Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00128

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00128

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч КЭБС ХХК-д холбогдох,

Худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага: КЭБС ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус компанийн худалдааны зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Д нь ШУТИС-ийн барилгын архитектурын сургуулийг барилгын менежмент мэргэжлээр 2016 онд төгссөн. КЭБС ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд барилгын менежментийн мэргэжлээр буюу барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтэй тухайгаа захирал Г.Н-т илэрхийлсэн. Барилгын төсөвчний сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлээд барилгын төсөвчнөөр ажиллах боломжтой гэсэн хариу авч, компанийн санхүүжилтээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 хоног сургалтад сууж барилгын төсөвчний анхан шатны сертфикат авсан. Уг сургалтын хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би 4 сартай жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрж охинтой болсон учраас сургалтыг завсартай суралцаж төгссөн. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр жирэмсний амралт авч, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр амаржиж хүүхдээ асарч байтал ажил олгогчоос ярьж барилгын мэргэшсэн төсөвчний сертификатаа авсан тул худалдааны зөвлөхийн ажлаас чинь чөлөөлж, барилгын төсөвчний ажилд томилох шаардлагатай гэсэн. Анх худалдааны зөвлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул амаржсаны чөлөө дуусаагүй байхад өөр ажилд орох боломжгүй гэсэн боловч компанийн зардлаар сургалтад суучихаад санал болгосон ажилд томилох гэхээр шалтаг тоочлоо эсхүл бүр ажлаас чөлөөлнө гэхээр нь арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бичиж, фэйсбүүк чатаар захирал Г.Н-т явуулсан. Шинэ ажилд томилсон тушаал гаргаж надад мэдэгдэнэ гэсэн. Үүнээс хойш санхүүгийн ажилтантай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр холбогдож хүүхэд асрах чөлөөний маягт авч цалинтай ээж тэтгэмжид хамрагдах талаар ярихад чиний халагдсан тушаал гарсан, тушаалаа ирж аваарай гэсэн. Би нялх хүүхэдтэй байсан болохоор тушаалыг очиж авч чадахгүй садангийн ах Б-аар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авахуулсан. КЭБС ХХК-ийн захирал Г.Н- намайг өөр ажилд шилжүүлэн томилно гэж хуурч мэхлэн худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргуулан ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтэйг дурдаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Д- нь ажиллаж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн дагуу барилгын төсөвчинөөр ажиллах хүсэлт илэрхийлсний дагуу тус компанийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/04 дугаар тушаалаар барилгын төсөвчний албан тушаалд томилон ажиллуулж, үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Г.Д- барилгын төсөвчнөөр ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс жирэмсний амралтаа авч, 2019 оны 10 дугаар сараас ажлаас гарах хүсэлтэйгээ хэлсэн. Компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон боловч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захирал Г.Н-той утсаар холбогдож ...би өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд нэг байгууллагад ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичсэн. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хүсэлт гаргаснаас хойш 1 сарын дараа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирлын 19/07 дугаар тушаалаар Г.Д-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан КЭБС ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн санаачилгаар бичээгүй, өөр ажилд шилжүүлэн томилно гэж хуурч мэхэлж бичүүлсэн.

КЭБС ХХК-ийн захирал Г.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...барилгын мэргэшсэн төсөвчний сертификат авч, барилгын төсөвчнөөр ажиллах шаардлагатай тул худалдааны зөвлөхийн ажлаас чинь чөлөөлж, барилгын төсөвчний ажилд томилох шаардлагатай, компанийн зардлаар сургалтад суучихаад санал болгосон ажилд томилох гэхээр шалтаг тоочлоо эсхүл бүр ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан учраас арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх 2 хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бичиж Г.Н-ын фэйсбүүк чатаар явуулсан.

Эхний хүсэлтийг сургалтад сууж байсан болохоор яаруу сандруу байдлаар худалдааны зөвлөхөөр ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичиж явуулахад Г.Н- ...баллаж сохолсон байна, худалдааны зөвлөхийн ажлаа болиод барилгын төсөвчнөөр шилжүүлэн томилж өгнө үү гэж өөрчилж бич гэсний дагуу эхний бичсэн хүсэлтийн ар талд 2 дахь хүсэлтээ ...барилгын төсөвчний ажилд шилжүүлж өгнө үү гэж бичээд дахин явуулсан энэ 2 хүсэлтээ олохгүй байгаа тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна.

4.б. Г.Д- захирал Г.Н-, нягтлан бодогч нарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтэй, тэр хүртэл хүүхэд асрах чөлөө авна гэдгээ илэрхийлсэн. Г.Д-г хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ илэрхийлснийг ажил олгогч хүлээн зөвшөөрч, хүүхэд асрах чөлөөтэй учраас ажил олгогч 2019 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь хэрэгт авагдсан. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь нотлогдож байхад шүүх энэхүү баримтад дүгнэлт хийсэнгүй. Г.Д-г хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид гаргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

4.в. Хариуцагч талын гаргасан худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх нотлох баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг шүүх нотлох баримтаар хэлэлцүүлж, нэхэмжлэгчээс чатаар явуулсан хүсэлт чинь мөн үү гэж асуусан. Нэхэмжлэгч эхний явуулсан хүсэлт мөн байна. Дахин явуулсан тэр хүсэлт байхгүй байна гэж тайлбарлаад байхад дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтаар тооцож авсан нь хуульд нийцээгүй.

Ажлаас чөлөөлсөн тушаалын эх сурвалж бол тухайн байгууллагын ирсэн бичигт бүртгэгдсэн бүртгэлийн дэвтэр, хүсэлт хүлээн авсан дардас, байгууллагын архиваас уг баримтыг гаргасан бол хуулбар үнэн дардас зэрэг байхгүй, нотлох баримтыг хуульд зааснаар ажил олгогч шүүхэд гаргаж өгөөгүйгээс үзэхэд 2 хүсэлтийг ажил олгогч шаардан авсан нь Г.Д-гийн тайлбараар тогтоогдоно. Г.Д- ажлаас чөлөөлөх хүсэл зориг илэрхийлээгүй, өөр ажилд шилжүүлэн томилуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй хүсэлтийг түүний хүсэл зоригийн эсрэг хууль бусаар тайлбарлаж, шүүх Г.Д- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

4.г. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт барилгын инженерээр ажилд авч, ажлаас чөлөөлсөн гэж худал мэдээлэл бүртгэсэн. Мөн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр барилгын төсөвчнөөр ажилд томилсон хуурамч тушаал нөхөн гаргасан, хариуцагч нотлох баримт хуурамчаар бүрдүүлж шүүхэд өгсөнд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч илтэд зөрүүтэй нотлох баримт, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт зэргийг өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбар:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч КЭБС ХХК-д холбогдуулан тус компанийн худалдааны зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө илэрхийлсэн гэж маргажээ./хх1-2, 31/

 

Хэргийн баримтаас үзэхэд Г.Д- нь КЭБС ХХК-д худалдааны зөвлөхөөр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан болох нь хөдөлмөрийн гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогджээ./хх 35-42/

 

Энэхүү хөдөлмөрийн гэрээнд талууд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлтүүдийг бичгээр оруулсан байна.

/хх 43-44/

 

Ажилтан Г.Д- нь барилгын төсөвчний сургалтад компанийн санхүүжилтээр сууж барилгын төсөвчний анхан шатны сертификат авсан үйл баримтын хувьд талууд маргахгүй байна. Мөн Г.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлж, жирэмсний амралттай байсан үйл баримт тогтоогдсон.

 

Ажил олгогч КЭБС ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/07 дугаартай тушаал хэрэгт авагдсан байх бөгөөд уг тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Г.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх 18/

 

Зохигч нь ажилтан Г.Д- өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ямар нэгэн дарамт шахалт, төөрөгдөлгүйгээр илэрхийлсэн эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Г.Д-гийн ... Өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг ажил олгогчид илгээсэн гэх тайлбарыг анхан шатны шүүхээс үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь уг хүсэлтийг дарамт шахалтад орсны улмаас илэрхийлсэн, өөр ажилд томилно гэж хууран мэхэлсэн гэх байдлыг нотлоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

 

Ажилтан хүсэлтээ бичгээр илэрхийлсэн гэдгээ тайлбарлажээ. Харин ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр гаргаагүй гэсэн байр суурьтай байгаа бол үүнийг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдох юм.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчид 2 хүсэлт илгээсэн боловч олдохгүй байгаа тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан үндэслэлээр тушаал гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээж авсан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт Г.Д-гийн ажлаас чөлөөлөх хүсэл зориг илэрхийлээгүй, өөр ажилд шилжүүлэн томилуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэх тайлбараас өөр баримт авагдаагүй.

 

Харин ажил олгогч нь ажилтны 2019 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдал нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/07 дугаартай тушаалыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллийн дор хүсэл зоригоо илэрхийлсэн гэх, мөн нэхэмжлэгч Г.Д- нь хүүхэд асрах чөлөө авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаар нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Г.Д- нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гарган, гарын үсэг зурж цахим хэлбэрт шилжүүлж, ажил олгогч руу фэйсбүүк чатаар явуулсан гэдэг нь түүний нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байх тул хэрэгт авагдсан түүний хүсэлтийг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь ... цахим баримт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өөр ажилд шилжүүлэн томилуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй цахим баримт үнэлсэн гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Мөн анхан шатны шүүхээс ... нэхэмжлэгч нь КЭБС ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл худалдааны зөвлөхөөр ажиллаж байсныг тогтоож дүгнэсэн тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт худал мэдээлэл бүртгэсэн, хуурамч тушаал нөхөн гаргасан, илтэд зөрүүтэй, шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхээс цахим баримтанд үзлэг хийлгэх эсэх талаар талуудаас тодруулахад баримт устсан гэж хариулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулах талаар хангалттай арга хэмжээг авсан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД