| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00334/И |
| Дугаар | 138/ШШ2024/00886 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2024/00886
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэр бүлийн хамт Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг хүн юм. Аймгийн төвд ирэх, ажилтай үедээ өөрсдөө байх зориулалтаар тухайн байрыг худалдаж авч байсан. ******* нь *******ийг өөрийн төрсөн хүү болохыг мэдэж харилцаа холбоотой байх болсон. Ингээд ******* нь хүү *******ийг эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн суманд байх өөрийн эзэмшлийн байрандаа амьдруулахаар болсон. ******* эхнэрийн хамт аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх болон бусад ажлаар гэртээ ирэх үед ******* болон түүний эхнэр ******* нь сайхан харилцаж байсан боловч сүүлдээ аймагт ирэхэд нь гэртээ байхгүй, гэртээ байгаа мөртлөө хаалгаа нээж өгөхгүй, хөдөөнөөс авчирсан махыг нь голох гэх мэт асуудлуудыг гаргаж үл ойлголцох болсон. Иймд нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарыг өөрийн байрнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* 20 гаран насандаа төрсөн эцэг, эхийнхээ талаар мэдэж холбоотой байсан. Би нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байхад хадам аав ******* гуай бид нарт “Дорнод аймагт ирээд амьдарсан нь зүйтэй, аавынх нь байр байгаа” гэж хэлсэн. Ингээд бид нар Дорнод аймагт ирж ха дам аавын байранд амьдарсан. Дээрх хугацаанд нөхөр бид хоёр байрны ашиглалтын зардлыг төлөх тухай хадам аавд хэлэхэд “аавынх нь утсан дээр төлбөрийн мэдээлэл ирдэг учир аав нь утсаараа төлөх болно” гэж хэлээд төлүүлдэггүй байсан. Бид нарын зүгээс нэг ч удаа маргалдаж, авчирсан махыг нь голсон зүйл байхгүй. Харин ч намайг их загнадаг байсан. Энэ талаар том хүү маань мэднэ. Байрны талаар шүүхэд өргөдөл гаргахгүйгээр хоорондоо ярилцаад учраа олох бүрэн боломжтой байсан. Энэ сардаа буюу 2-3 өдрийн дотор уг байрыг чөлөөлөх боломжтой. Энэ маргаанаас болж төвөгтэй байдал үүсч би хүүхдүүдийн хамт подвольд амьдарч байна. Хадам аав ******* нь бид нарыг аймагт ирж амьдар гэж хэлээгүй байсан бол бид нарт ийм төвөгтэй байдал үүсэхгүй байх боломжтой байсан. Бид байрыг нь чөлөөлж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч маргасан. Тухайлбал нэхэмжлэгч нь байрандаа ирж очиход, эзэмшихэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул байраа чөлөөлүүлэхээр шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт болоогүй гэж тайлбарладаг.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн хорооллын 17-р байрны 19 тоот орон сууцыг 000874920 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Дээрх орон сууцыг хариуцагч нар нь 2022 оны 8 сараас эхлэн эзэмшиж, ашиглаж байсан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл ойлголцол үүсэж улмаар нэхэмжлэгч нь орон сууцаа хариуцагч нарын эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 3 сарын 22-ны өдөр, ******* нь 2024 оны 4 сарын 29-ны өдөр тус тус гардаж авсан ба гардаж аваад намар суллаж өгөх талаар тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар шүүх хуралдаан 2024 оны 11 сарын 13-ны өдөр товлогдсон ба шүүх хуралдаанд хариуцагч ******* ирээгүй. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд орон сууцыг суллах шаардлагыг зөвшөөрч байгаа хэдий ч хамтран хариуцагч *******ийг төлөөлөх эрхийг түүнд олгоогүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь хариу тайлбартаа намар гэхэд орон сууцыг чөлөөлөх талаар тайлбарласан байх боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байгаа үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж хуульчлан зохицуулсан.
Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, үүнтэй хариуцагч тал маргадаггүй ба өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглахад нь хариуцагч нар нь саад учруулж байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй ба эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж байх тул хариуцагч нарын эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн хорооллын 17-р байрны 19 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн хорооллын 17-р байрны 19 тоот орон сууцыг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******, ******* нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чимэдрачаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ