Д овогт Л-н М, ...... оны ... дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерийн командын офицер мэргэжилтэй, .......... ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......./;  

2. Б овогт Г-н Б, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зааварлагч, буудагч мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ....../;  

Шүүгдэгч Л.М, Г.Б  нар нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-3 уулзварын зам дээр хохирогч Б.Н-тай “Машинаар шахсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, газарт унагаж, чирэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Л.М нь зодооныг салгахаар очсон хохирогч Б.М-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.М, Г.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт гэмт хэргийг бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Б-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ. Анхан шатны шүүх хуралд гэм буруугийн хувьд маргаагүй боловч өмгөөлөгчийн зүгээс “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” өнгөрсөн үндэслэлийг анхаарч үзэхийг шүүхээс хүссэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна” гэж заасан ба 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаа дууссан байхад прокурор яллагдагчаар татсан нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд миний бие яллагдагчаар татах тогтоолтой 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр танилцаагүй 08-ны өдөр танилцсан. Хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн боловч “яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж хуульд заасан байна. “Яллагдагчаар татах” гэдгийг хэрхэн ойлгох талаар хуульд заагаагүй байна. Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсанаар миний бие яллагдагчаар татагдаж яллагдагч болох юм байна гэж ойлгож байгаа боловч шүүхээс “хугацаа дуусах сүүлчийн өдөр яллагдагчаар татсан” буюу “яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” өдрөөр тооцож байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралд гэм буруугийн хувьд маргаагүй боловч өмгөөлөгчийн зүгээс “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” өнгөрсөн үндэслэлийг анхаарч үзэхийг шүүхээс хүссэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна” гэж заасан ба 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаа дууссан байхад прокурор яллагдагчаар татсан нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд миний бие яллагдагчаар татах тогтоолтой 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр танилцаагүй 13-ны өдөр танилцсан. Хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн боловч “яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж хуульд заасан байна. “Яллагдагчаар татах” гэдгийг хэрхэн ойлгох талаар хуульд заагаагүй байна. Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсанаар миний бие яллагдагчаар татагдаж яллагдагч болох юм байна гэж ойлгож байгаа боловч шүүхээс “хугацаа дуусах сүүлчийн өдөр яллагдагчаар татсан” буюу “яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” өдрөөр тооцож байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарын давж заалдах гомдолд Эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах тогтоолыг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Тухайн хэргийн хувьд  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна” гэж заасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө прокурор яллагдагчаар татсан. Тогтоолыг хэзээ танилцсан нь хамааралгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан учир шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Л.М, Г.Б  нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

  Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.М, Г.Б  нар нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-3 уулзварын зам дээр хохирогч Б.Н-тай “Машинаар шахсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, газарт унагаж, чирэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Л.М нь зодооныг салгахаар очсон хохирогч Б.М-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-ын “... Машины цонхоор “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд “зогсож бай, та нарыг ална” гээд машинаасаа буухаар нь би мөн машинаасаа буутал над руу гүйж ирээд намайг заамдаад авсан. Би тухайн залууд “яагаад миний биед халдаад байгаа юм тавь” гэж хэлэхэд тавихгүй урдаас хэл амаар доромжлон “ална, хядна” гээд дайраад байсан. Гэтэл нэг үл таних хүн ирээд намайг тэврээд авсан энэ үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний баруун, зүүн шанаа руу гараараа нэг нэг удаа цохисон. Тэгээд миний төрсөн дүү машинаас бууж ирээд “чи яагаад миний ахыг цохиж байгаа юм” гэхэд тухайн залуу миний дүү М-н нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход дүүгийн хамраас нь цус гарсан. Тэгээд би гараа суллаж байгаад жолооч залуугийн хажуу талаас нь цамцнаас нь татсан. Гэтэл тэр залуу эргэж хараад намайг заамдаж аваад цохих гээд байхаар нь би биеэ хамгаалаад зүүн гараараа хоолой руу нь тулж хойшлуулаад түлхэж байтал жолооч залуу намайг газар унаган намайг доош нь харуулан 4 хөллүүлж байгаад миний цамцнаас чирээд баруун гарын сарвуун дээр хөлөөрөө дэвсэж, тамхи унтрааж байгаад хэд хэдэн удаа гишгэсэн. Энэ үед би гараа татаж аваад толгойгоо тэврээд хэвтэж байхад миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд зам дээр байсан машинуудаас нэг залуу бууж ирээд салгасан. ...” /хх 50-52/,

хохирогч Б.М-н “...Тэгээд цонхоо онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд “зогсож бай, та нарыг алнаа” гээд машинаасаа буухаар нь миний ах эхлээд машинаас буутал ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч манай ахыг заамдаад авсан. Би одоо боль гэж хэлээд машинаа тэгшилж зогсоогоод эргээд хартал сүүлд ирсэн машины жолооч миний ахыг тэврээд авсан байсан. Энэ үед жолооч залуу миний ахын нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Би хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд би жолооч залууд хандан “чи яагаад миний ахыг цохиж байгаа юм” гэж хэлээд түлхэх гэтэл миний нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон. Гэтэл миний ам, хамраас цус гараад би амаа дараад машинд суусан. Би шууд цагдаа дуудсан. ...” /хх 56-58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Н-ын биед баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 15163 дугаартай дүгнэлт /хх 73-74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.М-ын биед уруулд салстын ялзрал, цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 15148 дугаартай дүгнэлт /хх 71-72/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.М, Г.Б  нарыг бүлэглэж хохирогч Б.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Л.М-г хохирогч Б.М-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л.М, Г.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.М, Г.Б  нараас “... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дууссан байхад прокурор яллагдагчаар татсан нь хууль бус...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан.

Харин хугацаа тоолох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.”, мөн 6 дахь хэсэгт “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна. ...” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан, уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жилийн дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.М, Г.Б  нарыг яллагдагчаар татжээ. /хх 82, 86/

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хугацааны дотор буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа дуусахаас өмнө шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг хууль зөрчөөгүй гэж үзэв.

Хэдийгээр прокурор дээрх ажиллагааг цаг хугацааны хувьд хуульд заасан хугацаанд хийсэн гэж үзэх боловч хэргийг мөрдөн шалгах ажиллагаа огт хийлгүйгээр үндэслэлгүй хэт удаашруулж, удаа дараа хэргийн хугацааг ижил үндэслэлээр сунгасан, мөн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51 талд 46 удаа гэх мэт/ үг, үсгийн алдаатай бичигдсэн зэргийг прокурор, мөрдөгчид цаашид анхаарч ажиллавал зохино.

 Иймд шүүгдэгч Л.М, Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг 2 удаа хэрэгт хавсаргасан байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, Г.Б  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР