Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00983

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 7 934 835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баян-Айраг гэх *******т 64-20 УЕО улсын дугаартай Toyoto sai маркийн тээврийн хэрэгслээр өвс ихтэй газраар зорчих явцад мотор, яндангийн завсар өвс хуримтлагдаж халалт үүсэж гал гарч хуурай өвс ургамлаар дамжин хээрийн түймэр гарсан. Үүний улмаас 314.5 га ******* шатаж байгаль орчинд 7 934 835 төгрөгийн хохирол учруулсан болох хэргийн *******т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Одоогийн байдлаар байгаль орчинд учирсан хохирол төлөгдөөгүй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар уг хохирол нь Байгаль орчин, уур амьсгалын санд төлөгдөхөөр заагдсан байдаг.

Иймд *******гаас байгаль орчин, экологид учирсан хохирол 7 934 835 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх зөрчил гарч, төлбөр гарсан гэдгийг ойлголоо. Миний бие уг төлбөрийг төлөх боломж, эдийн засгийн чадвар үнэхээр байхгүй. Хөрөнгө чинээ ч надад байхгүй учраас төлөх боломжгүй байна. Би ам бүл 4-үүлээ, 12 дугаар ангийн хүү болон хоёр оюутан хүүхэдтэй. Амьдрал маань алиндаа ч хүрэхгүй хүнд байна. Цалингийн зээлээ тултал авч оюутны сургалтын төлбөрийг хагас хугас төлөөд яваа юм. Иймд миний гачигдалтай байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь математикийн багш бөгөөд тухайн үед Баяндун суманд зохион байгуулагдаж байсан Улз сав нутгийн математикийн олимпиадад оролцохоор 4 шавийн хамт тээврийн хэрэгслээр зорчиж явсан юм. Энэ үед санамсар болгоомжгүй байдлын улмаас гал түймэр гарсан. ******* нь шавь нарын хамт гал түймэр гарсан дариуд унтаах гэж оролдсон. Шинжээчийн дүгнэлтэд гал түймэр гарсны улмаас 7 934 835 төгрөгийн хохирол учирсан, гэхдээ байгаль өөрөө нөхөн сэргэх боломжтой гэсэн байна. *******гийн нөхөр нь 2016 онд нас барсан. ******* нь 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд 2 хүүхэд нь оюутан, малын А дансандаа 3 тооны малтай хүн юм. Иймд түүний хувийн эд хөрөнгийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар нийт учирсан хохирлын 1 хувиар хохирлын тогтоож хариуцагч *******гаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс: Төлөөлөгч томилсон албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шийтгэлийн хуудас, ******* ******* ******* газрын прокурорын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” №531 тоот тогтоолын хуулбарууд зэргийг,

5. Хариуцагчаас: Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хуудас, их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт, “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга зэргийг тус тус бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гаас 793 484 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 141 351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******гаас байгаль орчин, экологид учирсан хохирол 7 934 835 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг төрийн нэрийн өмнөөс гаргажээ.

2. Хариуцагч нь учруулсан гэм хор, түүний шалтгаант холбоон дээр маргадаггүй ба өрх толгойлсон эмэгтэй тул төлбөрийн хэмжээг багасгаж 1 хувиар төлөх тайлбарыг гаргадаг.

******* ******* Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Баян айраг” гэх *******т хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн 64-20 УЕО улсын дугаартай Toyoto sai маркийн тээврийн хэрэгслээр зорчих явцад мотор, яндангийн завсар өвс хуримтлагдаж халалт үүссэний улмаас хээрийн түймэр гарч, тус сумын 3 дугаар багийн нутаг “Баян айраг” гэх *******т 314.5 га талбай шатаж байгаль орчинд 7 934 835 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай заажээ.

Хариуцагч ******* нь өвс ихтэй газраар зорчихдоо анхаарал болгоомжтой байж, бусдад гэм хор учруулахгүй байх үүргээ зөрчсөнөөс болж байгаль орчинд хохирол учруулсан эс үйлдэхүй нь төрийн өмчийн эд хөрөнгөд гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул хариуцагч ******* нь гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж байгаль орчинд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй боловч тэрээр гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, нэг хүүхэд өсвөр насных ба хоёр хүүхэд оюутан учраас оюутны сургалтын төлбөр төлдөг, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй учраас хохирлыг бүгдийг төлөх боломжгүй тул багасгаж өгөх талаар тайлбарладаг.

Иймд шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж тус тус заасан.

4.Хариуцагч ******* нь багш мэргэжилтэй ба сургуулийн хүүхдүүдээ олимпиадад оролцуулахаар авч явж байхдаа өөрийн болгоомжгүй үйлдлээр уг гэм хорыг учруулсан байна. Мөн энэ учруулсан хохирол нь нөхөн төлөгдсөн буюу шатсан газрын ногоо сэргэсэн, хор уршиг арилсан, хариуцагчийн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 10 хувьтай тэнцэх хэмжээний хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******гаас байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт нэхэмжлэлийн шаардлага 7 934 835 төгрөгийн 10 хувь болох 793 484 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 141 351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зохигч талууд зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч *******гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 23 594 /793 484 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч *******гаас байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 793 484 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 141 351 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 23 594 төгрөгийг гаргуулан ******* ******* Хэрлэн сумын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчхариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОТГОНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                             Г.ЖАРГАЛТУЯА

                                                                        Б.МАРИНА