Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 114/ШШ2026/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД-5005094/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн эзэмшдэг Их сэртэн уул нэртэй талбай дахь XV-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, ******* /цахим/

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбартаа: Манай ******* ХХК нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани бөгөөд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр, *******" нэртэй талбай дахь ХХ/-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийн дагуу хууль ёсоор эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5 болон 38.1.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн ирэх жилийн төлөвлөгөө болон өнгөрөгч жилийн тайланг тухайн орон нутгийн Сум, дүүргийн засаг даргад хүргүүлэх, Засаг дарга нь холбогдох тайлан, төлөвлөгөөг хүлээн авч баталгаажуулах үүргийг тус тус хүлээдэг.

Бид дээрх үүргийнхээ дагуу ******* Х\/-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан илгээсэн ба хуулийн 38.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор баталгаажуулж ирүүлээгүй. Улмаар бидний зүгээс дахин 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25/137 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох тайлан, төлөвлөгөөг илгээн баталгаажуулж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/576 тоот албан бичгээр 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй талаар хариу илгээсэн. Түүнчлэн бидний зүгээс удаа дараа тус сумын Засаг даргатай биечлэн уулзахад Аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтыг эсэргүүцэж байгаа гэх хууль зүйн үндэслэлгүй тайлбар өгч, холбогдох тайлан, төлөвлөгөөг баталгаажуулахгүй талаар мэдэгдсэн.

Дээрх үйл баримтын талаар бид холбогдох дээд шатны захиргааны байгууллага болох Дархан-Уул аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 25/144 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч Хонгор сумын засаг даргын шийдвэрийг дэмжиж байгаа талаарх хариуг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1-10/617 тоот албан бичгээр илгээсэн учир бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Хонгор сумын Засаг дарга Ганбаатарын ******* ХХК-ийн эзэмшдэг Х\/-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2024 оны явуулсан үйл ажиллагааны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаагаас гадна дараах байдлаар хууль бус байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх", 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах гэж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах талаар заажээ.

Түүнчлэн уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан ба үүний дагуу сум, дүүргийн Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний өөрчлөлтийн жилийн тайланг хүлээн авснаас 10 хоногийн дотор баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэг хүлээдэг.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн илгээсэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны 1-10/617 тоот албан бичигт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан Сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд хамгаалах гэх заалтууд зөрчигдөж байна" гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл холбогдох тайлан болон төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасан үүргээ зөрчсөн үйлдэл юм. Мөн Аймгийн хэмжээнд ашигт малтмалын олборлолтыг эсэргүүцэж байгаа" гэх тайлбар нь тухайн тайлан, төлөвлөгөөг батлахтай холбоотой харилцаанд огт ач холбогдолгүй ба Ашигт малтмалын тухай хуульд аймаг, дүүргийн Засаг дарга нь 38.2-т заасан үүргээсээ татгалзах нөхцөл заагаагүй байтал өнөөдрийг хүртэл тухайн тайлан, төлөвлөгөөг батлаагүй явдал нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" талаар заасан. Манай компанийн хувьд хуульд заасны дагуу менежментийн төлөвлөгөө ба жилийн тайланг удаа дараа хариуцагчид илгээсэн боловч татгалзсаар өдийг хүрч байгаа нь бидний Үндсэн хуулиар олгогдсон хувийн аж ахуй эрхлэх буюу бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхэд шууд халдаж байна. Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана", 35.2.2-т байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан", 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тус тус заасан.

Бидний хувьд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон тайланг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор боловсруулж хүргүүлсэн хэдий ч хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хуульд заасан хариуцлага хүлээх, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл эрсдэл үүсээд байна. Хариуцагч нь огт хуульд заагаагүй үндэслэлээр байгаль орчны менежментийн тайлан болон төлөвлөгөөг батлахгүй байсаар өдийг хүрсэн нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрх буюу аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, эрхэд шууд халдсан хууль бус шийдвэр юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Ганбаатарын ******* ХХК-ийн эзэмшдэг Их сэртэн уул" талбайн XV-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараас үзэхэд ганцхан л үндэслэл байна. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 27 малчин өрх, 134 иргэн, 17,000 толгой мал байдаг ба эдгээр иргэд болон малын эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрх нь зөрчигдөнө гэж үзэж байгаа юм байна.

Нэгдүгээрт хариуцагчийн хувьд ойлгох шаардлагатай зүйл нь манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь өнгөрсөн онд байгаль орчныг хамгаалахаар тусгай зөвшөөрлийн талбайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, 2025 онд буюу ирээдүйд байгаль орчныг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухайгаа сумын удирдлагатай санал солилцож, хэрвээ зөвшөөрч байвал бидний төлөвлөсөн төлөвлөгөө, тайланг баталж, зөвшөөрөхгүй бол хариу тайлбарт дурдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар харилцан санал солилцож шийдэлд хүрэх боломжтой юм.

Хоёрдугаарт хэдийгээр хариуцагчийн зүгээс дээрх иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж тайлбарлах боловч яг бодит байдал дээр хэрхэн яаж зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй талаар тодорхой тайлбар байхгүй байна.

Төлөвлөгөө, тайлангаа батлуулах нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компанийн хувьд жил бүр хийгддэг, орон нутгийн төлөөлөлтэй зөвшилцдөг арга хэмжээ юм. Түүнээс төлөвлөгөө, тайланг баталснаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болохгүй хайгуулын тусгай зөвшөөрөл бүр ашиглалтын тусгай зөвшөөрөл болохгүй бөгөөд хуучнаар Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаагаар 10 хайгуулын тусгай зөвшөөрөл тутмын хоёр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болдог.

Харин хариуцагчийн зүгээс гол тавьж байгаа асуудал нь тухайн бүсэд оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх асуудал байгаа ба уг асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нь эрх нь хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулснаар бус ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар л зөрчигдөж болзошгүй байдалд хүрнэ.

Нэхэмжлэгчийн 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталснаар дээрх нөхцөл байдал үүсэхгүй. Харин нэхэмжлэгч компани болон сумын удирдлагатай үүсэж болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах, ямар боломжит арга хэмжээ авч ажиллах талаар харилцан санал солилцож ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгах байдлаар хамтран ажиллах боломж бүрэн нээлттэй байна.

Гэтэл нэгэнт хуулиар хариуцагчид үүрэг болгосон зохицуулалттай байхад батлах эсэх асуудал нь хариуцагчийн эрх мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн дээрх хууль бус татгалзлын улмаас одоо 2026 он гарч 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөгөө батлуулах цаг хугацаа ирсэн байхад бид 2024 оны тайлан, 2025 оны төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй нэхэмжлэгч компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Хонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "*******" ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй "Их сэртэн уул" нь сумын 2 дугаар багийн нутаг дэвгэрт байрладаг бөгөөд 27 малчин өрхийн 134 иргэн 17,014 толгой мал оршин суудаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т зааснаар сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчигдөж байгаа ба мөн "Их сэртэн уул" нь 2022 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор соёлын өвийн бүртгэл, мэдээллийн системд бүртгэлтэй байгаа. Мөн дээрх талбайд газар тариалан эрхэлдэг тариан талбайтай иргэдийн ашиг сонирхол мөн хөндөгдөж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчмыг заасан. Уг зарчмуудын нэгдүгээрт үндэсний аюулгүй байдал болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэдэг зарчмыг баримталж аливаа зөвшөөрлийг олгох буюу сунгах ёстойг тодорхой зааж зохицуулсан. Иймд тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан албан ёсны гэрээ, гэрчилгээтэй малчин, тариаланчдын нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс нотлох баримтаар давхцалтай газрын байршлуудыг хүргүүлсэн байгаа ба үүнд усны онцгой бүс буюу нэг булаг бас давхцаж байгаа юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д усны сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсээс иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, мөн эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан.

******* ХХК-ийн хэтийн зорилго нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших бөгөөд орон нутгийн зүгээс маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа эрхлүүлэхгүй байх зорилготой байгаа учраас анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг ч дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-аас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан Хонгор сумын Засаг даргын ******* ХХК-ийн эзэмшдэг XV-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбаруудыг шинжлэн судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Их сэртэн уул нэртэй 3769.96 тусга талбайд ХҮ-021880 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК /улсын бүртгэлийн 9011160082 дугаар гэрчилгээтэй, Регистрийн дугаар 5005094/-д 2024 оны 09 дүгээр сарын 13-нийг дуустал хугацаагаар олгожээ.

1.2.Улмаар энэхүү тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэл хийснийг мэдэгджээ.

1.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад Их сэртэн уул нэртэй 3769.96 га бүхий ХҮ-021880 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаар хандсан бөгөөд тухайн Хонгор сумын Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1/576 албан бичгээр 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзжээ.

2.Нэхэмжлэгч ******* ХХК-аас манай компанийн эзэмшдэг Х\/-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2024 оны явуулсан үйл ажиллагааны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж, хариуцагчаас 27 малчин өрхийн 134 иргэн, 17,014 мянган толгой мал оршин суудаг, сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа тул баталгаажуулахаас татгалзаж байна гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын ******* ХХКийн Их сэртэн уул нэртэй 3769.96 га бүхий ХҮ-021880 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 25/137 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад хандаж 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулахаар мэдэгдлийг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 08 дахь тал)

3.2. Улмаар Хонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/576 дугаар албан бичгээр: .. Сэртэн уулын хиргисүүр нэрээр соёлын өвийн нэгдсэн санд бүртгэгдсэн, дээрх газар нутаг орчимд манай сумын 27 малчин өрхийн 134 иргэн, 17,014 мянган толгой мал оршин сууж байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй тухай заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор баримтлах зарчмын 1.1 дэх хэсэгт заасан үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэсэн заалттай нийцэхгүй байх тул 2025 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тус тус батлах боломжгүй талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 09 дэх тал)

3.3. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргад ...Дээд шатны Захиргааны байгууллагын хувьд тус компанийн эзэмшдэг ХҮ-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж хүргүүлэхийг даалгах тухай хүсэлтийг хүргүүлсэн, Аймгийн Засаг даргаас ...танай аж ахуйн нэгжид олгосон хайгуулын ХҮ 021880 дугаар тусгай зөвшөөрөл нь үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг 9 аж ахуйн нэгж, иргэний 1200 га гаруй талбайтай давхцуулж олгосон нь хууль бус байна, Хонгор сумын Засаг даргын шийдвэрийг дэмжиж байгаа гэх хариуг өгсөн байна.(1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/

4 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25/37 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт хүргэгдсэн, ирсэн бичгийн бүртгэлийн 500 дугаарт бүртгэгдсэн, шийдвэрлэсэн хүснэгтэд 2025 оны 1/576 дугаар албан бичгээр хариуг хүргүүлэв гэж тэмдэглэгдсэн болох нь Хонгор сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус нотлогдлоо.

4.1 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт  Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна,  9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэгт  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална, 9 дүгээр зүйлийн  9.8 дахь хэсэгт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална гэж,

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд хуулийн 35.2-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана, 35.2.2-д байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны  менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-ын хавсралтын 2.1-д Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

Энэхүү хуулийн зохицуулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь жил бүр байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэгтэй байна.

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 40 дүгээр зүйлийн  40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг хүлээлгэсэн гэж ойлгох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж заасан нь сумын Засаг даргад уг төлөвлөгөөг хянан батлах эсэхийг шийдвэрлэх эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.

4.4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасан байх ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулжээ.

******* ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа буюу хамгийн сүүлд 2024 онд Их сэртэн уул нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 оныд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулж, Хонгор сумын Засаг даргаар батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан төлөвлөгөө, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

4.5.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, 2025 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлэх үүрэгтэй байна. Энэ үүргийн хүрээнд удаа дараа болон 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25/137 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/576 дугаар албан бичгээр ...батлах боломжгүй гэх хариуг өгч хуульд заагаагүй үндэслэлээр тус компанийн 2025 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тус тус батлахаас татгалзсан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, хуульд заасантай нийцээгүй, хуулийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэгэнт аж ахуйн нэгж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ тохиолдолд сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахыг үүрэгжүүлсэн заалтын хүрээнд тайлан, төлөвлөгөөг батлах нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж авсан, иргэдийн өвөлжөө, хаваржааны газар, хиргисүүр хамаарч байгаа, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдаж болзошгүй гэх үндэслэлээр ******* ХХК-ийн тайлан, төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

4.6. Түүнчлэн хариуцагчаас 27 малчин өрхийн 134 иргэн, 17,014 мянган толгой мал оршин суудаг, сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа тул баталгаажуулахаас татгалзаж байна гэж тайлбарлан маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг дурьдсан, хуулийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан.

Хонгор сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол санал гаргаж байгаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК-аас байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргаагүй, харьяалах шүүхэд нэхэмжлэл ирүүлээгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/6284 дугаар албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хонгор сумын Засаг даргын ******* ХХК-ийн XV-021880 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

5. ******* ХХК-ийн эзэмшдэг Их сэртэн уул нэртэй талбай дахь XV-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахыг Хонгор сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаснаар дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байна.

5.2.Шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ХҮ-021880 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд 38.2-т сумын Засаг дарга нь хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр заасан, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийн хүрээнд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаарх санал, төлөвлөгөөг Засаг даргаас хянаж, батлахаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж зааснаар нэхэмжлэгчийн 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга ******* ХХК-ийн 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хянаж, зохих журмын дагуу шийдвэрээ гаргана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* ХХК-ийн XV-021880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, XV-021880 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хонгор сумын Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА