Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 371

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч А.Мөнхзул,   

            шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1708019900472 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозам гүүрийн мэргэжилтэй, улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Мнь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороны Таван шарын  дугаар байрны тоотод эхнэр Ё.У маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд “духны баруун талд, баруун гарын бугалга, зүүн далны дээр, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн хөлийн гуя, шилбэнд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Д.Мнь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороны Таван шарын 07 дугаар байрны 04 тоотод эхнэр Е.Утай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд “духны баруун талд, баруун гарын бугалга, зүүн далны дээр, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн хөлийн гуя, шилбэнд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-8-9/,

- хохирогч Е.Уын мөрдөн байцаалтад өгсөн:...Би нөхөр өөрийн дагавар хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын 7-6 тоотод амьдардаг. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагийн үед манай нөхөр Д.Мархи уучихаад орж ирэхээр нь би “архи уучихлаа” гээд хэдэн үг хэлсэн. Тэгээд унтуулах гээд ноцолдож байтал миний зүүн талын гуя, шилбэ рүү тус тус нэг нэг удаа өшиглөсөн. 2 хоногийн дараа Архангай аймаг руу аав ээжийндээ очсон. Ээж уурлаад өргөдөл бичиж өгөөд, би шүүх шинжилгээнд үзүүлсэн. Д.Мөнхбатаас эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-10-12/

- гэрч Ч.Г мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Е.У Архангай аймагт ирсэн. Е.У ирэхдээ царай нь харалчихсан гуйваад уначих гээд сонин болчихсон байсан. Тэгээд охиныгоо хувцсаа тайлахаар нь хартал 2 гуя, шилбэ, мөр нь хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад нөхөр Мөнхбат нь зодсон байсан. Тэгээд өргөдөл өгсөн. Мөнхбат архи уухаараа миний охиныг зодож нүддэг...гэх мэдүүлэг /хх-13-14/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн:... Е.Уын биед духны баруун талд, баруун гарын бугалга, зүүн далны дээр, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн хөлийн гуя, шилбэнд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-17/

- шүүгдэгч Д.Ммөрдөн байцаалтад өгсөн:... Е.Утай 2007 оноос хойш хамтран амьдарч байна. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 7 дугаар байрны 4 тоот гэртээ байсан. Бид 2 өглөө 11 цагийн үед Хадаа ахынд очсон. Хадаа ахын төрсөн өдөр тэмдэглээд 0.5 литр архи хувааж уусан. Хадаагийн гэрээс манай эхнэр нилээн согтуу гарсан ба гуйваад газарт унахаар нь би босгосон. Тэгээд байрны гадаа ирээд эхнэр газарт унах гээд байхаар нь би уурлаад толгой хэсэгт гараараа цохиж зодсон. Тэгээд чирээд гэртээ орсон. Тухайн үед согтуу байсан болохоор ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Маргааш өглөө нь харахад нүүр нь хөхөрсөн байсан. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Архангай аймаг руу манай эхнэр ээж, аав руугаа явсан. Очоод бие өвдөөд ядраад байна мөнгө явуулаарай гэхээр нь 200.000 төгрөг явуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруутай үйлдлээс болсон...гэх мэдүүлэг /хх-66-67, 71-73/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Е.У эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан, цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй бөгөөд гомдол саналгүй /хх-10-12, 74/ гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-45/ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.     

Бусад байдал

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улирлын чанартай ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Д.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Мнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР