Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

 

 

 

      

 

  2024            06           18                                     2024/ДШМ/31

 

 

 

Н.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

Шүүгдэгч Н.Ч /цахимаар зайнаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах /цахимаар зайнаас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал, Б.Түвшинтөгс /цахимаар зайнаас/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал, Б.Түвшинтөгс нарын гомдолд үндэслэн шүүгдэгч Н.Чт холбогдох эрүүгийн 2320001660003 дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ * ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Н.Ч .

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Дөхмийн хөндий гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн 58-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.Ун амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай, шүүгдэгч Н.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ... шүүгдэгч Б овогт Н.Ч  /РД:УХ89021032/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Чт тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгаж дуусгах үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Чс хохирогч О.Т, Д.А нарын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 3,987,000 /гурван сая есөн зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт,

хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 1,397,949 /нэг сая, гурван зуун ерэн долоон мянга, есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 2 дугаар байрны 43 тоотод оршин суух Д.Ст олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3,500,000 /гурван сая, таван зуун мянга/ төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг сэтгэцийн дүгнэлт гаргуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,

шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн оршуулгын зардалд 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн болохыг,

иргэний нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК нь манай байгууллагын зүгээс төлбөр тооцоог гаргуулж авахгүй гэснийг тус тус дурдаж,

шүүгдэгч Н.Ч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирлын талаар үүнд сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч нас барсан бол сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцохоор заасан. Мөн анхан шатны шүүх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээж чадаагүй, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхээргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэн ялангуяа эрдэнэт хүний амь нас хохирчихсон ийм асуудал дээр хохирогчийн сэтгэцэд учирсан асуудлыг шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлээд практик бол тогтоод явчихсан байгаа. Гэтэл Замын-Үүд сумын сум дундын шүүхийн шийтгэх тогтоол дээр эдгээр жишиг аргачлалуудыг баримтлаагүй. Холбогдох хууль тогтоомжуудыг нийцүүлж хэрэглээгүй, үндэслэлтэй болоогүй гэж үзэж байгаа учраас энэхүү гомдлыг гаргасан байгаа. Тийм учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өгнө үү гэсэн ийм байр суурьтай оролцож байна.” гэв.

7.Шүүгдэгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 1 сая 397 мянган төгрөг үлдсэн байсан, 3 сая 603 мянган төгрөгийг, нотлох баримтгүйгээр өгсөн байгаа, мэдээж хүний амь нас хохирсонд харамсаж байна, талийгаачийн бага насны охин байгаа , би чадаж чинээгээрээ боломжоороо тусалж дэмжээд явна” гэв.

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх ёстой 3 сая 987 мянган төгрөгийг миний үйлчлүүлэгч төлсөн мөн хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлаас 1,397,949 төгрөгийг болон өөрийн санаачилгаар илүү мөнгө хохирогчид төлсөн гэдгээ миний үйлчлүүлэгч шүүхэд илэрхийлж хэллээ. Миний үйлчлүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Саранцэцэг мөн түүний хойд аав Алтангэрэл нартай уулзаад хохирогчид ар гэрийнхнийх нь хүсэлтээр суварга босгоно гэдэг асуудал анхан шатын шүүх дээр яригдсан. Энийгээ илэрхийлж хэлсэн. Хохирогчийн талтай ярилцаад бид нар суварга босгох үйл ажиллагаанд ороод явж байгаа гэдгийг үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүхэд илэрхийлж хэлж байна. Энэ гомдлын хувьд би дараах зүйлийг хэлье гэж бодож байна. 4 жил тэнссэн эрхийг нь хассан гэдэг асуудлыг ярьж байна. Энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ангийн 7 дугаар бүлэгт зааснаар бол тодорхой заасан. Анхан шатын шүүх хуулийг зөв зүйтэй хэрэглэсэн. Тухайн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах талаар Улсын дээд шүүхээс бол жишиг ийм тогтоолууд гараад явж байгаа гэж байна. Тэгэхээр үнэхээр энэ бол Улсын дээд шүүхээс гарсан тогтоолыг жишиг болгож хэрэглэнэ гэж байгаа бол манайх Англи саксоны эрх зүйн бүлгээр явж байгаа улсууд хүлээн зөвшөөрч болно. Гэтэл манайх Ром, Германы эрх зүйн бүлгээр явдаг ийм улс орон. Улсын дээд шүүхээс гарсан тогтоолыг жишиг болгож хэрэглэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Харин Үндсэн хуульд зааснаар хуулийг Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргадаг. Тэгэхээр өнөөдөр гэм хорыг арилгуулахтай холбоотой Улсын дээд шүүхийн тайлбар төсөл хэлбэрээр явж байгаа болохоос яг гарсан зүйл байхгүй. Тэгэхээр Улсын Дээд шүүхээс гарсан тогтоолыг жишиг болгож хэрэглэнэ гэж гомдлыг гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нийцэж байгаа юм бол гэдэг дээр эрхэм шүүгч нарыг анхаарч үзэхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулсан байгаа. Анхан шатны шийтгэх тогтоолд дурдагдсанаар. Гэхдээ миний үйлчлүүлэгч анхан шатны шийтгэх тогтоолд дурдагдсан цаашид гарах өр төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Өөрийн гэм буруудаа чин санаанаасаа гэмшиж ухаарч анхан шатны шийтгэх тогтоолыг бол бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас анхан шатын шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал, Б.Түвшинтөгс нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж,

мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тодорхойлсон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх энэхүү журмыг болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд хамаарах дараах нөхцөл байдлыг  мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй шалгаж, тогтоох нь зүйтэй байна.

Тухайлбал шүүгдэгч Н.Чн холбогдсон хэрэгт амь хохирогч Н.Ун ослын талаар түүний охин ...Тэлмэн/1хх19-20/-ээс эмээ Д.Саранцэцэгт утсаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн болон насанд хүрээгүй бага насны хүүхэд байгаа эсэхийг,

гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Саранцэцэгийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх учир түүний сэтгэцэд түр зуурын эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх улмаар сэтгэцэд бий болсон хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоох нь зүйтэй.

Энэ нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгогдох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг үндэслэл бүхий шийдвэрлэхэд хамааралтайн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцэх юм.

2.Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн.....27.10 дугаар зүйл/Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”,

мөн хуулийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байна” гэж заасан учир амь хохирогч Н.Ун хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг Шинжилгээний байгууллагаар зайлшгүй тогтоолгож, дүгнэлт гаргуулах, 

энэ хэргийн улмаас 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан нөхцөл байдлыг анхаарч тэдэнд сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаж, болохыг танилцуулан хэрвээ нэхэмжлэл гаргахаар  бол  “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ын загварыг хохирогч нарт танилцуулж, зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулж, зохих ажиллагааг хийх нь зүйтэй.

3.Хэрэгт хуулийн этгээд буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг болон Франкфурт капитал ББСБ ХХК-нийг тус тус иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүй, хүнийг буюу Д.Д, Ч.Б нар /1хх28-32/-ыг тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг  гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж энэ хэргийн зүйлчлэлийг  хүндрүүлэхээр заажээ.

Хуулийн энэхүү шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Чн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэсэн боловч прокуророос мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж ялласан, шийтгэх тогтоолд зөвхөн энэ зүйл, хэсгээр буюу “хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэм бурууг дүгнээгүй нь “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэсэнд нийцсэнгүй.

Мөн гэмт хэргийн шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэмжээ, хязгаар, үр дагаврыг тооцож, тогтооход  болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагад нөлөөлөх юм.

5.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /шинэчлэн найруулга хийсэн/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэсэн заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж...”гэж өөрчлөн найруулсан ба 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөхөөр тогтоосон.

Шүүгдэгч Н.Чн холбогдсон хэрэг /1хх4/-ийн үйл баримт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж, өнгөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг прокурор, шүүгчээс анхаарвал зохино.

Хэргийг прокурорт буцаах эдгээр дурдсан нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа юм.

Эдгээр дурдсан нөхцөл байдлыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

       ШҮҮГЧИД                                  А.ЦЭРЭНХАНД

Н.БОЛОРМАА