| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00531/И |
| Дугаар | 138/ШШ2024/00881 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2024/00881
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Батболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 6 сарын 6-нд Алтанзулд сарын 10 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 30-нд мөн 10 хувийн хүүтэй 1 сая төгрөг тус тус зээлдүүлсэн. 2024 оны 2 сараас эхлэн хүү болон зээлдүүлсэн мөнгөө төлөөгүй. Иймд Алтанзулаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ мөнгийг хүнээс авч өгсөн юм. Тэр хүндээ би өөрөө зээлийг нь төлсөн. Иймд нийт 4,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******ээс 2023 оны 06 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар авсан байна. ******* нь нэхэмжлэгчийн 3030000234 дугаартай дансаар нийтдээ 1,779,100 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс хариуцагч *******ын 1,779,100 төгрөгийн төлбөрийг хасаж 1,220,900 төгрөгийг хариуцагч *******аар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Холбогдох нотлох баримтаар *******ын Хаан банкны ******* дугаартай дансны хуулга хавсаргав ... Анх ******* нь 10 хувийн хүүтэй мөнгө авсан боловч бичгээр хийсэн гэрээ байхгүй тул хүү төлөх үндэслэлгүй, өмнө төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Голомт банкны Мемориалны баримт /хэргийн материалын 4-5-р тал/
Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн материалын 16-25-р тал/, итгэмжлэл зэрэг болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчид хэргийн материалыг даалгавар гүйцэтгүүлж танилцуулсан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын фэйсбүүк чатанд үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулж хэрэгт хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээл, зээлийн хүүнд нийт 4,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч тал зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул төлсөн 1,779,100 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж, үлдэх 1,220,900 төгрөг гаргуулах тухай тайлбарыг гаргасан.
1. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 сарын 6-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-нд 1,000,000 төгрөгийг хариуцагч *******ын ******* тоот дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйлгээний баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
2. Хариуцагч нь 2023 оны 7 сарын 5-нд 200,000 төгрөг, 2023 оны 8 сарын 7-нд 200,000 төгрөг, 2023 оны 9 сарын 10-нд 200,000 төгрөг, 2023 оны 10 сарын 14-нд 210,400 төгрөг, 2023 оны 11 сарын 16-нд 214,700 төгрөг, 2023 оны 12 сарын 02-нд 100,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-нд 216,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-нд 5,600 төгрөг, 2024 оны 01 сарын 05-нд 100,000 төгрөг, 2024 оны 02 сарын 02-нд 332,400 төгрөг нийт 1,779,100 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах дансанд шилжүүлсэн болох хариуцагчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг тодорхойлж тайлбарлахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй, өөрийн төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулаад үлдэх мөнгө болох 1,220,100 төгрөгийг төлөхөөр тайлбарладаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус хуульчлан зохицуулсан.
4. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 6 сарын 6-нд 2,000,000 төгрөг zeel olgov 10% huutei 30 honog ni гэсэн утгатайгаар, 2023 оны 10 сарын 30-нд 1,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэхдээ Зээл олгов 10 хувь хүүтэй 30 хоног нь гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөн хариуцагч нь өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгөө хүү гэж төлж байсан болох нь тэдний хоорондоо харьцсан фэйсбүүк чатны мессежид үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Үүнээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 хувийн хүүтэй 3,000,000 төгрөг зээлсэн ба зээлийн хүү гэж 1,779,100 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн байх тул хариуцагчийн төлсөн 1,779,100 төгрөгийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн хүү 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талууд хүү авахаар бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхээ алдсан байна. Энэ нь нэхэмжлэгчид хамаатай ба харин хариуцагчийн сайн дураараа хүлээн зөвшөөрч төлсөн хүүг буцаан гаргуулах, үндсэн зээлд тооцох үндэслэл биш юм. Иймд нэхэмжлэгчийн хүү 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 82,150 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хэрэгсэхгүй болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зохицуулсан. Иймд 3,000,000 төгрөгт ногдох 62,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч *******аас зээл 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 1,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ