Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/638

 

2024           05           30                                          2024/ДШМ/638

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-н өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

шүүгдэгч Г.Х-н өмгөөлөгч Л.Амартогос, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Х-д холбогдох 2308 00807 0721 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овогт Г-н Х, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............ тоотод оршин суух, /РД: .........../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

Шүүгдэгч Г.Х нь 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод амь хохирогч Ч.Б-тай маргалдан, улмаар түүний биед “баруун 7, 8, зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал” бүхий гэмтлийн хүндэвтэр, “духны шарх” бүхий гэмтлийн хөнгөн, “баруун чамархай, шанаа, духны баруун хэсэг, баруун чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн хөнгөн, “зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн хөнгөн, “зүүн бугалганы зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан прокурорын газраас: Г.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Х-н 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан ширээний бүтээлэг, төмөр аяга, хар өнгийн хүрэм, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн майк, ягаан өнгийн өмд, эрэгтэй хүний турсик тус бүр 1 ширхэг, 3 хос оймс, үстэй дотортой гутал 1 хос, саарал өнгийн дотуур өмд, бор хүрэн өнгийн нэхий, савхин бээлий 1 хос, цусны дээж 2 ширхэгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө гэмт хэргийн улмаас учирсан учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нар тус шүүхэд хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Амь хохирогч Ч.Б нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найз Д-нд очиж юм ярьж хонох хэрэгтэй байна гээд Д-н гэрт очоод маргааш нь дан хувцастай олон тооны шарх гэмтэл авч осгож нас барсан байдаг. Хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогч нь шүүгдэгч Г.Х-д зодуулж гэмтэл аваагүй бол амьд байх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Г.Х-н хохирогчийн биед халдсан үйлдлийн улмаас ухаан алдсан эсэх үйл баримтыг тогтоогдоогүй. Хохирогчийн согтолтын зэргийг хүнд гэж тогтоосон атлаа шүүгдэгчийн согтолтын зэргийг тогтоогоогүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хэргийн үйл баримт 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө болсон нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан болохоос Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн хуулийн үйлчлэлийн талаар дурдаагүй. Нөгөөтэйгүүр, хуулийн дээрх хэсгийг Иргэний хуульд хүчин төгөлдөр болох хугацаа болон дагаж мөрдөх журмыг тусгайлан заагаагүй атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх зарчимд үл нийцнэ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д зааснаар хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Х-н өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь согтуу байсан шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй ч гэм буруугаа хүлээж оролцож байгаа үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан. Уг шийдвэрт шүүгдэгчийн зүгээс гомдол гаргаагүй. Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч зохих ял шийтгэлээ хүлээснийг зөвөөр ойлгохыг хүсэж байна. Хүний амь нас эрсэдсэн нь маш харамсалтай хэдий ч тухайн хэрэгт Г.Х холбогдолгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. Гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан тул тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахад хууль буцаан хэрэглэхэд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтран давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

    Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Х нь 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод амь хохирогч Ч.Б-тай тодорхой бус шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж, олон тооны шарх гэмтэл үүсгэж, улмаар түүний “баруун 7, 8, зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-н “... талийгаач Ч.Б нь миний төрсөн эцэг байгаа юм...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед над руу манай ах Т над руу залгаад аав нь өөд болчихжээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн... Талийгаач нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар автобусны буудлын ойролцоо байдаг эмээ Р, ах Т нарын хамт амьдардаг... Манай аав талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй... Сүүлийн үед буюу 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон. ...” /1 хх 40-41, 43/,

гэрч Ч.Т-н “... 2023 оны 02 сарын 10-ны өглөө 06 цагт ажилдаа явахад манай ах Б гэртээ унтаад үлдсэн. Тэгээд би орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай ах Б нь ганцаараа байсан. ... Тэгсэн орой 21 цагийн үед ах нь Д ахынд очиж юм ярьж хонох хэрэгтэй байна гээд надаас гуйгаад байхаар нь “тэгвэл би хүргээд өгье” гэж хэлээд бид хоёр хамтдаа гэрээс гараад замаараа нэг шил архи авмаар байна гээд шалгаагаад байхаар нь би дэлгүүрээс нэг шил 0.75 граммын архи авхуулсан юм. Тэгээд би нөгөө Д-н ... гэрийн доохон талд цагаан худаг байдаг тэр хавьд хүргэж өгсөн. Тухайн худагнаас Д-н гэр нь тод харагддаг болохоор би ахыг худагны тэндээс гэрт орох хүртэл хараад зогсож байсан юм. Тэгсэн ах Д-н гэр лүү яваад орсон. Тэгээд би тэндээсээ шууд гэр лүүгээ харьсан. ... Ах Б  нь гэрээс гарахдаа бие өвдөөд байна гэж хэлж ярьсан зүйл байхгүй, зүгээр байсан. ...” /1 хх 49-50/,

гэрч Т.Д-н “... Би гэртээ 19 цагийн үед байж байтал гаднаас найз Х ганцаараа ирсэн ба 0,75 литрийн архи бид хоёр хувааж уусан. Тэгээд би архиндаа согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 52/

Т.Д-н сэжигтнээр өгсөн “... Шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Бүдэг бадаг ухаан ороод харахад Х, талийгаач Б хоёр зодолдоод цус нөжөө гаргачихсан байх шиг харагдсан. Би босоод салгах гэсэн боловч тэнхээ хүрээгүй, өөрийгөө жолоодох ямар нэг чадваргүй байсан тул буцаад тасраад унтсан байсан. ... Өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгөхөд юу ч санаанд орохгүй байсан. Хэд хоног тайвшраад бодоод байхад энэ хоёрыг зодолдож байсан талаар бүдэг бадаг санаанд бууж байна. ...” /1 хх 119/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун 7,8, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, духны шарх, баруун чамархай, шанаа, духны баруун хэсэг, баруун чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, эрүүний зүүн хэсэг, хүзүүний цус хуралт, духны цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, тохой, баруун мөр, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун 7,8, зүүн 6,7,8-р хавирганы хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт духны шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чамархай, шанаа, духны баруун хэсэг, баруун чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалганы зулгаралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх 555 дугаартай дүгнэлт /1 хх 85-89/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан “...Дэнжийн 1000-с Хөтөл рүү орох замд цагаан худгийн хажууд нимгэн хувцастай хүн хэвтэж байна...” гэх тэмдэглэл /1 хх 5/, Дуудлагын лавлагааны хуудас /1 хх 215/,

Хэргийн газрын 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 7-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 24-28/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 10, /12-21/, Г.Х-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 34-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Учир нь, онц харгис хэрцгий аргаар гэснийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж үйлдсэн байхыг ойлгодог.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нар хамтран “... амь хохирогч нь шүүгдэгч Г.Х-д зодуулж гэмтэл аваагүй бол амьд байх боломжтой байсан, шүүгдэгчийн согтолтын зэргийг тогтоох ажиллагаа хийгээгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэг 2023 оны 02 дугаар сард үйлдэгдсэн тул хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.Х нь Т.Д-н гэрт очиж түүнтэй хамт архи уусан бөгөөд Т.Д нь согтолтын улмаас ухаангүй байх үед амь хохирогч Ч.Б Т.Д-н гэрт ирсэн, харин Г.Х нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Б*н биед халдаж, олон тооны шарх гэмтэл учруулсан, Ч.Б нь Т.Д-н гэрээс гарч яван холгүй, гудамжинд унаад тэндээ осголтоос болж нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 555 дугаар дүгнэлтээр талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан гэж тогтоогдсон тул шүүгдэгч Г.Х-н үйлдлийн улмаас амь хохирсон гэж дүгнэх боломжгүй юм.

Харин шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан зүй бус үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд баруун 7,8, зүүн 6,7,8-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, духны шарх, баруун чамархай, шанаа, духны баруун хэсэг, баруун чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол, мөн бусад гэмтлийн зэрэгт тооцогдохгүй олон тооны гэмтэл, шарх учирсан нь тогтоогдсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна /1 хх 85-89/.  

Иймд шүүгдэгч Г.Х-н үйлдэл, амь хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл хоёр нь шууд шалтгаантай байх боловч талийгаачийн нас барсан шалтгаан Г.Х-н үйлдэлтэй шууд хамааралтай гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Х нь гэрч Т.Д-н гэрт очиж их хэмжээний архи уусан болох нь Т.Д-н “... Би гэртээ 19 цагийн үед байж байтал гаднаас найз Х ганцаараа ирсэн ба 0,75 литрийн архи бид хоёр хувааж уусан. Тэгээд би архиндаа согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 52/, гэрч Ч.Т-н “... орой 21 цагийн үед “ах нь Д ахынд очиж юм ярьж хонох хэрэгтэй байна” гээд надаас гуйгаад байхаар нь “тэгвэл би хүргээд өгье” гэж хэлээд бид хоёр хамтдаа гэрээс гараад замаараа нэг шил архи авмаар байна гээд шалгаагаад байхаар нь би дэлгүүрээс нэг шил 0.75 граммын архи авхуулсан. ...” /1 хх 49-50/  гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул Г.Х-н согтолтын зэргийг заавал тогтоох шаардлагагүй байхаас гадна уг ажиллагааг хийснээр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан, мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тухайн гэмт хэрэг нь 2023 оны 02 дугаар сард үйлдэгдсэн байх тул хууль буцаан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Дээрх байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хууль буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүй гэсэн үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар дүгнэлт гаргах ажиллагаа хийлгээгүйг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Үүнээс гадна, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-г уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Х нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР