| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2418000000002 |
| Дугаар | 2024/ДШМ/69 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/69
Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор К.Нанжинханд
Шүүгдэгч Д.Дамдинбазарын өмгөөлөгч А.Мөнхбат
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нарт холбогдох 2418000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгч Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нар нь “Биг Монголиа Билдинг” ХХК-н гүйцэтгэх захирлаар Д.Дамдинбазар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар Х.Бат-Эрдэнэ нар нь ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Мэдээлэл холбооны Дархан дэд төв”-ийн барилгын 2 давхарт ажиллаж байсан Д.Батмөнх нь цонхоор унаж олон хавирганы хугарал гэмтлийн нас нас барсан гэх Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Дарамболдын Дамдинбазарт холбогдох эрүүгийн 2418000000002 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Дамдинбазарыг цагаатгаж,
-Шүүгдэгч Боржигон овогт Хатанбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
- Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганбаярт 100,170,100 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
- Иргэний хариуцагч “Биг Монголиа” ХХК-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж,
- Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ Биг Монголиа” ХХК-нд буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Дамдинбазарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, цагаадсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
- Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Шийтгэх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шийтгэх тогтоолоор зарим шүүгдэгчийн хэргийг цагаатгахдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан бөгөөд үйл баримтын хувьд шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд улсын яллагч, бусад оролцогч нарын шинжлэн судалсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан асуулт, хариулт зэргээр үйл баримтыг шинэчлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл прокурор хэргийн үйл баримт тогтоохдоо нотлох баримтын агуулгыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал: Тухайн осол болж амь хохирогч Д.Батмөнх нас барах үед болон өмнө нь шүүгдэгч Д.Дамдинбазар “Мэдээлэл холбооны Дархан дэд төв”-ийн барилга дээр байгаагүй, өөр орон нутагт ажлаар явж байсан. 2023 оны 09 дүгээр сард 1 удаа ирсэн, хохирогчийг ажилд авсан эсэхийг мэдээгүй, туслах ажилтныг ажилд авах, барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг чиг үүргээ байгууллагын дотоод журмаар хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерт буюу Х.Бат-Эрдэнэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино. Шүүгдэгч Д.Дамдинбазар нь хэдийгээр хуульд заасан өөрийн эрх, үүрэг байгаа боловч тухайн журмаар үйл ажиллагаагаа шуурхай явуулах үүднээс өөрийн эрхээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Х.Бат-Эрдэнэд шилжүүлэн олгосон тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутай, түүний эс үйлдэхүй нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Д.Дамдинбазар нь үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шууд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь яллах дүгнэлтэд тодорхойгүй, түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч Д.Дамдинбазарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тусгахаар хуульчилсан байхад шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шүүх шийдвэртээ тусгахаар үүрэг болгосон заалтыг ноцтой зөрчсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр тухайн компанийн захирал нь хохирогч нас барсан үйл явдалд хамааралгүй, өөрийн гүйцэтгэх үүргийг бусдад шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзах ёстой. Хэрэгт Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжин 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд шинжээч дүгнэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөний улмаас осол гарч ажилтан Д.Батмөнх амиа алдсан, уг ажилтныг анх ажилд ороход хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байсан талаар энэ нь хууль зөрчсөн, уг осол ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хамгаалах хэрэгслээр ажилтныг хангаагүй, ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг үндсэн үүргээ ажил олгогч биелүүлээгүй” гэж үзсэн. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаанд аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцахаар заасан. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг үүргийг ажил олгогч хүлээхээр хоёрдмол утгагүйгээр хуульчилсан.
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хуульчилсан ба тухайн аж ахуйн нэгжийн хувьд Д.Дамдинбазар нь ажил олгогч гэж тодорхойлогдож байна. Гэтэл шүүгдэгч Д.Дамдинбазарын “Биг Монголиа Билдинг” ХХК-ны барьж буй “Мэдээлэл холбооны Дархан дэд төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаанд хууль заасан үүргээ биелүүлээгүй, өндрөөс хүн унаж аюултай нөхцөл байдал үүсэж болох эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй болон ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтан Д.Батмөнх унаж нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнээс гадна хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэрт, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхаар хуульчлан тодорхойлсон байх ба шүүгдэгч Д.Дамдинбазарт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Д.Дамдинбазарт холбогдох хэргийг цагаатгасан, нөгөөтээгүүр шүүхээс мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан нотлох баримтаар амь хохирогч Д.Батмөнхийг хөдөлмөр, аюулгүй ажиллагааны ажилтан Х.Бат-Эрдэнэ авч ажиллуулаагүй, талбайн инженер Б.Хонгор авч ажиллуулсан тухайн ажилтны цалин хөлсийг “Биг Монголиа Билдинг” ХХК-аас цалин хөлсийг бодож олгодог нөхцөл байдал тогтоогдсон ба гэрч Ю.Батсайханы “...Батмөнх ойролцоогоор 10-аад хоног барилгын цонхны ялуу хийх ажил хийж байсан. Батмөнх бид хоёр цонхны ялуунуудыг янзлах ажлыг 700.000 төгрөгөөр тохироод хоёулаа хамт хийж байсан. Албан ёсоор гэрээ хийсэн зүйл бол байхгүй. Хонгороо гээд инженер залуутай тохиролцоод хийж байсан. Бид хоёр өөрсийнхөө өмсөж очсон хувцастайгаа л ажилд гарсан. Хийх ёстой ажлыг нь 10 хоногийн өмнө хийх ёстой ажлыг минь зааж өгсөн байсан болохоор тэр ажлаа л өнөөдөр өглөө ирж хийсэн. 10 хэдэн хоног ажиллахад ХАБ-ын инженер аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулж сургалт орсон асуудал огт байхгүй ээ...” гэх мэдүүлгээр тус барилгын явцад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, сургалт ордоггүй, түүнд хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдсон байдаг.
Шүүхийн дүгнэлтэд “прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Х.Бат-Эрдэнэ нь “Биг Монголиа Билдинг” ХХК-ны “Мэдээлэл холбооны Дархан дэд төв”-ийн төслийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан болох нь “Биг Монголиа Билдинг” ХХК-ны захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/23 дугаартай тушаалаар нотлогдож байна. Х.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Иймд Х.Бат-Эрдэнийн үйлдэл нь амь хохирогч Д.Батмөнхийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй үйлдлээр илэрсэн ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 27 дугаар зүйлийн 27.3.4-т зааснаар "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах" чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Д.Дамдинбазар нь “Биг Монголиа Билдинг” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах түүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж найдсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Иймд Д.Дамдинбазарын үйлдэл нь амь хохирогч Д.Батмөнхийг Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуульд ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргийг Ажил олгогч хэрэгжүүлнэ гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.” гэж яллагдагч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, тэдний үүрэг оролцоог дүгнэлт хийж тусгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр”, 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад “шүүх хуралдаанд шинжпэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа, хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл, эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө” зэргийг тусгана гэж заасан ба яллах дүгнэлтэд тусгагдах хуульд заасан үндэслэлүүдийг бүрэн дурдсан байхад яллах дүгнэлтийн шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлгүй байна.
Шүүх дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.” гэжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Дамдинбазарын өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гараагүй учраас энэ дотоод журмаар асуудал шийдвэрлэснийг халиад тэр Улаанбаатар хотод хэн нь ажил хийж байгааг нь мэдэхгүй этгээдийг чи болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь шударга ёсны зөрчилд нийцдэггүй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Дамдинбазар, Х.Бат-Эрдэнэ нарт холбогдох 2418000000002 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.
Аймгийн Прокурорын газраас “Биг Монголиа Билдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамдинбазар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Х.Бат-Эрдэнэ нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ Мэдээлэл холбооны Дархан дэд төв”-н барилгын 2 давхарт ажиллаж байсан Д.Батмөнх цонхоор унаж олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан тул дээрх нэр бүхийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Дарамболдын Дамдинбазарыг цагаатгаж,
-Шүүгдэгч Боржигон овогт Хатанбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд: Амь хохирогч Д.Батмөнх нь Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Мэдээлэл холбооны дэд төв”-н барилга дээр ажиллаж байхдаа уг барилгын 2 давхраас унаж нас барсан байна.
Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Мэдээлэл холбооны дэд төв”-ийг Монгол улсын Цахим хөгжлийн яамны захиалгаар барилга угсралтын ажлыг “Биг Монголиа Билдинг” ХХК явуулж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгах үүрэг хүлээсэн байна. /хх 1-69, 2-242 тал/
Гэрч Г.Хонгор /“Биг Монголиа Билдинг” ХХК-н талбайн инженер/, Х.Бат-Эрдэнэ /“Биг Монголиа Билдинг” ХХК-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан/ нарын мэдүүлгээр “... Д.Батмөнх манайд аман байдлаар гэрээ хийж түр ажилтнаар орж ажиллаад 10 хонож байна.” гэж мэдүүлсэн байна. /хх1-57-58, 74 тал/,
Иймд “Биг Монголиа Билдинг” ХХК, иргэн Д.Батмөнх нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн харилцаа гэдэг нь: Ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ.
Хэрэгт авагдсан гэрч Г.Хонгор, Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр амь хохирогч Д.Батмөнхийг түр ажилтнаар авч ажиллуулж байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн байна.
Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдсэн эсэхээс үл хамааран ажилтан ажил, үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хуульчилсан байдаг.
Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “ Ажлын бүтэн бус цагийн ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.” гэж заажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина.” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулан ажиллуулахаар заасан байдаг.
Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж нарийвчлан тусгажээ.
Дээрх дурдсан хуулиудын үйлчлэл нь ажил, хөдөлмөр эрхэлж буй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байх тул шүүх шийдвэртээ үндэслэл болох нь зүйтэй юм.
Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч “Биг Монголиа Билдинг” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Дамдинбазарт /хх 1-227 тал/ холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргахдаа шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр орхигдуулсны улмаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан журмын холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.
Тухайлбал:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан байна.
Хуулийн энэ заалтад нийцүүлэн “Биг Монголиа Билдинг” ХХК-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.4.2-д “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гүйцэтгэх захирлын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулна.”,
-журмын 3.2.4-д “Шууд удирдах албан тушаалтан нь ажилтны төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажил, үр дүнг сар, улирлаар дүгнэж, тайлан гаргана, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.”
-журмын 6.1-д “Ажилд шинээр орж байгаа ажилтныг ажилд авах эсэхийг гүйцэтгэх захирлын тушаалаар эцэслэнэ шийдвэрлэнэ.”
-журмын 2.8.1-д “Гүйцэтгэх захирал ажилчдын хурлыг долоо хоног бүр удирдан явуулж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх ажлын чиглэлийг өгнө.” гэж тодорхойлжээ.
Иймд “Биг Монголиа Билдинг” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Дамдинбазарын шууд удирдлагад ХАБЭА-н ажилтан Х.Бат-Эрдэнэ ажиллах ба өөрийн хариуцсан ажлын биелэлт, ажлын явц, хөдөлмөр хамгааллын асуудал хууль, дүрэм, журамд хэрхэн нийцэж байгаа талаар 7 хоног бүр ажилчдын хурал дээр танилцуулах замаар мэдээллээр хангаж явахаар заасан байна./хх1-156, 2-249 талууд/
Түүнчлэн “Биг Монголиа Билдинг” ХХК-д ажилтан шинээр ажилд авах болон ажил олгогчийн бусад онцгой эрх зөвхөн гүйцэтгэх захирал Д.Дамдинбазарт хадгалагдах ба энэхүү эрхүүдээ бусад албан тушаалтанд шилжүүлсэн талаар ямар нэгэн баримт бичиг эрүүгийн хэрэгт хавсаргагдаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт: Төслийн талбайн дотоод журмын 6.2.12-д заасныг үндэслэн Гүйцэтгэх захирал үйл ажиллагаагаа шуурхай явуулах үүднээс төслийн талбайд ажиллах хүнийг ХАБЭА ажилтан Х.Бат-Эрдэнэ авч ажиллуулах эрхтэй тул амь хохирогч Д.Батмөнхийн ажил олгогч нь Д.Дамдинбазар биш Х.Бат-Эрдэнэ гэж үзжээ. /хх 2-244 тал/
Гэтэл шүүхийн үндэслэл болгосон заалт нь Төслийн талбайд өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй цагийн болон хөлсөөр ажиллах цалин хөлсийг ХАБЭА ажилтан тохирч болох асуудлыг зохицуулсан байхаас гадна уг журмын дараагийн заалтад /6.2.13/ “...өдрөөр болон хөлсөөр ажилласан хүний цалин хөлсийг байгууллагын /Биг Монголиа Билдинг ХХК/ нягтлан бодогч олгох” зохицуулалт байгааг шүүх анхаарч үзээгүйгээс гадна журмын холбогдох заалтыг буруу ойлгож дүгнэлт хийсэн байна.
Амь хохирогч Д.Батмөнх болон шинээр ажилд авсан ажилтнууд ажилд ороод 10 хонож байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, ажилд гарахын өмнө хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөггүй, ажил үүргийн онцлогт тохирох хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй гэх мэт зөрчлүүд төслийн талбайд үүсээд байгааг “Биг Монголиа Билдинг” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Дамдинбазар мэдэх боломжтой байсан ч мэдээгүй байдал, хууль журмаар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна.
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай Д.Дамдинбазарт холбогдох дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн талаар мөн ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмын 9.1.14-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн ажилчнаар ажил гүйцэтгүүлэхийг хориглох”-р заажээ.
Гэрч Ю.Батсайхан “ ...Д.Батмөнхийг өргөөд босгох гэсэн чинь ханцуйнаас нь Чанар нэртэй архи унаад ирсэн. 12 цагийн орчим Д.Батмөнхөөс архи үнэртээд байсан.” /хх 1-55тал /
Барилгын инженер Б.Хонгорын мэдүүлэгт “... Д.Батмөнх гэдэг ажилтан надад ах нь өчигдөр архи уучихсан шүү гэсэн. Би та одоо ажиллаж чадах юм уу, Зүгээр үү гэхэд Д.Батмөнх одоо зүгээр гэхээр нь ажилд гаргасан.” /хх-57 тал/ гэж мэдүүлсэн байх тул хохирогч ам насаа алдахад барилгын инженер Б.Хонгорын үйлдэл нөлөөлсөн эсэхийг анхаарч үзээгүй гэх мэт зэрэг зөрчлүүд илэрсэн тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Б.МАНЛАЙБААТАР