Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

            Шүүгдэгч О.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Мт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805015500271 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М, 1982 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид байр зүйн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ...бүртгэлтэй, боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хүрээ Хаус-75-45 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч О.Мнь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн Г.Цийн дух хэсэг рүү архины шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг төлж эвлэрсэн” гэв.

Хохирогч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим би найзууд болох Н, О, Оын хамт дөрвүүлээ Эргэн дурсахуй бааранд орж суусан. 3 дугаар ширээнд сууж хүний нэг, нэг пиво захиалан уусан. Би найзуудтайгаа бүжиглэчихээд ширээн дээрээ ирж суусан. Ширээнийхээ зүүн талын захад ертөнцийн зүгээр хаалга руу харан сууж байсан чинь гэнэт хаанаас ч юм бэ мэдэхгүй шилэн хундага ирэн миний дух хэсэгт цохьчихсон. Би маш их балмагдсан. Толгой хэсгээс цус гараад байсан. Зөөгч эрэгтэйг дуудсан чинь миний толгойноос цус гарч байгааг хараад маш хурдан цаасан алчуур авчирч өгсөн боловч цус тогтохгүй байхаар нь 00-ын өрөөнд орсон. Арай хийн цусаа тогтоочихоод гараад ирсэн чинь намайг цохьсон хүнийг олчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шинжээчийн 3767 тоот дүгнэлтэд: “...Г.Цийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Яллагдагчаар О.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-нд орой 19 цагийн үед ажлынхаа С, Б, Т, Т, Г, Г нарын хамт “Эргэн дурсахуй” бааранд цэргийн баяр тэмдэглэх гэж орсон. Тэгээд тэндээ бүжиглэж байтал манай Зэвсэгт хүчний Жанжин штабын гадаад хэлний сургалтын төвийн багш нартай таарсан. Тэгээд би Сийн хамт багш нарын ширээн дээр нь 1 шил архи аваад баярын мэнд хүргэн очиж архиа задлан уусан. Тэгтэл тэнд байсан гадаад хэлний багш А наад архиа аваад зайл, та нарын архитай архигүй болно гээд хэрүүл хийгээд агсам тавиад байхаар нь би хэрүүл хийж байгаад салсан. Би баарны ширээний дугаарыг мэдэхгүй, үүднээс тоолоход 2 дахь ширээн дээр сууж байсан. Харин гадаад хэлний тэнхимийхэн 4 дүгээр ширээн дээр сууж байсан бөгөөд А над руу чи намайг амжихгүй гэх мэтчилэн ширээнийхээ ардаас хэл амаар доромжлоод байхаар нь би өөрийнхөө урд талд байсан жижиг архины шилэн аягыг авч А руу шидсэн чинь 3 дугаар ширээнд миний өөдөөс харан сууж байсан эмэгтэйн толгой хэсэг рүү оносон. Тэгтэл нөгөө эмэгтэй ширээн дээрээсээ босон гараад явсан. Тэгээд би гэртээ харихаар баарнаас гарах гэсэн чинь хамгаалагч нар намайг бааранд хүний толгой хагалсан гээд гаргаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Компьютер томографийн оношлогоо /хх-н 17/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-29/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, Хохирогчийн хүсэлт /хх-н 44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Мнь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн Г.Цийн дух хэсэг рүү архины шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Цийн: “...Ширээнийхээ зүүн талын захад ертөнцийн зүгээр хаалга руу харан сууж байсан чинь гэнэт хаанаас ч юм бэ мэдэхгүй шилэн хундага ирэн миний дух хэсэгт цохьчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, шинжээчийн 3767 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Мнь “Эргэн дурсахуй” бааранд иргэн Г.Цийн дух хэсэг рүү архины шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс 600.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 44/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Мт шүүхээс оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР