Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: А.Намдаг,

Гэрч: Б.Э,

Шүүгдэгч/хохирогч: А.Б,

            Шүүгдэгч/хохирогч: Д.Цнар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б, Ц.Днарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805006770227 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б, 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 13-наснаас 1 нас 5 сартай 3 хүүхдийн хамт, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, Д.Ц, 1982 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  ... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед иргэн Д.Цтай маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Цнь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед иргэн А.Бтай маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажил дээрээ байж байхад Б над руу залгасан. Ч ажил дээр согтуу ирсэн байсан. Б.Чбитгий дагуулж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Бгийн гэрт очсон, Э ярихаар нь Бгийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Б, Э бид гурав караоке руу орсон. Тэгсэн Б Ч дуудсан байсан. Караокед дуу дуулж байхад Ч орж ирсэн. Ч дуу захиалсан байсныг нь мэдэлгүй дарсан. Тэгсэн Ч намайг мартлаа гэхээр нь би хужаагийн шээс гэж хэлсэн. Тэгсэн Б Ч өмөөрч намайг алгадсан. Тэгэхээр нь би найзтайгаа суулаа та хоёр яв гэсэн чинь чи яахаараа хүн хөөдөг юм гээд хоолой боосон. Миний зүүдэг байсан сахиус тасарсан. Тэгээд бүгд сууж байсан чинь Б чи ямар зэвүүн юм бэ гээд намайг алгадаад дээр гарж суугаад нүүр маажсан. Би биеэ хамгаалаад 2-3 удаа жийсэн. Маажуулсны дараа намайг 2-3 удаа дахин цохьсон. Ч худлаа мэдүүлэг өгсөн, байнга согтуу явдаг. Тухайн үед Э эрүүл байсан” гэв.

Хохирогчоор А.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Би Цг дуудсан. Ц байнга Ч “гомо” гэж дууддаг. Ч, Ц хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би Цд “чи болиоч дээ” гэж хэлсэн чинь Ц орилоод хэрүүл хийгээд эхэлсэн. Ц байнга архи уудаг. Гэрч Э архи уудаг, худлаа мэдүүлэг өгсөн байна. Ц бид хоёр харилцан зодолдсон. Ц бид хоёр эвлэрээд салсан. Харин одоо өөр юм ярьж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрчээр Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би Ц руу ярьсан. Тэгсэн Бгийнд хороололд байна орцных нь гадаа хүрээд ир гэж ярьсан. Тэгээд бид гурав бичлийн хойд талын караокед орсон. 00 ороод гараад ирэхэд Б Чтай ярьж байна яах уу дуудах уу гэхээр нь дуудчих, хамрын дусаагуур захьчих гэж хэлсэн. Тэгээд Ч ирээд бид хоёр ганц хоёр дуу дуулаад сууж байсан. Чинтулгын захиалсан дууг Ц устгасан тэрнээс болоод маргалдсан. Тэгсэн Ц та хоёр явахгүй юу би найзтайгаа сууж байгаад явлаа гэж хэлсэн. Б Ч өмөөрсөн. Караоке дотор захад нь Ц, тэгээд би Б, Ч гэсэн дарааллаар сууж байсан. Б босоод Цгийн хоолойноос боож заамдсан. Ч бид хоёр салгасан. Цгийн сахиус нь алга болсон гээд бид хайж олсон. Б, Ц хоёр дахин хэрэлдээд байсан. Б Цгийн дээр нь гараад суусан. Би Цгийн нүүрийг нь хамгаалаад гараараа дарахад Б гар доогуур гараа оруулаад Цгийн нүүрийг нь самардсан. Ч бид хоёр дахин салгасан. Ц нилээн согтолттой байсан. Караокед Ц архи уугаагүй, Б, Ч хоёр архи уусан. Тухайн үед Бгийн гинж тасарсан. Гинж нь ширээн доор унасан байсан, харахад тасраагүй байсан. Гарахад Бгаас гинж чинь байна уу гэж асуусан чинь байгаа гэж хэлсэн” гэв.

Хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Э, Ц бид гурав караокед орсон. Ч гэх найзыгаа би хамрын дусаагуур авчир гэж хэлээд дуудсан. Удалгүй ирсэн. Ц Ч хараад агсам тавьж эхэлсэн. Хятадын шээс минь гэх мэтээр хэл амаар доромжилсон. Чанга дуулаал, бүжиглээд байсан, дуулж байсан микрофоноор миний толгой руу нэг удаа цохьсон. Хөл рүү өшиглөсөн хэдэн удаа өшиглөсөн гэдгийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

Хохирогчоор Д.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч хужаа гээд дуудсан чинь Б өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдсан чинь Б босч ирээд дээр гарч хэвтээд зодсон. Мөн нүүр амгүй хумсаараа маажсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

Гэрч С.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл Ц нь ямар нэгэн шалтгаангүйгээр шууд л Эг даваад Бг толгой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд Б босч ирээд Цг чи одоо түрүүнээс хойш дуугүй байгаад байхад яагаад байгаа юм бэ гээд хоорондоо барьцалдаад эхэлсэн. Тэр хоёр зууралдаж байх үед Ц, Бгийн хүзүүнд байсан шаргал өнгийн зүүлтийг тасалчихсаныг би харсан. Б, Цг түлхээд ширээн дээр дээш нь харуулаад заамдсан байдалтай зогсож байсан бөгөөд Ц нь хөлөөрөө Бгийн цээж рүү хэд хэдэн удаа жийж байгаа харагдсан. Тэгээд Бг Цгаас салгаж холдуулаад гэр рүү нь аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б босч ирээд шууд Цг алгадаад буйдан дээр дараад дээр нь гараад суучихсан нүүр толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохиод байсан. Тэгэхээр нь би Цгийн нүүрийг хамгаалж гараараа дарсан бөгөөд Б миний гарны доогуур гараа чихэж оруулаад нүүрийг нь маажаад байсан. Тэр үед Ц нь Бгийн хөл рүү нь жийж гар хөлийг нь түлхэж байсан. Тэгээд Б гэнэт чи надаас мөнгө нэхэх гэж байна уу гэж хэсэг бодлогоширч байснаа тайвшраад гарцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 1798 тоот дүгнэлтэд: “...Д.Цгийн биед баруун хөмсөг, баруун хацар, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын хажуу хэсэг, хүзүү, цээжний зулгаралтууд, зүүн баруун бугалгын цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Шинжээчийн 1794 тоот дүгнэлтэд: “...А.Бгийн биед баруун тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгч/хохирогч А.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-34/, шүүгдэгч/хохирогч Д.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-40, 47/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 49-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Б, Д.Цнар нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20-21 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор А.Бгийн: “...Удалгүй ирсэн. Ц Ч хараад агсам тавьж эхэлсэн. Хятадын шээс минь гэх мэтээр хэл амаар доромжилсон. Чанга дуулаал, бүжиглээд байсан дуулж байсан микрофоноор миний толгой руу нэг удаа цохьсон. Хөл рүү өшиглөсөн хэдэн удаа өшиглөсөн гэдгийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, хохирогчоор Д.Цгийн: “...Ч хужаа гээд дуудсан чинь Б өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдсан чинь Б босч ирээд дээр гарч хэвтээд зодсон. Мөн нүүр амгүй хумсаараа маажсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/, гэрч С.Ч: “... Тэгтэл Ц ямар нэгэн шалтгаангүйгээр шууд л Эг даваад Бгийн толгой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд Б босч ирээд Цг чи одоо түрүүнээс хойш дуугүй байгаад байхад яагаад байгаа юм бэ гээд хоорондоо барьцалдаад эхэлсэн. Б, Цг түлхээд ширээн дээр дээш нь харуулаад заамдсан байдалтай зогсож байсан бөгөөд Ц нь хөлөөрөө Бгийн цээж рүү хэд хэдэн удаа жийж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Б.Эгийн: “... Б босч ирээд шууд Цг алгадаад буйдан дээр дараад дээр нь гараад суучихсан нүүр толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохиод байсан. Тэгэхээр нь би Цгийн нүүрийг хамгаалж гараараа дарсан бөгөөд Б миний гарны доогуур гараа чихэж оруулаад нүүрийг нь маажаад байсан. Тэр үед Ц нь Бгийн хөл рүү нь жийж гар хөлийг нь түлхэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, шинжээчийн 1798, 1794 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Б, Д.Цнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, Д.Цнар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б, Д.Цнарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь хэн нэгнээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч А.Б, Д.Цнарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч А.Б, Д.Цнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б, Д.Цнар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Б, Д.Цнарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б, Д.Цнар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Б, Ц.Днарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Д.Цнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Б, Д.Цнарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Д.Цнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР