Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

 

 

 

 

      

 

 

  2024            05           21                                       2024/ДШМ/30

 

 

 

О.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Ш.Уранчимэг

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч О.Мд холбогдох эрүүгийн 2319000000292 дугаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

*төрсөн, * настай, *, * боловсролтой, Дорноговь аймгийн * сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн * тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.М

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч О.М нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...зүүн доод хоёрдугаар шүдний уналт, баруун дээд нэгдүгээр шүдний ганхаа...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...Өсвөр насны шүүгдэгч Б овогт О.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Мд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Мд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар хохирогчийн 21.235.900 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд 790.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, замын зардалд 473.300 төгрөг, нийт 3,263,300 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэцэцэгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Оюунтуяад олгож, замын зардлаас 45.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл шийдвэрлэжээ.

5. Насанд хүрээгүй хохирогч өмгөөлөгч Ш.Уранчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэж эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай. ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөр өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч барагдуулаагүй. Шүүх хурал дээр төлөхөө илэрхийлэх боловч одоог хүртэл төлөгдөөгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн нэг мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар гэмт хэргийн улмаас энэ насанд хүрээгүй хохирогч Ганхүүгийн биед учирсан эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол бол эмчилгээний зардалд нийт 21,235,900 төгрөгийг нэхэмжилдэг. Анхан шатны шүүхийн тогтоолд хохирлын талаар дурдсан байгаа. Энэний тодорхойлолт хэсгийн 4-т сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,573,400 төгрөгийг нотлох баримтаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж энийг шүүмжлэлгүйгээр тайлбарласан байгаа. Энийг танилцуулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268 А/275 дугаар тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3. Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан энэ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасан бөгөөд уг мөрдөгчийн баталгаажуулсан хүснэгтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо дүгнэлттэй адилтган үзэхээр журамласан байдаг. Гэвч хэрэгт бол дээрх журамд заасан ажиллагаа бол хийгдээгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас нийцэж, учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу нэрлэн заасан гэмт хэргүүд шинжээч томилохгүйгээр зэрэг нь тогтоогдох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтгана үзнэ. Энэ сэтгэцэд гэм хорын хохирлыг бол шүүхийн тогтооно гэсний дагуу 8,234,500 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Энэ хохирлоо өнөөдрийг хүртэл нэг унасан шүдний Имплант 3,500,000 төгрөгийн эмнэлгийн дүгнэлт дотор тодорхойлоод заагаад өгчихсөн байгаа. Өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй учраас энэ бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Гомдолтой байгаа хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

6. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг яг ямар үндэслэлээр нь буруу хэрэглэсэн юм хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй юм уу, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн юм уу, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн юм уу. Процесс ажиллагааг ноцтой зөрчсөн гэж байгаа 1-ээс 10-д заасан үндэслэлийн яг аль зүйл заалтыг шүүх ноцтой зөрчсөн бэ гэдэг үндэслэлээ тодорхой гомдолдоо дурдаагүй, сая гомдолдоо тайлбарлаж ярьсангүй. Өсвөр насны шүүгдэгч Мөнхсайханы хувьд Ганхүүгийн биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл бол хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг шүүх хянаж үзээд зорчих эрх хязгаарлах ял өсвөр насны шүүгдэгч учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийг хэрэглэж ялыг нэг дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих хязгаарлах ял өгсөн. Энэ дээр хохирогчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаагүй. Хохирлын тухайд хэлэхэд 21,235,000 төгрөгийг бол нэхэмжилсэн. Эндээс шүүх замын зардал 473,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, тухайн үед сувгийн эмчилгээ хийлгэсэн байсан баримтаар 790 мянган төгрөг гээд 3 сая 263 мянган төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Энэ хохирлыг нь шүүх хурлын дараа өгөх гэсэн боловч гомдол гаргасан учраас өнөөдрийг хүртэл өгөөгүй явж байгаа нь үнэн. Сэтгэцийн хор уршиг шүүх хангаж шийдсэнгүй шинжээчийн дүгнэлт бол гарах шаардлагагүй. ...Хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байгаа. Тийм учраас гомдлын хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгөөч ээ гэсэн саналтай байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Гн өмгөөлөгч Ш.Уранчимэгээс гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Өсвөр насны шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар “...цахим орчинд намайг мууллаа гэх үндэслэлээр өсвөр насны хүүхдүүд болох О.М , О.Г нар хоорондоо маргалдаж, улмаар О.М О.Гн нүүр болон шанаа хэсэгт 3 удаа гараараа цохиж зодсоны улмаас хохирогч О.Гн биед зүүн доод 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1, баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон байна.

3.Анхан шатны шүүх “...хохирогчийн эмчилгээ хийлгэсэн тухай баримтад үндэслэн 790,000 төгрөгийн эмчилгээний зардал, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг тус тус өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогчид олгох, Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Мд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хил хязгаарыг тогтоож” шийдвэрлэжээ.

4.Хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэгээс “...хохирогчийн эмчилгээ хийгдэхэд шаардлагатай 21,235,900 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл өсвөр насны шүүгдэгч О.М ы өсвөр насны хохирогч О.Гг зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан бол” гэх шинжид нийцсэн,

Өсвөр насны хохирогч О.Гн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 02/481 дугаартай /хх 12/, 02/066 дугаартай /хх 90-91/ шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч О.М нь 17 настай, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч болох хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг  2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шийдвэрлэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцсэн.

6.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн шүдэнд гэмтэл учирсан, хохирогч “Оддын хэлхээ” ХХК-ний шүдний эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсний дагуу анхан шатны шүүх 790,000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хийгдэх шаардлагатай гэсэн эмчилгээний төлбөрийг хангаагүй боловч жичдээ иргэний журмаар цаашид нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээж өгсөн нь хохирогч эмчилгээ хийлгэсний дараа төлбөр авах бүрэн боломжтой.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцуулж төлбөр гаргуулахыг хүссэн боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд тогтоож ирүүлсний үндсэн дээр шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэх тул хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх тогтоон хохирол тооцох боломжгүй юм.

7.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгч Ш.Уранчимэгээс гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС