Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

 

 

 

      

 

 

   2024            04           29                                     2024/ДШМ/26

 

 

 

Ж.О , Я.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: Г.Ганцэцэг /цахимаар, зайнаас/,

шүүгдэгч: Ж.О , Я.Н ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, Э.Ганбат,

шүүгдэгч Я.Н гийн өмгөөлөгч Х.Ургаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Азбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, Э.Ганбат, шүүгдэгч Я.Н , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Азбаяр, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.О , Я.Н нарт холбогдох эрүүгийн 2220000620155 дугаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа танилцуулснаар хянан хэлэлцэв.  

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.Д овогт Ж.О , * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Э сумын *ажиллаж байсан, одоо Улаанбаатар * ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

1.2.Г овогт Я.Н , * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Э сумын * ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.О Дорноговь аймгийн Э сумын Эр*р, шүүгдэгч Я.Н * ажиллаж байхдаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу тус аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиж, 8 сартай жирэмсэн О.У ухаан алдсан байдалтай байхад нь эх баригч Я.Н гийн хамт үзлэг хийж, өвчтөний биеийн байдалд онош тавилгүйгээр Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 8 сартай жирэмсэн О.У нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Ж.О , Я.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...шүүгдэгч Д овогт Ж.О , Г овогт Я.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жигмэдийн Отгончулуу, Янжинсүрэнгийн Нямсүрэн нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О , Я.Н нарын эдлэх 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар шүүгдэгч Ж.О , Я.Н нараас хохирогчийн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зардалд 35,379,646 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 63,000,000 төгрөгийг, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирол 114,600,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Н овогт О.А  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн болон нотлох баримтын шаардлага хангаагүй 350,042,554 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ж.О , Я.Н нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн асуудал дээр маргаагүй, харин иргэний хариуцагчийг зөв тогтоогоод хохирол, хор уршгийг тухайн иргэний хариуцагч байгууллагаар гаргуулах байр суурьтайгаар оролцсон. Шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ иргэний хариуцагчийг зөв тогтоогоогүй, иргэний хариуцагчийг татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж дүгнэсэн атлаа иргэний хариуцагчийг зөв тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т тухайн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажил хөдөлмөр эрхэлж байсан этгээдүүд үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм буруутай асуудал гаргасан тохиолдолд хариуцлагыг төр хариуцах зохицуулалт байдаг. Хохирогч талаас сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилнэ гэдгийг шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлээ гаргахдаа тайлбарлаж байсан. Тэгэхээр дээрх үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсхүл прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд шүүгдэгч нарын хувийн байдал, болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болоод О хувьд бага насны 4 хүүхэдтэй, бага нь ой 6 настай, хөхнөөсөө гараагүй хүүхэд байсан. Өндөр настай ээж, аавтайгаа хоёулаа амьдардаг. Ээж, аав нь энэ хэрэг шийдэгдсэнээс хойш маш хэцүү нөхцөл байдалд байгаа. Энэ нөхцөл байдлуудыг хараад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу тухайлбал жирэмсний хөтөч карт байгаа. Энэ хяналтын картаар хохирогч Уянга нь анх жирэмсэлснээсээ хойш өөрийн оршин суух Өргөн сумын эрүүл мэндийн төвөөр дамжин Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байсан. Өөрөөр хэлбэл оршин суух хаягийн хувьд Эрдэнэ сумынх биш. Жирэмсний хяналт, Эрдэнэ сумд огт хамааралгүй байсан нь картаар нотлогдож байгаа. Хяналтын дэвтэр дээр хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн гэж бичсэн байгаа. Гэрч Д мэдүүлэгт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хяналтдаа орсон гэсэн байгаа. Эмч нар дуудлагаар очиж 20-30 минутын хугацаанд эм тариа хэрэглэж, биеийн тогтвортой байдлыг нь хянаад сумын эмнэлэг рүү аваачиж эмнэлгийн тусламжийг үргэлжлүүлэн хүргэсэн байдаг. Гэтэл энэ тусламж үзүүлсэн хоёр эмчийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж гэм буруутайд тооцсон нь нөхцөл байдал, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Эдгээр хүмүүсийн тусламж үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхад шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хэргийн материалд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч нар хууль зүйн мэдлэггүйгээсээ болж гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснөөс үүдэн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Гэвч хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллах нотлох баримт болохгүй бөгөөд бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнэсний дараа гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлын хувьд шүүх зөв, үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байсан хүн өөрийн оршин суух нутгийн харьяа биш, Эрдэнэ суманд явж байхдаа тархинд нь цус харваж, ухаангүй байх үед нь очиж тусламж үзүүлсэн Отгончулуун, Нямсүрэн нарын буруутай үйлдлээс болж нас барсан, амь авагдах бүрэн боломж магадлалтай байсан мэтээр шүүх дүгнэсэн нь буруу. Тухайлбал шинжээчийн 576 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт Уянга нь жирэмсний манас таталтын улмаас тархинд нь цус харваж нас барсан, энэ тохиолдолд амь нас нь аврагдах боломж багатай гэсэн дүгнэлт гарчихсан. Тэгэхээр энэ дүгнэлт гарахын өмнө эхийн эндэгдэл байсан учраас эмгэг судлалын шинжилгээ цогцост хийгдсэн, …түүнээс ухаангүй байгаа хүн дээр очоод тархины баруун байрлалд нь ийм цус харважээ гэсэн оношийг хэн ч тавьж чадахгүй. Мөн энэ оношийг бичихдээ эмч урьдчилсан онош гэж бичсэн. Урьдчилсан онош гэдэг нь зуун хувь тийм гэсэн үг биш баримжаалсан онош, дараа нь зохих шинжилгээнүүд хийсний дараа эцсийн онош тавигдана. Эцсийн оношныхоо дагуу яг эмчилгээнүүд нь хийгдэнэ. Хэрэгт Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн даргыг шууд иргэний хариуцагчаас тогтоож, мэдүүлэг авсан байдаг. Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв чинь Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр иргэний хариуцагчийг тогтоолгох албан тоот өгөөд иргэний хариуцагчаар тогтоосон асуудал байхгүй. Энэ нь процессын маш том алдаа, мөн буруу зөв ч гэсэн иргэний хариуцагчаар тогтоочихсон байхад шүүх иргэний хариуцагчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Ухаан алдсан үед нь мэдрэлийн оношоор ухаан алдсан байна уу, жирэмсний оношоор ухаан алдсан байна уу гэдгийг нь тогтоохоор мэдрэлийн эмчээс зөвлөгөө авахад эх барих эмэгтэйчүүдийн эмчээсээ зөвлөгөөгөө аваарай гэдэг чиглэл өгсөн байдаг. Жирэмсний хожуу үеийн хордлогын нэг аюултай хүндрэл нь ихэнх тохиолдолд амь нас хохирдог. Тэгэхээр энэ хүндрэл гарсан цаг хугацаанд тусламж үзүүлсэн эмч нарыг энэ гэмт хэрэг гарахад шалтгаант холбоотой гэж буруутгах нотолгоо, хууль зүйн үндэслэл хэрэгт байхгүй. Ийм байхад шүүх гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Шинжээч нарын дүгнэлтүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ жирэмсэн эхэд үзүүлэх хяналтын асуудал л яригдсан. Түүнээс биш ухаан алдсаны дараа ийм тушаал, стандартыг зөрчөөд амь нас нь хохирч байна гэсэн дүгнэлт гараагүй. Эмнэлгийн тусламж  үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарлахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3-т зааснаар үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж тайлбарласан. Гэтэл шүүгдэгч нарыг ямар стандарт журам зөрчсөн талаарх дүгнэлт байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатаас хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, эсхүл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурьтай байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж байгаа учраас тусгайлан хэлэх зүйл байхгүй. Энэ хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Улсын дээд шүүхээс гаргасан тогтоол болон Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс сэтгэцэд учирсан хохирлыг гаргах тухай асуудал зохицуулагдсан байгаа. Үүнээс өмнө шийдвэрлэсэн хэргүүдийн гэм хорын хохирлуудыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа. Хоёрдугаарт О аав ээж нь монгол хүний жудаг, сэтгэл санааны хувьд тавгүй байсан зэрэг байдлуудыг харгалзаад хэрэг шийдсэнээс хойш сайн дураараа оршуулгын зардалд 17,500,000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байна лээ. Миний хүүхэд буруугүй гэсэн ч энэ хэрэгт хүний амь нас хохирсон учраас хохирлыг буцааж авахгүй гэсэн байр суурьтай байгаа гэж хэлсэн, өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

7. Шүүгдэгч Я.Н гийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар гомдлоо гаргаж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд тухайн эмнэлгийн ажилтан буруу онош тавьсан гэх боловч тухайн оношийг шууд үзэхэд илрүүлэх боломжтой онош байсан талаар нэг ч дүгнэлт өгөөгүй. Амь хохирогч нь жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас барсан, цус харваж нас барсан тохиолдолд амь насыг аврах боломж багатай, эрт оношилж хяналт сайн хийсэн тохиолдолд уг хүндрэлд орохгүй, эх ураг төрөх боломжтой, эхийн хувьд умайн эхэст эхийн судасны урсгал бууралт өөрчлөлт тогтоогдсон ба манас таталт үүсэхэд нөлөөлсөн жирэмсэн үеийн хяналтыг бүрэн хийгээгүй зэргээс эх нас барсан шалтгаан болсон гэж байгаа. Тэгэхлээр энэ дээр жирэмсний үеийн хяналтыг хэн тавих ёстой байсан бэ? Тэр хүн хариуцлага хүлээх юм уу? Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг хуульчилсан бөгөөд 27.1.2 дээр шинжилгээ хийлгэх үед оролцогч дараах эрхтэй шинжээчийг татгалзан гаргах за шинжээч нэмэлт асуулт тавих, шинжээч нэмэлт баримт бичиг өгөх, тайлбарлах, мөрдөгч прокурорын зөвшөөрч шинжилгээ хийхийг байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхүүдтэй атал энэ эрхийг хязгаарлаж, огт танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү дүгнэлтүүдээр буруутгаж байгаа бөгөөд дүгнэлт гаргуулах гэж байгаа тогтоолтой танилцах эрхийг маань хязгаарласан, энэ байдал Нямсүрэнгийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг.” гэв

Шүүгдэгч Я.Н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…нэмж хэлэх юм бол байхгүй. Ер нь бол Д энэ хүнийг жирэмсний хяналтдаа 8 сар хүртэл хянаж байсан. Энэ эмчийг татаж оруулж шалгахгүй байсан уу, өөр хэлэх юм байхгүй.” гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлогдож хэрэг шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа, ...Ганбат өмгөөлөгчийн хэлж байгаагаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах, үгүй бол прокурорт буцаах, Ургаа өмгөөлөгчийн хэлж байгаагаар тэр шүүхийн шилжүүлэх шатанд буцаах хууль зүйн ойлголт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн нэг зорилго бол зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирол, хор уршгийг арилгах нь эрүүгийн хариуцлагын нь ч тэр, шүүхийн ч зорилгын хүрээнд хамаардаг. Иргэний хуулиа бариад аргачлалынхаа дагуу бодчихно. Сэтгэл санааны хохирол гэдэг ойлголтыг анхан шатны шүүх мөн хэрэглэсэн. Энэ сэтгэл санааны хохиролд гэдгийг яагаад хэрэглээд байна вэ гэхээр одоо нөгөө хохирогчийн аав нь хэрэг болсноос хойшоо нэг жил гаруй хугацааны дараа амиа хорлож нас барсан ийм асуудлууд байгаад байгаа учраас энэ сэтгэл санааны хохирлыг гаргах нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэрлэж хэрэглэсэн. Тийм учраас өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, шүүгдэгч нарын давж заалдах гомдол бол үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Азбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага бол хөнгөрчихсөн, нэг жилийн хугацаагаар хорино гэдэг байж боломгүй,  ялыг хүндрүүлж өгөх агуулгатай гомдол гаргасан байгаа..” гэв.

10. Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “…Анхан шатны  шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй хэргийн нөхцөл байдал, мөн 2 хүний амь нас хохирсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг гэм буруугийн хэрэг хэмжээ, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэж байгаа. Ийм учраас талуудын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг нь хэвээр үлдээх саналыг давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргаж оролцож байна” гэв.

11. Шүүгдэгч Ж.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өргөсөн тангаргийнхаа төлөө үүрэгт ажлаа хийж явсан, эрдэнэт хүний алтан амь эрдсэнд би үнэхээр туйлын харамсаж, гэмшиж явдаг. Намайг дуудлагаар очихдоо ухаангүй орныхоо хажууд хэвтэж байсан. Тэгээд тухайн хүнийг үнэлж үзээд зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, тайвшруулах, булчин сулруулах үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийгээд амь эрсэдсэн байдалтай байсан учир эмнэлэг рүүгээ зөөвөрлөлт хийсэн, үнэхээр харамсаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, Э.Ганбат, шүүгдэгч Я.Н , хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяяа, түүний өмгөөлөгч О.Азбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  журам болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, хэргийн бүх ажиллагааг хянахад амь хохирогч О.У нь Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтад орж, 8 удаа хяналтад хамрагдахаас 3 удаа биеэр очиж үзүүлсэн, О.У жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас барсан, эхийн хувьд умайн ихэст, эхийн судасны урсгал бууралт, өөрчлөлт тогтоогдсон, манас таталт нь даралт ихсэх үед тархинд цус харвалт үүсэж хүндрэл өгч, үхэлд хүргэдэг ноцтой эмгэг талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба хохирогч, Эрдэнэ суманд ажиллаж, амьдарч байсан нөхрийнхөө гэрт очсон байх үедээ толгой эргээд, унах гээд байна гэж хэлснээр түүний нөхөр эмнэлэг рүү дуудлага өгсөн, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эмч, эх баригч, сувилагч нар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу тус аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиход, 8 сартай жирэмсэн О.У ухаан алдсан байдалтай байхад нь хамт үзлэг хийж, тусламж үзүүлж, сувилагчаар эм, тариа хийлгээд сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, эмчилгээ хийсэн, хохирогчийн биеийн байдлын талаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэшсэн эмч нарт мэдэгдсэн зэрэг үйл баримт болж, өнгөрчээ.

2.Эдгээр дурдсан үйл баримт болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулан дүгнэвэл шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

Тодруулбал Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж ...эмнэлгийн тусламж үйлчилгээг, мөн зүйлийн 3.1.5-д зааснаар “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгоно гэжээ.

            Мөн эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж зэргийг мөрдөх үүргийг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар хүлээлгэсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон ба Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүргийг тодорхойлсон ба мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж,

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх..” гэж тус тус заажээ.

Тиймээс эдгээр үүргийг эмнэлгийн мэргэжилтэн/Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн их эмч, эх баригч бага эмч/ зөрчсөн буюу хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотлох баримтад үндэслэн тогтоосны эцэст “эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй”-ээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж дүгнэх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж тус тус  хуульчилсан учир

шүүгдэгч Ж.О , Я.Н нарын аль үйлдэл нь дээр дурдсан “эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй”-д хамаарахыг шалгаж, тогтоох буюу тэд ажлын байрны тодорхойлолт, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, эмнэлгийн  тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, заавар, стандартын аль заалтыг хэрхэн, яаж зөрчсөнийг, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл эсхүл тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх ёстой.  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэрэг гарсан байдал/гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тодруулж, тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй учраас прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдох хуулийн заалтыг чанд сахих, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой.

Тухайлбал шинжээчийн дүгнэлт/1хх145-151, 1хх233-241, 2хх14-26/-д “...жирэмсний хяналтын үед онц эрсдэлтэй жирэмслэлт байсныг илрүүлээгүй, жирэмсний үеийн манас таталтын улмаас тархинд цус харвасан, хохирогчоос асуумж аваагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар ажиллаж үзүүлээгүй, оношийг зөв тогтоож чадаагүй, мэдрэлийн эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчтөнийг тээвэрлэсэн, жирэмсний хожуу үеийн хүндрэл манас таталт болсон үед амь аврагдах боломж багатай”  гэсэн байх тул эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч нарын үйлдэлтэй холбоотой эсэх тэдний зүгээс амь хохирогч О.У үзүүлсэн үзлэг, эмчилгээ хохирогчийн үхэлд нөлөөлсөн үү, тэд холбогдох хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн  дагуу ямар хугацаанд, ямар ажил, үүрэг гүйцэтгэсэн эсхүл огт гүйцэтгээгүйг, Сумын эрүүл мэндийн төвд хохирогчийн үхэлд хүргэсэн өвчнийг бүрэн гүйцэд оношлох боломжтой байсан эсэх буюу хүний амь нас хохирч, хохирол учирсан үр дагавар нь шүүгдэгч Ж.О , Я.Н нарын гэм буруутай аль үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойг зайлшгүй шалгаж, тогтоох нь зүйтэй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа болно.

Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, бага эмч нараас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай утсаар холбогдон өвчтөний  талаар мэдээлэл өгсөн, тэднээс тусламж хүссэн, хохирогчид үзүүлсэн эмчилгээ үйлчилгээ, өвчтөнийг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн зэрэг үйлдэл нь тэдгээрийн хүлээсэн үүрэгт болон эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйд хамаарах эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагад нийцнэ.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд “...шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасан учир энэхүү шаардлагад нийцүүлэн дурдсан нөхцөл байдлыг шалгаж, тогтоох нь зүйтэй юм.

4.Мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоол/1хх144/, шинжээчийн дүгнэлт/1хх233-241/-ийг оролцогч/шүүгдэгч Я.Н /-д танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцээгүй улмаар түүнд мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэсэн эрхийг эдлүүлээгүйг  мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан  тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэмт хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсний дагуу гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаагүй, нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах  эрхийг  эдлүүлээгүйг болон прокуророос яллах дүгнэлт/3хх65-74/-дээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг гэм буруутай үйлдэл тус бүрээр бүрэн гүйцэд тусгаагүй нь тус тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

5.Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохиролд 114,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”-д хамаарч  байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг  хуульчилсан,  мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбоотой, дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж, эхлэх хугацааг тодорхойлсон.

Тиймээс шинээр батлагдсан хууль тогтоомжид дагалдах бусад хуулийн үйлчилж, эхлэх хугацааг тодорхой заасан ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой” асуудлыг буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийн нэмэлтийг уг зохицуулалт хүчин төгөлдөр болсон 2023 оны 7 дугаар сарын 01-ний үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ.   

Иймд эдгээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.О , Я.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.О , Я.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

       ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА