Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 402

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Улсын яллагч А.Мөнхзул,    

            Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808006390338 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй,  

            - урьд Өвөрхангай аймгийн шүүхээр 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар 05 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашаан дотор ямар ч шалтгаангүйгээр иргэн О.Гтой хэрүүл маргаан үүсгэн хавсарч унаган, зүүн эгмэн тус газар нь өвдгөлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Д.С нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, оршин суух иргэн Ган хашаан дотор ямар ч шалтгаангүйгээр иргэн О.Гтой хэрүүл маргаан үүсгэн хавсарч унаган, зүүн эгмэн тус газар нь өвдгөлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би танил Ганбаа ахын хамтаар Их наранд байдаг гэрт нь очсон. Ганбаатарын ахын гэрт нь адууны мах чанасан байсан тул Ганбаатар ах өөрийнхөө танил дүү Сангидаансүрэнг дуудсан. Тэгээд бид махаа идэнгээ 2 шил архи уусан. Тэгээд шөнийн 02 цагийн үед Сангидаансүрэн агсан тавьж эхэлсэн. Би Сангидаансүрэнтэй маргалдаад бие засах гээд жорлон руу явж байтал Сангидаансүрэн араас гарч ирээд хавсарч унагаагаад өвдгөөрөө миний зүүн эгэм дээр өвдгөлөхөд амьсгаа авч болохгүй болчихсон. Тэгээд Цэвэлмаа эгч 103-т дуудлага өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод зураг авахуулахад эгэмний яс хугарсан байсныг мэдсэн. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-15-16/

            ...миний хувьд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Сангидаансүрэн надад 500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тийм болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-41/

            - гэрч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг болж байсан байх гэж санаж байна. Манай нөхөр тасраад унтаад өгсөн. Сангидаансүрэн согтчихоод Ганзоригийг танихгүй болохоороо “би ахындаа ирчихсэн байна, би дүү нь байгаа юм, чи хэн бэ” гэх зэргээр агсан тавьж эхэлсэн. Би унтаж амарцгаа гэхэд тэр 2 маргалдсаар гарсан. Би тэр 2-ын араас зодоон болчих байх гэж бодоод гарсан. Тэгтэл Сангидаансүрэн Ганзоригийн араас нь татаад 2-уулаа давхралдаад уначихсан. Тэгээд удалгүй Ганзориг гэрт орж ирээд мөр лүүгээ заагаад ийшээ нэг л бибш болчихлоо, амьсгалж чадахгүй байна гэж хэлээд царай нь онцгүй болчихоор нь би эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг /хх-17-18/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр саарын 31-ний өдрийн шинжээчийн:...О.Гийн биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-21/

            - шүүгдэгч Д.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би ажлаасаа тараад 21 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байтал манай танил ах Ганбаатар над руу утсаар яриад “ахын дүү хүрч ирээд адууны мах ид, мах чаначихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганбаатар ахын гэрт очсон. Ганбаатар ахын гэрт нь Ганаа гэж бүтэн нэрийг нь мэдэхгүй хохирогч залуу байсан. Ганбаатар ах, Ганаа бид 3 нийлж 0.75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан. Ганбаатар ах түрүүлээд тасраад унтчихсан. Үлдсэн архиа Ганаа бид 2 ууж дуусгасан. Ганбаатар ахынд хэрэлдэж маргалдсан асуудлаа санахгүй байна. Маргааш өглөө нь гэртээ сэрэхэд эхнэр Алтанганаа намайг хүн гэмтээсэн гэж хэлэхээр нь мэдсэн. Би тасарчихсан байсан. Гараад л нэг юм болсон юм шиг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-30-31/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч О.Гт хохиролд 500.000 төгрөг төлсөн /хх-41/ цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Бусад асуудал

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР