Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 701

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Р.Э*******, Б.М******* 

        Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн бичгийн дарга 

        Нэхэмжлэлийн шаардлага: “Р.Э*******, Б.М******* нарыг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э*******ыг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ийн албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар Б.М*******ийг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар тус тус хангахыг даалгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э*******, Б.М******* нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Э*******, Б.М******* нар нь 2014 онд Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, Хөдөлмөрийн яамны чиг үүрэг Аж үйлдвэрийн яаманд шилжсэн.

Бидний ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь чиг үүрэг шилжсэнтэй холбоотойгоор орон тоо цалингийн сангийн хамт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Шилжүүлэх тухай” 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн яаманд шилжсэн билээ. Энэхүү тушаалийн хавсралтаар тус газрын 14 албан хаагчийг орон тоо, цалингийн сангийн хамт шилжүүлсэн чиг үүрэг нь хэвээр байсаар атал нэхэмжлэгч нарыг өнөөдрийг хүртэл албан тушаалд нь ажиллуулахгүйгээр бидний эрхийг ноцтой зөрчсөөр байна. 

Бид энэ тушаал гарсанаас хойш Аж үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо, Төрийн албаны зөвлөлд ажлын байраар хангуулахаар удаа дараа хандаж байсан боловч бидний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 214 дүгээр албан бичгээр Аж үйлдвэрийн сайдад хандан бидний ажлын байр, орон тоо, цалингийн сан байгаа учир ажлын байраар хангах ажиллуулахыг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16/944 дүгээр албан бичгээр мөн ажлын байраар ханган ажилуулахыг тус тус мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

Тиймээс бид дахин Төрийн албаны зөвлөлд хандан Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 202 тоот албан бичгээр бидний асуудлыг шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн учир тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр байгаа нөхцөлд уг ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй бөгөөд яамдын бүтэц өөрчлөгдөж нэг яамнаас нөгөө яаманд шилжсэн боловч орон тоо, цалингийн сан хэвээр байсаар байтал хууль бусаар ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйн улмаас тангараг өргөсөн төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөөр байна. 

Иймд Р.Э*******, Б.М******* нарыг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Эрдэнэсайхныг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар Б.М*******ийг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ийн албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар тус тус хангахыг даалгаж, ажлгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

Хариуцагч Аж үйлдвэрийн яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аж үйлдвэрийн яам нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2025 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул, уурхайн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас шилжүүлсэн төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу урьд гүйцэтгэж байсан чиг үүргийг харгалзан Аж үйлдвэрийн яамны холбогдох газар, хэлтсийн орон тооны хязгаарт багтаан томилон ажиллуулж байгаа болно.

Р.Эрдэнэсайхны урьд эрхэлж байсан гэх Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршооны хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо нь Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт байхгүй. Нөгөөтэйгүүр Р.Э******* нар нь өөрсдөө өргөдөл гарган ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан тэтгэмжээ авсан байдаг.

Б.М******* нь Сангийн яамны санхүүгийн хэлтэст өргөдөл гаргахдаа “...2014 Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/62 тоот тушаалаар Аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн боловч ажлын байраар хангаагүй тул тэтгэмжийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. Энэ нь тухайн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авахаар хүсэлт гаргасныг нотолж байна. 

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь нийт 15 албан хаагчийн орон тоотой байсан боловч Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 10 албан хаагчийн орон тоотойгоор байгуулагдсан. Дээрх албан тушаалд хөдөлмөрийн яамнаас шилжүүлсэн 12 албан хаагчаас 7 албан хаагчийг шилжүүлэн авч үлдсэн 5 албан хаагчид тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхийг Хөдөлмөрийн яаманд нэрсийг нь хүргүүлсэн байдаг.

Иймд нэхэмжлэгч нар нь ажил эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Аж үйлдвэрийн яамнаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны Б-01 дүгээр тушаалаар уг газрын ажлын байр буюу албан тушаалыг баталсан. Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдийг ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдаж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж байна. Нэхэмжлэгч Р.Эрнэнсайхан, Б.М******* нар нь манай яаманд огт хандаж байгаагүй тэгээд ч өөрсдөө өргөдлөө өгөөд 6 сарын тэтгэмжээ авчихсан байгаа. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/62 дугаар “Шилжүүлэх тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын төрийн албан хаагчдыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны мэдэлд Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан Р.Э*******, Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.М******* нарын хамт 14 албан хаагчийг шилжүүлсэн байна.

Дээрх тушаалаас харахад нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь чиг үүрэг, орон тоо, цалингийн сангийн хамт Аж үйлдвэрийн яаманд шилжсэн байна.

Гэтэл Аж үйлдвэрийн яам нь дээрх 2 иргэнийг ажилд аваагүй тул нэхэмжлэгч нар нь Аж үйлдвэрийн яам, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороонд ажлын байраар хангуулахаар удаа дараа хандаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс  2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 214 дүгээр албан бичгээр “Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шилжиж ирсэн албан хаагчдыг хуулийн хүрээнд томилон ажиллуулах ажлын байр, орон тоо, цалингийн сан байх тул төрийн жинхэнэ албан хаагчдыг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу ажлын байраар хангаж ажиллана уу” гэх албан бичгийг, Төрийн өмчин хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/944 тоот албан бичгээр “...Хөдөлмөрийн яамнаас Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан ёсоор шилжин ирсэн Я.М*******, Б.А*******, Б.М*******, Р.Э*******, Г.Б******* нарыг ажлын байраар ханган ажиллуулах” гэх албан бичгийг Аж үйлдвэрийн сайдад тус тус хүргүүлсээр байхад Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангаагүй  байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд  нэхэмжлэгч нарын  “ажиллаж байсан орон тоо хасагдаагүй, яамны бүтэц, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн баталгааны талаар зохицуулсны дотор төрийн байгууллага өөрчлөн байгуулагдах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг 27.2.3, 27.2.4 дэх заалтаар нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал мөн зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ 

Энэ заалтын төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдгийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаныг, тодруулбал нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдах нь нэг байгууллагын үйл ажиллагаа чиг үүрэг хэвээр байхад түүн дээр өөр байгууллагын зарим болон бүх чиг үүрэг нэгтгэгдэхийг ойлгох бөгөөд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдахад шинэ байгууллага үүсэхгүй юм.

Мөн энэ заалтын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд хоорондоо шилжин зохион байгуулагдсаныг хамааруулан ойлгох ба төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно.

Үүнээс дүгнэж үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, Хөдөлмөрийн яамны чиг үүрэг Аж үйлдвэрийн яаманд шилжсэн улмаар Аж үйлдвэрийн яам нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон өөрчлөгдсөн бөгөөд Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны чиг үүрэг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бусад газар, хэлтэст шилжиж, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, төрийн тухайн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч нарыг хариуцагч нь манай яаманд албан ёсоор ажилд орох хүсэлтээ өгөөгүй, тэтгэмжээ авсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан өөрөөр хэлбэл дээрх 27.2.3-т заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт байсаар байхад хариуцагч нь “Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдийг ажлын байрны чиг үүрэг нь хадаглагдаж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж байна” гэсэн хэрнээ нэхэмжлэгч нарын хувьд ямар үндэслэлээр ажлын байраар хангахгүй байгаа талаар  эрх зүйн акт огт гараагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалт огт хэрэгжээгүйгээс болж  нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзэхээр байна.

Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн гэж үзсэн бол, өөрөөр хэлбэл бусад газар, хэлтэст байгаа дээр дурдсан чиг үүрэг бүхий ажлын байрны орон тоо өмнөх бүтцээс цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байхад эдгээр 2 зохицуулалтаас аль алиныг нь нэхэмжлэгч нарт хэрэглээгүй орхигдуулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б-01 дүгээр тушаалаар “Яамны бүтцийн нэгжийн ажлын байр /албан тушаал/ батлах тухай” ажлын байр албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан, энэ нь нэхэмжлэгч нарыг ажилд аваагүй үндэслэлд хамаарахгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанаар ажиллаж байсан орон тоо хасагдаагүй, яамны бүтэц, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” гэсэн үндэслэл, энэ үндэслэлээр гаргасан “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу болон ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэгт тохирсон өөр албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралтай байх тул шинэчлэн баталсан “ажлын байр батлах тухай” тушаалаас  судлахад: 

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /7/

-Газрын удирдах албан тушаал,

-Жижиг, дунд үйлдвэр, хоршооны санхүүгийн хүртээмж, хөнгөлөлттэй зээл, зээлийн нэр төрөл, хүү, даатгалын асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал,

-Жижиг дунд үйлдвэр, хоршооны экспорт, маркетинг, менежментийн асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал,

-Жижиг, дунд үйлдвэр, хоршооны судалгаа, бүртгэл сургалтын асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал, гэсэн орон тоонууд батлагджээ. Дээрх ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчаас шаардахад хараахан батлаагүй байгаа гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Р.Э*******, Б.М******* нарын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу болон ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэгт тохирсон албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгч Р.Э*******, Б.М******* нарт олгосон 1 удаагийн тэтгэлгийн мөнгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт тооцох боломжтойг дурьдах нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М*******, Р.Э******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э*******, Б.М******* нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-ны тодохойлолтонд заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаанд өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн болон нэмэгдэл цалин олговрыг ТЗ-7 ангилалаар тооцон олгож,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОЮУНГЭРЭЛ