Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

 

 

 

      

 

     2024        06           18                                       2024/ДШМ/32

 

 

 

Г.Ут  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор Г.Ганцэцэг/ цахимаар зайнаас/,

яллагдагчийн өмгөөлөгч С.Энхзул /цахимаар зайнаас/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Ут  холбогдох эрүүгийн 2320000570011 дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Яллагдагчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, * настай, *, яс үндэс халх, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Ш овогт Г.У

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу Замын-үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын хилээр орж ирсэн *ДГС улсын дугаартай * дугаарын 40 тонны даацын чингэлэгтэй "Бошигт наран" ХХК-ийн 03- 2091008-23-130235 тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийж, "Биет шалгалт хийгдсэн" төлөвт шилжүүлэн 8,658,230.40 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс яллагдагч Г.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн хуулийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: 4.1...Зөрчлийн хэргийг шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, холбогдогч нь гаалийн албан татвараас зайлсхийсэн Бошигт наран ХХК болох нь тогтоогдож байхад уг компаниас мэдүүлэг, тайлбар аваагүй нь буруу байна гэх үндэслэлээр яллагдагч Г.Ут холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

4.2.Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ут урд авсан хувийн баталгаа аргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

4.3.Яллагдагч Г.Ун иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн банкны дансны мэдээллийг хуулбарлан авсан бичлэгтэй Сиди 2 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

4.4.Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол аргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

5.Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрх бүхийн албан тушаалтнаас "Бошигт наран ХХК-ийн итгэмжлэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн Э.У 8.658.230.40 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн" гэх зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээлгэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.  Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарлан, хянан шийдвэрлэх ажиллагааны өөр журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн талаар дүгнэлт хийж байгаа нь буруу биш боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаатуулан дүгнэж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Яллагдагч Г.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход Зөрчлийн хэргийн холбогдогчийг олж тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэн хэнээс, ямар оролцогчоор мэдүүлэг авсан эсэх, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн эсэх зэрэг нь ач холбогдолгүй буюу тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын алинд ч хамаарахгүй ба энэ нь Г.Ут холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар заавал шалгаж тогтоох ажиллагаанд хамаарахгүй юм.

Хэрэгт авагдсан Бошигт наран ХХК-аас Э.Ут олгосон 0706 дугаартай ....компанийн нэр дээр орж ирэх барилгын материалын гаалийн бүрдүүлэлтийг хийх, бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо хийх, гаалийн хилээр оруулж ирэх ачаа барааг шалгах явцад байлцах, хүлээн авах, ачилтыг хариуцах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, импортоор орж ирсэн бараа материалыг гааль, ХМХА-нд жин тонн, чанар, гарал үүсэл, тоо ширхгийг үнэн зөв мэдүүлэх, бүрдүүлэлт хийх, татварыг бүрэн зөрүүгүй төлөх, үйлдэл хийх" тухай итгэмжлэлд үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийн холбогдогч болох Бошигт наран ХХК нь "Гаалийн байгууллагад мэдүүлсэн 10 нэр төрлийн барааны нэр төрөл, хэмжээг дутуу мэдүүлсэн" зөрчил үйлдсэн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээлгэсэн нь хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, зөрчлийн хэргийг шалгах явцад итгэмжлэлд нэрлэн заасан үйлдэл хийхээр олгогдсон этгээдээс мэдүүлэг авч, зөрчлийн хэргийг нотлох ажиллагааг хуулийн шаардлагын дагуу явуулж, буруутай аж ахуйн нэгжид шийтгэл хүлээлгэсэн ажиллагаа хууль зөрчөөгүй, уг ажиллагаа дуусгавар болсон.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/Ш3/125 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй, хууль ёсны дагуу гарсан. Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр тухайн яриад байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчсөн асуудал хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр энэ хэргийн гол асуудал маань өөрөө Бошигт наран ХХК-д давуу байдал олгосон асуудал яриад байгаа юм. Гэтэл энэ өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасны дагуу Бошигт наран ХХК-ийн гэрчээр асуусан асуудалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад огт байдаггүй. Э.У өөрөө гаалийн бүрдүүлэлт хийгээд Бошигт наран ХХК-д давуу байдал олгуулаад байгаа маань Бошигт наран ХХК-ийн эрх ашгийн төлөө юм уу, тэдний гуйлтын дагуу юм уу, эсвэл өөрийнхөө эрх ашгийн төлөө юм уу, ямар байдлаар ингэж давуу байдал олгоод байгаа юм бэ гэдгийг Бошигт наран ХХК-иас гэрчийн мэдүүлэг авч байж энэ нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг тодруулсан гэрчийн мэдүүлгээр асуусан зүйл огт байдаггүй учраас энэ хэрэг маань өөрөө дутуу хийгдсэн буюу шүүгчийн захирамжид заачихсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр шүүгчийн захирамжаар буцаасан нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс бол харж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх яллагдагч Г.Ут холбогдох эрүүгийн хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн  шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд “Бошигт наран ХХК-ийн 8.658.230,40 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийн хэргийг шалгахдаа...хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэсэн заалтыг зөрчсөн байна,...эхлээд хуулийн этгээдийг холбогдогчоор, тогтоогдсон хуулийн этгээд нь төлөөлөх этгээдийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой, тухайн компанийн гаалиар оруулж ирсэн барааны тоо хэмжээг өөрчлөн мэдүүлж, гаалийн албан татвараас зайлсхийгээд байгаа явдлыг тус компанийн үүрэг даалгавраар хийгээд байгаа юм уу аль эсвэл мэдүүлэг гаргагч Э.У нь өөрөө сайн дураараа хийгээд байгаа юм уу гэдгийг шалгаж тогтоох нь зүйтэй, зөрчлийн холбогдогч нь гаалийн албан татвараас зайлсхийсэн Бошигт наран компани болох нь тогтоогдож байхад уг компаниас мэдүүлэг тайлбар аваагүй нь буруу, авах нь зүйтэй”  гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгчийн захирамжид дурдсан дээрх ажиллагааг энэ хэрэгт зайлшгүй шалгаж, тогтоолгох шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тодруулбал Прокуророос яллагдагч Г.Уг нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн *ДГС улсын дугаартай * дугаарын 40 тонны даацын чингэлэгтэй "Бошигт наран" ХХК-ийн 03- 2091008-23-130235 тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийж, "Биет шалгалт хийгдсэн" төлөвт шилжүүлэн 8,658,230.40 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөн “Бошигт наран" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ут 8.658.230,40 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар тухайн аж ахуйн нэгжид торгох/1хх18/ шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байх тул энэ талаар шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тэдгээрийг харьцуулан улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”  гэсэнд нийцүүлэн яллагдагчийн гэм бурууг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

3.Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг буюу мөн хуулийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж,

Авлигын эсрэг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “...давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэжээ.

4.Прокуророос яллагдагч Г.Уг "Бошигт наран ХХК-ийг                            8,658,230.40 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон” гэж ялласан  байх ба анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй буюу албан тушаалтнаас хувь хүн, хуулийн этгээдэд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон нь  нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон эсэхэд мөн  хуульд заасан “урвуулан ашиглах, давуу байдал”-ын талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  тодорхой заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад тус тус ач холбогдолтойн зэрэгцээ шүүх талуудын мэтгэлцээний үндсэн хэргийг хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхийн зэрэгцээ хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг гэмт хэрэг мөн эсэх тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээд тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн үндэслэлтэй  дүгнэлтийг хийх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл яллагдагчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  эсхүл хангаагүй эсэх талаар нотлох баримтад үндэслэн, дүгнэх нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.  

5.Шүүгчийн захирамжид “...өмгөөлөгч С.Энхзулын гаргасан Э.У, Б.Т нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр асуусан, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжтой, хүсэлтийг хангахаас татгалзав” гэж шийдвэрлэсэн буюу үүнтэй холбоотой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээгүй байх тул прокурорын эсэргүүцэл дурдсан энэ хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд очтол яллагдагч Г.Ут урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг  Анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

Н.БОЛОРМАА