| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2021/02406/И |
| Дугаар | 210/МА2022/00127 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/00127
| 2022 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2022/00127 |
ХААДСАА-ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02239 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХААДСАА-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Э-т холбогдох,
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч О.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага:
О.Э-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Бот-2015/560 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдаг. О.Э- нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Бот-2015/560 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-г байгуулж FТ-250 маркын трактор анжисын хамт 2 ширхэг 10 000 000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий техникийг тус тус хүлээн авсан.
Гэрээний дагуу FТ-250 маркын тракгор анжисын хамт үнийн дүнгийн 20 хувь 2 000 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн бөгөөд үлдэгдэл 8 000 000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2016-2019 онуудад төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаагийн төлбөр төлөгдөөгүй байна. Гэрээнд анз тооцохоор заасан гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан бага оврын тракторыг хүлээн аваагүй. Мөн шүүхийн журмаар уг хэрэгт холбогдох нотлох баримтууд гаргуулах хүсэлттэй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Э-аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААДСАА-нд олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч О.Э-аас 206,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Гэрээнд зурсан гарын үсэг, миний шүүхэд өгсөн тайлбар, хүсэлтийн гарын үсэг хоорондоо ондоо байгааг шүүх нягтлан анзаараагүй. О.Э-т трактор олгохыг зөвшөөрсөн хуудас гэх баримтад тракторыг хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, Уг баримт нь тухайн байгууллагын дотооддоо зохицуулдаг, няравтаа хандсан баримт байгаа болохоос биш яг надад олгосон гэх баримт биш байна. Гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх талаар мэдээгүй, мэдээгүй учир хугацаа хэтэрсэн болох нь харагдаж байна. Би трактор авахаар хүсэлт өргөдөл гаргаагүй, мөн надад 2 трактор өгсөн гэх баримт байхгүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг ч гаргаж өгөөгүй байхад шүүх хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн О.Э- надтай ярьж төлбөрөө нэхэж байсан гэх баримт ч байхгүй. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн баримт нотолгоогүй, худал тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.
4.б. Хариуцагчид трактор хүлээлгэн өгсөн гэх баримтыг гаргуулах хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Би өөрөө эрэн сурвалжлаад олохгүй байгаа баримт гаргуулах хүсэлтэй байсан.
4.в. Нэхэмжлэгч тал хариуцагч О.Э-т биш н.Г гэдэг хүнд трактор өгсөн гэдгээ нотлоод байхад шүүх анхаарч үзээгүй, орхигдуулсан.
4.г. Шүүх хуралдаанд оролцсон бол харилцан мэтгэлцэж, шүүхэд өөрт хамаарах асуудлыг тайлбарлах, зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжтой байсан.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар:
Хариуцагч О.Э- нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 2 трактор авсан. Манайх төрийн байгууллага учраас бичиг баримтын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед О.Э- өргөдөл бичиж, урьдчилгаа 2,000,000 төгрөг төлж 2 трактор авсан. Тэр үед гэрээ байгуулсан этгээдүүд ажлаас гарсан. Зөвшөөрлийн хуудсыг олгохдоо гэрээ байгуулсан этгээдэд зөвшөөрлийн хуудсыг өгч түүнийг няравт өгөх үүрэгтэй. О.Э-т нэг хувийг өгдөггүй, ганцхан хувь гаргаж, гэрээний мэргэжилтэн О.Э-т өгч, түүнийгээ О.Э- няравт өгдөг. Тооцоо нийлсэн актад О.Э- гарын үсэг зураагүй гэхээр тооцооны актыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа санхүүгийн өр төлбөртэй гэх баримтыг гаргаж өгсөн. БНХА-ын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгосон трактор нь нийт 8 000 ширхэг ирж 2012-2020 он хүртэл хугацаанд тараасан ба эдгээр хүмүүсийг хуулийн байгууллагад хандаж өр төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлж байгаа. О.Э- нэг удаа хурлыг хойшлуулсан. Дараа өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар хойшилсон боловч 3 дахь шүүх хуралдаанд хариуцагч талаас ирээгүй.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХААДСАА- нь хариуцагч О.Э-т холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Бот-2015/560 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх37/
Хэрэгт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Бот-2015/560 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах гэрээ бичгээр авагдсан. /хх 9-11/
Хариуцагч нь уг гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурсан бичвэр түүний гарын үсэг биш, бага оврын тракторыг хүлээн аваагүй гэж маргажээ.
Гэрээний тал гэх О.Э- гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа нөхцөл байдал, мөн шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүхээс анхаарч тодруулаагүй байна.
Хэргийн 43 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгч трактор хүлээлгэн өгсөн, авсантай холбоотой нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байхад анхан шатны шүүхээс хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан баримтгүй, О.Э- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй тухай нотлох баримт, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн байхад анхан шатны шүүх, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр товлож, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлажээ./хх 40-44/ Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон хуралдааны товыг О.Э-т мэдэгдээгүй байна. /хх45/
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД