| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0347/Э |
| Дугаар | 354 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 354
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1808012230365 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны хуучин эцсийн буудал орчим микро автобустай зам дээр явж байхдаа Я.Мөнх-Эрдэнийн машиныг шахсаны улмаас хоорондоо маргалдан Я.М боож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны хуучин эцсийн буудал орчим микро автобустай зам дээр явж байхдаа Я.М машиныг шахсаны улмаас хоорондоо маргалдан Я.М боож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-6/,
- хохирогч Я.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим өөрийн төрсөн эх Лувсандолгорын хамт гэртээ харих гээд зүүн салааны 2-р буудлын орчим явж байхад 55-86 УНЗ улсын дугаартай саарал өнгийн микроавтобус урсгал сөрж намайг шахаж орж ирсэн. Тэгээд нөгөө микроавтобус явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны байрны үүдний зогсоол дээр зогсохоор нь би араас нь очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд мокроавтобусны жолооч “яаж явахаа заалгахгүй” гэсэн. Тэгээд би машинаасаа буугаад очтол тухайн микроавтобусны жолооч намайг заамдаад миний хүзүүг гараараа боохоор нь би хариу боосон. Намайг боож байхдаа хавсарч унагаагаад куртикны малгайгаар толгой дээрээс дараад “би чамайг ална шүү” гээд байсан. Миний хүзүүн дээр хумсны олон сорви болсон. Мөн эрүү, хоолой өвдөж байна. Би тухайн хүнд боолгуулснаасаа болж амьсгал боогдоод ухаан алдах шахсан...гэх мэдүүлэг /хх-12/ ...намайг цохиж зодсон асуудал байхгүй. Харин хоолой боож газар унагаасан. Би шархны тос 26.000 төгрөгөөр авсан, хоолой өвдсөнтэй холбоотойгоор 54.000 төгрөгөөр хоолойны эм авсан. Баримт байхгүй. Тухайн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Бас хэл амаар доромжлуулсан...гэх мэдүүлэг /хх-40-41/
- гэрч А.Лу мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим хүү Я.Мөнх-Эрдэнийн хамтаар явж байхад Баянхошууны тойргоос зүүн салааны хорооны байр хүртэл 55-86 УНЗ улсын дугаартай саарал өнгийн микроавтобус гүйцэж түрүүлж, урдуур шахаж ороод урсгал сөрж давхиад янз бүр болоод байсан. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны байрны авто зогсоол дээр тухайн микроавтобус зогсоод хүн буулгахаар нь Мөнх-Эрдэнэ очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд микроавтобусны жолооч “яаж явахаа чамаар заалгах юм уу” гэсэн. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Манай хүүгийн хоолойг боогоод хүзүү, нүүрийг нь маажсан байсан. Мөн хавирч унагаасан...гэх мэдүүлэг /хх-14, 42-43/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №3100 дугаартай:...Я.Мөнх-Эрдэнийн биед эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-18/
- шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 55-86 УНЗ улсын дугаартай микро автобустай Эх нялхасаас зүүн салаа руу чиглэлтэй хүн аччихсан явж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны хорооны буудал дээр зогсож байтал хажууд нэг приус машинтай залуу ирээд “яаж байгаа юм бэ, гээд уурлаад” тэгээд бид 2 маргалдсан. Тэр залуу бууж ирээд цонхоор гараа оруулаад намайг заамдаад шахсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Я.М заамдаж хоолойг нь боож биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-88-89/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Я.Мэмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-101/ гэжээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-78/ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түгээгч ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Мнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.ГАНБААТАР