Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 101/2021/04154/И |
Дугаар | 210/МА2022/00094 |
Огноо | 2022-01-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2022/00094
2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2022/00094 |
Э.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/03532 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ШГ ХХК-д холбогдох,
22,360,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.2 Алдангид 7,453,500 төгрөг, нийт 22,360,500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э. М нь ШГ ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай №В блок гэрээг байгуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 4 давхар F тип 30,8 м.кв талбай, 1 өрөө орон сууцыг 890,000 төгрөгөөр тооцон захиалж нийт үнэ 27,412,000 төгрөг болсноос 14,907,500 төгрөгийг мөн өдрөө шилжүүлсэн.
Ажил гүйцэтгэгч ШГ ХХК нь гэрээнд заасан зорилго, нөхцлөө биелүүлээгүй захиалсан орон сууц одоо болтол ашиглалтад ороогүй. Гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө нэхэж, захиалсан орон сууцаа ашиглалтад оруулах талаар шаардсаар ирсэн. Захиалгын орон сууц ашиглалтад орохыг хүлээж, хугацаандаа ашиглалтанд оруулаагүй болохоор шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжлэхэд гэрээг 6 сараар шинэчлэн ...энэ хугацаанд алдангийг үндсэн мөнгөний хамт өгье гэж хэлсэн. Э.М- нь ШГ ХХК-д мөнгөө төлсөн атлаа байргүй, мөнгөгүй болсноор 2 жилийн хугацаа өнгөрлөө. ШГ ХХК-д төлсөн мөнгөөр өөр орон сууц захиалсан бол орох оронтой, шинэ байртай болчих байсан бөгөөд орон сууцны үнэ тогтмол өсч байна. Гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний төлсөн үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу Э.М-ийн төлсөн 14,907,500 төгрөг, алданги 7,453,500 төгрөг, нийт 22,360,500 төгрөгийг ШГ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1 Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 14,907,500 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна.
1.2 Алдангид 7,453,500 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй.
Тус захиалагчтай хариуцагч захиалгын гэрээ байгуулсан нь үнэн. Дэлхий нийтэд үүссэн цар тахал, эдийн засгийн хямрал үнийн өсөлтөөс шалтгаалж барилгын ажил удааширсан нь үнэн. Бид тус захиалагчийн төлсөн 14,907,500 төгрөгийг 2-3 хувааж төлнө, алданги төлөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ШГ ХХК-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 14,907,500 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 19,907,500 /арван есөн сая есөн зуун долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 257,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
А. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан,шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон буцааж өгнө үү.Учир нь:
-Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Э.М-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь анхдагч шаардах эрх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээний үндсэн үүрэг буюу орон сууцыг шаардахад хэрэглэнэ. Нэхэмжлэгч нь орон сууцыг бус түүний үнийг эргүүлэн шаардсан байхад шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль хэрэглээний илт алдаатай.
-Гэрээ цуцалсан үйл баримтыг дүгнээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөр, алдангийн хамт шаардсан. Нэхэмжлэгч өөрөө тодорхойлоогүй ч өгсөн төлбөрөө эргүүлэн шаардаж байгаа нь гэрээнээс татгалзаж байгаа хэлбэр юм. Талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсанаар тухайн гэрээний харилцаа дуусгавар болж, зөвхөн өгсөн авснаа буцаах эсхүл түүнтэй холбоотой хохирлыг шаардах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалж буй тохиолдолд алданги шаардах эрх үүсэхгүй. Учир нь алданги нь гэрээний үндсэн үүргийг гүйцэтгүүлэхэд хэрэглэгдэх хариуцлага байдаг. Гэтэл шүүх энэ үйл баримтыг дүгнэхгүйгээр хууль хэрэглээний илт алдаа гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Б. Алдангийн тооцоолол тодорхойгүй.
Шүүх диспозитив буюу талуудын зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч алданги шаардахдаа хэзээнээс хэзээг хүртэл, хэд хоногийн алданги шаардаж байгааг тодруулаагүй. Алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд хариуцлага тооцох арга тул уг хариуцлагыг тооцох хугацаа туйлын тодорхой байхыг шаарддаг. Шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй, хугацаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын компаниуд иргэдийг хохироож байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Манайх 22,360,500 төгрөг нэхэмжилсэн боловч 2 сая гаруй төгрөг нэхэмжлэхээс татгалзсан.
Анх нэхэмжлэл гаргахдаа хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Алданги 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардсан. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Одоо барилгын суурь тавигдсан байгаа. Мөнгө өгсөн үеэс гэрээний 2-т заасны дагуу тооцвол 5,187,810 төгрөг болж байгаа. Иймээс анхан шатны шүүх алданги 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Одоо 1 өрөө орон сууцны үнэд хүрэхээргүй байдалд оруулсан. Нэхэмжлэгч тал удаа дараа мөнгөө авахаар шаардсан. Гэрээний үндсэн мөнгийг бэлнээр өгсөн тохиолдолд алданги нэхэмжлэхээс татгалзаж болно гэж хэлсэн боловч 2-3 хувааж төлнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олон жилийн хугацаа өнгөрч хохирсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч ШГ ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 14,907,500 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 7,453,500 төгрөг, нийт 22,360,500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анзын хэмжээг 5,000,000 төгрөг болгон багасгасан байна. /хх1, 36-37/
Хариуцагч тал гэрээний урьдчилгаанд төлсөн 14,907,500 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг 2-3 удаа хувааж төлнө гэсэн боловч алдангийг эс зөвшөөрч маргажээ. /хх24/
1.1 Дараах үйл баримтын хувьд талууд маргаангүй байна. Үүнд:
Э.М- нь ШГ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 4 давхар, F тип, 1 өрөө, 30,8 м.кв талбайтай, 1 м.кв нь 890,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлэх, захиалагч буюу нэхэмжлэгч нийт үнэ 27,412,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх3-4/
Нэхэмжлэгч нь 14,907,500 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөө хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ШГ ХХК-ийн авлагын дансны туслах дэвтрийн тайлан баримтаар тогтоогдсон. /хх5/
Нэхэмжлэгчийн ... ШГ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалсан орон сууц ашиглалтад ороогүй, 2 жил гаруй хугацаа хэтэрсэн. Шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардахад 6 сарын хугацаагаар гэрээгээ шинэчлэн, энэ хугацаанд алдангийг үндсэн мөнгөний хамт өгье гэсэн гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй. /хх1/
1.2 Нэхэмжлэгчийн алдангид 5,000,000 төгрөг гаргуулна гэсэн байр суурийг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээр талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс бүтээж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт хэрэгжих тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хууль буруу тайлбарлан хэрэглэсэн буюу талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу зүйлчилсэн тухай гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.
Мөн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын гэрээ цуцалсан үйл баримтыг дүгнээгүй гэх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлтэй.
Гэрээгээр тохиролцсон 30,8 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, 2 жил хугацаа хэтрүүлж гэрээний үүрэг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн зүйл болох 14,907,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээний үүргийг 2 жилээр хугацаа хэтрүүлсэн нь үүргийг ялимгүй зөрчсөн зөрчил биш тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг зөв гэж үзнэ.
Харин хариуцагчийн давж заалдах гомдлын гэрээг цуцалж буй тохиолдолд алданги шаардах эрх үүсэхгүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Талуудын тайлбараас үзэхэд орон сууцыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гарган гэрээнээс татгалзах хүртэл 2 жил 8 сарын хугацаа өнгөрчээ. /хх1/
Хариуцагч давж заалдах гомдолдоо ... Гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд зөвхөн өгсөн авснаа буцаах үр дагавартай бөгөөд анз шаардах эрхгүй, харин хохирол шаарддаг гэжээ.
Хууль хэрэглээний системчлэлийн хувьд гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах үр дагавартай.
Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд буюу гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд анз тооцсоныг буруутгах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн ... ШГ ХХК-д мөнгөө төлсөн атлаа байргүй, мөнгөгүй болж 2 жилийн хугацаа өнгөрлөө. Уг төлсөн мөнгөөр өөр орон сууц захиалсан бол байртай болчих байсан. Орон сууцны үнэ тогтмол өссөн гэх тайлбарыг ч хариуцагч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлвэл нэхэмжлэгчид тодорхой хэмжээний эд хөрөнгийн алдагдал учирсан үйл баримт тогтоогджээ.
Мөн талуудын гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний төлсөн үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж тохиролцсон. /хх4/
Нэхэмжлэгчийн гэрээг цуцлах хүртэл, өөрөөр хэлвэл гэрээ хүчинтэй байх хугацаанд тооцсон анзын хэмжээг анхан шатны шүүхээс зөв тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүхээс шалгаж үзээд анзын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 862 хоног байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14 907 500 төгрөгөөс гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги тооцоход хоногийн 2,982 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоногт ногдох алдангийг 862 хоногоор тооцвол 2 570 484 төгрөг болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж, хариуцагчаас 17 477 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн алдангийн тооцоолол тодорхойгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/03532 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 гэж, 5,000,000 гэснийг 2,570,484 гэж, 19,907,500 /арван есөн сая есөн зуун долоон мянга таван зуу/ гэснийг 17,477,984 гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 2 429 516 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,
2 дахь заалтын 257,487 гэснийг 245,340 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД