Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2024/00887

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 5,329,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Баянтулга төвд байрлах 54 м.кв талбай бүхий худалдаа үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг ******* гэгчид 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан.******* нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсэнд 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сар бүр 540,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 810,000 төгрөг төлөхөөр тохирсон. Мөн түрээсийн гэрээнд дулаан, цахилгаан, ус, хогны төлбөрөө түрээслэгч тал төлөхөөр гэрээнд тусгаж талууд харилцан зөвшөөрсөн юм. Гэвч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. ...Иймд *******ээс 5,329,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******ын өмчлөлийн Хэрлэн сумын 7-р багт байрлах Баянтулга төвийн 54 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр амаар тохирсон ба дүүгийн хамт махны дэлгүүр ажиллуулдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 хоног ажиллаж байтал Нэргүй, Ундрахжаргал гэх 2 эмэгтэй түрээслэн ажиллуулахаар болсон. Энэ 2 эмэгтэй хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал түрээслэн ажилласан. Би тэр үед өөрөө Дорнод аймагт байгаагүй, Улаанбаатар хотод байж байгаад 2024 оны 01 дүгээр сард ирсэн. Дараа нь нөгөө эмэгтэйчүүд түрээсэлсэн байраа цэвэрлээгүй хаяад гарсан байсан. Тэднийг ажиллаж байгаа болохыг ******* ах өөрөө мэднэ. Надтай бичгээр гэрээ байгуулаагүй. Сүүлд 2024 он гараад цаасан дээр тэмдэглэл хийж авсан. Нэргүй, Ундрахжаргал нарыг ажиллаж байх хугацаанд ******* ах өөрөө очоод 2 сарын тог, усны мөнгө авч байсан гэгээ надад хэлсэн. Тэгээд та байрыг ашиглаад, эзэмшээд явж байгаа хүмүүсээс түрээсийн мөнгө авахгүй яасан юм бэ гэхэд эхлээд тогны мөнгөө л авчихлаа гэсэн. Урьд өмнө би махны дэлгүүрийн зориулалтаар тодорхой хугацаанд түрээслэн ажиллаж байсан ба ямар нэгэн зөрчил маргаан байгаагүй. Харин одоо надаас нэхэмжилж байгаа цаг хугацааны хувь би түүний байрыг нь түрээслээгүй, би хариуцагч биш, түүний байрыг түрээслэн ашиглаж байсан Нэргүй, Ундрахжаргал нараас нэхэмжлэх ёстой. Иймээс би түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 476,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 4,853,680 төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тайлбарыг гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,329,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 476,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл хэсэг болох 4,853,680 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тайлбарыг гаргаж, талууд эвлэрэлд хүрлээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,304.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас 476,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь 4,853,680 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,304.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

                                                                                                                             

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ОТГОНЖАРГАЛ