Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 146/ШШ2025/00202

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдээ сургуульд суулгах гэтэл хаягийн зөрчилтэй гээд суулгахгүй байгаа. Тиймээс үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаа. Ээж, аав хоёр маань хөдөө орон нутгийн харьяатай учраас хүүхдээ Улаанбаатар хотод сургуульд суулгах гэхээр харьяаллын дагуу суулга манайх авахгүй гээд байгаа. Хүүхэд маань одоо надтай хамт амьдардаг юм” гэв.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдээ сургуульд суулгах гэхээр хөдөөний харьяатай болохоор сургуульд суулгах боломжгүй болоод байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдээ сургуульд суулгах гэхээр бид хоёр хөдөөний харьяатай болохоор Улаанбаатар хотод сургуульд суулгах боломжгүй болоод байгаа учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: *******гийн *******ын төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн *******, *******ийн *******, *******гийн Өлзийжаргал, ын нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн *******ын үрчилсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 981 дугаартай тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

5.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* нь хүү П.*******ыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаа, П.*******ын төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

7.Үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл нь үрчлэгч эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий догшин харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхэд үрчлэх шийдвэр гаргуулсан, хүүхэд үрчлэн авч болохгүй этгээд хүүхэд үрчилсэн нь тогтоогдсон тохиолдолд үрчлэлтийг дуусгавар болгохоор хуульчилсан.

 

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтэд түүнийг хүчингүйд тооцуулах үндэслэл, шалтгааныг тодорхой дурдаж, ямар шалтгааны улмаас хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж байгааг хүсэлт гаргагч тайлбарлан холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

8.Нэхэмжлэгч *******ын гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах нэхэмжлэл нь үндэслэл муутай, нотлогдохгүй байх тул шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч ... овогт ..-ын хүү ...-ыг үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА