Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 353

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            хохирогч Н.Т,

            шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1808006430255 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас түүний тэжээвэр нохой нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод иргэн Н.Тын баруун гарын ядам хурууг тасалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Н.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Н.Тын мөрдөн байцаалтад өгсөн:...Манайх Сонгинохайрхан дүүргийн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед дэлгүүр орчихоод тортой зүйл бариад 14 дүгээр гудамжинд мөсөн дээр халтирч унах гээд ойрхон хашааны банзнаас баруун гараараа барихад хашаан дотор сул явсан цагаан саарал өнгийн нохой миний баруун гарын ядам хурууг үеэр нь тасдаж уг гарын чигчий хуруу, дунд хурууг хазаж 2 шүд орсон байсан. Худаг ажиллуулдаг эмэгтэй ирж эмнэлэг, цагдаа дуудсан…Эзэнд нь хэлээд байхад нохойгоо уядаггүй, манай тэндхийн хүмүүсийн гар хөлийг хазсан талаар ярьж байсан, худгийн эмэгтэйн хүүхдийг хазаж байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-11-12/,  

            - шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...уг нохойд ямар нэгэн арга хэмжээ авмаар байна. Цаашид ч өөр хүн гэмтээхийг үгүйсгэхгүй. Би эмнэлгийн бичиг баримтаа Саруултөгс байцаагчид аваачиж өгөхөд энэ баримт хэрэггүй болсон гэж хэлсэн тул буцаагаад авсан...гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- хохирогч Н.Тын эмнэлэгт үзүүлсэн баримт, зураг /х-50, 51/,

- гэрч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн:...Манай гэрийн зүүн талд нарийн гудамж байдаг. Уг гудамжаар ажлаа тараад явж байхад Түмэнжаргал өөдөөс ирж яваа харагдсан. Түмэнжаргал хальтирч унахдаа нарийн гудамжны айлын хашааны банзнаас барихад дотор нь байсан нохой Түмэнжаргалын гарын хазсан. Би очоод үзэхэд Түмэнжаргалын гарнаас цус гарч байсан ба баруун гарын нэг хурууг үеэр нь тасдсан байсан...Ганболдын нохой байнгын уяагүй сул байдаг ба өмнө нь олон удаа хүн урж байсан. Манай 4 настай хүүгийн хөлийг урж 2 оёдол тавиулж байсан  ба өргөдөл гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-39-40/

- гэрч Б.Нмөрдөн байцаалтад өгсөн:...манайх 3 нохойтой. Цагаан охин нохой нь уяагүй байдаг ба уяахаар уяагаа тасдаад алдуурчихдаг. Одоо ч сул байгаа...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэг эмэгтэйг хазсан гэсэн, тэр талаар би сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-41-42/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1757 дугаартай шинжээчийн:....Н.Тын биед баруун сарвууны 4-р хурууны 1-р үений тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 15.89.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-20/,  

- шүүгдэгч Ж.Гын мөрдөн байцаалтад өгсөн:...Манайх хашаандаа 3 нохой тэжээдэг. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад хашааны хаалга нэг эмэгтэй нүдээд байсан. Гарахад худгийн эмэгтэйгээс танай нохой хүний хуруу хазчихлаа гэж байсан. Хазуулсан эмэгтэйг харахад гарнаас нь цус гарсан, баруун гарын ядам хурууг нь харахад мухар болсон байсан ба өөрөөс нь юу болсон талаар асуухад “танай нохой миний хурууг тасдаад идчихлээ” гэж хэлж байсан. Манай хашаанд сул байсан цагаан нохой хазсан байсан. Би уг цагаан нохойг уяад байхад уяанаасаа мултарчихаад байдаг. Урд нь 4-5 настай эрэгтэй хүүхдийн хөлийг нь урсан байсан. Миний хувьд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-35-36/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргахгүй, мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мөдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Ж.Гыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсон

Хэрэгт цугларсан: - хохирогч Н.Тын…эзэнд нь хэлээд байхад нохойгоо уядаггүй, манай тэндхийн хүмүүсийн гар хөлийг хазсан талаар ярьж байсан, худгийн эмэгтэйн хүүхдийг хазаж байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-11-12/,  

- гэрч Б.Н...цагаан охин нохой нь уяагүй байдаг ба уяахаар уяагаа тасдаад алдуурчихдаг...гэх мэдүүлэг /х-41-42/,

- гэрч Ц.Н...Ганболдын нохой байнгын уяагүй сул байдаг ба өмнө нь олон удаа хүн урж байсан. Манай 4 настай хүүгийн хөлийг урж 2 оёдол тавиулж байсан...гэх мэдүүлэг /хх-39-40/,

- шүүгдэгч Ж.Гын...манай тэр нохой урд нь 4-5 настай эрэгтэй хүүхдийн хөлийг нь урсан байсан...хохирогчийг манай хашаанд сул байсан цагаан нохой хазсан байсан. Би уг цагаан нохойг уяад байхад уяанаасаа мултарчихаад байдаг гэх мэдүүлэг /хх-35-36/ зэргээс үзэхэд шүүгдэгч нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан, урьд нь тухайн нохой нь өөр бусад хүн рүү халдсан болохыг мэдсэн атлаа зохих хамгаалалтад байлгахыг огт хүсээгүй буюу тухайн асуудалд илтэд хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан гэж үзнэ.   

Шүүгдэгч нь нохой тэжээж байгаа тохиолдолд “нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур, тэжээх арчлах” журамд заасан: “нохойг хашаандаа тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгах, гадна хаалгандаа өндөр, шөнийн цагаар бусдад харагдахуйц тэмдэглэгээ хийсэн байх” зэрэг үүрэг, шаардлагыг мөрдөх ёстой атал тухайн асуудалд эсрэгээр хандсан байгааг зөвтгөх боломжгүй болно.    

Хохирол төлбөрийн тухайд:  

Хохирогч Н.Т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.450.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 245.000 төгрөг төлсөн /хх-4/ байх ба хохирлын талаарх хууль ёсны нотлох баримт хэрэгт байхгүй байна.  

Хохирогч нь өөрийн ажлаас чөлөө авсан эсэх, чөлөө нь цалинтай эсэх, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар давхар баталгаажаагүй тул 2 сарын цалин 1.200.000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй гэж үзэв.  

Харин хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв.   

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-23/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                 

Бусад асуудал  

  Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь орчиндоо аюул учруулж болох “цагаан нохой”-г зохих хамгаалалтад байлгах үүрэг, шаардлагыг удаа дараа зөрчсөн, мөн тухайн нохой нь уяагддаггүйн улмаас хэд хэдэн иргэнд халдаж байсан, хохирогч Н.Тын гарын 1 хурууг тасдсан, 2 хурууг гэмтээсэн байх тул тухайн төрлийн гэмт хэрэг дахин давтагдахыг таслан зогсоохын тулд тус “цагаан нохой”-г зохих үндэслэл журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Ж.Гыг орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эзэмшилд байгаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан тухайн “цагаан нохой”-г зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР