Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/636

 

  2024           05            30                                          2024/ДШМ/636

А.Т, Ж. Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, 

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, Ж. Н нарт холбогдох 2205 02531 0886 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. А овогт А-н Т, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

2. Б овогт Ж-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлбөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Шүүгдэгч А.Т, Ж. Н нар нь бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Х” зочид буудлын ..-р давхрын ... тоотод “охин татаж чангааж, оролдлоо” гэх шалтгаанаар С.Ц-г зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Т, Ж. Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Н, А.Т нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Н, А.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, А.Т нарт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шүүгдэгч Ж.Н, А.Т нараас тус бүр 17.825.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Н, А.Т нараас 8.959.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Н, А.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс А.Т-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н өгсөн нотлох баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, хаанаас хуулбарлан авсан нь тодорхойгүй баримтууд байсан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дүгээр шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1132 дугаар дүгнэлтүүд нь дээрх баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргасан шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хяналтын прокурорын зүгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нөхөж зуруулсан энэ хэрэгт байгаа баримтаас өөр баримт авчирч хэрэгт хавсаргасан, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16.00 цагт хохирогч С.Ц “Х” зочид буудлаас гарч явсан ба 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “E “ рестораны В1 давхраас олдсон ба яг хэрэг учрал болох үеийн камерын бичлэг олдоогүй, дээрх хугацаанд өөр байдлаар осолдсон байж болзошгүй үйл байдлыг шалгуулахаар олон удаа хүсэлт гаргаж байсан боловч энэ талаар нарийн шалгаж тогтоогоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний сацуу нотолбол зохих байдлыг тогтоолгүй, эргэлзээтэй баримтыг үнэлж шүүх шийдвэр гаргасан. А.Т-н хувьд анхнаасаа хохирогч С.Ц-г цохиж, зодсон гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөр төлж байсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох түүний төрсөн эгч С.О-н мэдүүлгээр буруутгаж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй. С.О-н 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “...Х зочид буудлын өрөөнд яваад ороход С.Ц толгой хагарсан, цус гарсан байсан, цусыг арчиж гаргасан” гэж мэдүүлдэг бөгөөд гэмтэл нэгэнт учирсан хойно орсон байдаг, Ж.Н-г С.Ц-г зодсоныг харсан үзсэн гэрч, бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хурлын явцад харин ч аравхан настай охин Я.Д-г “ёстой худалч охин байна лээ, өөрийгөө оролдсон талаар худлаа ярьсан” гэх мэтээр худал мэдүүлж, тогтворгүй мэдүүлгүүдийг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу өөр бусад эх сурвалжаар С.Ц-г Ж.Н зодсон нь нотлогдоогүй атал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэл хүндрүүлж гэм буруутайд тооцсон үндэслэлгүй, Ж.Н-н зүгээс С.Ц-г зодоогүй талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа мэдүүлдэг, А.Т-н хувьд Ж.Н цохиогүй талаар тогтвортой мэдүүлгүүдийг өгч байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу асаргаа сувилгааны 1 жилийн төлбөрийг нэг сарын 1.825.000 төгрөгөөр тооцож 21.900.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны төлбөр болох 13.750.000 төгрөгийг нотлох баримттай тул хангаж шийдвэрлэв гэжээ. Гэтэл дээрх хуулийн заалт нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг буюу зардал гарсны дараа төлөхөөр заасан атал ирээдүйд гарах зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, сувилгааны төлбөрийг нэг сарын 1.825.000 төгрөгийн төлбөр гарна гэдгийг ямар нотлох баримтыг үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй. Хохирогчийн хувьд элэгний хатуурал, нэг нүдний хараа алдагдлаас хамаарч группт байдаг, тахир дутуугийн тэтгэвэр авдаг байсан, шүүх 13.750.000 төгрөгийг хэрхэн тооцсон талаар /13.750.000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгт хуваахад бодоход 25 сар байх ба 2024 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн, хэрэг учрал болсноос шүүх хурал болох хүртэл хугацаан 21 сар байгаа/ тодорхойлоогүй нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэсэн бодит хохирол, хор уршгийг тооцох хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар төрийн байгууллага оролцож нэхэмжлэх нь зүйтэй боловч иргэний хариуцагчаар тогтоогдож нэхэмжлэл гаргаж буй этгээдийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хэн болохыг тогтоосон итгэмжлэл, төлөөлөх эрх байхгүй этгээдээс авсан мэдүүлгийн хүрээнд нэхэмжлэл гаргасанд тооцсон, 2 удаагийн мэс заслын зардал нь гэмт хэргийн улмаас эхний хагалгааг хийсэн, 2 дахь хагалгааны хувьд сувилагчийн буруугаас цус алдуулж, шархыг буруу боосноос болж хийгдсэн хагалгаа байсныг ялгаж салгаж дүгнээгүй. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс практикт бүгд л ийм байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж байгаа талаар тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэрэг хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэгддэг хуулийн зохицуулалтыг хангаагүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. А.Т-н дүгээс хохирогч талд 7.360.000 төгрөг төлсөн ба хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас гарсан зардал гэж тооцогдох 656.300 төгрөгийн баримтыг нарийвчлан тогтоогоогүй, нийт төлбөл ёстой төлбөрөөс хасах, суутгах байдлаар шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд С.Ц-н хувьд Ж.Н-н бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдаж хөнжилд нь гараа оруулсан үйл байдлаар тухайн гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан заалт яагаад хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзээгүй талаарх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй нь ял оногдуулахад нөлөөлсөн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар А.Т-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн зүйлчилж, хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч С.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.О нарын гаргасан гомдол нь ор үндэслэлгүй, намайг илт гүтгэж, хийгээгүй үйлдлийг хийсэн, цохисон болгон гомдол гаргаж ялласныг эсэргүүцэж гомдол гаргаж байна.

1. Хохирогч С.Ц нь миний охины биед удаа дараа зөвшөөрөлгүй халдсан, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

2. Энэ явдлаас болоод миний охин бие сэтгэлийн хохирол авсан, сэтгэл зүйчээс эмчилгээ зөвлөгөө авч байгаа болно.

3. Хохирогч С.Ц, С.О нар нь бага насны хүүхдийг хохироосон үйлдлээ нуун дарагдуулж, өөрсдийн буруутай үйлдлээ нуухын тулд над руу дайрч хэлмэгдүүлж байгаа болно.

4. С.О нь намайг хохирогч С.Ц-г зодсон, цохисон гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Хохирогч С.Ц-н гаргасан зүй бус үйлдлээс миний бие төдийгүй насанд хүрээгүй хоёр охин, мөн 86 настай миний ээж асран хамгаалах хүнгүй болж давхар хохирч эрх ашиг нь маш ихээр зөрчигдөж байгаад гомдолтой байна. Иймд үнэн зөвийг тогтоож үнэний талд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Яллагдагч Ж.Н нь Х зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч С.Ц-н биед хүнд хохирол учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй ба ийнхүү хохирогчийн биед гэмтэл учруулаагүй болох нь яллагдагч Ж.Н болон А.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн А.Т-н 2023.05.08-ны өдрийн мэдүүлэг, Х зочид буудлын үйлчлэгч Г.Т-н 2022.11.27-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогддог. Тухайлбал, Х зочид буудлын ажилтан Г.Т нь 2 удаа 306 тоот өрөөний хаалгыг онгойлгож ороход Ж.Н нь хохирогчийг зодож байгаагүй ба харин А.Т-н үйлдлийн улмаас хохирогчийн хамраас цус гарсан буюу нүүр нь цус болсон байдалтай байсан. Хэрэв Ж.Н нь хохирогчийг зодож, түүний биед хүнд хохирол учруулсан байсан бол Х зочид буудлын үйлчлэгч Г.Т нь Ж.Н зодсон гэх үйлдэл, үйл баримтыг мэдэх боломжтой бөгөөд энэ талаар өөрийн мэдүүлэгтээ дурдах байсан. Мөн 2022.07.14-ний өдөр Х зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч С.Ц-н биед хүнд хохирол учрах цаг хугацаанд тухайн өрөөнд зөвхөн С.Ц, Ж.Н, А.Т нар байсан тул болсон үйл явдлын талаар зөвхөн эдгээр хүмүүс үнэн зөв, эргэлзээгүй мэдүүлэг өгөх боломжтой атал анхан шатны шүүх Ж.Н болон А.Т нарын мэдүүлгийг нотлох баримтаар огт үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ..., яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, ... болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчиж, Ж.Н, А.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан юм. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд анхан шатны шүүх яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтад тооцон үнэлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд харин тухайн мэдүүлгийг үгүйсгэх бусад нотлох баримт хэрэгт байгаа тохиолдолд шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэж, өөрийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт эргэлзээгүй бөгөөд тодорхой дүгнэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулсан дүгнэсэн эсэх, шүүгдэгч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдсан эсэх, шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримт гэж дүгнээгүйн тод илрэл юм. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй байх хуулийн зохицуулалттай болохоос биш яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүй эрх хэмжээ анхан шатны шүүхэд байхгүй байна.

2. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-с өгсөн мэдүүлгийг үндэслэн Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О 2022.07.14-ний өдөр Х зочид буудалд анхнаасаа байгаагүй ба хохирогчийн биед гэмтэл учрах цаг хугацаанд байгаагүй болох нь С.О-н 2022.10.05-ны өдөр гэрчээр өгсөн “Би буудлын 3 давхарт нь ороход С.Ц-н баруун нүд нь хавдаад нүд нь харагдахгүй толгойны баруун талын хэсэг нь хагарч цус гоожсон байсан. ... Би зочид буудал руу 15-16 цагийн орчимд орсон байх” гэх мэдүүлэг, мөн буудлын үйлчлэгч Г.Т-н “... би хурдан гараарай гэж хэлээд хажуу талын 302-ыг цэвэрлэх гээд орсон. Удалгүй нэг эмэгтэй /С.О/ өрөөний тоот асуулгүй шууд 306 тоот руу орсон” гэх мэдүүлгээр тус тус тогтоогддог. Тухайлбал, 2022.07.14-ний өдөр Х зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогчийн биед гэмтэл учрах цаг хугацаанд С.О нь байгаагүй ба тухайн гэмтлийг хэн учруулсан болохыг мэдэхгүй буюу мэдэх боломжгүй бөгөөд түүнийг ороход хохирогчийн тархинд гэмтэл учирчихсан байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь хохирогчийн биед хүнд хохирол үүссэн байх боломжтой цаг хугацаанд хамт байгаагүй буюу тухайн гэмтлийг хэний үйлдлийн улмаас учирсан болохыг мэдэх боломжгүй, мэдээгүй болох нь дээрх мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болоод буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлэг /306 тоот өрөөнд Ж.Н хохирогчийг зодсон гэх/ нь буудлын үйлчлэгч буюу гэрч Г.Т-н 2022.11.27-ны өдөр өгсөн “... Төд удалгүй нэг эмэгтэй /С.О/ өрөөний тоот асуулгүй шууд 306 тоот руу орсон. Тэр эмэгтэй ороод тэд нар юм яриад 30 гаруй минут болсон байх тэгтэл гаднаас орж ирж зодуулсан залуу нь гараараа толгойгоо дараад гараад явсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайлбал, зочид буудлын үйлчлэгч Г.Т нь С.О-г ирэхээс өмнө 306 тоот өрөөнд 2 удаа орсон бөгөөд үүний дараа хохирогчийн төлөөлөгч С.О 306 тоот өрөөнд ирсэн ба ийнхүү С.О-г өрөөнд орсноос хойш аливаа зодоон болоогүй, хохирогчийг зодсон үйлдэл гараагүй ба харин 30-аад минут харилцан ярилцсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гэрч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаагүй, Г.Т-с өгсөн дээрх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар огт үнэлээгүй бөгөөд хэт яллах талыг баримталж зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н өгсөн мэдүүлгээр Ж.Н-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх эрхтэй болохоос биш шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй С.О-н мэдүүлгийг үгүйсгэсэн буюу хэргийн үйл баримтыг нотолж буй гэрч Г.Т-н хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр үнэлэлгүй орхигдуулах, үнэлэхгүй байх, нотлох баримтаар тооцохгүй байх эрхгүй юм.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй бөгөөд түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байдаг. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ буудлын ажилтан өрөөний хаалга тогшиж орж ирэхэд Ж.Н нь хохирогчийг зодож байсан, ... 20-30 минутын турш тасралтгүй зодсон” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн бол Х зочид буудлын ажилтан Г.Т 2 удаа өрөөнд орж ирэхэд зодоон болсон талаар огт мэдүүлээгүй байдаг ба харин ч 2 удаа 306 тоот буудлын өрөөнд орсны дараа С.О-г тухайн өрөөнд орсон талаар мэдүүлсэн байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь 2022.07.13-2022.07.14-ний өдрийн хоорондох үйл баримтыг үнэн зөв мэдүүлээгүй болох нь гэрч Я.Д охины мэдүүлгээр тогтоогддог. /С.О-с мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгийн зөрүүг энэхүү гомдолд хавсаргав/. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлэг нь дээрх байдлаар зөрүүтэй бөгөөд түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй тул зөвхөн энэхүү мэдүүлгийг нь үндэслэн Ж.Н-г гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..., шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, С.О-н мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг, тодорхой ашиг сонирхлын үүднээс Ж.Н-г гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримт болон хуулийг хэрэглээгүй.

4. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н.Наранбаатарын 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаа 2022.11.14-ний өдөр №15339 тоот дүгнэлтийг гаргасан. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаад шинжилгээ хийлгэх үндэслэл болсон 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг танилцуулаагүй, шинжээч эмчид эрх, үүргийг тайлбарлан хууль сануулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ”, мөн хуулийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг тус тус зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан. Энэ тохиолдолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15339 тоот дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, улмаар тус нотлох баримтыг үндэслэн Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан тул хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15339 тоот нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, 2023.03.19-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /шинжээч томилсон/-ын хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч тус тогтоолын хуулбар нь хавтаст хэрэгт авагдсан 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоос бичвэр, агуулга, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс тавигдаж буй асуулт болон гарын үсэг зэрэг нь илтэд зөрүүтэй байдаг. Тухайлбал, Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоос: 1. Бичвэрийн хувьд зөрүүтэй 2. Олсон нь хэсэг зөрүүтэй. Улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоолд ”... оролцогч нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн дурдсан. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд “... тусгай мэдлэг бүхий шинжээчээр гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн дурдсан 3. Шинжээчид тавигдсан асуулт зөрүүтэй. Улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоол 5 асуулттай. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоол 9 асуулттай. 4. Дүгнэлт гаргах цаг хугацаа зөрүүтэй. Улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоол 2022.11.08-ны өдрийн дотор дүгнэлт гаргахаар заасан. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоол 2022.11.20-ны өдрийн дотор дүгнэлт гаргахаар заасан.

5. Танилцсан шинжээч эмчийн гарын үсэг болон оролцогчийн гарын үсгийн байрлал зөрүүтэй. Улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоолд шинжээч эмч гарын үсэг /танилцсан мэт/ зурсан мэт. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд шинжээч эмч гарын үсэг /танилцуулаагүй/ зураагүй. Тухайн тогтоолтой танилцсан оролцогчийн гарын үсгийн байрлал зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шинжээчид танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлан өгөлгүйгээр шинжилгээ хийлгэсэн байх ба уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тогтоогдсон тул улсын яллагч дээрх алдааг залруулах зорилгоор 2023.03.19-ний өдрийн шүүх хуралдаанд нөхөн үйлдсэн буюу хууль бус аргаар цуглуулж, бэхжүүлсэн илтэд үндэслэлгүй мөрдөгчийн тогтоолыг хавтаст хэрэгт гарган өгснийг шүүх хүлээн авч шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил юм. /2023.03.19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэг ч тайлбар хэлээгүй нь тухайн мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болохыг нотлон харуулсан/. Хавтаст хэрэгт хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор томилсон зөрүүтэй 2 мөрдөгчийн тогтоол авагдсан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15339 дугаартай шинжээчийн дүгнэлт нь аль мөрдөгчийн тогтоолыг үндэслэн гарсан болохыг тааж мэдэх аргагүй бөгөөд энэ тохиолдолд шинжээчийн 15339 тоот дүгнэлтийг үнэн зөв, үндэслэл бүхий гэж дүгнэх хууль зүйн боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх /шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцсэн/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн дээрх үйл баримтад ямар ч дүгнэлт хийлгүйгээр 2 зөрүүтэй мөрдөгчийн тогтоолын дунд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд хамаарах ба шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Ж.Н-н өмгөөлөгч миний бие 2022.07.14-ний өдөр Х зочид буудлын 306 тоот өрөөнд болсон үйл явдал, гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилгах, мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т заасныг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаа 2022.12.02-ны өдөр мэдүүлэг өгсөн бөгөөд тус мэдүүлэгт “... Дээрх гавал тархины гэмтлийн үед ... хүн бүр харилцан адилгүй үйлдэл хийж болно. Зарим тохиолдолд шууд ухаан алдах, зарим тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийнэ. Цусан хурааны хэмжээнээс хамаарна” хэмээн мэдүүлсэн бол мөн өдөр гэрч /шинжээч эмч/ Ц.Баясгалан “... баруун зүүн тал нийт 292 мл цусан хураа авсан, тархи дарагдал өгсөн байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Дээрх гэрч /шинжээч эмч/ нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч С.Ц-н гавал тархи дахь цусан хурааны хэмжээ 292 мл байсан болох нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд хохирогч С.Ц нь идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой байсан эсэх, эсхүл шууд ухаан алдсан эсэхийг тогтоох боломжтой бөгөөд энэхүү үйл баримтыг тогтоох нь хохирогч хэзээ, хаана, хэний үйлдлийн улмаас тухайн хүнд хохирлыг авсан болохыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Учир нь, хохирогч С.Ц нь 2022.07.14-ний өдөр Х зочид буудлын 306 тоот өрөөнөөс бие болон ухаан санаа эрүүл гарч явсан боловч 2022.07.15-ны өдөр Вип төвийн В1 давхарт ухаангүй байдалтай олдсон. Дээрх үйл баримтаас үзэхэд хохирогч нь 2022.07.14-ны өдрийн 16 цагаас 2022.07.15-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд өөрийн үйлдэл, учир холбогдлыг ойлгох боломжтой байсан ба бусад этгээдийн үйлдлийн улмаас дээрх гэмтлийг авсан байх боломжтой байдаг. /Прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үүргээ эс биелүүлж хохирогчийн явсан зам маршрутыг бодитоор тогтоогоогүй, хохирогч олдсон Вип төвийн хяналтын камерын бичлэг бичигдээгүй гэх шалтгаан нөхцөлийг тодруулаагүй/. Мөн 2022.07.14-ний өдөр Х зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан Г.Т болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй бөгөөд Г.Т нь 306 тоот өрөөнд 2 удаа орсон болох нь түүний мэдүүлгээр тогтоогддог. Энэ тохиолдолд гэрч Г.Т-г шүүх хуралдаанд дуудан ирүүлж С.О-н мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн цаг хугацаанд Ж.Н нь хохирогчийн зодсон эсэх үйл баримтыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай юм. Мөн Вип төвийн харуулаар ажиллаж байсан Ө.Б-г шүүх хуралдаанд дуудан ирүүлж мэдүүлэг авснаар Вип төвийн В1 давхарт болсон үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх ямар ч үндэслэлгүйгээр шүүх хүлээн авахаас татгалзаж, зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн Ж.Н-г гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгүйгээр Ж.Н-г гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, хохирогчийн биед учирсан хүнд хохирол нь цаг хугацааны хувьд хэзээ, хэний үйлдлийн улмаас бий болсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй. Тухайлбал, 2022.07.14-ний өдөр Х зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирэхээс өмнө С.Ц-н тархинд гэмтэл учирсан байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон буудлын үйлчлэгч Г.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлгээр тус тус нотлогддог. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж буй тохиолдолд Ж.Н хохирогчийг зодсон буюу түүний биед гэмтэл учруулсан эсэх, хохирогчийн биед учирсан хүнд хохирол болон Ж.Н-н үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой эсэхийг дүгнэж, хэрэв Ж.Н-н үйлдлийн улмаас хохирогчид шууд гэмтэл учирсан тохиолдолд түүнийг гэм буруутайд тооцох ёстой. Тухайлбал, Ж.Н хохирогчийн хөл, гар, эсхүл хацар хэсэгт нь алгадсан гэж төсөөлөхөд тухайн үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол /гэмтэл/ учирсан эсэх, дээрх гэмтэл учрах боломжтой эсэхийг тогтоох ёстой юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан хүнд хохирол Ж.Н болон А.Т нарын хэний үйлдлийн улмаас бий болсон болохыг дүгнэн тогтоох нь ял шийтгэл гарцаагүй байх, хууль бусаар ял шийтгэхгүй байх зарчимд нийцэх юм. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримт, шүүгдэгч нарын үйлдэл болон хохирогчид учирсан хохирлын шууд шалтгаант холбоог тогтоогоогүй, энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр Ж.Н-г гэм буруутайд тооцож түүний эрх зүйн байдлыг дордуулаад байна.

7. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдал, ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2022.07.13-2022.07.14-нд шилжих шөнө хохирогч С.Ц нь Ж.Н-н охин болох 10 настай Д охины хөнжилд гараа оруулж, цээжийг нь 2 удаа илэх зэргээр хууль бус үйлдэл гаргасан бөгөөд хохирогчийн энэхүү үйлдэл нь охин Д-н мэдүүлгээр тогтоогддог. /Хохирогчийн хууль бус /зүй бус/ үйлдлийн улмаас энэхүү хэрэг гарсан/. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь шүүгдэгч Ж.Н-с их хэмжээний мөнгө, орон сууц нэхэж байсан талаар Ж.Н хэлдэг бөгөөд С.О-с өгсөн 2023.08.04-ний өдрийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Дээрхээс дүгнэн үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О орон сууц авах санаа зорилгоор Ж.Н хохирогчийг зодсон хэмээн мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй атал анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг хэрэгт авагдсан дээрх баримттай харьцуулан дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй /орхигдуулсан/, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглээгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч болон хохирогчийн хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Н, А.Т нарын үйлдсэн гэх гэмт хэргийн талаар тогтоосон хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад хийсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 1, 2, 3, 6 дугаар заалт, 16.2 дугаар зүйл, 16.3 дугаар зүйл, 16.5 дугаар зүйл, 16.15 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

1. Миний үйлчлүүлэгч Ж.Н-г А.Т-тай бүлэглэж, С.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ж.Н-тэй нүүрэлдэн мэдүүлэг өгсөн баримт зэргээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 6 удаагийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаад зогсохгүй буудлын ажилтан Г.Т-н 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн Г.Т гэрчээс дахин 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байна. Түүнчлэн, хэрэг явдал болсон гэх 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр буудалд болсон үйл явдлыг мэдэх хоёр шүүгдэгч, сүүлд дуудагдан ирсэн гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, гэрч буудлын ажилтан Г.Т нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр мэдүүлгүүдийн зөрүүг арилгахгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэгт хэт автан, бусад нотлох баримттай сайтар харьцуулан шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Н, А.Т нарын мэдүүлгийг үнэлэхгүй талаар дүгнэлтээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчдийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна гэрч Г.Т, шүүгдэгч Ж.Н, А.Т нарын мэдүүлгээс зөрүүтэй байсаар атал шүүх түүний мэдүүлгийг хэрхэн яагаад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон талаараа дүгнээгүй, өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгээс шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бол бусад зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн үнэлж, хэрхэн няцаасан талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ заавал тусгахаар заасныг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн яллагдагч шүүгдэгч нь гэмт хэрэгт биечлэн оролцсоны улмаас хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлт, хөнгөрүүлэх цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт няцаалтыг хэлэх мөн бусад яллагдагч шүүгдэгч нарын хэргийн оролцоог илчлэх боломжтой тул гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлж буй тохиолдолд гэрчийн мэдүүлгээс илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой байдаг бол хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүй байдаг тул яллагдагч шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгүүдийг нарийн судалж, эх сурвалжийг тодорхойлж мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгаж үнэлэх талаар Улсын дээд шүүхийн тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх яллагдагч, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн, хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэсэн эсэх, эргэлзээтэй мэдүүлгүүдийг хэрхэн ямар үндэслэлээр шийтгэх тогтоолын үндэслэл болгож, шүүгдэгч тэдний өмгөөлөгчдийн саналыг хэрхэн няцаасан талаар дүгнээгүй, хэт нэг талыг барьсан ерөнхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр заасан. Мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Наранбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол авагджээ. Уг тогтоолд хэрэг бүртгэлийн 220502531 дугаартай хэрэгт С.Ц-н биед шинжилгээ хийхийг Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд даалгаж, 9 төрлийн асуултыг шинжээчид тавьж дүгнэлтийг 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг даалгасан байх боловч шинжээчээр хэн гэдэг хүнийг томилсон талаар тодорхойгүй байхаас гадна шинжээч эмчид эрх үүргийг тайлбарлан хууль сануулаагүй болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолоос харагдаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ”, мөн хуулийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан өгч дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх зэргээр хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж заасан. Гэтэл дээрх мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор хэн гэдэг шинжээчийг томилсон, хуульд заасан эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Иймд уг шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн байх ба 7-д “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байтал анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “С.Ц-н биед баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. ... цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100 хувь алдагдуулна” гэж дүгнэжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох”, 1.9.3-т “Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрт үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох”, 1.9.4-т “гэмтлийн зэргийг тогтоохдоо тухайн гэмтлийн төрөл, хэлбэр, хэмжээ, байрлал, онцлог зэргийг шинжилгээний бичиг баримтад тусгана” гэж тус тус заасан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийн аль аль нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, аль хэсэг нь буюу баруун хуйханд шарх, нүүр цээж хоёр шилбэнд цус хуралт зэрэг гэмтэл нь гэмтлийн аль зэрэгт хамаарах, цус хуралтын хэмжээг нарийвчлан тодорхойлох, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх зэргийг нарийвчлан тодорхойлж дүгнэх талаар тодорхойлсон байхад хэрэгт авагдсан 15339 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дээрх заалтуудыг зөрчсөн буюу бүрэн гүйцэт биш, дутуу дүгнэлт гэж үзэж байна. Уг хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журам болон Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Гэмтлийн зэрэг тогтоох журмуудыг зөрчсөн, бүрэн биш дүгнэлт байсаар атал анхан шатны шүүх уг дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэрчээр болон хохирогчоор өгсөн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэн хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулах замаар мэдүүлгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судалж, шүүгдэгчдийн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоохгүйгээр шийдвэрлэсэн, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмыг зөрчсөн байтал энэ талаар нотлох баримтаар үнэлэхдээ холбогдох дүгнэлтийг хийгээгүй, түүнчлэн шүүгдэгч А.Т-н хувьд үйлдсэн гэмт хэргээ буюу хохирогчийг 2 удаа цохисон гэдгээ хүлээн мэдүүлсэн байдал, Ж.Н-н хувьд хохирогчид гар хүрээгүй болохоо удаа дараа мэдүүлсээр байтал зөвхөн хохирогчийн эгч гэх С.О-н өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгохдоо холбогдох дүгнэлтийг хийгээгүй зэрэг нь уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Ж.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Н намайг өөрийг нь дагуулж яваад архи өгч, уучлалт гуйсан гэж байгаа боловч ийм зүйл болоогүй. Би түүнийг дагуулж яваагүй, мөнгө, байшин өг гэж нэхээгүй. Намайг буудал руу ороход манай дүүг зодсон байсан. Яагаад зодсон талаар асуухад “Охины маань хөнжил рүү хоёр удаа гараа хийсэн байна” гэж хэлсэн. Би буудал руу ороод “Хүнийг ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм” гэхэд А.Т толгой руу тохойлдоод хана руу цохисон, Ж.Н хана мөргүүлээд зодохоор нь “болиоч, асуудлыг нь тусдаа шийдүүлье, үнэхээр тийм зүйл болсон бол би дүүгийнхээ өмнөөс уучлалт гуйя, бид нарт тийм зүйл огт мэдэгдээгүй, би хүүхдийг чинь өвөртөлж унтсан шүү дээ” гэж Ж.Н-д хэлсэн. Тэгээд би дүүгээ 2 удаа ваннын өрөөнд оруулж цусыг нь угаахад шүд нь унасан байсан. Би С.Ц-с үнэхээр тийм зүйл хийсэн эсэхийг нь асуухад юм ярьж чадахгүй байсан. ... Би “Хамаагүй, ингэж хувийн арга хэмжээ авч болдог юм уу” гэсэн ч Ж.Н дахин сандал дээр суулгаад хоёр удаа хана мөргүүлж зодсон. Тэгэхээр нь би С.Ц-г “Чи манайд очоод байж бай” гэж хэлж гаргаад өөрөө араас нь гарсан. С.Ц-н биед ийм их гэмтэл учирсан байхад анхан шатны шүүх яагаад сэтгэл санааны хохирол тооцохгүй байгааг гайхаж байна. Мөн Ж.Н-н дүү гэх залуу надтай уулзаад “Та мэдүүлгээ буцаа, Н-г зодоогүй гэж хэл, тэгвэл таны хохирлын мөнгийг өгье, тэгэхгүй бол өгөхгүй” гэж хэлсэн. Би Ж.Н-с хохирол төлбөр гэж их мөнгө нэхээгүй. Манай нөхөр бие муутай, нойр булчирхайн хагалгаанд орсон ч 12 дугаар сард нас барсан. А.Т, Ж.Н хоёроос болж миний амьдрал сүйрсэн. С.Ц-г харж хандах өөр хүн байхгүй, асрамжийн газар ч авахгүй байна. Хүнийг ийм болгосон байж худал гүжирдэж, зодоогүй мэтээр ярьж байгаад гомдолтой байна. Би дүүгээ асраад ажил ч хийж чадахгүй хүнд байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд өгсөн оролцогч мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч С.Ц-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдсон. Уур, бухимдалтай, биеэ барихад хэцүү байсан ч хүнийг ийм болтол нь зодох ёсгүй. Энэ хэрэг гэрчтэй, тодорхой хэрэг бөгөөд ээдрээ, төвөгтэй хэрэг биш. Хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсан талаар Т гэх гэрч “Энэ хүмүүс орсноос хойш 30 минутын дараа түжигнээд байхаар нь яваад ортол тэр хүн цустай хутгалдсан байсан” гэж тодорхой мэдүүлсэн. Гэрч С.О өрөөнд орсноос хойш юу болсон талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Хохирогч өөр бусад хүнд зодуулах ямар ч боломж гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэж гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулахаар хүсэлт гаргасан гэрч Т, Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг сайтар танилцуулсан. Буудлын үйлчлэгч гэрч Т “Тухайн буудлаар хоёр дахь өдрөө үйлчлүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гаднаас өндөр биетэй эрэгтэй хүн дагуулж орж ирээд удалгүй түжигнээд явчихсан. Юу болоод байна гээд очтол хүүхэд оролдсон хүнийг хашрааж байна, удахгүй явуулна гэсэн. Мөн цэвэрлэгээ хийхдээ ашигласан чипээр гаднаас нь онгойлгоод ортол гаднаас дагуулж орсон залуу нь өрөөний нойлд цусандаа хутгалдсан, толгойгоо гараараа дарж тонгойсон байдалтай байсан. Эмэгтэй нь гараа алчуураар ороосон, эрэгтэй нь сандал дээр сууж байсан. Та нар боль, хүн алах нь байна, одоо гар гэхэд “зүгээр ээ, энэ хүнийг шийтгэж байгаа юм, удахгүй гарлаа” гэж хэлсэн” гэж тухайн өрөөнд С.Ц зодуулсан байдалтай байсан талаар тодорхой мэдүүлсэн. Зодож, цохиж байгаа талаар мэдүүлээгүй ч зодоон болсныг үгүйсгэсэн мэдүүлэг гэж тайлбарлаж болохгүй. Гэрч Б нь пабын харуулаар ажиллаж байсан бөгөөд хохирогч С.Ц-г хохирогчийг ухаан алдсан байхад олсон хүн юм. Энэ нь тухайн газрын ажилтнуудын мэдүүлгээр давхар нотлогдоно. Хэрэгт цугларсан баримтуудаар тухайн гэмт хэрэг нь “E” пабаас 4 минутын зайд байрлах “Х” зочид буудалд үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Дээрх хоёр гэрчийн мэдүүлэг агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн. ... Анхан шатны шүүх хуралдаан нэлээд маргаантай, удаан үргэлжилсэн тул прокурор шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг тайлбарлаж чадаагүй, орхигдуулсан. Өмгөөлөгч нар прокурорыг нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол шалгуулах эрхтэй. Хэргийн 118 дахь талд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 9 асуулт бүхий тогтоол авагдсан. ... Шүүх шинжилгээний газраас хариу ирүүлсэн албан бичгээр мөрдөгч Наранбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 5 асуулт бүхий тогтоолыг явуулсан. Мөрдөгч нь хөдөө орон нутаг руу шилжин томилогдсон тул энэ талаар тодруулж асуусан. Гэтэл мөрдөгч тогтоолоо 6, 9 асуулт бүхий нэг огноотойгоор 2 удаа үйлдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний газарт хадгалагдаж байгаа 6 асуулт бүхий тогтоолыг эхэлж үйлдэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Тухайн тогтоол үйлдсэн өдөр С.Ц-г шүүх шинжилгээний газарт очиж үзүүлэхэд хохирогчийн биеийн байдал муу байсан тул мөрдөгч асуултаа илүү нарийн тодорхой болгож 9 асуулт бүхий шинжээч томилсон тогтоол үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь Шүүх шинжилгээний газарт тогтоолыг өгөхдөө мөрдөгчийн эхэлж үйлдсэн 6 асуулт бүхий тогтоолыг өгч, шинжээч эмч Нансалмаа уг тогтоолтой танилцаж шинжлүүлэгч С.Ц-д холбогдох дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Ийнхүү 6 асуулт бүхий тогтоол шинжилгээний байгууллагад хадгалагдаж, прокурорын газраас явуулсан албан бичгийн дагуу уг тогтоолыг гаргаж өгсөн бол мөрдөгч 9 асуулт бүхий тогтоолыг хэрэгт хавсаргасан байсан. Прокурор үнэн бодит байдлаар нь нотлох баримтыг хэрэгт тусгасан. Тиймээс улсын яллагчаас Шүүх шинжилгээний газарт хадгалагдаж байгаа эх хувийг шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлсэн нь үндэслэлтэй. Шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5-д шинжилгээний байгууллагаас бусад этгээд шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэрийг заасан байхаар хуульчилсан. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудаас шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол, хүсэлт ирж байгаагүй. ... Шүүгдэгч А.Т нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр гомдол гаргасан гэж ойлгож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н 5 удаа өгсөн мэдүүлэг зөрүүгүй, тогтвортой байдаг. Дан ганц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр хэргийг нотлоогүй. Гэрч Т-н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар утасны билл зэргээр давхар нотлогдсон. Ж.Н, А.Т нар нь С.Ц-г хуурч С.О-н гэрээс гаргасан. Хэдийгээр тус хэрэг нь С.Ц Ж.Н-н хүүхдийг оролдсон гэдэг шалтгаанаас болж үйлдэгдсэн гэдэг ч цагдаагийн байгууллагад хандах боломж нээлттэй байхад хувийн зүгээс арга хэмжээ авах байдлаар уг гэмт хэргийг үйлдсэн. ... Тухайн хэрэг 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Х зочид буудлын 306 тоотод үйлдэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн орчим хохирогчийг тухайн зочид буудлаас 4 минут 16 секундын зайд байрлах “ВИП центр”-ийн В1 давхраас олсон. Яаралтай эмнэлэгт хүргэгдэн гавал тархины мэс засалд орох үед 292 мг цусан хураа үүссэн байсан. Хохирогч нь буудлаас гарч явах, маргааш нь мэс засалд орох хүртэл хэдий хэмжээний цус алдсаныг тодорхойлох боломжгүй гэж эмч нар дүгнэсэн. Хохирогчийн зам маршрутыг тогтоох ажиллагаа хийж, зам дагуух аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын бичлэгийг шалгасан. Хохирогч нь ойгүйдлийн хам шинж өвчтэй, хоёр нүд нь хараагүй, өөрийгөө удирдах, илэрхийлэх чадваргүй, бусдын асаргаанд байгаа тул түүнийг хаагуур явсан талаарх баримтыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн. Мөн гэмт хэрэг гарах үед тухайн газрын хяналтын камер ажиллаагүй, тог тасарсан байсан талаар ажилтнууд мэдүүлсэн нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана. Мөн “ВИП центр”-ийн В1 давхрын караокений менежер ресторанаас бусад газар нь ажиллаагүй талаар мэдүүлсэн. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, тус хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ их, хохирогчид учирсан хор уршгийн хэмжээ өндөр бөгөөд хоёр нүд нь сохорч, ойгүйдлийн хам шинж зэрэг өвчний улмаас бусдын асрамжид орсон, асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай болсон. Эрүүл мэндийн ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлт прокурорт ирүүлснийг хэрэгт хавсаргасан. Хохирогч нь сувилагчийн буруутай үйлдлээс болж хоёр удаагийн хагалгаанд орсон гэж байгаа боловч гол нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан. Шүүгдэгч нар хохирогчийг зодож цохиогүй байсан бол хагалгаанд орохгүй. Тийм учраас хохирлыг зайлшгүй гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч тус бүрт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Т, Ж. Н нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Т, Ж. Н нар нь бүлэглэж, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Х” зочид буудлын 3 дугаар давхрын 306 тоотод “охин татаж чангааж, оролдлоо” гэх шалтгаанаар С.Ц-г зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н “... Н, Т хоёрыг би эмнэлэг дээр дуудсан... С.Ц-н хагалгаанд орсон зургийг үзүүлсэн. Н, Т хоёр “С.Ц хаана байсан юм бол, хаанаас олсон гэж байна, яаж үхчихээгүй юм бол доо” гэж хэлж байсан. “О буудалд дүүгээ зодуулж байхыг хараад цочоод нүд нь далдираад харж чадахгүй байхаар нь өрөвдөөд сүүлдээ зодохоо больсон шүү” гэж Т Н-д ярьсан байсан. Үүнийг надад Н эмнэлэг дээр байхдаа хэлсэн. Эмнэлэг дээр Н, Т хоёр “ёстой баларсан юм боллоо, арай хэтрүүлээд зодчихжээ, архинаас л боллоо, манай охин тэр үед бид хоёрыг архи уусан байхад тийм юм хэлээд, цөс хөөрөөд С.Ц-г зодоод ийм байдалд оруулчихлаа” гэж байсан. ...” /1 хх 42-44/,

түүний гэрчээр өгсөн “... над руу Н залгаад “ирж дүүгээ авахгүй бол дүүг чинь аллаа шүү” гэж хэлсэн. ... Би буудлын 3 давхарт ороход С.Ц-н баруун нүд нь хавдаад нүд нь харагдахгүй, толгойны баруун талын хэсэг нь хагарч цус гоожиж байсан. Би байгаа байдлыг нь хараад “юу болов оо, яагаад ингээд байгаа юм, хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд Н “танай дүү чинь манай охиныг шөнө унтахад нь хөнжил руу нь 2 удаа гараа хийсэн байна, тэгээд айгаад чамтай унтсан гэж байна. Манай охин надад цөхөрч уйлж байгаад хэллээ, танай энийг алсан ч яадаг юм, шоронд нь хатаавал таарна” гэж хэлээд Ц-н толгой руу цохисон. Тэгсэн С.Ц сууж байхад нь Т “ийм юм шоронд орвол амьтан болно” гэж хэлээд тохойгоороо толгой дээрээс нь цохиод хажуу талаас нь гараараа цохиж толгойг нь ханатай хавсарч цохисон. Н үснээс нь зулгаагаад хана мөргүүлэхээр нь би “одоо болно оо, элэг рүү нь битгий цохиорой элэг томтой шүү” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулж бие засах өрөөнд нь ороод нүүрийг нь угаагаад баруун талаас нь гоожоод байгаа цусыг нь угаахад баруун талын чихний дээд хэсгээс гарч байгаа цус тогтохгүй байсан. Бие засах өрөөнөөс С.Ц-г дагуулаад гараад ирэхэд Н “наад муугаас чинь манай охиныг хэдэн настай гэж бодсон гэж асуухад 14, 15 настай гэж бодсон гэж байгаа юм даа, 14, 15 настай бол хүчиндэх байсан уу, жаахан хүүхэд хүчинддэг бузрын юмнууд” гэж хэлээд С.Ц-г дахиад хэд хэдэн удаа толгой руу нь алгадаад хөлөөрөө өшиглөөд байсан. Т нь бас хажуунаас нь толгой руу хэд хэдэн удаа цохисон. С.Ц хананд шахагдаж атиралдаж суусан байхаар нь би “за одоо болно оо, наад хүн чинь үхлээ, би өмнөөс нь уучлалт гуйя, би ийм юм болсон гэдгийг мэдээгүй” гэж хэлээд С.Ц-г босгох гэхэд шалан дээр гоожсон цусан дээрээ халтираад босож чадахгүй байсан. Би татаж босгоод “одоо яв гэртээ харь” гэж хэлж гаргаад Т, Н нартай уулзаж “уучлаарай, юу болсон гэдгийг мэдсэнгүй хөдөө очоод 2 дахь өдрийн орой танай охин намайг дуудаад миний өвөрт орж ирсэн, тэгэхэд л тийм юм болж, манай дууг уучлаарай” гэж хэлэхэд Н цагдаад өгч шоронд нь хатаана гэж хэлэхээр нь би “тэгээ тэг” гэж хэлээд буудлаас түрүүлээд гарсан. ...” /1 хх 50-51, 54-56/,

гэрч Г.Т-н “... Би 2022 оны 07 сарын 14-ний өглөө 10 цагаас үйлчлэгч О-с ээлжээ авсан. ... 3 давхарт цэвэрлэгээ хийгээд явж байхад 14 цагийн үед санаж байна. 306 тоотын хоёр хүн гаднаас өндөр, том биетэй эрэгтэй хүнийг дагуулаад өрөө рүүгээ орж байсан. “Хүн нэмж орохгүй шүү” гэсэн чинь “удахгүй гарчихна” гээд орсон. Ороод удалгүй түжигнээд байхаар нь 306 тоотыг тогшсон хаалгаа нээхгүй байхаар нь өөрийн цэвэрлэгээ хийхдээ ашигладаг чипээр гаднаас нь онгойлгоод орсон чинь тэр хоёрын гаднаас дагуулж орж ирсэн залуу нь өрөөний 00-ын мухарт цусандаа хутгалдсан, толгойгоо гараараа дарсан, тонгойсон байдалтай байсан. Эмэгтэй нь гар нүүрийн алчуур гартаа ороосон байдалтай, эрэгтэй нь наана нь сандал дээр сууж байсан. “Та нар боль хүн алах нь байна шүү дээ, одоо гар” гэхэд “зүгээр ээ, энэ хүнийг шийтгэж байгаа юм, бид хоёр удахгүй гарлаа” гэсэн. ... Төд удалгүй нэг эмэгтэй өрөөний тоот асуулгүй шууд 306 тоот руу орсон... гаднаас орж ирсэн залуу нь гараараа толгойгоо дараад гараад явсан. Намайг өрөөгөө цэвэрлээд гараад ирэхэд 306 тоотын үүднээс эхлээд коридороор цус дусалсан байсан. ... 1 цаг гаруйн дараа 306 тоотод очиход хаалга нь онгорхой, тэр хүмүүс бүгд гараад явсан байсан. Сая л хүн зодоод байсан өрөө цус нөж аймаар байгаа гэж бодоод, цэвэрлэх гээд орсон чинь юу ч болоогүй юм шиг бүгдийг нь цэвэрлээд гараад явсан байсан. Нөгөө эмэгтэйн гараа ороосон байсан буудлын алчуур ч хүртэл байхгүй байсан. ...” /1 хх 71-73, 76-77/,

гэрч Ө.Б-ны “... Өглөө 09 цаг 30 минутын үед манай үйлчлэгч На ирээд В1 давхарт сонин чимээ гараад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би В1 давхар руу ороход караокены хаалганы урд улаан цамцтай бараан өмдтэй, цайвар табочиктай, ер нь бохир хувцастай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, сонин чимээ гаргаад байж байсан. ... Би тухайн хүнийг хэзээ, хаагуур яаж орж ирсэн талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 58-59, 62-63/,

гэрч Ж.Т-н “... 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Вип Центр” төвийн подвалд ухаангүй, согтуу эрэгтэй хүн цус алдсан гэсэн дуудлага хүлээж авсан. ... Үүрээр 05 цаг 45 минутын үед байх жолооч Т-н хамт дуудлага дээр очсон, 45-50 орчим насны эрэгтэй, толгой ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай, баруун талаараа хөндлөн хэвтсэн байрлалтай, нүдээ аньсан, ам, хамар, толгойн ар дагз хэсгээс цус алдаж, цус нь толгой болон цээж хэсгийн газарт тархсан, цус алдалтын хэмжээг баримжаалбал 700-800 грамм орчим цус алдсан, ёолсон байдалтай байсан. ... алдсан цусны зах хэсгийг ажиглахад зах хэсгээрээ хатсан, насилкан дээр шилжүүлэх явцад толгой хэсгээс гарсан, цус бүлхэрсэн байдалтай байсан. ...” /1 хх 80-81/,

гэрч Ц.Б-н “... Яаралтай тусламжийн тасгаас “хүн үзүүлнэ” гэж дуудсан. Очиход нэр хаяг тодорхойгүй, 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Хийлгэсэн компьютер томографын шинжилгээнд тархины баруун талыг хамарсан хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины зүүн талыг хамарсан тархины эдийн гүн дэх цус хуралттай, тархи няцралттай, гавал ясны хугаралттай, тархи дарагдал ихтэй байсан. Өвчтөн өөрөө ухаангүй, биеийн байдал маш хүнд комын байдалтай байсан. Улмаар гавал тархины эмч нарын хамтарсан үзлэг шийдвэрийн дагуу амь нас аврах зорилгоор яаралтай журмаар мэс засалд оруулж, цус хуралтуудыг авах, цус алдалтыг зогсоох зорилгоор тархи дарагдал чөлөөлөх мэс засал хийсэн. ...” /1 хх 89-90/,

гэрч Ш.Н-н “... Би С.Ц-г эмнэлэгт сахиж дууссаны дараа гэртээ хариад хүү Т-т “чи чинь ээжээрээ ямар хүнийг сахиулчхав аа” гэж асуухад манай хүү Т “наадах чинь манай найз Н-н 10 настай охиныг хүчиндэхийг завдсан, тэгэхээр нь би цохичихсон юм” гэж надад хэлсэн. ...” /1 хх 96-97/,

шинжээч О.Нансалмаагийн “...Дээрх гавал тархины гэмтлийн үед цусан хурааны улмаас тархи дарагдах хүртэлх хугацаанд хүн бүр харилцан адилгүй үйлдэл хийж болно. Зарим тохиолдолд шууд ухаан алдах, зарим тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Цусан хурааныхаа хэмжээнээс хамаарна. ...” /1 хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... С.Ц-н биед баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100% алдагдуулна. ...” гэсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дугаартай дүгнэлт /1 хх 120-122/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн: “...С.Ц нь сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинжтэй байна. Дээрх эмгэг нь олдмол шалтгаантай, 2022 оны 07 дугаар сарын 15-нд толгойдоо хүнд гэмтэл авснаас үүссэн байх боломжтой байна. С.Ц нь одоо өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадваргүй байна. С.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...” гэсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1132 дугаартай дүгнэлт /1 хх 126-128/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-30/,

хохирогч С.Ц-н өвчний түүхийн хуулбар болон эмнэлгийн бусад баримтууд /1 хх 151-199/,

“Мобиком Корпораци” ХХК-иин лавлагаа /2 хх 34-35/, “Скайтел” ХХК-ийн албан бичиг, дуудлага лавлагааны баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 72-74/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Т, Ж. Н нарыг бүлэглэж, хохирогч С.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Т, Ж. Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч А.Т, Ж. Н нар нь хохирол бүрэн төлж барагдуулаагүй болон тэдний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Гэвч давж заалдах шатны шүүхээс уг гэмт хэрэг хохирогчийн зохих буруутай үйлдлийн улмаас гарсан шалтгаан нөхцөл, мөн шүүгдэгч А.Т-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон шүүгдэгч Ж.Н-н бага насны хоёр хүүхэд үлдсэн зэрэг ар гэрийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т-т 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Н-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон багасгах боломжтой гэж үзэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Мөнх-Эрдэнэ нараас “...С.О-н мэдүүлгүүд зөрүүтэй, тэрээр Ж.Н нь хохирогч С.Ц-г зодсон, цохисон гэж мэдүүлсэн боловч нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, шинжээч О.Нансалмаад шинжилгээ хийлгэх үндэслэл болсон 2022.11.04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг танилцуулаагүй, шинжээч эмчид эрх, үүргийг тайлбарлан хууль сануулаагүй гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, ... шинжээчийн 15339 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн хүнд зэрэгт болон бусад гэмтлийн зэрэгт хамаарах, цус хуралтын хэмжээг нарийвчлан тодорхойлоогүй, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх зэргийг нарийвчлан тодорхойлж чадаагүй, дутуу дүгнэлт гарсан, Ж.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангаравын “... С.О-н мэдүүлгээр буруутгаж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээч нарт эрх, үүрэг тайлбарлаагүй, хохирогч өөр байдлаар осолдсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулахаар олон удаа хүсэлт гаргасан боловч шалгаж тогтоогоогүй, шүүх бодит хохирол, хор уршгийг тооцох хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь хэргийн үйл баримтын талаар хохирогчоор болон гэрчээр мэдүүлгүүд өгсөн бөгөөд уг мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй байхаас гадна, түүний мэдүүлгийг үгүйсгэх, нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О гэрчээр “... Би буудлын 3 давхарт ороход С.Ц-н баруун нүд нь хавдаад харагдахгүй, толгойны баруун талын хэсэг нь хагарч цус гоожиж байсан. Би байгаа байдлыг нь хараад “юу болов оо, яагаад ингээд байгаа юм, хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд Н “танай дүү чинь манай охиныг шөнө унтахад нь хөнжил руу нь 2 удаа гараа хийсэн байна, тэгээд айгаад чамтай унтсан гэж байна. ... танай энийг алсан ч яадаг юм, ...” гэж хэлээд Ц-н толгой руу цохисон. ... Н үснээс нь зулгаагаад хана мөргүүлэхээр нь би “одоо болно оо, элэг рүү нь битгий цохиорой элэг томтой шүү” гэж хэлсэн. ... Бие засах өрөөнөөс С.Ц-г дагуулаад гараад ирэхэд Н “... 14, 15 настай бол хүчиндэх байсан уу, жаахан хүүхэд хүчинддэг бузрын юмнууд” гэж хэлээд С.Ц-г дахиад хэд хэдэн удаа толгой руу нь алгадаад хөлөөрөө өшиглөөд байсан. ...” /1 хх 50-51/ гэсэн мэдүүлэг нь түүнийг Ж.Н-тэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “... С.О-с хариулт: Би өөрийн нүдээр харсан. Н миний охины хөнжил рүү хоёр удаа гараа хийсэн гэж хэлээд “энэ муу үхвэл таарна” гэж хэлээд ханатай хавсарч цохиод байсан. ... ханатай хавсарч цохиод, үснээс нь бариад хана мөргүүлээд байсан. ... хоёр гараараа ээлжлээд толгойны хоёр тал руу цохиод байсан. ...” гэсэн тэмдэглэлээр /1 хх 108-112/ давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд, шүүгдэгч А.Т, Ж. Н нар нь хохирогч С.Ц-г гэрээс нь буюу С.О-н гэрээс дуудаж “Х” зочид буудалд аваачин, Ж.Н-н охиныг оролдсон гэх шалтгаанаар хохирогчийг зодсон, энэ хугацаандаа Ж.Н нь С.О-г утсаар дуудаж ирүүлсэн байх ба С.О-г уг зочид буудалд очиход С.Ц нь цохиж зодуулан, өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан хэдий ч ярих чадваргүй болсон байсан.

Улмаар С.О-г очсоны дараа Ж.Н нь хохирогч С.Ц-н толгой хэсэгт цохих, ханатай хавсарч цохих, өшиглөх зэргээр түүнийг зодсон байх ба шүүгдэгч А.Т, Ж.Н нарын хэний ч үйлдлийн улмаас хохирогчийн тархинд баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх бүхий хүнд хохирол учирсан байх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ц-н буудлаас гараад хаагуур явсан талаарх зам маршрутыг тогтоох ажиллагаа хийх шаардлагагүй, “Х” зочид буудлаас гараад Вип центр хүртэл энгийн алхаагаар 375 алхам буюу 4 минутын дотор хүрч болох талаар баримт хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан гэрч Г.Т-н “...Эмэгтэй нь гар нүүрийн алчуур гартаа ороосон байдалтай, эрэгтэй нь наана нь сандал дээр сууж байсан. ... 1 цаг гаруйн дараа 306 тоотод очиход хаалга нь онгорхой, тэр хүмүүс бүгд гараад явсан байсан. ... цэвэрлэх гээд ортол юу ч болоогүй юм шиг бүгдийг нь цэвэрлээд гарсан байсан. Нөгөө эмэгтэйн гараа ороосон байсан буудлын алчуур ч байхгүй байсан. ...” /1 хх 71-73/ гэсэн мэдүүлэг авагдсан, байх ба түүнээс дахин мэдүүлэг авах ажиллагааг 2 сарын дараа хийсэн бөгөөд анхан шатны шүүх түүний 2 удаагийн мэдүүлгээс анхны буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.  

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилсон 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13/1717 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн мөрдөгчийн тогтоолд шинжээч эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан /3 хх 51-52/ байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокуророос “шинжилгээ хийлгэх тогтоол үйлдсэн өдөр С.Ц-г шүүх шинжилгээний газарт очиж үзүүлэхэд хохирогчийн биеийн байдал хүнд байсан тул мөрдөгч асуултаа илүү нарийвчилж 9 асуулт бүхий тогтоол үйлдсэнийг хэрэгт хавсаргасан байсан. ...” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Үүнээс гадна, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-г уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь, мөн шүүгдэгч А.Т, Ж. Н нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтад уг шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч болох Ч.Мөнхбаяр гэх иргэний нэр ороогүй байх боловч тэрээр тангарагийн бичигт гарын үсэг зурж, иргэдийн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд дүгнэлтээ гаргасан байх тул хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц ноцтой зөрчил биш гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Т, Ж.Н нар нь тус бүр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Ж.Н, А.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т-т 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Н-д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Ж.Н, А.Т нарт оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг ...” гэснийг “... шүүгдэгч А.Т-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Ж. Н нар нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тус бүр 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   С.БОЛОРТУЯА

                         ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР