| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00789/И |
| Дугаар | 138/ШШ2024/00930 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00930
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 24 150 000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч *******
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зулхажы овогтой Жанасыл нь Facebook дээр Өвсний гэрээ хийж өвч худалдана гэсэн зарын дагуу 2023.08 сард дээрх 2 хүнтэй утсаар холбогдон уулзсан. Хадлан хадах техник, түлш хэрэглээний зардлаа олохын тулд урьдчилгаа авна гэж ярилцаад 2023.08.23-нд гэрээ хийж 4 500 000 төгрөг, 2023.828-нд 4 000 000 төгрөг, 2023.09.03-нд 1 800 000 төгрөг,2023.09.05-нд 8 500 000 төгрөг, 2023 09.06-нд 6 000 000 төгрөг, 2023.09.22-нд 4 000 000 төгрөг, 2023.09.25-нд 1 000 000 төгрөг нийт 29 800 000 төгрөг *******, ******* нарын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 2 900 000 төгрөгийг бэлэн өгсөн.
Мөн 2500 боодол өвч ачихаар манай дүү Баян-Өлгий аймгаас 2 том машинтай ирэх болсон. Тэгээд түлшний зардлын мөнгө хэрэгтэй болсон тул 2800 боодол өвсийг ******* нь 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр авъя гэнэ, 2800 боодол өвсийг чинь би зараад өгье гэсэн. Тэгхээр би зөвшөөрч 2800 боодол өвсөө нэг нь 6000 төгрөгөөр заруулж нийт 16 800 000 төгрөг болсон. Үүнээс 2 900 000 төгрөгийг үлдэгдэл өвсний мөнгөнд суутгаж авсан. 2023.10.19-нд 6 000 000 төгрөг, 2023.10.23-нд 3 900 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний бие П.Мөнхтөр гэдэг залуугийн хамт хадлан өвсний байдлаа очиж үзэхэд хадлан хийгдсэн 500 орчим боодол өвс хураасан байсан. Өвсөө үзээд өвсөө хурдан боож хураагаарай эхний өвсөө авах цаг болсон шүү гэж хэлээд ирсэн. Эхний ээлжинд П.Мөнхтөр өвсөө авах байсан. Утсаар ярихад хурааж амжаагүй байна гэхээр нь 2023.10.05-нд очиход захиалсан өвс маань байхгүй болохоор нь асуухад хүмүүс өвч гуйгаад байхаар нь зарчихсан гэж хэлсэн. ...Ингээд Баянөлгийгөөс 2023.11.13-нд 2 том машин ачих гээд ирэхэд талбай дээр хураалгасан 2500 боодол өвсний боолт нь сул, задарсан, шарласан, хатсан авс байсан. Уг өвс нь гэрээнд заасан чачнар хангаагүй өвс байсан учраас өвсөө авахгүй явсан. Байгаа өвснөөс нь нийт 3230 боодол өвс авч зарсан. 2180 боодол өвсийг 2023.11.23-нд дахин гэрээнд нэмэлт заалт оруулж энэ тэндээс өвч олж өгнө одоо 6 000 000 төгрөг авчих 850 боодол өвс хасаад үлдэгдэл 1330 боодол өвсийг Цагаан овоо сумаас олж өгнө гэж ярилцсан. Өвс хураасан хадгалалтын зардал гэж 3 900 000 төгрөгийг худал хэлж авсан. Иймд 1330 боодол өвсийг 2023.03.01-нд нийлүүлнэ гэсэн боловч нийлүүлээгүй учир тухайн үеийн ханшаар гэрээний дагуу үнэлбэл нэг боодол өвс 15000 төгрөг байсан тул өвсний 19 950 000 төгрөг, мөн өвөлжөөнд 2900 боодол өвс хураасан гэж 2 900 000 төгрөг, 11 сарын хадгалалтын зардал гэж 1 000 000 төгрөг, 2023.11.13-нд 300 000 төгрөг түр зээлчих гэхээр нь шилжүүлсэн. Ингээд нийт 24 150 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид нэхэмжлэгчтэй өвс худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч бидэнд бас их төвөгтэй байдал үүсгэсэн. Хугацаандөө өвсөө ав гэхэд авахгүй байсаар байсан... Бид 1330 боодол өвс өгч чадаагүй нь үнэн. Нэхэмжлэгч 1330 боодол өвсөө 15000 төгрөгөөр үнэлж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид тухайн өвсөө 4000 төгрөгөөр тооцож 1330 боодол өвсний үнэ 5 320 000 төгрөг өгнө. 2900 боодол өвсийг зөөж, хадгалсан учир 3 900 000 төгрөгийг өгөхөөс татгалзаж байна. Зээлсэн 300 000 төгрөгөө мөн өгнө... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт дараах баримтыг нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Өвс худалдах, худалдан авах гэрээ 2023.10.05-ны өдөр /хэргийн материалын 5-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 9-15-р тал/, Дорнод аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 85 дугаартай тогтоол / хм-ийн 16-18-р тал/, фото зургууд /19-26-р тал/, Худалдах, худалдан авах гэрээ 2023.08.23-ны өдрийн 1084 дугаартай, 2023.08.23-ны өдрийн 1086 дугаартай, статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн Боодолтой өвс, хивэгний зах зээлийн дундаж үнэ/ канондсан, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024.05.15-ны өдрийн Б.Пүрэвдорж мөрдөгчийн тогтоол, Бан хас ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /2024 оны 5 сар/, Сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Гарын үсэг гэрчилсэн үйлдэл /Еруланы тодорхойлолтын хамт/,
Хариуцагч талаас хэрэгт дараах баримтыг нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: хариу тайлбар, *******аас *******т олгосон итгэмжлэл зэрэг болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Мөнхтөрийг асууж тэмдэглэл үйлдсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас өвсний үнэ 19 950 000 төгрөг, өвсийг хураалгасны хөлсөнд 2 900 000 төгрөг, харуулсны хөлсөнд 1 000 000 төгрөг, зээлүүлсэн 300 000 төгрөг, нийт 24 150 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас өвсний үнэд 5 320 000 төгрөг, зээлсэн 300 000 төгрөгийг төлнө, бусад мөнгийг төлөхгүй гэж маргадаг.
Шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Өвсний үнэ 19 950 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нар нь 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 14 цаг 47 минутанд 5000 боодол өвсийг нэг бүрийг нь 4000 төгрөгөөр, 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 16 цаг 41 минутанд 2000 боодол 5000 төгрөгөөр, 2023 оны 10 сарын 05-ны өдөр өмнөх гэрээгээ нэгтгэж 7000 боодол өвсөө 4000 төгрөгөөр, нэмж 1200 боодол өвсөө 5000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
1.1 Талуудын хооронд өвс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээгээр тохирсон өвсний үнийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт бүрэн төлсөн боловч өвсөө хэсэгчлэн авсан, гүйцэд авч чадаагүй байна. 2023 оны 11 сарын 23-ны өдөр талууд тооцоо нийлж үлдэгдэл 1330 боодол өвсийг 2024 оны 3 сарын 01-ны өдөр гэрээнд заасан газар хүлээлгэн өгөх, хүлээлгэж өгөөгүй тохиолдолд алданги тооцно гэж гэрээнд нэмэлт оруулсан байна. /хэргийн материалын 5-р хуудасны ар тал/
Нэхэмжлэгчийг 2024 оны 03 сарын 01-ний өдөр үлдэгдэл өвсөө авахаар очиход хариуцагч нар нь өвсийг хүлээлгэн өгөөгүй ба энэ талаар талууд маргадаггүй.
1.2 Нэхэмжлэгч нь авч чадаагүй 1330 боодол өвсийг 2024 оны 3 сарын 01-ны өдрийн зах зээлийн ханш буюу нэг боодол өвсийг 15 000 төгрөгөөр тооцож 19 950 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нар нь 1330 боодол өвсийг өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрдөг боловч нэг бүрийн үнийг 4000 төгрөгөөр тооцож төлнө гэж өвсний үнэ дээр талууд маргадаг.
Талуудын хооронд 2023 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан Өвс худалдах, худалдан авах гэрээний 3.5-д ... Гэрээгээр тохирсон өвсийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд өвсний үнийг зах зээлийн тухайн үеийн хамгийн өндөр ханшаар тооцож худалдагч талаар төлүүлнэ гэж тохиролцсон байна.
2023 оны 03 сарын 01-ны өдөр үлдэгдэл өвс 1330 боодол өвсөө худалдан авагч тал авахаар очиход худалдагч тал өгөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. Нэхэмжлэгч нь1330 боодол өвсний үнийг хариуцагч нарт төлсөн талаар маргадаггүй ба гэрээнд зааснаар тухайн үеийн буюу 2024 оны 3 сарын 01-ний өдрийн ханшаар нэхэмжлэх эрхтэй байна.
1.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь 2024 оны 3 сарын 01-ны өдөр боодол өвс ямар үнэтэй байсан талаарх баримтыг хэрэг ирүүлэгүй.
Нэхэмжлэгчээс Үндэсний статистикийн сайтнаас өвсний 2024 оны 3 сарын 01-ны өдрийн ханшийн мэдээллийг ирүүлсэн боловч энэ нь Дорнод аймгийн Хэрлэн суман дахь үнэ ханш гэдэг нь тогтоогдохгүй, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн үнээр үнэлэх үндэслэлгүй байна.
1.4 Харин хариуцагч нь өвсний үнийг 4000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчээс мөнгө авсанаа хүлээн зөвшөөрдөг, мөн 1330 боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож буцаан төлөх хүсэл зоригийг илэрхийлж байх тул нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна. Тухайлбал 1330 боодол өвс нэг бүрийн үнийг 4000 төгрөгөөр тооцоход 5 320 000 төгрөг байна. Иймд хариуцагч нараас өвсний үнэ 5 320 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, өвсний үнээс үлдэх 14 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Өвсийг хураахад 2 900 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2900 боодол өвсийг нэг бүрийг 1000 төгрөгөөр хураалгахаар тохиролцож мөнгө шилжүүлсэн. Энэ ажил хийгдээгүй тул 2 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь энэ ажлыг хийж гүйцэтгэсэн ба манай хураасан өвснөөс 1570 боодол өвсийг нэхэмжлэгч нь авч явсан тул энэ ажлыг хийгээгүй гэж үзэхгүй гэж маргадаг.
2.1 Нэхэмжлэгч нь хариуцагчтай хадлангийн талбайгаас хашааруу өвсийг хураалгахад ажлын хөлсөнд нэг боодол өвсийг 1000 төгрөгөөр тооцож тохиролцож 2900 боодол өвсийг хураалгах ажлын хөлсөнд 2 900 000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнтэй хариуцагч тал маргадаггүй.
Нэхэмжлэгч нь 2900 боодол өвснөөс 1570 боодлыг авсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог ба энэ 1570 боодол өвсийг хураахад алын хөлсөнд тус бүр 1000 төгрөгөөр тооцож 1 570 000 төгрөгийг хариуцагчид төлөх үндэстэй ба, гүйцэтгээгүй ажлын хөлсийг хариуцагч тал нэхэмжлэгчид буцааж өгөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч төлөх үндэстэй ба илүү төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй байна. Иймд өвсийг хураалгахад шилжүүлсэн 2900 000 төгрөгөөр 1570 боодол өвсийг хураах ажлын хөлс 1 570 000 төгрөгийг хариуцагч нар авах эрхтэй ба үлдэх 1 330 000 төгрөгийг хариуцагч авах үндэслэлгүй гэж үзэж хариуцагч нараас буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ.
2.2 Нэхэмжлэгч нь 2023 оны 11 сарын 01-ны өдрөөс 2023 оны 12 сарын 01- хүртэл өвсийг харуулсан ажлын хөлсөнд 1 000 000 төгрөгийг төлсөн ба энэ ажлыг мөн хийж гүйцэтгээгүй тул 1 000 000 төгрөгөө буцаан гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч нь энэ ажил хийгдсэн тул төлөхгүй гэж мөн маргах боловч 2023 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл 19 хоног өвсийг харах ажлыг хариуцагч тал хийж гүйцэтгэсэн байна. Иймд 1 000 000:30 /хоног/=33 333 төгрөг нэг хоногийн ажлын хөлс байна гэж тооцлоо. 33 333х19 хоног=633 330 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үндэстэй байх тул үлдэх 366 670 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч тал буцаан төлөх нь зүйтэй байна. Иймд өвс харуулахаар 1 сарын хөлсөнд шилжүүлсэн 1 000 000 төгрөг нэхэмжилсэнээс 366 670 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч *******аас зээлүүлсэн гэж 300 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******т 300 000 төгрөгийг 2023 оны 11 сарын 13-ны өдөр хариуцагчийн 5417040036 тоот дансанд шилжүүлсэн ба хариуцагч зээлсэн, буцаан өгөхийг зөвшөөрч буй тайлбарыг гаргадаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд хариуцагчаас 300 000 төгрөгийг зээлийн харилцааны үүрэгт гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Энэ шаардлагат хариуцагч маргадаггүй болно.
Нийт хариуцагч нараас өвсний үнэ 5 320 000 төгрөг, өвс зөөлгөсний ажлын хөлс 1 330 000 төгрөг, өвс харуулах ажлын хөлс 366 670 төгрөг, нийт 7 016 670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 133 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 278 700 төгрөгийг төлсөн ба үүнийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж буй 7 316 700 төгрөгт ногдох 132 017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 7 016 670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 133 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278 700 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 132 017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ