Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/01020

 

   

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, “******* ******* ******* ******* *******д” -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ******* ******* ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “******* ******* ******* ******* *******” -ийн төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан. Тус компанид ажилд орж, төлөвлөлтийн мэргэжилтэн, ахлах эдийн засагч, төлөвлөлтийн менежерээр 17 жил, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар 10 жил тус тус ажилласан. “******* ******* ******* ******* *******” -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчилж, ажилтан, албан хаагчдын орон тоог шинэчлэн баталсан. Улмаар тус компанийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны А/113 дугаар тушаалаар Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахаар зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан. Бүтцийн өөрчлөлт оруулах мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ******* надад өгсөн ба тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн.

Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/113 дугаартай, тушаалын 1.2 дахь заалтаар “Төлөвлөлтийн хэсэг /төлөвлөлтийн инженер 1, төлөвлөлтийн эдийн засагч 1/-ийг татан буулгаж, төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст Үйлдвэрлэлийн эдийн засагч, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст цалин хөлсний эдийн засагчийн орон тоонд ажиллуулах” гэж заасан байдаг. Улмаар Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 1 дүгээрт “Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн менежер ажилтай гийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” хэмээн чөлөөлсөн. Мөн тушаалын 2 дахь заалтаар “*******г 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай” гэж заасан байдаг.

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь компанийн бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тохиолдолд тухайн ажил, албан тушаал дээр үүссэн хөдөлмөр эрлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд нийцэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд өөр ажлын байр санал болгох, түүнтэй харилцан тохиролцох нь ажил олгогчийн үүрэг мөн. Харин өөрийн санаачилгаар өөр ажил, албан тушаалд ажилтны саналыг харгалзахгүйгээр шууд томилох эрх хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид байхгүй. Гүйцэтгэх захирал 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалыг гаргахдаа 1/ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, 2/ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 18 дугаар тогтоол нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг нь ажил олгогчийн үндсэн эрх бөгөөд “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох” гэж хуульчилсан байдаг.

Ажил олгогчоос гаргасан тайлбараар “*******, ******* нарын гүйцэтгэх ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, цалин хөлсийг бууруулаагүй” тул ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Учир нь ажил олгогч маргаан бүхий тушаалынхаа 1 дэх заалтаар ажилтантай байгуулсан хөдмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хэрвээ гүйцэтгэх ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн бол хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн өөрчлөх талаар ажилтантай зөвшилцөж, тушаалаа энэ дагуу өөрчлөх боломжтой байсан. Ажилтны ажлын байр өөрчлөгдсөн, ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах хэмжээний өөрчлөлт оруулсан тул Ажил олгогч 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 1 дэх заалтаараа хүлээн зөвшөөрч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Миний өмнө нь ажиллаж байсан Төлөвлөлтийн хэсэг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буугдаж, “төлөвлөлтийн менежер” ажлын байр байхгүй болсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдаж байгааг ойлгож байна. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг ажилтанд ажил олгогч өгөх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй” 47 дугаар зүйлийн 47.1 “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 52 дугаар зүйлийн 52.1 “Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус хуульчилсан байдаг. Нэгэнт өөр ажил, албан тушаалд ажиллуулах талаар ажил олгогчоос санал гаргаагүй, ажилтантай харилцан тохиролцоогүй байх тул шууд өөр ажил, албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг тулгах, шаардах эрх ажил олгогчид байхгүй. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн нэг төрөл бөгөөд Иргэний хуульд заасан журмын дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцожтэгж эрхийн үндсэн дээр гэрээг байгуулдаг. Үүний учир хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилга, тулган шаардалтаар байгуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, эсхүл шинээр байгуулах тохиолдолд зайлшгүй ажилтантай харилцан тохиролцох, ажилтанд тодорхой мэдээллийг заавал өгсөн байх шаардлага хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын гол мөн чанар, үндсэн зорилго бөгөөд хуулийн шүэо баримтлалын нэг гол агуулга билээ. Хууль тогтоогч ажил ологчийн дур зоргоос ажилтны эрхийг хамгаалахын тулд энэхүү нөхцөлийг тухайлан зохицуулж өгсөн бөгөөд өмнө дурдсан хуулийн зүйл заалтад заавал ажилтантай харилцан тохиролцсон байх нөхцөлийг тухайлан хуульчилсан байгааг харж болно.

Ажил олгогчийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр “Төлөвлөлтийн хэсэг” татан буугдсан, “төлөвлөлтийн менежер” гэсэн ажлын байр байхгүй болсон тул ажилтанд “Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс”-т үйлдвэрлэлийн эдийн засагч ажлын байранд ажиллахыг ажил олгогч санал болгож, харилцан тохиролцох ёстой байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу “үйлдвэрлэлийн эдийн засагч” ажлын байранд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг эхлүүлэхийн тулд тухайн ажлын байрны гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаарх бүрэн мэдээллийг танилцуулах үүргээ ажил олгогч гүйцэтгэх ёстой. Хэрвээ ажилтан тухайн ажлын байранд ажиллахыг хүсэхгүй бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг олгох сётой. Үүний учир ажил олгогч 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

Ажил олгогч буюу “******* ******* ******* ******* *******” -ийн төлөөлөгч ******* “ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй, нэршил өөрчлөгдсөн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй. “Үйлдвэрлэлийн эдийн засагч” ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч шинээр үйлдсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаал бэлэн болоогүй, баталгаажуулаагүй байсан.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухай: миний бие “******* ******* ******* ******* *******” -тэй үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны 12 сарын 06-ны өдөр “******* ******* ******* ******* *******” -ийн хөдөлмөрийн эрхийн эрхийн маргаан таслах комисс /цаашид Маргаан таслах комисс гэх/-т гомдол гаргасан. Гомдлын дагуу 2023 оны 12 сарын 14-ний өдөр Маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг 2023 оны 12 сарын 20-ны өдөр гардаж авсан. Улмаар маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 12 сарын 25-ны өдөр гаргасан. Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдааны 03 дугаартай шийдвэрээр “******* ******* ******* ******* *******” -ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гурван талт хорооны хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг 2024 оны 01 сарын 12-ны өдөр гардаж авсан. Энэхүү шийдвэрийг гаргаснаар миний эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр үлдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл, хууль зүйн үндэслэлийн дагуу “******* ******* ******* ******* *******” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг “******* ******* ******* ******* *******” -д даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” тогтоол гарч тус тогтоолыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлсэн.

Дээрх ТУЗ-ийн 18-р тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан “төлөвлөлтийн хэсэг”-ийг татан буулгаж тус хэсгийн төлөвлөлтийн менежер г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар тус тус томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдсэн.

*******гийн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч хийж гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй.

******* нь мэдэгдэл хүлээн аваад ямар нэгэн гомдол, саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Ингээд 2023.12.01-ний өдөр *******д холбогдох тушаалыг гаргасан.

******* нь 2023.12.01-ний өдрийн Б/442 тоот тушаалыг эс зөвшөөрч “Ажлаас халагдаж, тэтгэмж авах” гэсэн агуулгаар байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж улмаас ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байсан.

******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь 2024.01.08-ны өдөр хуралдаж “******* ******* ******* ******* *******” -ийн захирлын 2023.12.01-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Манай компанийн зүгээс *******гийн ажлын байрны нэрийг өөрчилж хийж гүйцэтгэх ажлыг хэвээр үлдээсэн. Мөн түүний хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөөгүй, цалин хөлсийг бууруулаагүй учир түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа учир “******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.01.08-ны өдрийн дугаар 03 тоот шийдвэр”-ийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан гатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүлэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: “ДБЭХС” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442 дугаар тушаал /хм-ийн 7-р тал/, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл /хм-ийн 8-р тал/, “ДБЭХС” -ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол /хм-ийн 9-10-р тал/, “ДБЭХС” -ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хм-ийн 11-21-р тал/, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хм-ийн 22-24-р тал/, Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хм-ийн 25-28-р тал/, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хм-ийн 29-30-р тал/, “ДБЭХС” -ийн төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан хүсэлт /хм-ийн 230-231-р тал/, Монгол Улсын ******* ******* яамны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг /хм-ийн 232-233-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагчаас дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна.Үүнд: хариу тайлбар /хм-ийн 39-40-р тал/, “ДБЭХС” -ийн гүйцэтгэх захирлын 2016 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/311, Б/312 дугаар тушаал /хм-ийн 107-108-р хуудас/, “ДБЭХС”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоол /хм-ийн 109-110-р хуудас/, “ДБЭХС” -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаал /хм-ийн 111-132-р хуудас/, “ДБЭХС” -ийн дүрэм /хм-ийн 133-139-р тал/, “ДБЭХС”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоол /хм-ийн 140-141-р тал/, “ДБЭХС” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/113 дугаар тушаал /хм-ийн 142-150-р хуудас/, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ажлын байрын тодорхойлолт /хм-ийн 151-153-р тал/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байрын тодорхойлолт /хм-ийн 154-156-р тал/, *******гийн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл /хм-ийн 157-162, 213-214-р тал/, “ДБЭХС” -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоол /хм-ийн 210-212-р тал/, “ДБЭХС” -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоол /хм-ийн 215-217-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах тухай шаардлагыг ******* ******* ******* хүчиний ******* Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан гаргасан.

            Хариуцагч нь компанид бүтцийн өөрчлөлт хийгдэж, нэхэмжлэгчийн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, одоо ч ажил үүргээ гүйцэтгэж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цуглсарсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. ******* ******* ******* ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд:

1.1 Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* -д Төлөвлөлтийн менежерээр ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 01-ны өдрөөс Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст Үйлдвэрлэлийн эдийн засагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Ажлын байрны тодорхойлолт  зэргээр тогтоогдож байна.

1.2. Нэхэмжлэгч нь өөрийг нь ажилд шилжүүлэн томилсон тушаалын холбогдох заалтыг эс зөвшөөрч ******* ******* ******* ******* ******* -ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 12 сарын 06-ны өдөр гомдол гаргасаныг тус комисс 2023 оны 12 сарын 14,15-ны өдөр хуралдаж талууд зөвшилцөлд хүрээгүй тул ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 12 сарын 25-ны өдөр ******* гомдол гаргасаныг 2024 оны 01 сарын 08-ны өдөр хуралдаж талууд харилцан тохиролцоогүй буюу  03 дугаартай шийдвэрийг гаргажээ. /хэргийн материалын 29-30-р тал/

 Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн ба талууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан гомдол байх тул шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэв.

1.3 Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 01-ны өдрийн Б/442 тоот ******* ******* ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, миний хийж гүйцэтгэж байсан хэсэг татан буугдсан, өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохдоо ажилтантай зөвшилцөөгүй тул уг тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн.

1.3 ******* ******* ******* *******  ******* Төрийн өмчит хувьцаат компанийн  төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын шинэчлэгдсэн бүтэц, албан хаагчдын  орон тоог шинэчлэн баталжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоолын хэрэгжилтийг хангахаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн А/113 дугаартай тушаал гарч нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан Төлөвлөлтийн хэсэгийг татан буулгаж ажиллаж байсан 2 хүн болох Төлөвлөлтийн менежер, төлөвлөлтийн эдийн засагч гэсэн 2 орон тоонд ажиллаж байсан нэг ажилтанг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагчаар, нөгөө ажилтанг Захиргаа хүний нөөцийн хэлтэст цалин хөлсний эдийн засагчийн орон тоонд тус тус  ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн материалын 140-141-р хуудас/

 Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* -д 2006 оноос  эхлэн ажилласан ба 2016 оноос 2023 оны 12 сар хүртэл Төлөвлөлтийн менежер гэх ажлыг хийж гүйцэтгэж байсан ба тус компанид бүтцийн өөрчлөлт явагдаж  2023 оны 12 сарын 01-ны өдрөөс  Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч гэх албан тушаал шилжүүлэн томилогдсон байна.

Төлөвлөлтийн хэсэгт, Төлөвлөлтийн менежерийн Ажлын байрны тодорхойлолт 2023 оны 7 сарын 28-ны өдөр батлагдсан. /хэргийн материалын 151-153-р тал/ Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэсийн Үйлдвэрлэлийн эдийн засагчийн Ажлын байрны тодорхойлолт 2023 оны 12 сарын 01-ны өдөр батагдсан байна. /хэргийн материалын 154-156-р тал/ 

Дээрх ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд Төлөвлөлтийн менежер нь төлөвлөлтийн хэлтэст харъяалагдаж, шууд харъяалах ажлын байр нь гүйцэтгэх захирал байсан ба Үйлдвэрлэлийн эдийн засагч нь Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст харъяалагдаж, шууд харъяалах ажлын байр нь хэлтсийн дарга гэж, мөн 14.1-д заасан харилцах субьект, ажлын байрны ерөнхий шаардлага зэрэгт өөрчлөлт орсон, бусад го үзүүлэлтүүд болох ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх ажлууд өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

1.4. Нэхэмжлэгч нь шинээр боловсруулсан ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, тухайн ажлын байранд өөрийн хүсэл зориггүйгээр буюу өөртэй нь зөвшилцөлгүй томилж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, өөрийн ажиллаж байсан орон тоо татан буугдсан тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ны өдрийн Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэмж авч хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох хүсэл зорилготой гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь компанийн удирдах байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж байгаатай маргадаггүй боловч өөрийнхөө ажиллаж байсан хэсгийг татан буугдсан, орон тоо хасагдсан, мөн өөртэй нь зөвшилцөлгүй ажлын байранд шилжүүлсэн гэж үзэж гүйцэтгэх захирлын тушаалын ажилд томилсон 2 дахь заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төлөвлөлтийн хэсэг нь 2 орон тоотой байсан ба үүнийг татан буулгаж Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст нэгтгэж, ажиллаж байсан ажилтан болох *******г Төлөвлөлт, үйлдвэрлэлийн эдийн засагчаар шилжүүлэн томилсон нь ажилтны эрхийг зөрчөөгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж мөн хуулийн 80.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

Хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдохгүй буюу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэдэг  ажил, үүрэг хэвээр хадгалагдаж, нэхэмжлэгч нь одоог хүртэл эрхэлсэн ажил, үүргээ гүйцэтгэж, хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж, цалин хөлсөө авч байх тул 2023 оны 12 сарын 01-ны өдрийн Б/442 тоот ******* ******* ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийг өөртэйгээ зөвшилцөлгүй ажлын байранд томилсон гэж буруутгадаг.  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д Ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* нь хийж гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан, хөдөлмөрийн хөлс болох цалингаа авч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар бусад баримтаар тогтоогддог. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байсан. Мөн нэхэмжлэгчийг ажил олгогч хүчээр хөдөлмөрлүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй ба нэхэмжлэгчийг сайн дураараа хөдөлмөр эрхэлж байсан гэж дүгнэлээ.

Мөн ******* ******* ******* ******* ******* төрийн өмчит ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т Ажилтны үүргийг тодорхойлсон ба 8.4.11-т Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон ажлын шаардлагаар шилжүүлсэн ажлын байранд ажиллах зэрэг үүрэгтэй гэж, тус тус ажилтан хүлээхээр зохицуулсан болохыг дурдаж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагат бүтцийн өөрчлөлт хийгдэж өөрийн ажиллаж байсан хэсэг татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тэтгэмж олгуулахыг даалгах шаардлагыг гаргасан. Шүүхээс дараах үндэслэлээр энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж мөн хуулийн 65.4.2ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн; 80.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;

80.1.2. ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон…

80.1.3. ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д/ хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд хамаарна/ заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэж тус тус хуульчилсан.

2.1 Нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төлөвлөлтийн хэсэг нь 2 орон тоотой байсан ба үүнийг татан буулгаж Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст нэгтгэж, ажиллаж байсан ажилтан болох *******г Төлөвлөлт, үйлдвэрлэлийн эдийн засагчаар шилжүүлэн томилсон нь ажилтны эрхийг зөрчөөгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Тухайлбал ажилтны харъяалах шууд удирдах удирдлага , ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч түүний хийж гүйцэтгэдэг үндсэн ажил өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байгаа, мөн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч  байх тул хуульд заасан тэтгэмж авах эрх үүсэхгүй юм. Иймд энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор үүсэх хэрэг ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д гомдлоор үүсэх хэрэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус хуульчлан зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар “******* ******* ******* ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ