Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/637

 

  2024           05            30                                          2024/ДШМ/637

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох 2402 00068 0068 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А овогт Г-н Б, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ улаан өнгийн цаасан хайрцаг болон хуванцар савтай, 385 граммын жинтэй өвс мэт зүйл буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан шингэн зүйл /хуванцар савтай/ 385 грамм, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл /цаасан хайрцагтай/ 102,7 грамм, 3 гэж дугаарласан ургамал мэт зүйл /хуванцар савтай/ 115,1 грамм жинтэй зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх Газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Г.Б нь хохирол төлбөргүй, гэм буруу, зүйлчлэлтэй маргаагүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байгаа. Хувийн байдлын хувьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа энэ төрлийн хэрэгт холбогдсон. Мөн ар гэрийн хувьд эцгийн хамт хоёул амьдардаг. Түүний эцэг Д.Г нь сахарын хүндэрсэн оноштой, тэтгэвэрт байдаг. Г.Б нь 2023 онд циркийн акробат чиглэлээр мэргэшин суралцаж улмаар “Гайхамшигт тайз энтертаймент”-тай хамтран ажиллах гэрээ байгуулан циркийн тоглолтод оролцож байгаа болно. Иймд өмгөөлөгчийн зүгээс Хан-Уул дүүргийн шүүхээс оногдуулсан хорих шийтгэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл болгож өөрчилж шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт холбогдох хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдож, амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа туйлын харамсаж байна. Би аавтайгаа хоёулаа амьдардаг. Миний аав сахарын хүнд хэлбэрийн өвчтэй бөгөөд асран хамгаалах үүргийг хүлээдэг хүний хувьд маш их санаа зовж байна. Би шидэлтийн акробат циркийн “Гайхамшигт тайз энтертаймент”-тай хамтран ажиллаж, ар гэрийн амьжиргааг залгуулдаг. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

  Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн. Түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ улаан өнгийн цаасан хайрцаг болон хуванцар савтай, 385 граммын жинтэй өвс гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Ж-н “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед танил ах болох Б-тэй хийх ажлын талаар ярилцахаар уулзсан. Бид хоёр уулзаад гудамжаар ахлаж байхад ах Б “би өчигдөр гудамжнаас каннабис өвс олсон” гэсэн. Тэгээд бид хоёр сонирхоод Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь гудамжны буланд тугалган цаасан дээр тавьж байгаад шатааж хэрэглэсэн. Тэгтэл удалгүй Хар тамхитай тэмцэх газрын Цагдаа нар ирээд бид хоёрыг баривчилсан. ...” /хх 36-37/,

Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “... Ж бид хоёр манай гэрийн гадаа уулзсан. Тэгээд хамтдаа ажил яриад алхаж явж байгаад би өчигдөр Буянт-Ухаа 11 дүгээр гудамжнаас олсон каннабис өвсөө гаргаж үзүүлсэн. Тэгээд бид хоёр хэрэглэсэн. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан “Fanta” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, 2 гэж дугаарласан улаан өнгийн цаасан хайрцагтай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 47-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Г.Б УЗ96092617, 2024.1.11 гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин болон тетрагидроканнабинол илэрсэн. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 678 дугаартай дүгнэлт /хх 54-55/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 30-31/, Г.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/, мөн түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...тестний битүүмжлэлийг Г.Б-д харуулан задалж, ... саванд шээлгэж үр дүнг харахад 5 дугаар баганад ТНС /марихуан/ илэрсэн буюу эерэг гэж заасан. ...” /хх 20-21/, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 22/  зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Батбаяраас “... Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон өвчтэй эцгийгээ асардаг зэрэг ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгайлан хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Батбаярын хорих ялын төрлийг зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөр солиулах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа Эрүүгийн хуулийн нэршлийг хууль зүйн техникийн болон үг, үсгийн  хувьд алдаатай бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан, 4 дэх заалтдаа эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах атал Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх Газрын Мөрдөн шалгах газарт даалгах зэргээр ноцтой биш боловч алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Монгол Улысн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...” гэж, 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх Газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, ...” гэснийг “... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, устгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР