| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0733/З |
| Дугаар | 128/ШШ2025/0906 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0906
2025 12 05 128/ШШ2025/0906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б******* /РД: ШЕ*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч.А /ШТЭҮ*******/
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г*******, М.Б*******.
Маргааны төрөл: Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг буруу тогтоосонтой холбоотой маргаан.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б******* миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон.
1.1.Нэхэмжлэгч Б.Б******* нь анх Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 (тавин сая дөчин есөн мянга таван зуун тавь) төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/5703 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0338 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-аас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоож, 1997 оноос хойших нийт олгох хугацааны дутуу олгогдсон тэтгэврийг түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг дахин өөрчлөн тогтоож, нэхэмжлэгчид нөхөн олгохыг хариуцагч нарт даалгаж,
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/406 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0338 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсний араас 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Б*******ийн Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.2. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 327 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 284 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/МА2023/406 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн дагуу Б.Б*******ийн тэтгэврийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөн тогтоож, 1997 оны 09 дүгээр сараас хойш 2022 оны 10 дугаар сар дуустал хугацааны хохирол болох дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард олгожээ.
2.3.Гэвч дээрх хугацаанаас хойших үйл баримт шүүхээр шийдвэрлэгдээгүй ба Монгол улсын Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй хохирол учруулсан гэж үзэн, 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны тооцоог “Ак*******” ХХК-ийн дүгнэлтийг хавсарган Б.Б*******ийн тэтгэврийг яаралтай өөрчлөн тогтоож, хохиролгүй болгож өгөх тухай өргөдлийг Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан гаргасан байна.
2.4.Улмаар Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын дагуу иргэн Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн мөрдөж байсан сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг баримтлан тооцсон нь зөв гэх хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04/1783 дугаар албан бичгээр Б.Б*******т мэдэгджээ.
2.5.Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан тэтгэврийн хэмжээг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэртэй маргаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хохирлыг гаргуулахаар 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2023/406 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд учирсан хохирол болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохыг хариуцагч нарт тус тус даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/8324 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 04-126/21625 “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл”-ийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 04-126/21737 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл”-ийг хүргүүлсэн. Ийнхүү 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны хохирол болох 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч түүнээс хойш хугацаанд Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй байгаа тул нэхэмжлэгч хохирсоор байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичиг нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.
Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал авч үзвэл, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор 1997 оны цалингийн итгэлцүүр болох 31.86-аар нэмэгдүүлсэн, мөн 239 дүгээр тогтоолоор 10 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 2,960,810.14 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл олгогдох ёстой. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 42,400,378 төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зөрүү шинээр үүссэн, үүнээс үүссэн мөнгөний ханшийн уналтын эдийн засгийн алдагдал 7,649,172 төгрөг шинээр үүссэн, эдгээрийн нийлбэр нийт хохирлын дүн 50,049,550 төгрөг болно.
Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх аргах хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.” гэж заасан.
Дээрх Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 3 дахь заалт нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолын 3 дахь заалтаар хүчингүй болсон байна. Энэхүү 238 дугаар тогтоолын 3 дахь заалтад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр гэж байгаагүй.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл /Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх, тэтгэврийн хэмжээ/-ийн 5.1 дэх хэсэгт “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг бодит тооцооллын дагуу бүрэн гүйцэт хэмжээгээр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
4.1. “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04-159/13227 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан хүргүүлсэн. Тус албан бичигт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалыг биелүүлж, холбогдох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ижил агуулга бүхий өргөдөл гаргаж өргөдөлд 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал тооцоог “А” ХХК-иар хийлгэсэн тухай нэмж тусгасан. Улмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн, тэтгэврийг өөрчлөн тогтоосон эсэх тухай шалгаж, 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд тэтгэврийг дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг тодруулахаар чиглэл хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчид 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.
4.2.Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 284 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн дагуу иргэн Б.Б*******ийн тэтгэврийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөн тогтоож 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 106000059575 төлбөрийн даалгавраар холбогдох дансанд 103,200,639 төгрөгийг шилжүүлснээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж бодох үндсэн суурь нь ажил олгогч, даатгуулагчаас нийгмийн даатгалын холбогдох санд шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээг суутган шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээг суутган шилжүүлсэн дүн байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /2024 он/ 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг тус тус тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмын даатгуулагчийн хувьд тухай үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн байхаар заажээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч 10 сая төгрөгийн цалин авсан гэвэл нийгмийн даатгалын шимтгэл тооцож суутгах дүн /одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ 792,000*10=7,920,000 төгрөгөөс даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож, тэтгэвэр, тэтгэмжийг бодож олгоно. Энэ хууль болон тухай үед мөрдөж байсан засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч Б.Б*******ийн сарын цалинг 1,404,000 төгрөгөөр хязгаарлан тэтгэврийг нэмэгдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.
4..3.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.6 “Нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.”, 37.13.4-т нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох, өөрчлөх” гэж нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх, чиг үүргийг заасан бөгөөд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэн болон байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж чиглэл зөвлөмжөөр хангасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан актын шинжгүй мөн хуулийн 37.3-т заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заажээ. Гэтэл даатгуулагч Б.Б******* нь өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа болно.
Иймд 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд дутуу олгосны хохирол гэх 50,049,550 төгрөгийг нэхэмжилсэн Б.Б*******ийн нэхэмжлэл нь нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр авах эрхийг зөрчсөн, дутуу олгосон гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
5.1.Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан.
5.2.Засгийн газрын 2024 оны 231 дүгээр тогтоолын 2-т “даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, мөн өдрөөс хойш 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус баталсан.
5.3.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 2023 оны 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна” гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр гэдэгт тэтгэврийн даатгалын, тэтгэмжийн даатгалын, ажилгүйдлийн даатгалын, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжүүд хамаарна. Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан. Нийгмийн даатгалын байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллагын хувьд Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэр, хууль тогтоомжид заасны дагуу нийт тэтгэвэр авагчийн тэтгэврийг өөрчлөн сар бүр тэтгэврийн олголтыг харилцагч банкаар дамжуулан олгодог тул сонсох, мэдэгдэх ажиллагааг тэтгэвэр авагч бүрээр сонсох ажиллагаа явуулах боломжгүй болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний 04/1783 дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилж цаашид олгож байхыг даалгаж, Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь М******* ХК-нд Ю12 онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь- Улаанбаатарын чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж байх үед түүний жолоодож явсан онгоц осолдсоны улмаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байна. Уг ослыг 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлд гарсан ослын акт-аар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй.
3. Дээрх ослын улмаас нэхэмжлэгч нь 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, хариуцагч захиргааны байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу М******* ХК-аас 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1992 оноос 1997 оны хоорондох 5 жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцож, түүний тэтгэврийг тогтоосон.
4. Нэхэмжлэгчээс анх 2020 онд тус шүүхэд 1997 онд тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосныг эс зөвшөөрч Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тахир дутуугийн тэтгэврийн харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан маргаж, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0406 дугаар магадлалаар даатгуулагчийн үйлдвэрлэлийн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох нь зөв бөгөөд харин тэтгэвэр буруу тогтоосны улмаас учирсан хохирлыг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ак******* ХХК-ийн тэтгэврийн зөрүүнээс үүссэн ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг гаргасан шинжээчийн дүгнэлт болон түүнийг хянасан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ, нэгэнт хариуцагчийн татгалзал хууль бус болохыг шүүх тогтоосон тул учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ … 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны хохирол болох 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч түүнээс хойших хугацааны үйл баримт шүүхээр шийдвэрлэгдээгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй хохирол учруулсан гэж, хариуцагчаас хариу тайлбарт татгалзлын үндэслэлдээ… даатгуулагч 10 сая төгрөгийн цалин авсан гэвэл нийгмийн даатгалын шимтгэл тооцож суутгах дүн /одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ 792000*10=7,920,000 төгрөгөөс даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож тэтгэвэр, тэтгэмжийг бодож олгоно. Энэ хууль болон тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч Б.Б*******ийн сарын цалинг 1,404,000 төгрөгөөр хязгаарлан тэтгэврийг нэмэгдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж эс зөвшөөрч маргасан.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б*******т 1997 онд тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосныг эс зөвшөөрч Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тахир дутуугийн тэтгэврийн харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тэтгэвэр тогтоогдох ёстой гэж маргаснаар дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Б.Б*******ийн Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн байна.
6.1. Захиргааны хэргийн дэвж заалдах шатны шүүхийн магадлалд ... Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 2 дугаар зүйлийн 2-т дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно, 1-д ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөн бол дээрх хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ...хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох хуулийн зохицуулалттай.
6.2. Маргаан бүхий энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох хуулийн зохицуулалттай адилтгаж, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нэхэмжлэгч Б.Б*******т сүүлийн 5 жилийн дунджаас тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тогтоосон нь буруу байна.
6.3. Өөрөөр хэлбэл, өндөр насны болон ахуйн осолд орсны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн даатгуулагчийн тэтгэврийг тогтоох, тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах зохицуулалтыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчийн тэтгэврийг тогтоох харилцаанд хэрэглэх үндэслэлгүй. Мөн хууль тогтоогчоос үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоохоор зохицуулсан бөгөөд үйлдвэрлэлийн ослын тохиолдолд ажилтан осолд орох үед ямар ч хугацаагаар ажилласан байж болох ба мөн ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжиж төрийн албан хаагчийн цалингийн шатлалаар сүүлийн үед эрхэлж байсан ажлын цалин өндөр тогтоогдсон байдлыг үгүйсгэж заавал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 5 жилийн дунджаар тооцож тухайн ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч цалингийн хэмжээ зөрүүтэй, багаар тооцогдож байгаа бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй нэхэмжлэгчийн хувьд түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна ... гэж дүгнэжээ.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг иргэн баталгаатай эдлэх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 5-д зааснаар Монгол Улсын иргэн ... хөдөлмөрийн чадвар алдах ... тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.
8. Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрөлтэй байхаар зааж, ийнхүү тухайлсан харилцааг тус бүр бие даасан хуулиар зохицуулсан тул тухайн даатгалд хамрагдаж буй даатгуулагчийн эрх зүйн байдлыг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай тогтоохоор хуульчилсан байна. Тодруулбал, хөдөлмөрийн чадвар алдах ... тохиолдолд эд, мөнгөний тусламж авах үндсэн эрхийг эдлэх баталгаа нь нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомжоор зохицуулагдсанаар хангагдана.
9. Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахад орших бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
10. А ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аудиторын дүгнэлт /хх1-9х/-ээр нэхэмжлэгч Б.Б*******ийн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд шүүхээс тогтоосон тэтгэвэр болон олгосон тэтгэврийн зөрүү 42,400,378.00 төгрөг, дээрх хугацааны тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс үүссэн эдийн засгийн алдагдлын өртөг 7,649,172.00 төгрөг, нийт 50,049,550.00 төгрөг гэж тооцжээ.
11. Дээрх аудитын дүгнэлтийг гаргасан Акпар-аудит ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд аудитын дүгнэлт гаргасан аудитор Х.Б нь 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 9606151 дугаартай Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 011 дугаар Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийг тус тус авсан байна.
12. Тус шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0338 дугаар шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалтай 128/2020/0479/З индекстэй захиргааны хэргийг нотлох баримтаар татсан бөгөөд уг хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаан бүхий нэхэмжлэгчийн тэтгэврийн тооцоололтой холбоотойгоор нэхэмжлэгчийн хүсэлтээр Ак******* ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б*******ийн ... 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл 5 жилийн дунджаар тогтоосон тэтгэврийн хэмжээг 5 сарын дунджаар шинэчлэн тогтоож, зөрүүг тооцон гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
13. Мөн нэхэмжлэгч Б.Б*******ийн осолдсон 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн онгоцны ослоор тус онгоцны нэгдүгээр нисгэгч Ц.Б******* мөн гэмтэж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, тэрээр мөн тахир дутуугийн тэтгэврийг буруу хууль хэрэглэн буруу тооцсон хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан маргаж, тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 583 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ц.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б*******эд олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн.
13.1. Улмаар Ц.Б*******ээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан
тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын татгалзалтай маргаж, тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0357 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0586 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй буцааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
14. Маргаан бүхий тохиолдолд А ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аудиторын дүгнэлтэд нэхэмжлэгч Б.Б*******ийн дундаж цалинг тооцоолоод, дундаж цалинд үндэслэн тэтгэврийг тооцоолж, тооцоолсон тэтгэврийг тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлж, олгох ёстой тэтгэврийг тогтоож, олгосон тэтгэврийг хасч, олгогдоогүй тэтгэврийн зөрүүг тооцоолсон.Тооцоолсон олгогдоогүй тэтгэвэрт инфляцын нөлөөг оруулж тооцсон байна.
15. Дээрх байдлаар Ак******* ХХК-ийн Аудиторын дүгнэлт нь нэхэмжлэгч Б.Б*******ийн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд шүүхээс тогтоосон тэтгэвэр болон олгосон тэтгэврийн зөрүү болон дээрх хугацааны тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс үүссэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцсон тооцооллыг нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй зөв гэж үзсэн аргачлалаар дахин тооцоолол хийсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
16. Ийнхүү аудиторын дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг буруу хуулиар, буруу аргачлалаар тооцоолон дутуу олгосон нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн олгохыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
17. Дээрх үндэслэлүүдээр Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны тэтгэврийг хуульд заасан журмаар зөв тогтоолгох, ийнхүү буруу хуулиар, буруу аргачлалаар дутуу тогтоож олгосноос өөрт учирсан хохирлыг тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцуулан гаргуулахаар нийгмийн даатгалын байгууллагаас шаардах эрхтэй байна.
18. Иймд аудитын дүгнэлтийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний 04/1783 дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилж цаашид олгож байхыг даалгаж, Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:
3.1. Б.Б*******ийн тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохиролд 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох,
3.2. Төрийн сангийн орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,
3.3. Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг Ак******* ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аудиторын дүгнэлтээр тооцоолсон дундаж цалинд үндэслэсэн, тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлсэн олгох ёстой тэтгэврээр зөвтгөн тогтоож, тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт бичилт хийх,
3.4. Цаашид мөн дээрх Аудиторын дүгнэлтээр тооцсон аргачлалаар нэхэмжлэгчид тооцон олгож байх.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР