| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00973/И |
| Дугаар | 138/ШШ2024/00993 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2024/00993
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Танкад байрлах Содмонгол клонкын урд талын төв замын хажууд мотоциклоо засаж байхад Харриер маркийн машин араас ирж хүчтэй мөргөсөн. Уг машины жолооч ******* нь тухайн үед согтуу байсан. Замын цагдаагийн газраас үзлэг шалгалт хийн жолооч Эрдэнэбат буруутай болохыг тогтооосон. Миний бие нуруу болон баруун хөлөндөө хүнд бэртэл авсан бөгөөд намайг хүнд хүчир ажил хийж болохгүй 6 сар эмнэлэгийн хяналтад байх ёстой гэж хэлсэн. Миний бие “******* *******” *******-д жолоочийн ажил хийдэг байсан ба сарын 1 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. Намайг мөргөж гэмтэл учруулсан *******аас 6 сарын цалин болох 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тухайн үеийн хохирол болох мотоциклийн төлбөр, хот явж эмнэлэгт үзүүлэх тээврийн зардал, эмчилгээний төлбөр, эм тариа, нурууны бүс, байрны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж өр төлбөрийн хохиролгүй болгосон. Шүүх шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч нь зөөлийн эдийн гэмтэлтэй, ажил хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хүчингүй байсан ба зөрчлийн торгууль болох 200 000 төгрөгийг мөн төлж барагдуулсан. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 400 000 төгрөгөөр торгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 6 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, “******* онон” *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25, 26 тоот тодорхойлолт, /хэргийн материалын 6-7-р тал/, нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн материалын 8-14-р, 46-р тал/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хэргийн материалын 15-р тал/, яаралтай тусламжийн хуудас /хэргийн материалын 16-17-р тал/, зэрэг болно.
4. Хариуцагчаас: хариу тайлбар /хэргийн материалын 35-36-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн материалын 37-41-р тал/, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчид бүх төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 14-нд хариуцагчийн машинд мөргүүлж нуруу болон хөлөндөө гэмтэл авсан ба 2024 оны 12 сар хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын 1 000 000 төгрөгөөр тооцож нийт 6 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримттай маргадаггүй боловч төлбөр мөнгийг төлсөн, ажил хөдөлмөр хийхийг хориглосон зүйл байхгүй, хөнгөн гэмтэл учруулсан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй.
2024 оны 6 сарын 14-нд нэхэмжлэгч *******ыг мотоциклийнхоо хажууд зогсож байхад нь хариуцагч ******* нь машинаараа мөргөж биед нь гэмтэл учруулсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 3 514 000 төгрөгийг 2024 оны 6 сарын 17-ны өдрөөс 2024 оны 8 сарын 01-ний өдрийн хооронд өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хариуцагч Д.Эрдэнбатын Деопозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.
3. Дээрх мөнгөнөөс 1 014 000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн гэх ба 2 500 000 төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр хохиролд төлсөн, дахиж мөнгө нэхэмжлэхгүй, гэхээр нь өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба тухайн үед хөдөлмөр эрхэлж байсан гэдгээ нотлохоор “******* *******” *******-ийн 2024 оны 9 сарын 16-ны өдрийн 25, 26 дугаартай албан бичгүүдийг ирүүлсэн байна.
Дээрх албан бичгүүдээс нэхэмжлэгчийг байнгын ажлын байртай байсан гэдэг нь тогтоогдохгүй, хэрэв байнгын ажлын байранд ажиллаж байсан бол Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбар, цалин хөлс авч байсан талаарх баримтыг хэрэгт ирүүлэх нь зүйтэй.
4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна гэж, мөн хуулийн 7.2.1-т өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулахаар хуульчилжээ. Иймд нэхэмжлэгч нь “******* *******” *******-д байнгын хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байхад нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа ирүүлээгүй байгаа нь түүнийг байнгын ажлын байранд ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэх боломжгүй юм.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж сард 1 сая төгрөгийн цалин авч байсан гэдгээ нотлоогүй боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэлээ.
Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэдэг үйл баримттай маргадаггүй боловч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж маргадаг. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хэргийн материалын 15-р хуудас/, Амбулториор эмчлүүлэгчийн карт зэргээс үзэхэд гэмтлийн улмаас 2024 оны 6 сараас 2024 оны 12 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй байна гэж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
6. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул 6 сарын хугацаагаар тооцож 660 000х6=3 960 000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байна. Үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчид эмчилгээний зардлаас гадна 2 500 000 төгрөгийг өгсөн байх тул 3 960 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг хасж үлдэх 1 460 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 540 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1.4-д заасан бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл байх тул тусгай журмаар шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байх тул 1 460 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогот оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус зааснаар хариуцагч *******аас 1 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 540 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 38 310 төгрөг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ