Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

 

 

 

 

      

 

 

  2024            05           21                                       2024/ДШМ/29

 

 

 

Б.Г, С.А, Н.Б,

Т.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч: Т.А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр, Б.Баясгалан/зайнаас цахимаар/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Т.А ын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г, С.А, Н.Б, Т.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2019002610178 дугаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.* төрсөн, * настай, *, халх, * боловсролтой, * ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг *тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, * тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Г

1.2.* төрсөн, * настай, *, халх, * боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймаг *тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт С.А 

1.3.* төрсөн, * настай, *, халх, * боловсролтой, Дорноговь аймгийн * ажилтай, ам бүл 4, нөхөр, ээж, хүүхдийн хамт Дорноговь аймгийн *тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Н.Б  

1.4.* төрсөн, * настай, *, халх, * боловсролтой, * мэргэжилтэй, Дорноговь аймгийн * ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймаг *тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Т.А   

1.5.* төрсөн, * настай, *, халх, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг *тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ш овогт Б.Б    

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.А нь “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер ажиллах байх үедээ тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А , Б.Г , Б.Б  болон “Ундрах-Шанд” ХХК-р тендерт оролцсон Н.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хямд үнэ бүхий бульдозерыг авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон, мөн техникийн тодорхойлолтыг гаргаж тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “Доог Алт” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдан авч “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн өмчийн шаланз маркийн машинаар ерөнхий нягтлан бодогч Б.Г хамт тээвэрлэн авч ирж “Чандмань-Илч ОНӨ” ХХК-ийн грашид байршуулан 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт Н.Б хамаарал бүхий "Ундрах Шанд" ХХКг шалгаруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.

Шүүгдэгч Б.Г  нь “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А , С.А , Б.Б , “Ундрах-Шанд” ХХК-р тендерт оролцсон Н.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиглаж, хямд үнэ бүхий бульдозерыг авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “Доог Алт” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдан авч “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн өмчийн шаланз маркийн машиныг ашиглаж үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер С.А гийн хамт тээвэрлэн авч ирж “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн грашид байршуулан 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт Н.Б хамаарал бүхий “Ундрах-Шанд” ХХК-г шалгаруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр “Чандмань Илч ОНӨ” ХХК-аас зарласан тендерт тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А , С.А , Б.Б , Б.Г  нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер ажилтай С.А тэй тендер зарлагдахын өмнө ярьж тохиролцон өөрийн хамаарал бүхий “Ундрах-Шанд” ХХК-р тендерт оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,

Шүүгдэгч Т.А  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Илч” ОНӨХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А/14 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А/41 дугаартай “Гэрээ байгуулах тухай” тушаалыг тус тус гаргаж нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх гэрээг “Ундрах Шанд” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, төлбөрт шаардагдах 242.000.000 төгрөгийг гэрээний дагуу төлж барагдуулахыг даалгаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерыг тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 01 дүгээр сарын 09-ний өдөр техник Үйлчилгээний албаны дарга С.А нь 140,000,000 төгрөгөөр худалдан авч “Ундрах Шанд” ХХК-аар дамжуулан “Чандмань Илч” ОНӨ ХХК-д нийлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсээр байж дээрх тушаалыг гаргаж “Чандмань Илч” ОНӨ ХХК-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г , Б.Б , С.А болон “Ундрах шанд” ХХКд давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эхнэр Ц.Б дамжуулан 4 сая төгрөгийг өөртөө авсан, мөн Б.Г , Н.Б , С.А нарт давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.

Шүүгдэгч Б.Б  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Илч” ОНӨХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Ундрах Шанд” ХХК-тай Zoomlion загварын бульдозерыг худалдан авах №ДГАОНӨГ/202012083 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулахад худалдан авагч талаас буюу “Чандмань Илч” ОНӨХХК-ийг төлөөлөн оролцож 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үндсэн хөрөнгө хүлээн авах комиссын гишүүнээр ажиллаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерын тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр техник үйлчилгээний албаны дарга С.А нь 140,000,000 төгрөгөөр худалдан авч “Ундрах Шанд” ХХК-аар дамжуулан “Чандмань Илч” ОНӨ ХХК-д нийлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулах, бульдозерыг байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авах комиссын гишүүнээр ажилласан, “Чандмань Илч” ОНӨ ХХК-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г , Т.А , С.А болон тендерт оролцсон “Ундрах Шанд” ХХК-д давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон хууль бус орлогоос өөрийн эхнэр Ц.Баярмаагаар дамжуулан 4 сая төгрөгийг С.А авч өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Г, С.А, Н.Б, Т.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Т овогт Б.Г , Б овогт Т.А    , Ш овогт Б.Б      нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Дамдин овогт Сүхбаатарын Адъяасүрэн, С овогт Н.Б    нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Т.А ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000/Есөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Б ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000/Есөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.А г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000/Долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Н.Б ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000/Долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А , Б.Б , Б.Г , С.А , Н.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /Нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь 5560331195 дансанд шүүгдэгч Н.Б төлсөн 24.200.000 /Хорин дөрвөн сая хоёр зуун мянга/төгрөг, шүүгдэгч С.А гийн төлсөн 39.800.000/Гучин есөн сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Г төлсөн 30.000.000/Гучин сая/ төгрөг, нийт 94.000.000/Ерэн дөрвөн сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус данснаас буцаан гаргуулж улсын орлогод,

-Авлигатай тэмцэх газрын барьцааны 1009000033401 тоот дансанд байршуулсан 8.000.000 /найман сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн 2018 оны үндсэн хөрөнгийн 1 хавтас 253 хуудас бичиг баримт, “Өргөн салбарын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын дугуйт ачигчийн нийлүүлэгчийн сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас 63 хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан “Нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас бүхий баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Чандмань-Илч” ОНӨ ХХК-д буцаан олгож, шүүгдэгч С.А гийн эзэмшлийн 00-84 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б ээс 24.200.000 төгрөг, С.А гээс 39.800.000 төгрөг, Б.Г эс 30.000.000 төгрөг тус тус гаргуулсныг, шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь 5560331195 тоот дансанд төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн 26 тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Т.А  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт давж заалдах гомдол гаргасан байгаа. Аливаа хэргийг 2 талын оролцоог тэгш хангах шаардлагатай үздэг. Тийм учраас бид тухайн бульдозерын үнэлгээний тал дээр бүх шатад хүсэлт гаргаж, үнэлгээг үнэн зөв байдлаар тогтоогооч. Хас үнэлгээ буруу тогтоочихсоныг дээд байгууллага нь хүчингүй болгочихсон. Орц мэдээллийг нь дутуу дүгнэсэн байна гээд дээд байгууллага нь тухайн үнэлгээг хүчингүй байна гэж дүгнэчхээд байхад тэр үнэлгээг үндэслэж буруутгаснаас шударга ёсонд нийцэхгүй байгаа гэсэн байдлаар гомдол гаргасан байгаа.” гэв.

6. Шүүгдэгч Т.А ын өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Обьектив талын болон субъектив талын шинж тогтоогдохгүй байна гэж үздэг. Субъектив талын шинжийн хувьд энэ гэмт хэрэг санаатай үйлдэгдээд мөн ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиас хамгаалагдсан эрх ашигт харш үр дагаврыг бий болгох санаа зорилгыг агуулсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч нарын зүгээс ямар нэгэн ашиг хонжоо олъё гэсэн санаа зорилго өвөрлөөгүй, дээрээс нь иргэдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг зөрчөөгүй. Харин Сайншанд суманд шаардлагатай байсан техникийг авахгүй байсан бол одоо энэ сум хөлдөх эрсдэлтэй. Үүнээс урьдчилан сэргийлээд тухайн үеийн нөхцөл байдал, ковидын нөхцөл байдалтай байсан мөн хил гааль хаалттай байсан, тендер зарлаад ямар ч компани оролцдоггүй байсан үед эрсдэл гаргаж бульдозерыг худалдаж авсан байдаг. Хэдийгээр тендерийн үнийн дүнгээс бага үнийн дүнгээр тоног төхөөрөмжийг худалдаж авсан ч гэсэн энэ тал дээр объектив талын шинж буюу 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг зүйлчлэлийн хувьд тогтоогддоггүй. Хэдийгээр энэ хүмүүс хэргийн талаар өөрсдөө яриад, үнэн зөвөөр мэдүүлээд буруугаа хүлээгээд байгаа ч гэсэн энэ яг хэрэг мөн үү, биш үү? Мөн бол 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэрэг мөн үү? Хас үнэлгээнээс гарсан 140,000,000 төгрөгийн үнэлгээг Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтээр үндэслэлгүй гээд дүгнэлт гаргачихсан. Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт үндэслэлгүй байгаа учраас дахин шинжээч томилоод өгөөч гэж би удаа дараа хүсэлт явуулаад Улсын ерөнхий прокурор руу 2 удаа энэ хэрэг явсан. Үнэхээр энэ хэргийг, энэ хүмүүсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авлигын хэрэг гэж үзэж байгаа бол тухайн үеийн бодит байдлын хэдэн төгрөгийн үнэтэй байсан гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр 104,000,000 төгрөгийн, 152,000,000-142,000,000 төгрөгийн, 102,000,000 төгрөгийн асуудал яригдсан ч гэсэн хохирлыг төлчихсөн байгаа. Шүүхээс тендер болсон, энийг ашиглаж байгаа, энэнээс ашиг олсон тендерийг хүчинтэй гэж үзээд шүүх дүгнэж хэргийг шийдсэн гэж үзэж байгаа. Харин Сангийн яам буюу мэргэжлийн байгууллага нь энэ тендер бүхэлдээ хүчингүй болсон, хүчингүй байна. Энэ дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан нь ажилласан тендерийн хорооны гишүүд, эрх бүхий албан тушаалтан Чандмань-Илч ОНӨХХК тендерийг шалгаруул гэж дүгнэлт хүргүүлсэн нь үндэслэлгүй гээд дүгнэчихсэн байхад үүнийг анхаарч үзэхгүйгээр анхан шатны шүүх шийдсэн. Эдгээр байдлаас үзэхээр Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-т заасан авлигын хэрэг мөн үү, биш үү? гэдэг дээр эргэлзээ үүсэж байгаа. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээсэй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн үед болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлдэг. Мөн Дэлгэрэх суманд авч өгсөн хүүхдийн тоглоомын талбай, намд өгсөн санхүүжилтийн мөнгө гээд бусад зардлуудыг бүгдийг нь төлсөн байдаг. Эдгээр байдлыг харгалзан үзээд хэргийг шийдэж өгөөсэй гэдэг хүсэлтийг гаргаж байна.” гэв.

7. Шүүгдэгч Т.А ын өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол тогтоож байгаа шүүхийн дүгнэлт өөрөө хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа юм. Тэгэхээр бульдозерыг худалдаж авсан үнэ буюу 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 130,000,000 төгрөгөөр худалдаж авсан, эсвэл Техникийн үнэлгээний хороогоор Ти Пи зөвлөлд яг хэдэн төгрөг шилжүүлсэн гэдэг асуудал дээр нь л шүүх дүгнэлт хийгээд байгаа болохоос биш улс яаж хохирчихоод байгаа юм бэ? гэдэг агуулга нь өөрөө ямар баримттай зөрөөтэй байгаа юм гэхээр мэргэжлийн үнэлгээний хүмүүс буюу Бөхөөсүрэн, Бат, Чимэдсайхан гээд 3 шинжээчийн дүгнэлтээр бульдозерыг үнэлсэн байгаа. Бульдозерын үнэлгээ нь өөрөө 198,000,000 төгрөг байна гээд Хас үнэлгээний компанийн Даваасүрэн гэдэг үнэлсэн 140,000,000 төгрөгийн үнэлгээ буруу болсон мөн үнэлгээний тодорхой шалгуурт нийцээгүй байна гэж дүгнэсэн. Тэгэхээр миний хувьд албан тушаалын хэрэг дээр өнөөдөр улс хохирогч байдаг буюу улсыг хохиролд оруулсан байх ёстой. Гэтэл улс яаж хохирсон бэ? гэдэг дээр шүүхийн дүгнэлтээр улс 102,000,000 төгрөгөөр буюу их хэмжээгээр хохирчихжээ гэж дүгнэсэн. Гэтэл мэргэжлийн үнэлгээчдийн институтээс гаргасан дүгнэлтийг шууд аваад үзэх юм бол бульдозер өнөөдөр зах зээлийн үнэлгээ болон техникийн тодорхойлолтоороо бараг 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн байдлаа гэгээрүүлэх зорилгоор давж заалдах шатын шүүхэд хандаж гомдол гаргасан байна. Тийм учраас гомдлыг хүлээж авч шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд эхнэрээрээ дамжуулаад 4,000,000 төгрөг авсан гээд байгаа асуудлыг шүүгдэгч Адьяасүрэн, Ган-Эрдэнэ 2 мэдүүлээд байна лээ. 40,000,000 төгрөг хүүтэй зээлсэн гэдэг асуудал ярьдаг. Тэгэхээр 40,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн мөнгөний хүү нь 4 сая төгрөг байх магадлал бодит байдал дээр тогтоох асуудал хоригдсон байна гэж харсан. Тийм учраас гомдлыг хүлээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.А ын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А , Б.Г , Б.Б  нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,  шүүгдэгч С.А , Н.Б нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж тус тус үзэж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

Учир нь: Шүүгдэгч нар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд заасан тендер шалгаруулалтын аргыг зөрчиж, хууль бусаар тендер шалгаруулж, улсад 102,000,000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл: Тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг, 31 дүгээр зүйлд зааснаар нээлттэй,  харьцуулалтын,  гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах гэсэн аргуудаас сонгож хэрэглэж явуулахдаа  өрсөлдөх тэгш боломжтой байх, ил тод байх, төсвийн хөрөнгийг үр ашигтай,  хэмнэлттэй, хариуцлагатайгаар зарцуулах зэргээр худалдан авах ажиллагааны зарчмын дагуу явуулаагүйгээрээ шүүгдэгч нар буруутай.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны А/07 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж /4хх 182/ -аар ”Чандмань илч” ОНӨ ХХК-д нүүрс түрэх зориулалттай бульдозерыг худалдах авахад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас дэмжлэг үзүүлж 250,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх, нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх сонгон шалгаруулах захиалагчийн эрхийг “Чандмань илч” ОНӨ ХХК-ийн захирал Т.А т даалгасны дагуу Т.А  захирал компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Г , ерөнхий инженер Б.Б , техник, үйлчилгээний албаны дарга С.А нар нь “Чандмань илч” ХХК-д зайлшгүй шаардлагатай нүүрс түрэгч “ZOOMLION” загварын бульдозерыг “ДООГ АЛТ” ББСБ-иас 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилан тохиролцсон ба техник, үйлчилгээний албаны дарга С.А бульдозер худалдан авах 140,000,000 төгрөгийг өөрөөсөө 60,000,000 төгрөг, Т.А ын эхнэр Б.Б 40,000,000 төгрөг, Б.Б ын эхнэр Н.Баярмаагаас 40,000,000 төгрөгийг тус тус авч өөрийн дансанд бүрдүүлсэн, С.А ,  Б.Г хамт 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /4хх 18-20/-ий дагуу “ДООГ АЛТ” ББСБ-иас бульдозерыг худалдан авч, компанийн шаланз автомашинаар Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирч “Чандмань илч” ОНӨ ХХК-ний грашид урьдчилан байрлуулсан байна.

Үүний дараа захирал Т.А аас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай А/14 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гаргасан.

Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймгийн Татварын газарт татварын байцаагчаар ажилладаг боловч шүүгдэгч С.А , Б.Г  нартай хамтарч 2018 онд нөхрийнхөө ах Ч.Б  компани  болох “Ундрах шанд” ХХК-ны нэрээр  “Чандмань илч” ОНӨ ХХК-ний худалдан авах ажиллагаанд оролцож байсан, урьдын харилцаатай, “Чандмань илч” ОНӨ ХХК-ний захирлын А/41 дугаартай нүүрс түрэгч бульдозерыг худалдан авах  “Гэрээ байгуулах тухай” тушаалын дагуу “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /4хх 236-237/-нд “Ундрах Шанд”ХХК-ний захирал Ч.Б нэрийн өмнөөс гарын үсгийг хуурамчаар зурж, тамгыг ашиглаж оролцсон,

захирал Т.А  тендер шалгаруулалтын  үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй боловч урьдчилан худалдан авсан техникийг тендер шалгаруулалтаар худалдан авахаар хуурамч Үнэлгээний хороо байгуулах болон Гэрээ байгуулах тухай тушаалуудыг хуурамчаар гаргасан,

ерөнхий нягтлан бодогч Б.Г , ерөнхий инженер Б.Б , техник, үйлчилгээний албаны дарга С.А , Н.Б нар нь тендер шалгаруулалтыг хуурамчаар, хууль бусаар зохион байгуулсан,

шүүгдэгч нарын эдгээр үйлдлийн улмаас Дорноговь аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөс илүү гаргасан 102,000,000 төгрөгийг шүүгдэгч С.А 39,800,000 төгрөгийг, Н.Б 24,200,000 төгрөгийг, Б.Г  30,000,000 төгрөгийг, Т.А  эхнэрээрээ дамжуулж 4000,000 төгрөг, Б.Б  эхнэрээрээ дамжуулж 4000,000 төгрөгийг тус тус хувьдаа авцгааж, хууль бусаар ашиг хүртсэн үйл баримт болсон нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны А/07 дугаартай захирамж, “Чандмань илч” ОНӨ ХХК-ний гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны А/14 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал, 2020 оны 03 дугаар сарын 02-ны А/41 дугаартай  “Гэрээ байгуулах тухай” тушаал, нүүрс түрэгч “ZOOMLION” загварын бульдозерыг “ДООГ АЛТ” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдаж авсан тухай  2020 оны 01 дүгээр сарын 09-ны  худалдах, худалдан авах гэрээ,  “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах  тухай “Чандмань илч” ОНӨ ХХК, “Ундрах Шанд” ХХК-ний хооронд байгуулсан гэрээ, “Дөлгөөн хайрхан уул” аудитын ХХК-ний тайлан, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

3.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.А аас гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө,  эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол, ... их хэмжээний  хохирол учруулсан бол” гэх шинжүүдэд тус тус нийцсэн байна.

 Дорноговь аймгийн орон нутгийн төсөвт 102,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, ...мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ... их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэсэнд мөн нийцсэн.

Шүүгдэгч нар энэ хохирол, хор уршгийг урьдчилан үгсэн тохиролцож, тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж хуурамчаар явуулсан,  шүүгдэгч Т.А  нь “Чандмань илч” ОНӨ ХХК-ний гүйцэтгэх захирлын хувьд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах эрх, үүргийг Дорноговь аймгийн Засаг даргаас “эрх шилжүүлэх тухай” захирамжаар хүлээсэн боловч энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгээгүй, төсвийн хөрөнгийг хувьдаа завших боломж нөхцөлийг өөртөө болон бусдад бий болгосон буруутай,

Шүүгдэгч Б.Г , Б.Б , С.А нар нь “Чандмань Илч” ОНӨ ХХК-ний ерөнхий нягтлан бодогч, ерөнхий инженер, техник, үйлчилгээний албаны дарга зэрэг эрх мэдэл бүхий ажил, албан тушаалтнууд байж урьдчилан үгсэн тохиролцож, зориудаар хуурамчаар тендер шалгаруулалтыг явуулсан,

Шүүгдэгч Н.Б нь мөн татварын улсын байцаагчаар ажилладаг төрийн албан тушаалтан байж “Ундрах Шанд” ХХК-ний нэрийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зурж, хуурамч гэрээ байгуулж, улсын төсвийн хөрөнгөөс өөртөө болон бусдад ашиглах боломжийг бий болгож оролцсон, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан,  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-нд тендер шалгаруулалтаар худалдан авах ёстой нүүрс түрэх зориулалт бүхий бульдозерыг “ДООГ АЛТ” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдаж авсан үйлдлээр гэмт хэрэг эхэлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хөнгөн ялтай  2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх тухай Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ялыг хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгч нар хохирлуудыг төлж барагдуулсан байна.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Т.А аас гаргасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээж аваагүй, хохирлын үнэлгээ хэргийн бодит байдалд нийцээгүй, тендер шалгаруулалтыг төсөвт нь багтаан явуулсан” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж  заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС