Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0464

 

2017 оны 06 сарын 28 өдөр                  Дугаар 221/МА2017/0464                   Улаанбаатар хот

 

Ж.Х-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Ж.Х-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ны давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 351 дугаар зүйлийн 351.1.4, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 128./ШШ2017/0244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг ... хууль бус байсан болохыг тогтоосугай" гэх хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана" гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1-д "Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг болон салбарын чиг үүргийг зохистой хуваарилах үндсэн дээр яамыг Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудаар Эрүүл мэндийн яам татан буугдаж, шинээр Эрүүл мэнд, спортын яам үүсгэн байгуулагдсан. Нэхэмжлэгч Ж.Х нь Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд ийм нэртэй яам, мөн ийм нэртэй яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байхгүй болсон болно. Иймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх (хуучин нэрээр)-ийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/С дүгээр шийдвэрт заасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд нэхэмжлэгч Ж.Х-ыг томилох боломжгүй байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 128/ШШ2017/0244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг ... хууль бус байсан болохыг тогтоосугай" гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгчээс ... Миний бие Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ... томилогдон ажиллаж байгаад .. гэнэт халагдсан ... Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 2739/с дугаартай шийдвэрээр намайг хууль бусаар халагдсан болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн ... Шүүхийн шийдвэрийг биелүүлж ... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох асуудлаар Төрийн албаны зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа албан бичиг, шаардлагуудыг хүргүүлсэн ... ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах ёстой байтал 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус ... захиргааны байгууллагын илт хууль бус үйлдэл ... гэсэн үндэслэлээр анх Төрийн албаны зөвлөлд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилжээ.

Харин хариуцагч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон ... Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан ... Нэхэмжлэгч Ж.Х ... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон ... 2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд ийм нэртэй яам, мөн ийм нэртэй яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байхгүй ... Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасны дагуу Засгийн газрын бүтцэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал байхгүй болж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал шинээр бий болсон тул Ж.Х-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн байхгүй албан тушаалд томилох боломжгүй байсан ... Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ...Төрийн албаны зөвлөл нь сул орон тоо бий болсон тохиолдолд сонгон шалгаруулалт зарлах үүргийн дагуу захиалгыг үндэслэж сонгон шалгаруулалт зарласан ...Ж.Х оролцох боломжтой байсан ... гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх ... хуулиар Засгийн газрын бүтцийг шинэчлэн батлах бүрт яамдыг татан буулгаж, шинээр байгуулсан гэж үзэхгүй ... спортын салбарын чиг үүрэг нэгтгэгдэж, тусгаарлагдсан ч эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах чиг үүрэг нь зогсоогүй ... Эрүүл мэндийн яаманд спортын салбарын чиг үүрэг нэмэгдсэнээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй, тухайн албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр байна ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Эрүүл мэндийн яам нэртэй яам, мөн ийм нэртэй яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байхгүй болсон ... гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, улмаар Төрийн албаны зөвлөлөөс зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан, 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор төрийн албанаас чөлөөлөгдсөн байх боловч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2739/с дүгээр шийдвэрээр түүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2739/с дүгээр шийдвэрийг албадан биелүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2018 дугаар захирамж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 216 дугаар хуудас, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газарт, Төрийн албаны зөвлөлд тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хандаж байсан албан бичгүүд зэрэг баримтуудаас үзвэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж байсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой нөхцөл байдал үүссэн тухайн нөхцөлд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг, түүнчлэн төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага атлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль бус албан бичгийг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан Төрийн албаны зөвлөлийг тус тус зөвтгөх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж Эрүүл мэнд, спортын яам-ны спортын чиг үүрэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам-д шилжиж, харин Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын чиг үүргийг дангаар хэрэгжүүлэхээр болсноор нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын бодитоор оршин байсан тухайн үед 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүнчлэн тус орон тоог төрийн албаны сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан Төрийн албаны зөвлөлийн шийдвэр үйл ажиллагаа тус тус хууль бус болжээ.

Нэхэмжлэгч Ж.Х-ыг ажлаас халсан захиргааны шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/С шийдвэр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Засгийн газар бүтцийн өөрчлөлтөд орсон хэдий ч нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах талаар арга хэмжээ аваагүй, төрийн албаны сул орон тоо гарсан гэж үзэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,..., 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг ... Засгийн газар, ... бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн, 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана, 20 дугаар зүйлийн 20.4-д Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь асуудал хамаарна, 7/Хууль зүй, дотоод хэргийн сайд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж заасантай тус тус нийцээгүй байна.

            Түүнчлэн Төрийн албаны зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээрх захиалгыг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага ..., 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, ... зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, ..., 35.1.3-т хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах, 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Ийнхүү хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн, тус орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын дээрх шийдвэр, үйл ажиллагааг хууль бус байсныг тогтоож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон нэхэмжлэгч Ж.Х-ын эрхэлж байсан ажлын байрны албан тушаалын чиг үүрэг 2016 оны 08 дугаар сард хэвээр бий болсон буюу хадгалагдаж байсан болох нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тус тус баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байр /албан тушаал/-ын 2013 он, 2016 оны тодорхойлолтуудаар тус тус тогтоогдсон талаар, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн нь илт хууль бус гэх нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 182 дугаар зүйлийн 1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлаж, дүгнэснийг тус тус тэмдэглэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ