Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 338

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Л.Анарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1808005910371 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Ань нийтийн байранд хамтран амьдрагч Б.Стай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.Ань 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 тоотын нийтийн байранд хамтран амьдрагч Б.Стай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-1/

            - хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой ажлаа тараад гараад иртэл хамтран амьдрагч Аллтанхуяг хүлээгээд зогсож байсан. Тэгээд хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 1 тоотын нийтийн байрны 4 тоот Алтанхуягийн гэрт ирээд 0.5 литр архи хувааж уусан. Намайг “чи өчигдөр хаана хоносон бэ” гэхээр нь би “хороололд хоносон” гэтэл “чи худлаа яриад байна” гээд хэрүүл хийсэн. Тэгээд миний гэдэс, гар, хөл, цээжин хэсэгт гараа атгаж байгаад цохиж зодсон. Тухайн үед Алтанхуяг нилээн согтуу байсан. Дараа нь надаас уйчлалт гуйсан. Намайг урд нь 4-5 удаа архи уусан үедээ нүцгэн гараараа цохиж зодож байсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ..гэх мэдүүлэг /хх-10-13/   

            - гэрч С.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед ах Ганхуяг, Гантулга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 01 тоотод түр оршин суугч Л.Алтанхуягийнд очоод ээж Сувдааг авах гээд цохитол хаалгаа нээгээгүй. Алтанхуяг манай ээжийг чимээгүй байгаа ч гээд шивнэлдээд яриад байсан. Тэгээд цагдаад дуудсан. Гэртээ очоод ээжийгээ усанд оруулах гэтэл ээжийн баруун, зүүн, 2 хөлний гуя болон өвдөг нь хөхөрсөн, баруун талын бөөрний харалдаа, эрүү, давсаг нь хөхөрсөн байсан. Яасан талаар асуухад Алтанхуяг элдвээр хэлж зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-16-17/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1546 дугаартай шинжээчийн:...Б.Сгийн биед баруун, зүүн бугалга, цээж, хэвлий баруун өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-24/

            - шүүгдэгч Л.А мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 1-4 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч хохирогч Б.Сг үл ялих зүйлээс болж марган гэмтэл учруулсан нь үнэн. Би Сувдааг урьд өмнө нь зодож байгаагүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-64-65/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирол төлбөрийн тухайд:  

Хохирогч Б.С нь шүүгдэгч Л.Алтанхуягаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-69/ гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.       

Бусад асуудал   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгч Л.Ань өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан байх тул түүнд прокурорын саналын дагуу 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Л.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР